| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0018/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Энхболдын Мөнхбатад холбогдох эрүүгийн 1709019810317 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тайгам Алтай” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 15-р гудамжны 372Б тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Улсын дээд шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 845 дугаар магадлалд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан хорих ялыг 6 сарын баривчлах ял болгон өөрчилж 2009 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Халх овогт Энхболдын М, /РД: ЖЮ 88031311/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.М нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 15-р гудамжны 372Б тоотод Д.Түмэндэлгэртэй маргалдаж зодсоноос биед нь зүүн мөр, зүүн бугалга, шуу, зүүн гарын сарвуунд эрүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн талын доод их арааны эмтрэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709019810317 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.М нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр надад хэлэхдээ намайг гэмтэл учруулсан гэж хэлсэн. Тухайн үедээ архи уусан байсан болохоор тэр талаар мэдэхгүй байна. Гэртээ очоод манай эхнэр надад зүүн гараа үзүүлэхэд хөхөрчихсөн, шүд эмтэрсэн гэж хэлж байсан.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч Д.Түмэндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... нөхөр маань орж ирэн намайг хэл амаар доромжилоод намайг зодоод байхаар нь манай ах Шинийн-нэгэн намайг өмөөрч манай нөхөртөй зодолдсон юм. Мөнхбат үсдээд зүүн шанаа руу 2 удаа, зүүн гар руу 6-7 удаа, зүүн бөөр элэг рүү 3 удаа цохисон ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Ц.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай охин ажлаасаа ирэхэд нь хүргэн Мөнхбат гар руу нь цохиод хөхрүүлсэн байсан. Гаднаас орж ирэхдээ манай охины араас ална гэж орилж орж ирсэн. ...Зүүн гарын бугалга дээр нь хөхөрсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14038 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Э.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/, хорооны тодорхойлолт /хх-йн 22 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/, хохирогч Ө.Сүхбаатараас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.М нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 15-р гудамжны 372Б тоотод эхнэр Д.Түмэндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Түмэндэлгэрийн мэдүүлэг, гэрч Ц.Долгорсүрэнгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №14038 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Түмэндэлгэр “…гомдол саналгүй, бид хоёр эвлэрсэн…” гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Халх овогт Энхболдын Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мад 600 /зургаан зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мад оногдуулсан 600 /зургаан зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН