Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/226

 

.    

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Н.Одонтуяа,

хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар,

шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан,

 

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх Боржигин овогт Хишгээгийн Чд холбогдох эрүүгийн 2203 00716 0018 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хөх Боржигин ургийг овогт Хишгээгийн Ч, /РД:.

Монгол улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг “Сэлбэ 8-67” тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 700 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Х.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07 цаг 08 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, “Win” авто засварын урд замд “Nissan Vanette” маркийн 59-11 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г. Туяаг /эмэгтэй, 15 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 48 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүгдэгч Х.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07 цаг 08 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, “Win” авто засварын урд замд “Nissan Vanette” маркийн 59-11 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г. Туяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

Энэ нь : 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2-р тал/,

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх “...Уг тээврийн хэрэгсэл чигээрээ явсаар 1 цаг 12 минут 12 дахь секундэд зам хөндлөн урдаас хойш чиглэлд замын гарцтай хэсгээр гарч явсан явган зорчигчийг мөргөхөд явган зорчигч зам дээр шидэгдэн унаж, тээврийн хэрэгсэл замын 3 дугаар эгнээнд зогсож байв...” гэх / хавтаст хэргийн 14-16 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Прокурорын яллах дүгнэлттэй санал нэг байна. Хэргийн материалд хүсэлтээ гаргасан байгаа. Шүүгдэгчийн тал нэхэмжилсэн 12,600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах зардал буюу охиноо эрүүл саруул болтол шүүгдэгч талаас гаргуулна. Сэтгэл санааны хохирол болох 100 сая төгрөгийг нэхэмжилсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай охин явган хүний гарцтай хэсгээр урдаас хойш чиглэлд гарч явахад тухайн машин мөргөсөн байсан....Ослын улмаас охины биеийн байдал маш хүнд тухайн өдрөөс хойш ГССҮТ-д эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Охин маань ухаан оролгүй өнөөдрийг хүрч байна. Охиноо эрүүл саруул болгоход эмчилгээг нь бүхий л төрлөөр хийлгэх, хаана хамгийн сайн эмчилгээ байна тэр газарт л эмчилгээ хийлгэнэ, мөргөсөн жолоочоос эмчилгээ үйлчилгээ бусад бүх төрлийн зардлыг охиноо эрүүл саруул болтол гаргуулна. Маш их гомдолтой байна..." гэх              /хавтаст хэргийн 18-20, 23 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан дүгнэлтэд:

Г. Туяагийн биед титэм заадас, баруун чамархайн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх голомтлог цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дашдондогийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1618 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 62 дугаар тал/,  

Шүүгдэгч  Х.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2022 оны 11 дүгээр сарын 9-ний өглөө 7 цагийн үед зүүнээс баруун чиглэлд буюу Дөлгөөн нуураас Баянбүрд орох замд явж байсан. Тэгээд эсрэг талын машины гэрэл гялбаад тэгээд нэг мэдсэн түс гээд л явсан. Маш их гэмшиж байна. Тэр охины төлөө маш их шаналж байна...” гэв.

Шүүгдэгч Х.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөр барагдуулах болно. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 6,350,000 төгрөг төлсөн байгаа...” гэх /хавтаст хэргийн 71 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Чг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 15 настай Г. Туяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмчилгээний төлбөр буюу хохирол барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, гэм буруугийн, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Чд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Х.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга  хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Хохирол хор уршгийн зүйлийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “... Нэхэмжилсэн 12,600,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлснийг дурдав.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Туяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганбаатар сэтгэл санааны хохирол 100,000,000 /нэг зуун сая / төгрөг нэхэмжилж байна гэх боловч сэтгэцэд учирсан хор уршгийн талаар баримт ирүүлээгүй тул шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1091297 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх Боржигин ургийн овогт Хишгээгийн Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.    

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.Ганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1091297 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч Х.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.АРИУНБОЛД