| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00320/и |
| Дугаар | 152/ШШ2024/00368 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00368
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Т.С-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Т.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 1969 онд төрсөн, 55 настай, би 1985 онд Наранбулаг сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөөд шууд илгээлтээр хөдөө мал маллах болсон. Тэгээд Наранбулаг сумын Пионер нэгдлийн хужирт бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд 1988 оны 6 дугаар сарын хүртэл тус нэгдэлд мал маллаж байгаад 1988 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. Тэгээд 1988 оны 6 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тухайн нэгдэлд малчин хийж байсан хөдөлмөрийн дэвтэр, тушаал олдохгүй байна. Аймгийн архиваас баримт шүүлгэхэд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө хуваарилагдсан Пионер нэгдлийн даргын тушаал, тогтоол зэрэг баримт олдсон боловч шаардлага хангахгүй байна. Мөн аймгийн архиваас цалингийн тодорхойлол гаргуулахад Тогтохын Сэмжид гэх нэрээр гарсан ба нэр буруу бичигдсэн байна. Яагаад гэвэл би гэртээ Сэмжид гэж нэрлэгдэг байснаас мал тооллогын бүртгэлд гэрийн нэр буюу Сэмжид гэж бичигдсэн байна. Манай эцэг, эх намайг төрсний дараа гэрийн нэр Сэмжид гэж нэрлэж байсан боловч гэрчилгээ авч бүртгүүлэхэд Тогтохын Санжжав гэж бүртгүүлсэн. Би иргэний үнэмлэх Т.С гэдэг нэрээр сургууль төгссөн бүх бичиг баримт маань Т.С нэршсэн. Иймд миний 1985 оны 6 дугаар сараас 1988 оны 6 дугаар сар хүртэл Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Надтай хамт ажиллаж байсан Г.Д, Б.Н нарыг гэрчээр асууж миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 133 дугаартай тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08\2763 дугаартай лавлагаа, Увс аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай зөвлөмжийн хуудас, Тогтох овогтой Санжжавын төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад 1988 онд ажиллаж байсан Тогтох овогтой Сэмжидийн цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт, Т.С-ийн 1988 оны цалингийн баримт хавсралтын хамт, гэрч Б.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Дгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 89 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Т.Сын ХААТР-1 маягт, ХААТР-15 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
Т.Сын хүсэлтээр О.З, С.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс Т.Сын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Т.С нь шүүхэд хандаж 1985 оны 6 дугаар сараас 1988 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Т.Сын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Т.С нь 1985 оны 6 дугаар сараас 1988 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохттухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Т.С нь 1969 онд төрсөн. 1985 оны 6 дугаар сард 16 настай 8 дугаар анги төгсөөд нэгдлийн мал маллаж эхэлсэн. Улмаар 1988 онд цэргийн албанд татагдах хүртлээ Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажилласан.
3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай зөвлөмжийн хуудсаар “...ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны жилийг тэтгэврийн жил дээр нэмэн тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай тушаалыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд тус тушаалд “...Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд саналаа өгсөн нэр бүхий 20 хүүхдийг 1985 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн албан ёсоор томилон ажиллуулсугай, хавсралтын 14 дүгээрт Тогтохын Санжжав, хужирт бригадад хоньчин гэж тэмдэглэжээ.
Иймд Т.Сыг 1985 оны 6 дугаарс арын 25-ны өдрөөс Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
4.2. Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг хуулбарлан ирүүлсэн бөгөөд тус тогтоолд “Хужирт бригадад малчдаар төлүүлсэн малын жагсаалт, Санжжав эх хонь 1 гэж тэмдэглэжээ.
Дээрх баримт нь хүсэлт гаргагч Т.С 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан үйл баримтыг нотолж байна.
4.3. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Т.Сын ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Т.Сыг Пионер нэгдэлд хоньчин ажилтай гэж тэмдэглэсэн байна.
Мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн малчин Тогтохын Сэмжидийн 1988 оны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Хүсэлт гаргагч Т.С намайг нутгийн хүмүүс Сэмжид гэж дууддаг байсан учраас тухайн үеийн цалингийн баримтыг Тогтохын Сэмжид гэж бүртгэсэн байна гэх тайлбар гаргасан бол гэрч Г.Д шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Т.Сыг бага насанд нь Сэмжид гэж дууддаг байсан” гэж мэдүүлжээ.
Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 42 дугаартай цалингийн тодорхойлолтоор түүвэрлэн ирүүлсэн Т.Сийн 1988 оны цалингийн баримтыг Т.Сын цалингийн баримт гэж үзэх үндэслэлтэй.
4.4. Хүсэлт гаргагч Т.С нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгаас цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0808/2269 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
4.5. Гэрч Б.Н шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Миний бие 1976 оноос 1984 он хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Адуунчулуун бригадад бага эмчээр ажилласан. 1984 оноос 1990 онд нэгдэл тарах хүртэл Увс аймгийн Пионер нэгдлийн Хужирт бригадад бага эмчээр ажилласан. Т.С нь 1985 оноос 1988 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад малчнаар ажиллаж байгаад 1988 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан...” гэж мэдүүлжээ.
Харин гэрч Г.Д шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “..Миний бие 1970 оноос 1992 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд саальчнаар ажилласан. Т.С нь 1985 оноос 1988 оны 6 дугаар сар хүртэл Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Хужирт бригадад малчнаар ажиллаж байсан...” гэжээ.
Гэрч Г.Дгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болохыг Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 89 дугаартай шийдвэрээр тогтоосон бол гэрч Б.Нын ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч Булгадар овогт Тогтохын Санжжавын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
6. Шүүхээс хүсэлт гаргагч Т.Сын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Т.У-ын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Т.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА