Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/347

 

 

 

 

 

2023                 3            30                                      2023/ДШМ/347                        

 

Г.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Энхтулга,

өсвөр насны шүүгдэгч Г.Г-э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.У-, өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Г-эд холбогдох эрүүгийн 2109017360719 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г-э,

 

Г.Г-э нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ***тоотод ---- настай хохирогч Э.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г-ийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялыг сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Г.Г-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Б.Баттөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна. Тэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ “...Найзынхаа төрсөн өдөрт Ар хустайн зусланд очсон, 2 давхарт гарсан. ...Э.М-о “...намайг битгий гараач, юм яръя” гэж хэлсэн. ...Юм ярьж байгаад үнсэлцээд бэлгийн харьцаанд орох гээд байж байтал Э.М-о “болъё” гэхээр нь бид нэг давхар луу буусан. ...” гэж мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6063 тоот дүгнэлтээр /xx 101/ Г.Г-э нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй болох нь тогтоогдсон боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10921 дугаартай дүгнэлтэд /XX 60/ Э.М-о ямар нэг бэлгийн замын халдварт өвчтэй эсэх талаар дурдаагүй, арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй.

Шийтгэх тогтоолд өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй талаар дурдсанаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан “Учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Г.Г-э нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Г-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Т.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...сүүлийн үед өсвөр насны охидууд хүчиндэх гэмт хэргийг мөнгө олох арга хэрэгсэл болгон ашиглаж байна гэж харж байна. 15-16 насны хэдэн хүүхдүүд зуслангийн байшин түрээслээд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэр үед л энэ хүчиндэх гэмт хэргийн асуудал болсон гэж үзсэн. М-ын мэдүүлэгт “банди нараас хамгийн царайлаг нь надтай үнсэлцсэн. Тэгээд буугаад явсан. Дараа нь Г.Г-э орж ирээд намайг бөөлжихөд хамт байсан. Намайг тайвшир гэж хэлсэн. Миний дээр 10 минут гараад хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн” гэсэн байдаг. 10 минутад бэлгийн харьцаанд орох боломжгүй аль хэдийн дууссан байх хугацаа. Мөн Г.Г-э нь бэлгийн замын халдварт өвчтэй гэх дүгнэлт гарсан. Эр бэлгийн эс илэрсэн байхыг шаардахгүй гэх боловч тухайн үед бэлгийн харьцаанд орсон бол хохирогчоос бэлгийн замын халдварт өвчин илрэх ёстой байсан. Хавтас хэргийн 60-61 дүгээр талд “ямар нэгэн эр бэлгийн эс илрээгүй” гэсэн, 61-65 дугаар талд “тухайн дотоожинд ямар нэгэн гэмтэл байхгүй” гэсэн, 70-71 дүгээр талд “ор дэрний дэвсгэр давуун дээр ямар нэгэн гэмтэл байхгүй” гэсэн, 77-78 дугаар талд “дотоожинд гэмтэл илрээгүй” гэсэн, 85-90 дүгээр талд “охины дотоожинд эр бэлгийн эс илрээгүй, цус илрээгүй, биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн, мөн “ор дэрний даавуун дээр цус илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд  гарсан. Гэтэл зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж ялласан. Эцэг, эх нь хүүхдээ яаж хүмүүжүүлсэн байдал энэ хэргээс харагдаж байна. Хохирогч охины эцэг, эх нь тухайн зуслангийн байшинд хүргэж өгсөн байдаг. Хохирогч архи уусан, тэнд байсан банди нартай үнсэлцээд, бөөлжиж байсан. Үйл явдал болсны дараа гадаа байсан хүүхдүүд байшинд орж ирэхээр нь ичсэн, санаа зовсон учраас цагдаад дуудлага өгсөн харагддаг. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж ялласан. Бэлгийн замын халдварт өвчин хохирогчоос илрээгүй тул бэлгийн харьцаа явагдаагүй гэж үзэж байна. Иймд Г.Г-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-э тус шүүх хуралдаанд “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн хууль ёсны төлөөлөгч Д.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хоёр өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Миний хүү буруугүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд, Г.Г-этэй холбоотой дүгнэлт 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр гарсан. Хэрэг 2021 оны 11 дүгээр сард гарсан. Хэрэг гарснаас хойш 6 сарын дараа хийгдсэн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтэд Г.Г-ийг бэлгийн харьцаанд орох чадвартай эсэх, мөн бэлгийн замын халдварт өвчин илэрсэн талаар дурдсан байдаг. Энэ гэмт хэрэг гарсны дараа Г.Г-э бэлгийн замын халдварт өвчин туссан гэж үзэж байна. Учир нь, 6 сар бэлгийн замын халдварт өвчтэй явах боломжгүй. Хохирогч удаа дараа мэдүүлэг өгөхдөө хүчиндсэн талаар зөрүүгүй мэдүүлсэн. Хэрэг гарсан цаг хугацаанд эцэг, эх рүүгээ залгаж мэдэгдсэн. Мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, дуудлага өгсөн талаарх мэдээлэл нь авагдсан байгаа. Хуульд “эр бэлгийн эс илэрснээр гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно” гэх заалт байхгүй. Хохирогчийн бэлгийн халдашгүй байдалд халдаж эхэлснээр гэмт хэрэг төгсдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гүтгүүлсэн талаар ямар нэгэн гомдол гараагүй, мөн гүтгүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч нар хоёр өөр байр суурьтай гомдол гаргасан байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гээд байна уу, эсхүл гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү гэж гомдол гаргаад байна уу. Хэрэгт эргэлзээтэй байдал төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Г-эд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос Г.Г-ийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн ***тоотод **** настай хохирогч Э.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад, өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 8 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх Г.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ хүчиндэх гэмт хэрэг төгссөн эсэхэд хууль зүйн болоод үйл баримтын дүгнэлт хийгээгүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрчээ.

 

2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн зуслангийн орчимд манай охин хүчиндүүлсэн байна” гэх гомдлыг П.Э- цагдаагийн байгууллагад гаргаснаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...бид хоёр үнсэлцэж байсан чинь доод давхраас хүүхдүүд ороод ирсэн. Тэгэхээр нь би яахын бэ гээд түлхсэн чинь за гээд гараад явчихсан. Тэр хүүхдийг гарсны дараа нэг танихгүй эрэгтэй хүүхэд орж ирээд би саяны залууг чинь олоод ирье гээд буцаж гараад удалгүй буцаад ороод ирсэн. Тэр үед би унтлагын өрөөний орон дээр хөндлөн хэвтэж байсан чинь тэр залуу орж ирээд миний дээр гараад намайг үнссэн. Тэгэхээр нь би түлхсэн чинь миний шилэн триког тайлаад миний дээр гарсан. Би тэр үед орилох гэсэн миний амыг дараад нэг гараараа миний гарыг барьчихсан. Тэгээд надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед өрөөний гадаа хүүхдүүд байсан. 10 минутын дараа хүүхдүүд өрөөнд орж ирээд өрөөний гэрэл асаасан чинь тэр хүүхэд миний дээрээс босоод өмдөө татаад шууд өрөөнөөс гараад явчихсан. ...” /1хх 23-24/,

2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн “...би өрөөнийхөө цонхоор бөөлжсөн, бөөлжөөд дуусах үед Ганаа гэдэг залуу намайг үнсээд байсан. Би дөнгөж бөөлжөөд дууссан болохоор заваан санагдаад эсэргүүцэл үзүүлээд өөрөөсөө холдуулаад түүнийг түлхчихээд  ганцаараа орон дээр очоод хэвтээд унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд тэр залуу миний дээр гарчихсан байсан. Тухайн үед би дээгүүрээ даашинзтай, дээрээ срочкон цамцтай, доогуураа шилэн трикотой байсан. Тэр залуу миний өмсөж явсан триког тайлчихсан байсан. Би унтах гээд хэвтэхдээ трикогоо тайлаагүй. Тэгээд би түүнийг түлхээд орилсон, маш ихээр уйлсан, орилоод, уйлаад шоконд орсон байсан болохоор тэр Ганаа гэх залууг хэзээ өрөөнөөс гарч явсныг мэдэхгүй байгаа. ...” /1хх 28-29/,

гэрч Б.А-ын “...тэнд байсан хүүхдүүд цагдаа энэ тэр хэрэггүй гэх мэтийг яриад байсан, охидууд манай охиныг загнаад байгаа юм уу, аргадаад байгаа юм уу нэг тийм сонин байдалтай байсан. ...Тэнд байсан хүүхдүүд хар өнгийн малгайтай, дээгүүрээ хар бараан өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй хүүхэд байсан гээд зааж өгөөд байсан, тэр хүүхэд өөрөө ч гэсэн эгчээ би байна гэх шиг болсон. ...” /1хх 33/,

гэрч П.Э-ын “...2 давхарт гарахад балкон дээр 2-3 хүүхэд байсан, аль нь юм бэ гэхэд хар өнгийн саравчтай малгайтай, юүдэнтэй хар өнгийн цамцтай эрэгтэй хүүхдийг заасан. ...” /1хх 37/,

гэрч М.У-ын “...хэдэн залуучууд нэг саравчтай малгайтай залууг хайж байсан. ...Тэгээд нөгөө хүчиндсэн гэх эрэгтэйг нь олоод цагдааг ирэхээр нь явъя гээд байж байсан. ...” /1хх 44/,

гэрч О.Т-ий “...хэдэн залуучууд нэг саравчтай малгайг хайж байсан. ...Тэгээд нөгөө хүчиндсэн гэх эрэгтэйг нь олоод цагдааг ирэхээр нь явъя гээд байж байсан. ...” /1хх 46/,

гэрч Б.Э-ын “...асуухад малгайтай эрэгтэйг хэлсэн. Тэгтэл нэг нь тухайн байшингаас гараад гүйж байна гэхээр нь араас нь гүйтэл байгаагүй. Төд удалгүй нөгөө эрэгтэй өөрөө байшинд ороод ирсэн. ...” /1хх 50/,

гэрч Г.З-ий “...М-о 2 давхрын өрөөний цонхон дээр цаашаа хараад нэг эрэгтэй хүүхэдтэй хамт зогсож байгаа харагдаж байсан. ...Би доошоо буугаад нөгөө эрэгтэйг нь хайсан чинь нэг давхрын хажуу өрөөнд нэг эрэгтэйтэй юм яриад зогсож байсан. ...Би утсыг нь булаагаад авсан чинь би аавыгаа дуудчихсан, миний утсыг өг гээд намайг хоёр удаа алгадсан. ...” /1хх 54/,

гэрч Т.Б-ы “...би М-отой хамт байж байгаад үнсэлцсэн. Тэгээд би болиод доод давхар луу буусан. ...М-ыг нэг эрэгтэй хүүхэд хүчиндсэн  байна гэж надад нэг нь хэлсэн. ...” /1хх 58/,

Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...би тэр эмэгтэйг бөөлжөөд байхаар нь нуруун дээр нь дарж өгчихөөд орон дээр суулгачихаад буцаад доошоо буусан. ...” /1хх 42/, яллагдагчаар өгсөн “...би тухайн өдөр хар дээр цагаан өнгийн хээ бүхий куртиктэй, хар өнгийн гуталтай, хар өнгийн өмдтэй, ...толгойдоо саравчгүй найк тэмдэглэгээтэй малгайтай байсан. Би хар өнгийн богино үсний засалттай байсан. ...” /1хх 116-117/ гэсэн мэдүүлгүүд,

“...Э.М-о бэлгийн харьцаанд урьд нь орсон, охин хальс хуучин урагдалтай. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Э.М-ын үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10921 дүгээр дүгнэлт /1хх 60-61/,

“...Г.Г-э бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 6063 дугаар дүгнэлт /1хх 101-102/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хар сараал өнгийн дотоожноос эм бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5426 дугаар дүгнэлт /1хх 81-82/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожноос эр бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5427 дугаар дүгнэлт /1хх 85-86/,

“...Шинжилгээнд ирүүлсэн дэвсгэр даавуунаас эм болон эр бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5425 дугаар дүгнэлт /1хх 89-90/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Эдгээр нотлох баримтуудаас үзвэл, насанд хүрээгүй хохирогч Э.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...надад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед өрөөний гадаа хүүхдүүд байсан. 10 минутын дараа хүүхдүүд өрөөнд орж ирээд өрөөний гэрэл асаасан чинь тухайн хүүхэд миний дээрээс босоод өмдөө татаад шууд өрөөнөөс гараад явчихсан. ...”, 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр өгсөн “...нэг мэдэхэд тэр залуу миний дээр гарчихсан байсан. ...Тэр залуу миний өмсөж явсан триког тайлчихсан байсан. ...Тэгээд би түүнийг түлхээд орилсон, маш ихээр уйлсан, орилоод уйлаад шоконд орсон байсан болохоор тэр Ганаа гэх залууг хэзээ өрөөнөөс гарч явсныг мэдэхгүй байгаа. ...” гэж зөрүүтэй мэдүүлснээс гадна “...Э.М-о бэлгийн харьцаанд урьд нь орсон, охин хальс хуучин урагдалтай. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Э.М-ын үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. ...”,  “...Шинжилгээнд ирүүлсэн хар сараал өнгийн дотоожноос эм бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр, хар өнгийн дотоожноос эр бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр, дэвсгэр даавуунаас эм болон эр бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Г-э нь хохирогч Э.М-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Тодруулбал, өсвөр насны шүүгдэгч Г.Г-э нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх зорилгоор хохирогч Э.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэн орон дээр хэвтэж байхад нь дээрээс дарж хэвтэн өмсөж байсан триког нь тайлах зэрэг үйлдлийг хийсэн боловч хохирогч шүүгдэгчийг түлхэн орилсон, мөн тухайн цаг хугацаанд байшинд байсан хүүхдүүд өрөөнд орж ирсэн зэргээс гэмт хэргийг туйлдаа хүргээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хүчиндэх гэмт хэргийг төгс үйлдсэн гэж дүгнэх боломжгүй, харин арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Гэмт хэрэг төгс үйлдэгдсэн эсхүл завдсан эсэхийг дүгнэхэд үйл баримтыг тодорхой тогтоосны эцэст хууль зүйн дүгнэлт өгөх нь хуулийн шаардлага бөгөөд дээрх хоёр ойлголтыг хэрхэн дүгнэснээс шалтгаалан оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээнд харилцан адилгүй нөлөөлдөг шууд үр дагавартайг харгалзан хууль тогтоогч зарчмын хувьд ялгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд хуульчилж өгсөн байна.

“Хүчиндэх” гэмт хэргийн тухайд “...бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэсэн хоёр үйлдлийн аль нэгийг эсхүл аль алиныг хийснээр уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцохоор хуульчилсан.

Хууль тогтоогч “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэдгийг Хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэж хуульчилан тайлбарлахдаа хохирогчийн бие болон бэлэг эрхтэнд нэвтэрсэн байхыг шаардаж, уг нэвтрэлт нь гэмт хэрэг төгс үйлдэгдсэн эсэхийг тогтоох үндсэн шалгуур болохоор тодорхойлсон байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10921 дүгээр дүгнэлтээр “...Э.М-о бэлгийн харьцаанд урьд нь орсон, охин хальс хуучин урагдалтай. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Э.М-ын үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй. ...” гэж тусгасан байх бөгөөд “...Г.Г-э бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй. ...”,  “...Шинжилгээнд ирүүлсэн хар сараал өнгийн дотоожноос эм бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...”, “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожноос эр бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...”, “...Шинжилгээнд ирүүлсэн дэвсгэр даавуунаас эм болон эр бэлгийн эс, цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй болохыг тогтоосон. ...” зэрэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд мөн гарчээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтэн хувь хүний онцлогт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх ёстой гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын агуулгаар давхар илэрхийлэгддэг үйл ажиллагаа юм.      

            Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Г-ийг цагаатгах” талаар хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 83 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Г-ийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг согтуурсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. ” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН