| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00350/и |
| Дугаар | 152/ШШ2024/00366 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.Ж-ны,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Л.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1963 онд төрсөн, 61 настай. 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Малчин нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад хоньчноор ажиллаж эхлээд 1982-1985 оны хооронд цэргийн албыг Дорноговийн Зүүнбаянд хаасан. 1985 оны 7 дугаар сараас 1988 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан. 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Малчин сумын Ахуй үйлчилгээнд дизельчнээр ажиллаад 1990 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс цахилгаан станц нь аймгийн эрчим хүчний мэдэлд шилжээд ажиллаж байгаад 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дизельчнээс чөлөөлсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон гарсан тушаал байсан ч зөрчилтэй гээд баталгаажихгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Тухайн үед надтай хамт ажиллаж амьдарч байсан Д.Х, П.Н нарыг гэрчээр асууж өгнө үү. Иймд миний Малчин сумын Малчин нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хоньчноор 1985 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Малчин сумын Ахуй үйлчилгээнд ээлжийн дизельчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 760 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай зөвлөмжийн хуудас, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай зөвлөмжийн хуудас, Л.Жы 126831 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хуулбарын хамт, Л.Жы хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, эх хувийн хамт, гэрч П.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.Нгийн 195278 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Хгийн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11087 дугаартай Л.Жы хугацаат цэргийн алба хаасаны архивын лавлагаа, түүний цэргийн батлахын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Жы ХААТР-1 маягт, Ж.С, Ж.М, Ж.Э нарын төрснийг бүртгэх анкет, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Л.Жы цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны мэдээллийн сангаас Л.Жд холбогдох тооллогын хуудас, лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Малчин сумын Малчин нэгдлийн 1981-1993 оны тушаал болон цалингийн баримтаас Л.Жд холбогдох цалингийн баримт, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 74 дугаартай тогтоол, Малчин сумын Малчи нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тушаал, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаартай тушаал, хавсралтын хамт, 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 155 дугаартай тушаал, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай тушаал, хавсралтын хамт тус тус нотлох баримтаар бүрдүүлэв.
Л.Жы хүсэлтээр П.Н, Д.Х нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Л.Жы хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Л.Ж нь шүүхэд хандаж 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд хоньчноор, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Малчин сумын ахуйн үйлчилгээнд ээлжийн дизельчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Л.Жы хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Л.Ж нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд хоньчноор, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор, 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Малчин сумын ахуйн үйлчилгээнд ээлжийн дизельчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Л.Ж нь 1963 онд төрсөн. 1981 онд 18 настайгаас Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1982 онд цэргийн албанд татагдах хүртэл тус нэгдэлд ажилласан бөгөөд 1985 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд малчнаар ажилласан. 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс сумын ахуйн үйлчилгээнд ээлжийн дизельчнээр ажиллаж эхлээд 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал, цалингийн баримт аймгийн архивт хадгалагдаагүй байна.
3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч тус газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай зөвлөмжийн хуудсаар ...хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, архивын лавлагаа байхгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй.. гэх хариу өгсөн. Иймд шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 399 дугаартай албан бичгээр Л.Жы цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг тус шүүхэд ирүүлсэн. Дээрх анкетыг 1982 онд үйлдсэн байх бөгөөд Л.Жыг 1970-1978 оны хооронд сурагч, 1978 оноос эхлэн сумын туслах үйлдвэрт ажилладаг, бүрэн бус дунд боловсролтой, Увс аймгийн Малчин сумын хоёрдугаар бригадад оршин суудаг гэж тэмдэглэжээ.
Дээрх баримтаар Л.Ж нь цэргийн албанд татагдахаас өмнө буюу 1981-1982 оны хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 760 дугаартай цалингийн тодорхойлолтоор Л.Жд холбогдох 1981-1988 оны Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ. Тус цалингийн тодорхойлолтод хавсарган ирүүлсэн Л.Жы 1981 оны 11 дүгээр сарын цалингийн баримтад хашаа, худгийн бригад гэж тэмдэглэгдсэн бол 1982 оны 3 дугаар сарын цалингийн баримтад автогрушик, 1982 оны 5 дугаар сарын цалингийн баримтад газар тариалан, 1982 оны 8 дугаар сарын цалингийн баримтад хашаа, худгийн бригад гэж тус тус тэмдэглэжээ.
Энэхүү цалингийн баримтаар Л.Ж нь 1981-1982 оны хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан гэх үйл баримт давхар нотлогдож байна.
Иймд Л.Жыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн албанд татагдах хүртэл буюу 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар бус нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Л.Ж нь 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11087 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Улмаар Л.Ж нь цэргийн алба хааж ирээд 1985 оны 7 дугаар сараас Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт үргэлжлүүлэн ажилласан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 760 дугаартай цалингийн тодорхойлолт, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаартай цалингийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.
Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаартай цалингийн тодорхойлолт, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 760 дугаартай цалингийн тодорхойлолтоор Л.Жы 1985 оны 9,10 дугаар сар, 1986 оны 3,6,9,12 дугаар сар, 1987 оны 02,3,4,6,7,10,11,12 дугаар сар, 1988 оны 5,6,7 дугаар сарын цалингийн цалингийн баримтыг тус тус түүвэрлэн ирүүлсэн ба тус баримтууд нь Л.Жыг 1985-1988 оны хооронд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж байсан эсэх үйл баримтыг сэргээн тогтооход нотолгооны ач холбогдолтой байна.
Өөрөөр хэлбэл дээрх баримтад үндэслэн Л.Жыг цэргийн алба хааж ирээд буюу 1985 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад ажилчнаар ажиллаж эхэлсэн ба 1988 оны 7 дугаар сарын байдлаар Малчин нэгдэлд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.3. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай албан бичгээр Л.Жд холбогдох Малчин нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаартай тушаалыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд тус тушаалаар Л.Жыг 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төв уурын зуухны машинистаар ажиллуулахаар шийдвэрлэсэн бол Малчин нэгдлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай тушаалаар Л.Жыг 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон уурын зуухны машинистын үүрэгт ажлаас чөлөөлж нэгдэлд туслах үйлдвэрт шилжүүлжээ.
Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Л.Жы ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн байх бөгөөд Л.Жыг Малчин нэгдэлд мужаан, барилгачин ажилтай гэж тэмдэглэжээ.
Иймд Л.Жыг 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан бол 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Малчин нэгдлийн уурын зуухны машинистаар ажиллаад 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны байдлаар Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй ба 1988 оны 6 дугаар сараас сумын ахуйн үйлчилгээнд ээлжийн дизельчнээр ажиллаж эхэлсэн гэх хүсэлт гаргагч Л.Жы тайлбар үгүйсгэгдэж байна.
4.4. Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар гаргуулсан 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Л.Жд холбогдох тооллогын хуудаст Л.Жыг 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Малчин суманд байнга оршин суудаг, цахилгаанчин ажилтай гэж тэмдэглэсэн бол 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн Жаргалсайханы Мөнхзаяагийн төрснийг бүртгэх анкетад Л.Жыг Малчин сумын эрчим хүчний салбарт дизельчин, 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн Жаргалсайханы Энхзаяагийн төрснийг бүртгэх анкетад Эрчим хүчний салбарт дизельчин гэж тус тус тэмдэглэжээ.
Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 125 дугаартай тушаал, хавсралтын хамт, 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 155 дугаартай тушаал, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай тушаалаар Л.Ж нь 1990 оноос 1992 оны 5 дугаар сарын байдлаар Увс аймгийн Малчин сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан гэх үйл баримт давхар нотлогдож байна.
Харин 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн Жаргалсайханы Сэргэлэнзаяагийн төрснийг бүртгэх анкетад Л.Жы ажилладаг байгууллага, эрхэлдэг ажлын талаарх мэдээлэл тусгагдаагүй байна. Иймд Л.Жыг 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.5. Хүсэлт гаргагч Л.Жы хүсэлтээр Д.Х, П.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд гэрч Д.Х, П.Н нар нь Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1981-1982, 1985-1988 оны хооронд болон тус сумын эрчим хүчний салбарт 1988-1993 оны хооронд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэлээ.
4.6. Хүсэлт гаргагч Л.Ж нь шүүхэд нотлох баримтаар түүнд 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Малчин нэгдлээс олгосон 126831 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь засвартай, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай зөрчилдөж байгаа тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Л.Жы 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарынн 15-ны өдрийг хүртэл Малчин нэгдлийн уурын зуухны машинист, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Л.Жы хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Л.Ж-ны 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарынн 15-ны өдрийг хүртэл Малчин нэгдлийн уурын зуухны машинист, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Малчин нэгдлийн туслах үйлдвэрт ажилчин, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Л.Жы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА