| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 174/2019/0044/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2019-05-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 317
О.Өт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаар магадлалтай, О.Өт холбогдох 1830003900006 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт О.Ө нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч О.Өт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч О.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хохирогч С.Дт эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Өт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо: “Ө.Өт холбогдох хэргийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 47 дугаар шийтгэх тогтоолоор түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн юм.
Тухайн шийтгэх тогтоолыг прокурор эс зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 5/02 дугаартай эсэргүүцэл бичсэний дагуу Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр О.Өт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 8 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 8 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Учир нь давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдсон юм. Тухайн гэмт хэрэг нь хохирогч С.Дийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гарсан, мөн О.Ө, С.Д нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион үүсээгүй байдаг. О.Ө нь өөр рүү нь довтолсон хууль бус довтолгоог хаах зорилгоор баруун талын тохойгоороо хаах үйлдэл хийсэн нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогддог.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь гэрчүүд өөрсдийн мэдүүлгээ шүүх хуралдаан дээр бататгаж хэлсэн мэдүүлгийг зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр буцаасан нь хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй, хэт нэг талыг барьж, хүний эрхийг зөрчсөн хууль бус, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн 8 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 47 дугаартай шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос О.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. Хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, О.Ө нь хохирогч С.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тул давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Өт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч О.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 5-ны орой Сүхбаатар аймгийн Онгон сумын 4 дүгээр баг, сумын төв дээр байх гэртээ С.Дийн нүдэн тус газар тохойлдож эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны склерийн урагдал, зүүн нүдний харааны сохрол” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ө, хохирогч С.Д, гэрч Л.Мөнхзул, Т.Саранчимэг нарын мэдүүлгийг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч О.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч О.Өыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг зохих хэмжээгээр нөхөн төлсөн, шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн ах дүүгийн харилцаатай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын гаргасан гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч О.Ө, хохирогч С.Д, гэрч Л.Мөнхзул, Т.Саранчимэг нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй, гэрч Л.Мөнхзул, Т.Саранчимэг нар нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулж, хэргийн үйл баримтын талаар харсан, сонссон зүйлээ илүү тодорхой мэдүүлсэн, ингэхдээ шүүгдэгч О.Өыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогч С.Дийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан талаар мэдүүлээгүй байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн “шүүгдэгч О.Ө нь хохирогч С.Дийн гараараа толгой руу нь цохисон үйлдлийг гараараа хаах явцдаа тохойгоороо С.Дийн нүдэнд цохисон” гэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч О.Өын үйлдэлд хохирогчийн эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулах гэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаа, сэдэлт, зорилго тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Харин давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилснийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар хууль зүйн дүгнэлт гаргахыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, эсхүл шүүхээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн”, түүнчлэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг илтэд хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдвол энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээтэй хэдий ч шүүгдэгч О.Өт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн 47 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зөрчил тогтоогдоогүй болно.
Хяналтын шатны шүүхийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөвхөн “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх”-ийг хянана.
Иймд Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаар магадлалыг хүчингүй болгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН