Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2016/01245

 

“Тэргүүн Капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03369 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлалтай,

“Тэргүүн Капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Наранзаяа, Э.Чандманбаатар нарт холбогдох,

Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4.985.410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхмандах, өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уламбаяр, өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-эрдэнэ, өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Тэргүүн Капитал” ХХК гүйцэтгэх захирал Б.Уламбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай компани Б.Наранзаяатай 2014/08 тоот зээлийн гэрээгээр 4.000.000 төгрөг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр Б.Наранзаяа нь 2001 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Марк 2 загварын 70-07 УНЛ улсын дугаартай автомашиныг худалдан авч, зээлийн барьцаа болгож тухайн автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлэн, зээлийн гэрээ дуусгавар болоход өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлтэй байсан. Б.Наранзаяа нь 2015 оны 7 дугаар сард зээлийн барьцаа болох уг автомашинаар Оросын Холбооны Улс руу түр хугацаанд яваад ирэх хүсэлтээ ирүүлэн манай компаниас итгэмжлэл хийлгэн хилийн чанад руу гарсан ч тухайн автомашиныг Оросын Холбооны Улсын нутагт хулгайд алдсан гэх худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл хэлж эргэн ирсэн. Бид тухайн нөхцөлд зээлдэгч болох Б.Наранзаяаг ойлгон хамтран ажиллахыг хичээн зээлийн төлбөрийн хүүгээ cap бүр төлөөд, түргэн хугацаанд боломжтой болсон үедээ үндсэн зээлийн төлбөрөө төлж зээлийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон. Гэсэн ч хариуцагч Б.Наранзаяа нь 2015 оны 12 дугаар сараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба төлбөрөө барагдуулахыг утсаар болон биеэр очиж удаа дараа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр бүрэн төлөгдөөгүй байна. 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний үндсэн төлбөр 4.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 776.200 төгрөг, алданги 251.200 төгрөг, нийт 5.027.400 төгрөгийг хариуцагч Б.Наранзаяагаас гаргуулж хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч “Тэргүүн Капитал” ХХК гүйцэтгэх захирал Б.Уламбаяр 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж: Нэхэмжлэлээс Э.Чандманбаатарыг хасч, үндсэн зээлдэгч болох Б.Наранзаяаг хариуцагчаар дуудах хүсэлтэй байна. Учир нь Б.Наранзаяагийн нөхөр болох Э.Чандманбаатар нь ОХУ руу яваад хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул энэхүү хүсэлтийг гаргаж байна. Зээлийн гэрээгээр алданги тооцохоор тохиролцоогүй тул өмнөх нэхэмжлэлээр алдангид тооцсон төлбөрийг үндсэн зээлээс төлсөн төлбөрт тооцон зээлийн гэрээний 3.1.4-т заасны дагуу үндсэн зээлд cap бүр 6 хувийн хүүг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцож зээлийн үлдэгдэл 3.865.800 төгрөг, хүү 1.119.610 төгрөг, бүгд 4.985.410 төгрөгийг Б.Наранзаяагаас нэхэмжилж байна.

Гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь зээлийн хүүд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 240.000 төгрөг,

8 дугаар сарын 13-ны өдөр 240.000 төгрөг,

9 сарын 18-ны өдөр 240.000 төгрөг,

10 сарын 20-ны өдөр 240.000 төгрөг,

11 сарын 17-ны өдөр 240.000 төгрөг,

12 сарын 19-ний өдөр 240.000 төгрөг,

2015 оны 1 сарын 19-ний өдөр 240.000 төгрөг,

2 сарын 17-ны өдөр 240.000 төгрөг,

3 сарын 17-ны өдөр 240.000 төгрөг,

4 сарын 17-ны өдөр 240.000 төгрөг,

5 сарын 19-ний өдөр 240.000 төгрөг,

6 сарын 29-ний өдөр 240.000 төгрөг,

7 сарын 23-ны өдөр 240.000 төгрөг,

9 сарын 16-ны өдөр 240.000 төгрөг,

10 сарын 26-ны өдөр 480.000 төгрөг,

12 сарын 04-ний өдөр 240.000 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээгээр тохирсон 5 сарын хугацаанд зээлийн хүүг төлж байгаад 5 сарын эцэст хүү үндсэн мөнгөний хамт төлөх байсан ч 2015 оны 12 сараас эхлэн хүү төлөхгүй, ирж уулзахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх алданги нэхэмжилж байсан ч дараа нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж Иргэний хуулийн 222.5-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү гэж нэхэмжилж үндсэн зээлийн үлдэгдэл 3.855.800 төгрөг, зээлийн хүү 2014 оны 6 дугаар сарын 16-наас 2016 оны 4 дүгээр сарын 25 хүртэл хугацаанд тооцоход 1.119.610 төгрөг, нийт 5.027.400 төгрөгөөс 41.990 төгрөгийг багасгаж, 4.985.410 төгрөгийг нэхэмжилнэ. Анх нэхэмжилсэн 134.200 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд биш үндсэн зээлээс хасч тооцсон байгаа. Гэрээний 3.3.5-д ч энэ талаар заалт байгаа. Бид Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй. Мөн газрын гэрчилгээг барьцаалаагүй өөрсдөө л сайн дураараа авчирч өгсөн. Бид барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргаагүй. Хүүд 4.079.800 төгрөг, 134.200 төгрөгийг үндсэн зээлд төлснийг зөвшөөрнө. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4.985.410 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Б.Наранзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэргүүн капитал" ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэн авсан. Тус гэрээний 3.3.1-д заасны дагуу төлнө гэж заасан бөгөөд хавсралт 1-д зааснаар нийт 5.200.000 төгрөгийг эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч бидний хувьд дээрх төлбөрөөс 4.214.200 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг 5.200.000 төгрөгөөс хасч тооцвол 985.800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Гэтэл зээлдэгчийн зүгээс дээрх төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож авч байгаа нь бидний хоорондын тохиролцоонд болоод хуульд нийцэхгүй юм. Барьцаалан зээлдэх буюу ломбардын үйл ажиллагаа явуулж буй этгээд нь нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байтал бидний төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь бидэнд хохиролтой байна. 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Тэргүүн капитал” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр алданги тооцох талаар тохиролцоогүй тул алданги тооцох ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 232.3-т заасныг, мөн зүйлийн 232.7-д заасны дагуу 985.800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2014 оны 7 сард зөвшөөрөл авч машинаа ОХУ руу гаргасан ч 2014 оны 10 дугаар сарын 21-нд машинаа алдаж, одоо Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зээлийн гэрээг 5 сарын хугацаатай хийсэн ч бид машинаа алдсан учир зээлээ төлөх боломжгүй болсон тул хүүг төлж байсан. Энэ хугацаанд 4.200.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Нийт 134.200 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Иймд гэрээний дагуу үндсэн зээл болон хүүд 5.200.000 төгрөг төлөх байсан, үүнээс 4.214.200 төгрөгийг төлөөд одоо 985.800 төгрөгийг төлнө. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нэмэгдүүлсэн хүү нэхэх эрхгүй, гэрээний хугацаа сунгагдаагүй учир энэ хугацаанд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцно уу. Хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлгүй. Барьцааны зүйл алга болсон нь биднээс шалтгаалаагүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03369 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Наранзаяагаас барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4.521.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэргүүн капитал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 463.610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Тэргүүн капитал” ХХК нь хариуцагч Э.Чандманбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.388 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэргүүн капитал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.521.800 төгрөгийг” гэснийг “1.167.424 төгрөгийг” гэж, “463.610 төгрөгт” гэснийг “3.817.986 төгрөгт” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “87.299 төгрөгийг” гэснийг “32.568 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхмандах, өмгөөлөгч Х.Оюунсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж доорхи гомдлыг гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ: ...гэрээний хугацаа сунгагдаагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 4.079.800 төгрөгийг хүүнд суутган авч үндсэн зээлийн үлдэгдэлд 3.865.800 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүү 1.119.610 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч Б.Наранзаяа зээлийн төлбөрөө хийхгүй байсан тул гэрээний хугацаа сунгах шаардлагатайг мэдэгдэж бичгээр үйлдэж бэлдээд дуудаад байхад ихэнхидээ холбогдохгүй, холбогдсон үедээ за гэчхээд ирэхгүй байсан нь ч залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлж байсан байх үндэстэй бөгөөд хэрэг шүүхэд шийдвэрлэгдэх ажиллагаанд өөрөө оролцохгүй төлөөлөгч, өмгөөлөгч хөлсөлж оролцуулаад байгаа нь үнэнээс өөрөө зугтаж байгаагийн нэг хэлбэр гэж үзэхээр байна. Хэрэв гэрээ сунгах хүсэлтийг хүлээн аваагүй бол бид гэрээний хугацааг өнгөрүүлэн шаардаад хүлээж байх ёсгүй, тэр дор нь шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломж байсан юм.

Б.Наранзаяа зээлийн хүүг сар бүр төлж яваад зээлээ удаахгүй төлье гэж зөвшөөрснийг нотлох үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарн 04-ны өдөр хүртэл сар бүр бараг тогтмол хугацаанд анх гэрээгээр тохиролцсон хэмжээний хүүг төлж байснаар нотлогдох бөгөөд хэрэв зөвшилцөөгүй бол дээрхи байдлаар хүү төлж байх үндэслэлгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд “Гэрээг байгуулсанд тооцох үндэслэлүүдийн талаар заасан” бөгөөд 196.1.3-т, 196.1.5-д заасан үндэслэлүүдээр Б.Наранзаяа бидний хооронд Зээлийн гэрээ цаашид үргэлжлэх тохиролцоонууд хийгдсэн. Тийм ч учраас Наранзаяа сар бүр тогтмол хүүгээ төлж явсан.

Давж заалдах шатны шүүх хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн боловч гэрээгээр тохиролцсон хэмжээгээр төлсөн хүүг үндсэн үүргээс хасаж тооцсон нь буруу байна. Гэрээ сунгах нөхцөлөө хүлээн зөвшөөрөөд сар бүр тогтмол хэмжээгээр төлж байсныг дээр дурьдсан билээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн анхны шаардлагыг өөрчлөн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хассаныг анхааралгүй орхигдуулан Банк, эрх бүхий хуулийн этгээд биш тул нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож болохгүй гэж дүгнэсэн хирнээ ИХ-ийн 222-р зүйлийн 222.5 дахь заалтыг хэрэглэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т заасан заалтыг хэрэглэж үндсэн хүүгийн 20%-иар тооцож хариуцагчийн төлөх хүүгийн хэмжээг тодорхойлсон нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулиудын заалтыг хооронд нь найруулаад хэрэглэж болох бол тус тусад нь хууль мөрдөх шаардлага байхгүй билээ. Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байсаар байтал түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2 талын тохиролцоон дээр үндэслэж сайн дураар хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд уг гэрээний 3.3.5-д зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү төлнө гэсэн нөхцөл тохиролцсоныг давж заалдах шатны шүүх анхааралгүй гэрээний хугацаа сунгагдаагүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг буруу тайлбарлан 2 талын сайн дурын тохиролцоог өөрчлөн хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд хэрэглэдэг нэмэгдүүлсэн хүүгээр тооцсон байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр хэргийг хянан ИХШХШТхуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Тэргүүн капитал” ХХК нь Э.Чандманбаатарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Б.Наранзаяагаас 4.985.410 төгрөг гаргуулахаар шаардахдаа зээлийн гэрээ болон  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэжээ. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэлээс 985.800 төгрөгийг хүлээн зөвшөөрнө ” гэжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Б.Наранзаяа нь 4.000.000 төгрөгийг 5 сарын хугацаагаар, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-т “хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”, 199 дүгээр зүйлийн 199.2-т “хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино” гэж заасан. Энэхүү зохицуулалтын агуулгаас үзэхэд талууд гэрээний хугацааг сунгахдаа анх тохирсон хэлбэр буюу бичгээр байгуулах шаардлагатай бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрээг сунгасан гэж үзэхгүй.

Иймд хариуцагч зээлийн гэрээнд зааснаар зээл 4.000.000 төгрөг хүү 1.200.000 төгрөг нийт 5.200.000 төгрөг төлөхөөс төлсөн 4.214.200 төгрөгийг хасч, 986.000 төгрөг төлөх үүрэгтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” талаар заасан. Давж заалдах шатны шүүх “...зохигчид үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхойлохдоо нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т нийцэхгүй...” гэсэн атлаа “...хэтрүүлсэн хугацаанд тохирох хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тодорхойлох боломжтой” гэж үзэж, хүүд 181.424 төгрөг тооцсон нь ойлгомжгүй боловч хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлалын 1 дэх заалтын “...1 дэх заалтын 4.521.800 төгрөгийг гэснийг 1.167.424 төгрөгийг гэж, 463.610 төгрөгт гэснийг 3.817.986 төгрөгт” гэснийг “...1 дэх заалтыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 222 дугаар зүйлийн 222.5-т заасныг баримтлан Б.Наранзаяагаас 1.167.424 /нэг сая нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулан “Тэргүүн капитал” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.817.986 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхмандах, өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 95.388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ