Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 152/ШШ2024/00367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ц.Н-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн 60 настай, би 1988 оны 6 дугаар сарын 18-нд хугацаат цэргийн албаа хааж ирээд 1988 оны 07-р сарын 19-нд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд материал хариуцсан нягтлан бодогчоор ажилд орсон. 1988 оны 8 сард тушаал дэвшин тус нэгдэлд туслах нягтлан болсон. 1988 оны 8 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ялалт нэгдэлд туслах нягтлан бодогч, 1992 оны 6 дугаар сарын 02-ны Увс аймгийн АИХ-ын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 32 тоот тогтоолоор Ялалт ХК-ийн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед нэгдэл, компани шимтгэл төлсөн баримтууд нийгмийн даатгалын хэлтэст төлж байсан. Ялалт нэгдэл болон Ялалт ХК-ийн баримтуудыг улсын архивын Увс аймгийн салбараас шүүлгэхэд Ялалт нэгдэлд ажилласан цалингийн лавлагаа бусад хугацааны ажилласан цалингийн баримт олдохгүй байна. Иймд миний 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл хугацааны туслах нягтлан бодогч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан С.Г, О.З нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаартай цалингийн тодорхойлолт хавсралтын хамт, Ц.Нын 088612 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоол, Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын комисс томилох тухай 62 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай тогтоол, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 271 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай зөвлөмжийн хуудас, гэрч С.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, О.Згийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч О.З, Ц.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, С.Гийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Нын ХААТР-1 болон ХААТР-15 маягтууд, Н овогтой Сг, Н овогтой Б, Н овогтой Т нарын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэх анкет, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Архивын тасгаас Ялалт хувьцаат компанийн 1992-1993 оны баримтаас Ц.Нд холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.

Ц.Нын хүсэлтээр О.З, С.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ц.Нын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Ц.Н нь шүүхэд хандаж 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон Ялалт хувьцаат компанид туслах нягтлан бодогч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ц.Нын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон Ялалт хувьцаат компанид туслах нягтлан бодогч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ц.Н нь цэргийн алба хааж ирээд 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд материал хариуцсан нягтлан бодогч, 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Ялалт хувьцаат компанид 1994 оныг дуустал хугацаанд нягтлан бодогчоор ажилласан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1988-1995 он хүртэл ажиллаж байх үеийн ажлаас чөлөөлсөн тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацаан дээр ажилласан жил тооцох боломжгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилттэй зөрж байгаа тул шүүхэд хандах шаардлагатай” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хэрэгт Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай тушаалаар Ц.Ныг 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдлийн туслах нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэжээ. Иймд дээрх баримтад үндэслэн Цэвээний Ныг 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

4.2. Мөн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Ц.Нын ХААТР-15 маягт буюу гэрлэснийг бүртгэх анкетыг 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн байх бөгөөд Ц.Ныг Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд нягтлан бодогч ажилтай гэж тэмдэглэжээ.

Энэхүү баримт нь хүсэлт гаргагч Ц.Нын 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримтыг нотлох нотолгооны ач холбогдолтой байна.

4.3. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 280 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ц.Нын 1989 онд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн бөгөөд тус баримтаар Ц.Н нь 1989 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Ялалт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай тогтоол, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн Нын Саранчимэгийн төрснийг бүртгэх анкет зэрэг баримтууд нь хүсэлт гаргагч Ц.Н 1989 оны байдлаар Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримтыг давхар нотолж байна.

4.4. Хэрэгт авагдсан Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын комисс томилох тухай 62 дугаартай тушаалын хавсралтад Ц.Н, туслах ня-бо гэж тэмдэглэжээ. Иймд Ц.Ныг 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

4. 5.  Гэрч О.З шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1974 оноос 1982 оныг дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад илгээлтээр Сагил суманд ажиллах болж, манайх Сагил сум руу шилжсэн. 1983 оноос Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн боршоо бригадад малчнаар ажилд орж 1992 он хүртэл ажилласан. Ц.Нын ах болох н.Жутав гэх хүн Тэс сумын Засаг даргын тамгын газрын жолооч хийж байсан тул  Ц.Ныг танина. Ц.Н 1988 онд Сагил сумын Ялалт нэгдэлд нягтлан бодогчоор ажилд орж 1994 он хүртэл ажилласан” гэж мэдүүлжээ.

Харин гэрч С.Г шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 1986 онд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд хүнс тэжээл үйлдэхүүний няраваар ажилд орж 1989 он хүртэл ажилласан. Ц.Н 1988 онд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажилд орж байсан тул би сайн мэднэ. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор н.Ганхуяг, тооцооны нягтлангаар н.Мөнхцэцэг, үйлдвэр бригадын нягтлангаар н.Аръяабал, туслах нягтлангаар Ц.Н нар ажиллаж байсан. Тэр үед цэрэгт явж байж төрийн албанд орж байсан тул Ц.Н цэрэгт явж ирчихээд Сагил сумын Ялалт нэгдэлд орсон. 1992 онд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл Ялалт ХК болоход нягтлан бодогчоор Ц.Н ажиллаж байсан. 1994 онд хувьчлал болж Ялалт ХК  тарсан тул Ц.Н 1994 он хүртэл Ялалт ХК-д ажилласан. Тухайн үед Ялалт нэгдлийн даргаар Ч.Давааням гэх хүн ажиллаж байсан” гэжээ.

Гэрч О.З 1983 оноос 1992 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай шийдвэрээр, гэрч С.Гийн  ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдож байна.

 Гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.  

5. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл нь Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай тогтоолын дагуу хувьчлагдаж, Ялалт хувьцаат компани байгуулагдсан байх тул шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн Ц.Нын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд, 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Ялалт хувьцаат компанид туслах нягтлан бодогч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Нын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Х овогт Ц.Нын 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд, 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд Ялалт хувьцаат компанид туслах нягтлан бодогч, нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА