| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0544/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Э.Халиун,
Хохирогч Ц.Баясгалангийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /ҮД: 0845/,
Шүүгдэгч Алантанту, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /ҮД: 1419/, орчуулагч Э.Энх-Амар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алантантуд холбогдох эрүүгийн 1709021900217 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Жирэм аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Тунжао хот, Хорчин зүүн гарын хойд хошуу Хайсгай гацаа 2-97 тоотод оршин суух, /Монгол Улсад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил стар” хотхоны 5б байр 5 тоотод түр оршин суух/ урьд ял шийтгэлгүй, А /ALATANTU/, /РД: 15232319800709/ паспортын дугаар:G35664831/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лондон 28" караокений 05 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим хохирогч Ц.Баясгалантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар цохиж баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709021900217 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд найз Тэрбиш утсаар яриад “Калифорниа” хоолны газарт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очиход Тэрбиш нь 3 эмэгтэй, нэг эрэгтэйгийн хамт байсан. Тэгээд байж байх үед Баясгалан ирсэн. Хоол идэж юм ярилцаж 2 шил виски уусан тэгээд хоолны газраас гараад Хүүхдийн зуугийн ойролцоо караокед орсон. Тэгээд би дуу дуулая гээд хүнээс микрофон авах гэтэл дуулж дуусчихаад өгье гэсэн. Гэтэл Баясгалан намайг хараагаад эхэлсэн ба пизда минь Монголд аятайхан бай гээд намайг хятад гээд байхаар нь би дуугай бай гэж хэлтэл намайг диван дээр хүзүүгээр боож дарсан тэгхээр нь би гарыг нь түлхэж буцаагаад нэг удаа алгадсан, цохисон, яг хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгээд намайг Тэрбиштэй байсан залуу салгасан. Тэгээд тэр залуу намайг авч гараад 10 дугаар хороолол руу хүргэж өгсөн. 2 жилийн өмнө Баясгалантай Эрдэнэт хотод танилцсан..." гэсэн мэдүүлэг /50-52 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Баясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 00 цагийн үед би өөрийн найз Тэрбиш, БНХАУ-ын иргэн Али нарын хамтаар "Лондон 28" караокед орцгоосон. Тухайн үед миний танихгүй 3 охин, 1 залуу байсан. Тэр 3 охин, нэг залуутай бол уг караокед л танилцсан. Тэрбиш нь миний багийн найз, харин тэр БНХАУ-ын иргэн Али гэгчийг би 1 жилийн өмнөөс мэднэ, урьд нь 1 удаа уулзаж байсан. Али нь Тэрбишийн найз. Тэгээд бид нар виски захиалж уусан. Тэгтэл Али гэнэт л тэнд байсан охидууд руу уурлаж, агсраад дайраад байсан. Тэгэхээр нь би очоод "чи одоо боль л доо, тайвшир л даа яачихаад байгаа юм бэ?” гэж хэлэхэд гэнэт намайг Али миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хажуугаар нөгөө танилцсан залуу Алиг шууд салгаад аваад гарчихсан. Би тэгээд араас нь гарахад алга болчихсон байсан. Тэгээд цохиулсны дараа харахад миний уруул язарсан, үүдэн 2 шүд хугарч унасан байсан. Би урууландаа 5 оёдол тавиулсан, үүдэн дээд 2 шүд хугарсан. Миний 2 шүд унасан, 1 шүд хөдөлсөн байгаа ба би Монгол улсад эмчлүүлэхгүй Солонгос улсад очиж шүдээ хийлгэх зардлыг нь нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 22 дугаар хуудас/,
Гэрч Л.Тэрбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчимд байхаа хүүхдийн зуугийн тэнд байрлах “Калисрорниа” ресторанд А болон Баясгаланг дуудаж хамт хоол идсэн. Тэгээд архи ууцгаасан тэгээд тэнд танихгүй 3 бүсгүйтэй танилцаад тэндээсээ гараад циркийн хажуу талын караокед орсон. Тэнд дуулах гээд ороод хамт архи ууцгаагаад дуулж байгаад би архи их уусан болохоор тасарсан байдалтай байсан. Тэр үед манай хоёр найз хоорондоо муудалцаад тэнд эрүүл миний машиныг барьж байсан Дамбийбалжир гэх найз маань салгаад Аг аваад буудалд нь хүргэж өгсөн гэсэн. Тэгээд буцаж ирээд намайг аваад гэрт хүргэж өгсөн гэсэн би архи их уусан байсан болохоор юу болсоныг мэдэхгүй байна. Манай найз Дамбийбалжир одоо хөдөө явчихаад утас нь холбогдохгүй байгаа. Эрдэнэт хотод байдаг ба одоо Архангай руу аав, ээж рүүгээ явчихаад ирээгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14450 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...
“…Хохирогч Ц.Баясгалангийн амыг ангайлгаж харахад баруун дээд 1, 2 дугаар үүдэн шүд нь хугарсан, доод талын уруулны дотор талын хэсэг нь язарч 7 удаагийн оёдол тавиулсан, доод уруул зүүн тал руугаа хавдсан байдалтай байв…” гэжээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Орчуулагч, хэлмэрч томилсон тогтоол /хх-ийн 9-11/, гэрч Э.Энх-Амарын мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч Д.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Жан овогт Жиунын мэдүүлэг /хх-ийн 55-56/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 60/, Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 61/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 62/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 63/, хохирол төлсөн баримт /хх-ийн 67/, түр оршин суугч гэсэн хорооны тодорхойлолт /хх-106-109/, хохирогчийн гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /118-144, 136-150/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн А нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Лондон 28" караокений 05 тоот өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим хохирогч Ц.Баясгалан болон бусад хүмүүстэй согтууруулах ундаа хэрэглэж, хоорондоо ярилцан сууж байх явцад зүй зохисгүй үг, үйлдэл гаргаж хохирогч Ц.Баясгалантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Агын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Баясгалангийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №14450 дугаартай дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүгдэгч нь хохирогч Ц.Баясгаланг гараараа нүүрэн тус газар нь цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх шүүгдэгч Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч А, хохирогч Ц.Баясгалан нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ад ял оногдуулахад хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Ц.Баясгалан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 40.000.000 төгрөгийг нэхэмжилсэн баримтаар гадаад улсад эмчилгээ хийлгэхэд шаардагдах төлбөр, олох байсан орлого зэргийг нэхэмжилсэн боловч тэдгээрийг шүүх хангах үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан ба хохирогч хөдөлмөр эрхэлж байсан талаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн талаар, орлого олж байсныг тодорхойлсон баримт гэх зэрэг үндэслэл бүхий баримтууд байхгүй, гадаад улсад эмчлүүлэхээр ирээдүйд гарах зардал нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон хохирогчоос бодитоор гарсан зардал биш учир энэ талаарх нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүй байна.
Харин хохирогчийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх /70.000+1.380.000=1.450.000 төгрөг/ 1.450.000 төгрөгийн нэхэмжлэлийн баримтыг хангах үндэслэлтэй ба шүүгдэгчээс хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 67/
Хохирогч цаашид өөрт учирсан гэм хорын хохирлыг арилгуулахтай холбогдон гарсан зардлаа үндэслэл бүхий нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжилэн шийдвэрлүүлэх боломжтой болохыг нээлттэй үлдээв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аг /ALATANTU/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аг /ALATANTU/ 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алантантуд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Алантанту нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ц.Баясгаланд шүүгдэгчээс 2.000.000 төгрөг төлсөнийг дурьдаж, хохирогчоос нэхэмжилсэн 40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, энэ талаар үндэслэл бүхий нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжилэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ад урд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН