Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0880

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0880

Улаанбаатар хот

 

 

“С.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Х.К” ХХК-ийн давж заалдах гомдлоор, “С.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3. дахь хэсгийн г/, 19 дүгээр зүйлийн 19.1., 20 дугаар зүйлийн 20.1., Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х.К” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болохыг мэдэгдэж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь “түрээсийн гэрээг сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Х.К” ХХК-ийн давж заалдах гомдолдоо: “...Нэг. Шүүхээс хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х.К” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн маргаагүй зүйлд үндэслэсэн. Тодруулбал, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнийн санал авсан этгээдийг шалгаруулах тухай журмын заалт болон үнийн санал нь нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн үнээс өндөр байх эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй. Мөн сонгон шалгаруулалтын материал нээсэн эсэх, процессын ажиллагаа буруу явагдсан талаар ч маргаж байгаагүйгээс гадна шүүхэд хандахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох талаар шууд шүүхэд хандсан байдаг. Тиймээс нэгэнт маргаагүй зүйлийн талаар хариуцагч нь нь дахин үнэлгээ хийх шаардлагагүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүрээнд хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.

Нэхэмжлэгч компанийн захирал нь түрээсийн объектыг урьд нь олон жил ашиглаж байсан учраас заавал өөрөө л дахин түрээслэх ёстой гэж, өөрөө л шалгарахгүй бол сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үздэг, мөн сонгон шалгаруулалтын урилгад заасан нөхцөлүүд болон 160 сая төгрөгийн санхүүгийн чадавхтай байх шаардлагад маргаж байгаагүй, өөрөө хүлээн зөвшөөрөөд материалаа бүрдүүлж өгсөн атлаа өөрийг нь шалгаруулахгүй болохоор хугацаа авч, маргадаг манай компанид маш их хүндрэл учруулж байна.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“Сонгон шалгаруулалтын урилгад сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутад нээнэ” гэж тусгасан хэрнээ бодит байдал дээр сонгон шалгаруулалтыг нээгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тайлбараар нотлогдож байх тул гуравдагч этгээд “Х.К” ХХК-ийг илүү үнийн санал авсан гэж үзэх боломжгүй байна” гэжээ. Гэтэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг томилж, 08 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалтын материалыг нээсэн, энэ талаар хурлын тэмдэглэл нь хэрэгт авагдсан.

 Гурав. Сонгон шалгаруулалтыг хэрхэн дүгнэх талаар Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслүүлэгчийг сонгон шалгаруулах журмын 7.1-д “Энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна” гэж тодорхой заасан. Манай компани нэхэмжлэгч компаниас илүү өндөр үнийн санал буюу 18,0 төгрөгөөр түрээслэх санал өгч /ХХ-92 дугаар хуудас/, “С.Т” ХХК нь 16,0 мянган төгрөгөөр түрээслэх санал /ХХ-65 хуудас/ манай компани ялагч болсон ба энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 26 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнээс өндөр байх шаардлагыг хангаж байсан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний хуудсаар үнэлгээ өгснөөс үзвэл ...1 м.кв талбайг 18000 төгрөгөөр түрээслэх үнийн санал хүргүүлсэн “Х.К” ХХК-ийг шалгаруулсан нь журмын 7.1-д “Энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнээс өндөр байна гэж заасантай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолтой нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй, гишүүд дээрх оноог ямар зүйлд үндэслэн гаргасан зэрэг нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

Нэхэмжлэгч болон манай компанийн зүгээс сонгон шалгаруулалтад оролцохдоо бүрдүүлж өгсөн баримт, материалууд хэрэгт бүрэн авагдсан байхад юунд үндэслэн оноо өгсөн нь тодорхойгүй гэж үзсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй.

Дөрөв. Анхан шатны шүүх сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу явуулсан эсэхээ хариуцагч тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага сонгон шалгаруулалтын дүн гаргахдаа ажиллагааг дутуу явуулсан тухай тайлбар өгөөгүй, сонгон шалгаруулалтын дүн алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөгүй, нөхцөл байдлыг шалган тогтоох, шинээр акт гаргах боломжтой талаар хариуцагч санаачилга, хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан 198 м.кв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин зарлаж, “Х.К” ХХК-ийг шалгаруулсан байна. Дээрх сонгон шалгаруулалттай холбогдуулан “С.Т” ХХК нь нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хоёр шаардлагаас “түрээсийн гэрээг сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзсан шаардлагыг баталж, үлдэх шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн нь зөв юм. Гэхдээ анхан шатны шүүх “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х.К” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэл муутай болжээ.

 Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэрийг гаргах боломжтой байдаг. Энэхүү хэргийн тухайд “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлд дараах үндэслэлүүдийг зааж маргасан байна.

1/ Одоогийн түрээслэгч компанийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадавхтай болохоо дараах бичиг баримтаар нотлох гэсэн заалт оруулж нэг компанид илт давуу байдал бий болгож хууль, журам зөрчсөн,

2/ Урилгад заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээгээгүй үүний улмаас “Х.К” ХХК-ийг хамгийн өндөр үнийн санал өгсөн гэдгийг тогтоох боломжгүй, сонгон шалгаруулалт явуулах комисс томилогдоогүй хэн задлах нь тодорхойгүй, надад мэдэгдэлгүй сонгон шалгаруулалтыг явуулсан,

3/ Цаг хугацааны хувьд илт зөрүүтэй бичиг баримтыг хуурамчаар нөхөн гаргасан,

4/ Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингээрээ эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 3 дугаар нүүрт сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлнэ гэж заасан байхад ганцхан Өдрийн сонинд зарласан,

5/ Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус журмаар сонгон шалгаруулалтыг явуулсан гэж маргажээ.

Дээрх нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт анхан шатны шүүх зохих дүгнэлт хийсэн боловч, гагцхүү 5 үндэслэлийн 2 дахь үндэслэл болох “Урилгад заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээгээгүй, үүний улмаас “Х.К” ХХК-ийг хамгийн өндөр үнийн санал өгсөн гэдгийг тогтоох боломжгүй, сонгон шалгаруулалт явуулах комисс томилогдоогүй, хэн задлах нь тодорхойгүй, надад мэдэгдэлгүй сонгон шалгаруулалтыг явуулсан” гэсэн үндэслэлийн тухайд анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг үндэслэлтэй байна” гэсэн агуулгаар дүгнэж, шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “...Харин сонгон шалгаруулалтын урилгад сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутад нээнэ” гэж тусгасан хэрнээ бодит байдал дээр сонгон шалгаруулалтыг нээгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бид урилгад заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг нээгээгүй” гэх тайлбараар нотлогдож байх тул гуравдагч этгээд “Х.К” ХХК-ийг илүү үнийн санал авсан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний хуудсаар үнэлгээ өгснөөс үзвэл “С.Т” ХХК 259 оноо, “Х.К” ХХК 325 оноо авсан бөгөөд 1 м.кв талбайг 18000 төгрөгөөр түрээслэх үнийн санал хүргүүлсэн “Х.К” ХХК-ийг шалгаруулсан нь журмын 7.1-д “Энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна”. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнээс өндөр байна” гэж заасантай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолтой нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй, гишүүд дээрх оноог ямар зүйлд үндэслэн гаргасан зэрэг нь тодорхойгүй байх тул...” гэж дүгнээд “Х.К” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт зэргээс үзэхэд шалгаруулалтад ирүүлсэн “С.Т” ХХК, “Х.К” ХХК-иуд хэн аль нь шаардлага хангасан материал ирүүлсэн, энэ талаар маргаагүй байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2-т сонгон шалгаруулах комиссыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилохоор заасан, дээрх журмын дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг томилсон, мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж дүнгээ гаргасан болох нь “Хурлын тэмдэглэл”, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, үнэлгээний хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

  Нэхэмжлэгчийн дурдсанчлан сонгон шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр явуулж, ялагчийг зарласан гэж үзэх боломжгүй, мэдээлэлд 1 тоо алдаж бичсэн техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэх үндэслэлтэй.

“Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна” гэж заасан байх бөгөөд шалгарсан компани нэхэмжлэгч компаниас илүү өндөр үнийн санал өгсөн болох нь маргаангүй тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0737 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.г/, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С.Т” ХХК-ийн “Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х.К” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтыг хасч, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 2, 3, 4 болгон өөрчлөн, гуравдагч этгээд “Х.К” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, “Х.К” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР