Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/348

 

 

 

 

 

2023                 3            30                                       2023/ДШМ/348                                   

 

О.Т-, Т.М-э,

Т.С-о нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энх-Амгалан,

шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс, О.Баяраа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  О.Т-, Т.М-э, Т.С-о нарт холбогдох эрүүгийн 1910024630591 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Т-, /,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1 жил 5 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

2. М-,

 

3. С-,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

О.Т-, Т.М-э, Т.С-о нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “манайх уул уурхайн компанитай бөгөөд тэр мөнгөндөө БНХАУ-аас арматурын төмөр оруулж ирэх боломжтой, танайд хэрэгтэй байгаа арматурыг нийлүүлж төлбөрийг бартераар авах боломжтой, тээврийн зардал 150.000.000 төгрөгийг өөрсдөө урьдчилан төлөх хэрэгтэй” гэж  “****” ХХК-ийн захирал Л.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээг” Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын аманд байгуулж, улмаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр танай захиалсан төмрийг ачуулсан тул тээврийн хөлсийг төлөх хэрэгтэй гэж 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Т-, Т.М-э, Т.С-о нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-, С- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.М, Т.С нарыг цагаатгаж, Т-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.Т-ийг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлж, О.Т-ийн цагдан хоригдсон нийт 7/ долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-өөс 150.000.000 төгрөг гаргуулан “****” ХХК-д /захирал Л.Б-/ олгож, энэ хэрэгт орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 7 сарын 02-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Т-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Т.М-, Т.С- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нотлох баримтыг бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстойг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нотлох баримт хуурамчаар үйлдсэн;

БНХАУ-ын иргэн Х-гийн нэрийг ашиглан утасны 1 тоог өөрчлөн гарын үсгийг хуурамчаар зурж намайг 150.000.000 төгрөг бэлнээр гаргуулан бүгдийг нь авсан мэтээр харагдуулж, тэр нь шүүх, улсын яллагчийг хэргийг шударга шийдэх шийдвэрт нөлөөлсөн, улсын яллагч Н.Нямдорж БНХАУ-ын иргэн Х-гийн тодорхойлолтын орчуулсан орчуулгаар Т- нь 150.000.000 төгрөгийг бүгдийг нь бэлнээр гаргаж аваад явсан нь нотлогдож байгаа тул гэм буруутай гэж үзэж байна. Гэм бурууг тогтоох хэлэлцүүлэг дээр прокурор Түмэн-Өлзий шүүгчийн асуултад бүх зүйл задаргаа нь Х-гийн тодорхойлолтоор нотлогдож байгаа гэсэн тул шүүх гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 нь хууль бус нотлох баримт бүрдүүлсэн, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шалгах заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Гэрээндээ засвар оруулж өөрчилсөн;

Гэрээгээ тохирч гарын үсгээ зурчихаад бичээч нь ирээгүй тул орхиод явсныг далимдуулж “бөөнөөр” гэж толгойг өөрчлөөд “хавсралт” гэж нэмэлт оруулаад тэр үед яригдаагүй 150.000.000 төгрөг урьдчилж авна гэж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

3. Гэрч Н.Т- худал гэрчилж мэдүүлсэн;

Гэрч Н.Т-ын танил Г- гэх эмэгтэй арматур авах компани байна гэж эх суурийг нь тавьсан. Гэтэл энэ эмэгтэйг огт дурсалгүй миний хүү М-ийг буруутгаж хэлсэн, мөн уул уурхайн компанитай, тэр нь миний нэр дээр байдаг гэх мэтээр ярьсан гэж охиныг минь гүтгэсэн. “Мөнх говийн эрдэнэ” гэж алтны А лицензтэй компани миний нэр дээр байдаг, Хятад руу гараад 11 хоносон. Гэтэл 13-15 хоносон мэтээр мэдүүлсэн. 7 дугаар сарын 17-нд Т- бид хоёр машин аваад арматураа авах гээд очиход нөгөө хужаа ярьсан тохирсноос буцаж мөнгөө өгөөд ач гэсэн тул мөнгө босгож ирье гээд буудал, хоолны мөнгө үлдээгээд 18-нд явсан. Гэтэл огт хэлээгүй оргож явсан мэтээр мэдүүлсэн. Монголд ирээд байнга холбоотой, мөнгө яаж олох болсноо хүртэл хэлж ярьж байсан. 2000 тонн арматурыг нэг дор бөөнд нь нийлүүлнэ гэсэн гэж гүтгэх юм. 3.000.000.000 төгрөгийн байр байшин, машиныг 2, 3 хоногт мөнгө болгочих ямар ч боломжгүй, гүтгэхдээ хүн үнэмшихээр юм ярих хэрэгтэй шүү дээ. Гэрч Т- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 9.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4. Хохирогч Л.Б- худал мэдүүлж гүтгэсэн мэдүүлэг өгсөн;

Хохирогч Л.Б-г ойлгож байна. Гэхдээ би хохирсон, хохирогч гээд хууль зөрчиж болохгүй, хуулийн дээр мөнгө байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Наймаанд хамаагүй сонирхуулж ярьсан зүйлийг мушгиж гуйвуулж өөрт ашигтайгаар мэдүүлж болохгүй. Сэлэнгэ, Дарханы замд дээрмийн халдлага зохион байгуулсан эзэн нь Б- гэж үзэж байгаа. Т-аас өөр хүнд хийх гэж байгаа наймааныхаа тухай яриагүй. Маргааш нь хотод ирээд “Наадам центр” дээр Б-тай уулзахад шууд л сүрдүүлж дарамталсан, Сэлэнгийн цагдаагийн даргын үеэл нь гэнэ. Цагдаагаар, хууль шүүхээр амьтан болгоно, хүүхдүүдтэй чинь хамт шоронд хатаана гэж байсан, биелэх боломжтойгоо харуулсан, хараар бол чамайг байхгүй болгоно гээд хамт ирсэн хэдэн залуусдаа өдөр шөнийн аль ч цагт танихаар сайн нүдэлж ав гэсэн. Энэ нь ч бас биелэх боломжтой, нууцаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг хүн энэ байтугайг хийж чадах. Айлган сүрдүүлж, мөнгө авсан гэдгийг бичүүлж авсан 300.000 юанийг арматурын компанид үлдэгдэл 88.000 юанийг өөрөө авсан гэсэн бичиг хийж өгсөн. Түүнээс хойш айгаад уулзахгүй байсан нь үнэн, хурдхан мөнгийг нь хятадаас авч өгье гэж бодсон боловч ковид гарахын өмнө явж уулзсан, мөнгө өгч чадахгүй арматур ав гэсэн мөнгө байгаагүй тул авч чадаагүй, энэ тухай мэдүүлэгтээ хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т үнэн зөвөөр мэдүүлэг өгөх, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эх үүсвэрээ батлах ёстойг заасан.

5. Мөрдөн байцаагч хохирогчийн талд ажиллан хууль зөрчсөн;

Мөрдөн байцаагч нотлох баримт шалгах, хэргийн үнэн зөвийг олж тогтоох үүргээ биелүүлээгүйгээс болж эсхүл хүсээгүйгээс болж нотлох баримт /хуурамч/, яллах төлөвлөгөө нэг талыг барьж, хууль зөрчөөгүй бол шүүхийг хуурч, буруу шийдвэр гаргах түвшинд хүргэхгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.7, 32.1 дүгээр зүйлийн 2.3, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.

6. Прокурор Ч.Түмэн-Өлзий үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн;

Прокурор мөрдөн байцаагчийн үйл ажиллагааг хянах үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ямар ч үед гомдол мэдээлэл авч шалгах үүргээ биелүүлээгүй, Х-гийн дансны хуулгыг орчуулаад өгсөн шалгаагүй. Мөрдөн байцаалтад мөн адил өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1, 2-т заасныг биелүүлээгүй.

7. Хурааж авсан нотлох баримт байхгүй;

Хурааж авсан нотлох баримт болох миний гадаад паспорт, иргэний үнэмлэх хавтас хэрэгт байхгүй, хаана байгааг нь мэдэхгүй байсан. Энэ талаар өмгөөлөгч Д.Гангантөгс хэлсэн боловч тоосонгүй, хэн нэгэн ашиглаж байхыг үгүйсгэхгүй.

8. Шүүх хуралдааны уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй. Ургамал ногоо үндэстэй байж ургадаг. Үүний нэгэн адил шүүхийн тогтоох хэсэг эх үүсвэр байж, түүнийг үндэслэн тогтоох хэсэг хүчин төгөлдөр болно гэж үзэж байна. Гэм буруугийн хэлэлцүүлэг дээр БНХАУ-ын иргэн Х-гээс гаргаж өгсөн тодорхойлолт нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримт гэж үнэлсэн. Өмгөөлөгч Гангантөгс иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргаан. Ямар ч мөнгө төгрөг хувьдаа авч хэрэглээгүй, 500 тонн арматурыг эрээнд авчирсныг гэрч Т- гэрчилдэг. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Х-, Э- нарыг гэрчээр байцаах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.3 дугаар зүйлийн 2-т гэрчийг тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудаж болно. Эрх бүхий байгууллагад хүсэлт өгч мэдүүлэг авч болно гэжээ. Тогтоолд заасан шиг БНХАУ-н шүүх яам, Дээд шүүхэд хүсэлт гаргах хэрэггүй, хувь хүн БНХАУ-ын цагдаад өргөдөл өгөөд шалгуулж болно. Б- шиг ингээд гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээх шүүх хурал хийхээр болсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хурал дээр улсын яллагч Нямдорж Х-гийн хуурамч нотлох баримтыг яллах гол баримт болгосон, өмгөөлөгч Гангантөгс завсарлах хүсэлт гаргаснаар 5 хоног хойшилж надад цагдан хорих арга хэмжээ авснаар зээл авч зохицуулна гэсэн хүсэлт талаар болсон. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны шүүх хурал эхэлж улсын яллагч Нямдорж шүүгдэгч Т- нь 150.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж аваад явсан нь БНХАУ-ын иргэн Х-гийн тодорхойлолтын орчуулгаар гэм буруутай нь нотлогдож байна. Хэргээ, гэм буруугаа хүлээхгүй, завсарлага аваад хохирлоо барагдуулах ямар ч алхам хийгээгүй тул нээлттэй хорих ангид 7 жил хорих ялаар шийтгэх санал оруулж, шүүх хүлээн зөвшөөрч нас өндөр, эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан 5 жил болгон бууруулсан, эцсийн үг хэл гэхэд хуурамч нотлох баримтыг үндэслэж ял оноож байгаад гомдолтой байна гэж хэлэхэд өмгөөлөгч Гангантөгс 2 хуудас, нэг нь хавтас хэрэгт байгаа хуурамч нотлох баримт нөгөө нь Х-гийн гарын үсэг, тамгатай албан бичиг өргөж үзүүлэн шүүхэд өгснөөр шүүх хурал алхаа цохиж дууссан. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед 2023/ШЦТ/82 дугаартай тогтоол гардаж автал шүүгдэгч О.Т-ийг буруутай гэж ялласан гол нотлох баримтыг 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гээд нотлох баримтаар тооцохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилт нь гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн заалтыг зөрчин ямар үндэслэлээр ял шийтгэл өгч байгаа нь тодорхой бус байна. Хуурамчаар хийсэн болохоос биш тэр чинь нотлох баримт шиг харагдаж байсан, гэтэл энэ нотлох баримтыг хуурамч гээд батлахаар, тооцохгүй гэж байгааг яаж ойлгох вэ, Б-, гэрч Т- хоёрын мэдүүлгээр 7 жилийн хорих ял өгч байгаа юм уу, мөрдөн байцаагч, прокурор Б-гийн талд байж нэг талыг барьсан, яллах хандлагыг гол болгосон. Яллах дүгнэлт хэргийн хуурамч нотлох баримтыг шүүхийн шийдвэр гаргах хүртэл явуулсан нь ашиг сонирхол, авлигын холбоо байна гэж хардаж байна. Мөн шүүхэд учир байдлаа хэлж нотлох баримт өгөхөд тоохгүй байснаа хуурамч нотлох баримт гээд батлахаар шалгахын оронд тооцохгүй гэж байгаа нь Л.Б-гийн нөлөө оров уу гэж хардаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө хөрөнгө, чинээ хамаарахгүй эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэрчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, хуурамч нотлох баримт үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн үнэнээ хэлсэн мэдүүлэг шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болоогүй. Б-гийн **** Хаан банкны данснаас шилжүүлсэн 38.700.000, “****” ХХК-ийн 5020580762 Хаан банкны данснаас шилжүүлсэн 111.800.000 төгрөг БНХАУ-ын иргэн НАN BAO GOU-ийн **** Хаан банкны дансанд орсон байна. Хальт харахад хэнд шилжсэн нь мэдэгдэхгүй, шүүгдэгч Т- авсан мэт харагдаж байна. Монгол хүн бүр Хятадаас бараа зөөж, зарах, эсхүл зуучилж мөнгө олдог. Хятадуудын аяыг харж, наймаа хийдэг, би ч гэсэн бусдын адил авах барааг нь үзүүлж чанар стандарт болно гэнгүүт 500 тонн арматур Бугатаас Эрээнд авчирсан, гэрч Т- үүнийг гэрчилдэг. Тэр үед арматур авсан машины зургийг Т- ч авсан, би ч авсан болохоор худлаа гэж чадаагүй байх, бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Хятадтайгаа үл ойлголцол гарсны улмаас  хил нээгдэхийг хүлээсэн. Б- миний шүүхийн тогтоолыг барьж аваад мөнгөө авах юм ярьж байна гэсэн миний паспорт Б-д ч байж магадгүй. Энэ үнэн, одоо хил нээчихсэн болохоор Б- ч гэсэн очоод авах боломжтой, яагаад гэвэл Хятад дансаар мөнгө нь гүйлгээ хийгээд Хятадад мөнгө нь байгаа болохоор иргэний шүүхээр шийдэж болох хэрэг, бүх юм хуурамч нотлох баримтаас болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж заасныг үндэстэй гэж үзэж хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж өгнө үү. Нас өндөр, маргааш 65 нас хүрлээ, тулай өвчтэй, зүрх муу, даралт ихтэй учир шоронд суумааргүй байна, эрх чөлөөтэй байхад ажил төрлийг зохицуулж болно. ...” гэв. 

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Д.Гангантөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон цагаатгах талын бүхий л баримтыг шалгаж хянасны үндсэн дээр тогтоох үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүй хэт нэг талыг барьж өнгөц байдлаар дүгнэлт хийж, О.Т-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан хэмээн дүгнэж хүнд ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй. 2 дугаар хавтас хэргийн 66 дугаар хуудас Э--14747393999, Х--13664793653 шилжүүлсэн Хятад бичигтэй хэрэгт хавсаргасан юуны тухай бичсэн нь тодорхойгүй баримт нотлох баримтын эх сурвалжийг нотолж чадаагүй. Бичгийг орчуулгын товчоогоор орчуулаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 100-101 хуудас БНХАУ-ын иргэн Х-гээс Монгол Улсын Цагдаагийн хэлтэст ирүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт нь эх хувиараа хэрэгт хавсаргаагүй, мөн утасны дугаар зөрүүтэй, мөнгөн дүнг зөрүүтэй алдаатай бичсэн байдаг. Үүнийг хяналтын прокурор Н.Нямдорж нь Х-гийн тодорхойлолтоор нотлогдож байна гээд 7 жилийн хорих ялын санал оруулж, шүүх 5 жилийн хорих ялаар шийтгэсэн. Өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгч О.Т-ийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хятад улсын иргэн Х- гэгч иргэнтэй Монголын Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн тодорхойлолтын талаар асууж тодруулахад Монгол Улсын иргэн Б- гэж хүнийг танихгүй, цагдаагийн байгууллагад ямар нэгэн тодорхойлолт бичиж өгөөгүй, цаад хүмүүс хуурамч баримт бичиг үйлдсэн байна, та нар шалгуулбал цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаар яригдахад миний бие шүүхийн хэлэлцүүлэг дуусаж байгаа ч гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн талаар Х-гийн гарын үсэгтэй, тамгатай 2 хуудсыг шүүх хуралдаанд танилцуулсан. Иймээс уг хуулбарласан бичгийг хэн үйлдсэн болох, хэн цагдаагийн байгууллагад аваачиж өгсөн, иргэн Х-гийн гарын үсгийг хэн дурайлган бичсэн, ямар учраас Х-гийн утасны дугаар буруу бичсэн болох, яагаад мөнгөн дүнгийн зарим нэгийг алдаатай, зөрүүтэй болох зэрэг ажиллагааг хийлгүүлэн шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж байгаа. Хун Вэй, Х-, Т- нарын хооронд уг асуудал үүссэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт, яллаж байгаа үйлдэл нь хохирогчоор Б-г, Т-ыг гэрчээр байцааж оруулж ирсэн. Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангахгүй байна. Иргэний хууль тогтоомжийн дагуу маргаан үүсэж, гомдлын шаардлага гаргаж гэрээний маргаан үүсэхийг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй гэх Улсын дээд шүүхийн 2019 оны 538 дугаар тогтоолд заасан. Б-, Т- нар нь нүдээрээ харчихаад тээврийн зардал шилжүүлсэн нь өөрсдийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Хятад, Монгол улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Уг гэрээний хэрэгжилтийг хангах талаар мөрдөгч, прокурорууд 4-н жилийн хугацаанд ямар ч ажиллагаа хийлгүй өнгөрөөсөн. “О.Т-ийн байгуулсан гэрээ хэлэлцээрийг үндэслэн гэрээний дагуу нийлүүлэх барилгын арматурын оронд 300,000 юанийг барьцаалав. Хил бүрэн нээгдсэний дараа үлдэгдэл мөнгийг хэлэлцэн тогтоож тооцоог бүрэн дуусгана” гэсэн тодорхойлолтыг үзэхэд “****” ХХК-ийн мөнгийг хувьдаа залилсан үйлдэл нь харагдахгүй байна. 2 дугаар хавтас 106 дугаар хуудаст эд зүйлс, баримт бичиг түр хураан авах тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр О.Т-ийн **** тоот гадаад паспорт түр хураан авсан. Яллах дүгнэлтэд хураан авсан талаар тэмдэглэл үйлдээгүй. Хавтас хэргээс О.Т-ийн гадаад паспорт алга болсон нь Монгол Улсын төрийн өмч алга болсон гэсэн үг. Уг паспортыг хэн нэгэн этгээд ашиглаж байж болзошгүй. О.Т-ийн гадаад паспорт алга болсон талаар анхан шатны шүүхээс ямар нэгэн шийдэл гаргаж чадаагүй. Иймд буруутай албан хаагчийг олж тогтоон гадаад паспортыг олуулж, хэрэгт хавсаргуулах. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гарган, үүний дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явагдсан боловч шүүхээс урьдчилан хэлэлцүүлэгтэй холбогдуулан миний зүгээс гаргасан хүсэлтийг хүлээж авсангүй. БНХАУ-ын иргэнтэй гэрээ хийсэн, мөн санхүүгийн болон тодорхойлолт гаргаж өгсөн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хүлээн авсангүй. Хятад Улсын иргэдээс мэдүүлэг авах ажиллагаа нь мөрдөн байцаалтад зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааны чухал хэсэг байсан юм. Хэргийн бодит байдал болон хэргийн үйл баримтын талаар гадаад улсад болсон үйл баримтын талаар нотлох ажиллагаа явуулах шаардлагатай бол улсын ерөнхий прокурор харьяалал тогтооно гэж байгаа. Хятадад болсон гэрээ хэлэлцээрийн асуудлыг шалгаагүй. Шийтгэх тогтоолд хавтас хэрэгт БНХАУ-ын иргэн Х-, Хун Вэй гэх хүмүүсийн хувийн мэдээлэл авагдаагүй тул гэрчийн мэдүүлэг авхуулахаар БНХАУ-ын шүүх яам, БНХАУ-ын ардын дээд шүүхэд хүсэлт тавьж даалгавар гүйцэтгүүлэх боломжгүй гэж тусган бичсэн. Гэвч Х-, Хун Вэй нарын талаарх мэдээлэл 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Е/06/23/0012 дугаар Монгол улсаас Хөх хотод суугаа консулын газрын албан тоот бичиг, мөн 2 дугаар хавтас хэргийн 174-188-209 дүгээр хуудсанд БНХАУ-ын иргэн Хун Вэй дансны хуулга байгаа. Х-гийн утасны дугаар бусад хувийн мэдээллүүд хавтас хэрэгт орсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж мөрдөгч цагдаагийн байгууллагын хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авбал энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ. БНХАУ-ын шүүх яам, Ардын дээд шүүхэд хүсэлт өгөх шаардлагагүй. БНХАУ-ын цагдаагийн байгууллагад хүсэлт өгөөд шалгуулах боломжтой. Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Ц.Отгонсүрэн нь 2021 оны 7 дугаар сарын 24 өдрийн 352 тогтоолоор О.Т- нь “****” ХХК-тай гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийг залилсан хэрэгт О.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байх тул яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авахаас татгалзаж хэргийг мөрдөн байцаалтад буцааснаас хойш Хятад, Монгол улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, уг гэрээний хэрэгжилтийг хангах талаар холбогдох албан тушаалтнууд ямар ч ажиллагаа хийлгүй өнгөрүүлсэн байдаг. Шүүгдэгч О.Т-ийн эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч миний зүгээс уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэт нэг талыг барьсан, хэргийн бүрдэл хангагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд зааснаар шинээр нөхцөл байдал илэрч, худал орчуулга хийж, хуурамч нотлох баримтаар хүнд ял оноосон тул хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Т- болон өмгөөлөгч Д.Гангантөгс нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгах болон яллах талын нотлох баримтыг адилхан цуглуулж, бэхжүүлээгүй. Зөвхөн яллах талын баримтуудыг илүүтэй цуглуулсан. Х- гэдэг ӨМӨЗО-ны иргэний тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нараас иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой маргаан байна. О.Т- нь БНХАУ-ын иргэн Ху Вэй гэх хүнд 300.000 юань барьцаанд өгсөн. Ковид-н нөхцөл байдлын улмаас БНХАУ хилээ хаасан тул 300.000 юанийг буцааж авч чадаагүй. Иймд БНХАУ-н иргэн Х-, Ху Вэй нараас мэдүүлэг авах шаардлагатай, эсхүл БНХАУ-руу явж Ху Вэй гэх хүнээс мөнгөө буцааж авах боломжтой” гэж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх “БНХАУ-н иргэн Ху Вэй болон ӨМӨЗО-ны иргэн Х- гэх хүмүүсийн хувийн байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мэдүүлэг авах даалгавар бичих боломжгүй” гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш хил нээгдсэнтэй холбоотой БНХАУ-руу О.Т-ийн эхнэрийг явуулж Ху Вэй гэх хүний сургийг гаргуулсан. Ху Вэй гэх хүнийг олоод албан ёсны мэдэгдэл бичүүлж авчирсан. Энэ талаарх 8 хуудас баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байна. Уг мэдэгдлийг тэнд нь нотариатаар баталгаажуулсан бөгөөд уг мэдэгдэлд “Мэдэгдэл гаргагч: Хун Вэй, эрэгтэй, 1971 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Иргэний үнэмлэхийн дугаар 152824197105285518, Хаяг ӨМӨЗО, Баяннуур хот, Урадын өмнөд хошуу, Баянхуа балгас, Урт гацааны 101 тоот, Монгол улсын иргэн Ойровын Т- /РД:ХЙ59022816/ нь надаар дамжуулан Хятад улсаас арматур худалдаж авдаг. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр арматур худалдаж авах урьдчилгаа төлбөр болох 300.000 юанийг миний данс руу шилжүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэрээний дагуу эхний ээлжийн 500 тонн арматурыг ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Шун Фөн Ган /Чөншин замын урд/-д тээвэрлэн буулгасан. Бараагаа хүлээлцэж амжаагүй байтал арматурын үнэ нэмэгдэж, төлбөрийн асуудлаас үүдээд эцэст нь бараагаа хүлээлгэж өгөөгүй. Дараа нь Ойровын Т-тэй холбоо барьж Хятад руу өөрийн биеэр очно гэж амласан. Бид уулзаж, дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцсон боловч коронавируст халдварын улмаас тэр Хятадад ирж чадаагүй” гэсэн байдаг. Энэ баримтаар 300.000 юанийг О.Т- авсан уу, үгүй юу гэдэг нь тодорхой харагдаж байдаг. Иймд О.Т-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Т-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 150.000.000 төгрөгийг залилж хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч О.Т- нь тухайн цаг хугацаанд ямар нэгэн байдлаар арматур төмөр оруулж ирэх боломжгүй байсан. Хоёр хүүхэдтэйгээ уул уурхайн чиглэлээр компани ажиллуулдаг гэж хэлээд гэрээ байгуулсан байдаг. Хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд ямар нэгэн байдлаар зөрүүгүй. Гэрч Н.Т-ыг БНХАУ-д аваачиж тухайн төмрийг оруулж ирэх гэж байгаа мэтээр итгүүлж, төөрөгдөлд оруулсан байдал нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Өмгөөлөгч нар хэт нэг талыг барьсан баримтуудыг цуглуулж хэргийг шалгасан гэж байна. Өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Өмгөөлөгчөөр хангах эрхийг зөрчөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гомдлуудад Улсын Ерөнхий прокурорын газраас тодорхой хариуг өгч байсан байдаг. Прокурор Х-гийн гаргасан тодорхойлолтыг үндэслээд 7 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан гэж байна. Х-гийн тодорхойлолтыг прокуророос нотлох баримтаар тооцох талаар саналаа гаргасан боловч анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтад тооцоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаараа тодорхой дүгнэсэн байна. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т- нь хохирогчид 150.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч О.Т-, Т.М-э, Т.С-о нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Т- нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Манайх гэр бүлээрээ уул уурхайн бизнес эрхэлдэг компанитай, уул уурхайн бүтээгдэхүүний оронд БНХАУ-аас арматурын төмөр авахаар болсон, танайд хэрэгтэй байгаа арматурыг нийлүүлж төлбөрийг бартераар авах боломжтой, тээврийн зардалд 150.000.000 төгрөгийг өөрсдөө урьдчилан төлөх хэрэгтэй” гэж  “****” ХХК-ийн захирал Л.Б-г хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээг” Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын аманд байгуулж, улмаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр танай захиалсан төмрийг ачуулсан тул тээврийн хөлсийг төлөх хэрэгтэй гэж 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Б-гийн “...2019 оны 6 дугаар сард Т.М-э ирж “танайх арматур төмөр авах гэж байгаа юм уу. Манайх гэр бүлээрээ уул уурхайн бизнес эрхэлдэг. БНХАУ-руу гаргасан уул уурхайн бүтээгдэхүүний оронд арматур төмөр авахаар болсон, танайх арматур төмөр авах юм бол бартераар арматур төмөр өгч болно” гэж анх яриа үүсгэж эхэлсэн. Удалгүй Т.М-э дүү Т.С-о гэх эмэгтэйг дагуулж ирээд “манай дүү гэрээ хэлэлцээр хийдэг” гээд гэрээг бичгээр байгуулсан. Гэрээнд нийтдээ 2000 арматур төмрийг 1 тонныг 1.500.000-1.700.000 төгрөгөөр авахаар үнийн дүнд хоёр хаус, байшин, машин тэрэг оролцуулж өгөхөөр байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд тэд арматур төмөр оруулж ирж өгөөгүй хугацаа нь дууссан. Удалгүй Т.С-о нь “аав БНХАУ-аас ирсэн, аавтай уулзах уу” гээд аав нь ирж уулзсан. О.Т- мөн адил “уул уурхайн бизнес хийдэг, БНХАУ-аас арматур төмөр авахаар болсон, арматур төмрийг бартераар худалдаж болно” гэж яриа хийсэн. О.Т- “1 тонн арматур төмрийг мөн адил 1.500.000-1.700.000 төгрөгөөр оруулж ирнэ” гэсэн. Тэгээд амаар харилцан тохиролцож “нийт 3.000.000.000 төгрөгөөр 2000 тонн арматур төмрийг Монгол Улсад авчирч өгнө”, төмрийн оронд хоёр ширхэг хаус байшин, Porsche машин зэрэг байр, машин өгөхөөр тохиролцсон. О.Т- нь “та нар арматур төмрийг Хятадаас Монгол улсад авчрах замын зардлыг өөрсдөө төлөөрэй” гэж хэлсэн. О.Т-ийн үгэнд итгээд би “дүү Н.Т-ыг та нартай хамт явуулна. Хятадад очоод арматур төмрийг хүлээж авсны дараа байр машиныг та нарт шилжүүлнэ” гэж ярьж тохирсон. Тэгээд О.Т-тэй хамт манай дүү Н.Т- БНХАУ-руу явсан. БНХАУ-ын Эрээн хотод очоод цааш Бугат хот руу явсан байсан. Бугат хотод очоод О.Т- нь “3.000 тонн арматур ачуулахаар болсон. 1.000 тонн арматурыг Бугат хотоос Эрээн хот руу ачуулах замын тээврийн зардалд 50.000.000 төгрөг байна. Та 3.000 тонн арматур төмрийн үнэ өртөгт 150.000.000 төгрөг шилжүүл” гээд Х- гэх Хятад хүний данс өгөхөөр нь уг дансанд 150.000.000 төгрөг шилжүүлсэн. О.Т- нь Бугат хотод байхдаа надад “одоо 2.000 тонн арматур төмрийг Эрээн хот руу ачууллаа, та тээврийн зардлаа шилжүүл” гэхээр нь итгээд 150.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэвч 2.000 тонн арматур төмөр Эрээн хот руу ачуулаагүй, Н.Т-ыг Эрээн хотод ирсний дараа О.Т- нь нэг хүний арматур төмрийг үзүүлсэн юм байна. Эрээнд ирсний дараа О.Т- нь Н.Т-ыг “хүлээж байгаарай, Бугат руу явчихаад ирье” гэж хэлээд өөрөө ор сураггүй явсан байсан. О.Т- нь Х- гэх Хятад хүнээс 150.000.000 төгрөгийг бүгдийг нь гаргуулан авсан байсан. ...Н.Т- нь О.Т-ийн үзүүлсэн арматур төмрийг авах гэсэн чинь “энэ Т-ийн төмөр биш, мөнгөө төлөөд авч болно” гэсэн байсан. ...2019 оны 8 дугаар сард О.Т-тэй уулзаж мөнгөө асуухад “та нарын мөнгийг аваад арматур төмрийг оруулж ирж чадсангүй, нэгэнт оруулж ирж чадаагүй тул мөнгийг чинь өгнө” гэж ярьж байсан. Энэ үед О.Т- нь бид нарын мөнгийг Бугатын төмөр зардаг Хятад хүнд өгсөн талаар огт юм яриагүй. 2019 оны 11 дүгээр сард би Н.Т-ын хамт Эрээн хотод очиж мөнгө авсан гэх Х- гэх хүнийг Хятадын цагдаад өгөөд шалгуулахад тэр хүн “таны миний дансанд шилжүүлсэн 150.000.000 төгрөгийг бүгдийг нь О.Т- гаргуулж авсан. Надад ямар ч хамаагүй” гэж хэлсэн. Х- гэх хятад Вичат интернэтээр О.Т-тэй ярьсан чинь О.Т- нь “наадах хүмүүс чинь хамаагүй, мөнгийг чинь би авсан юм аа” гэж хэлсэн. Тэгээд бид Монголд ирээд О.Т-тэй уулзах гэхээр зугтаагаад алга болсон. ...” /2х 32-33/,

гэрч Н.Т-ын “ ...анх Т.М-э гэх залуу “манайх уул уурхайн бизнес хийдэг бөгөөд Хятад Улс руу уул уурхайн бүтээгдэхүүн гаргасны төлбөрт арматур төмөр авах гэж байгаа тул 100 хувь бартерын нөхцөлтэй төмөр авах уу” гэж надад хэлсэн. Би дээрх асуудлын талаар захирал Л.Б-д хэлснээр Т.М-этэй захирал Л.Б- бид хоёр уулзсан. Тухайн үед Л.Б- захирал бид хоёр “тээврийн зардал төлөхөд татгалзах зүйл байхгүй, харин Хятад улсаас авчрах арматур төмрийн бартерын төлбөрт хаус, машин өгнө” гэж хэлсэн саналыг Т.М-э зөвшөөрснөөр эхний байдлаар бид гурав тохиролцсон. Дээрх уулзалт болоод удаагүй байхад Т.М-э нь төрсөн дүү Т.С-отой хамт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр арматур төмөр бартераар “****” ХХК-д худалдахаар гэрээ хийхэд манай компанийн зүгээс 1.000 тонн арматур төмөр авахаар тохиролцсон. Тухайн үед Т.С-о “манай гэр бүлийн бизнес миний нэр дээр байдаг бөгөөд Хятад улсаас арматур төмөр оруулж ирэх тээврийн зардлыг манай компаниас гаргах боломжгүй. Учир нь, Хятадын Бугат хотоос Эрээн хот хүртэл 3000 тонн арматур төмрийн тээврийн зардал төлбөрийг хий” гэх шаардлага тавьсан. Харин “танай компани одоо авах гэж байгаа 1000 тонн арматур төмрийг Бугат хотоос Эрээн хотод авчрах тээврийн зардлыг төлөх боломжтой юу, үгүй бол бартерт санал болгож байгаа автомашины захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгөх боломжтой юу” гэж асууж байсан. Тухайн үед манай компанийн зүгээс “боломжгүй”, учир нь Бугат хотоос Эрээн хотод 1.000 тонн арматур төмөр авчирсан тохиолдолд бартерт санал болгосон амины орон сууц болон таван төрлийн тээврийн хэрэгслийн захиран зарцуулах гэрчилгээг танай талд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй гэх хариу өгснөөр манай компани 1.000 тонн арматур төмөр бартераар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм. Арматур төмөр авах гэрээг Т.С-отой хийсэн цагаас хойш 1 сарын дараа 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Т.М-э, Т.С-о, О.Т- нар манай компанийн барилга дээр ирээд “Т.С-ын хийсэн гэрээний хугацаа дуусаж байгаа тул би гэрээг шинэчилж дахин гэрээ хиймээр байна” гээд О.Т- нь манай захирал Л.Б-тай гэрээ хийсэн. Тухайн үед О.Т- нь “Бугат хотоос Эрээн хот хүртэлх 3.000 тонн арматур төмрийн тээврийн зардал төлөх боломжгүй, танай компани тээврийн зардлыг төлөх боломж байна уу” гэх хүсэлтийг Л.Б- захирал зөвшөөрч Хятад Улс руу 2019 оны 7 дугаар сарын 06-ны орой явахад О.Т-ийн охин Т.С-о бид хоёртой хамт явсан. ...2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр О.Т- бид хоёр Бугат хотод очиж хоноод 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ойролцоох төмрийн үйлдвэрт очоод О.Т- том хашаа дүүрэн арматур төмөр хураасныг харуулаад “энэ төмрөөс авч Эрээн хот руу ачуулна” гэж хэлсэн тул захирал Л.Б-тай Вичатаар холбогдож тус хашаанд байгаа арматур төмрийг харуулж зураг, бичлэг хийж явуулсан. О.Т- нь тус хашаанаас гараад ойролцоох оффис руу намайг дагуулж ороод “энэ тээвэр зуучлалын компани, арматур төмөр эндээс Эрээн хот руу тээвэрлэх зардлыг төлсөн тохиолдолд ачаад гарахад арматур төмөр бэлэн байна” гэж хэлсэн тул би Л.Б- захирал руу дахин залгаад “мөнгөө шилжүүл” гэж хэлснээр монгол мөнгөөр 150.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Бид Бугат хотод 3-4 хоног болсон. О.Т- нь “эхний ээлжинд 500 тонн арматур төмөр гаргасан байна, хоёулаа очъё” гэхээр нь би О.Т-ийг дагаад дээрх арматур төмөр хураасан том хашаанд очиход нийт 11 тонн ачааны автомашин арматур төмөр ачаад зогссон байхыг надад харуулаад “эхний ээлжид Эрээн хот руу явах арматур төмөр энэ байна” гэсэн. Манай захиалсан арматур төмрийн хэмжээ размер тохирч байсан. Би тухайн үед “төмрийг дагаж явах уу эсхүл би нэг автомашинд нь суугаад арматур төмөртэй хамт явчих уу” гэж хэлэхэд О.Т- нь “ачаа ачсан том машин урдуураа өөр замаар тойрч явдаг. Харин хоёулаа хурдны замаараа Хөх хот руу буцаж явна” гэж хэлснээр бид хоёр жижиг машинаар Хөх хот руу явж Т.С-ыг аваад Эрээнд очиж, арматур төмөр ирэхийг нь хүлээж зочид буудалд 5 хоносон. Гэтэл захиалсан гэх арматур төмөр ирээгүй тул О.Т-өөс яагаад ирэхгүй байгаа талаар асуухад “ирнэ хүлээж байгаа” гэж хэлдэг байсан. ...“Бугат хотоос ачуулсан арматур төмөр ирсэн, хашаанд бууж байна” гэж хэлсэн тул би төмөр бууж байгаа хашаанд очиж үзэхэд хамгийн сүүлийн ачааны автомашин төмрөө буулгаад хашаанаас гарч байхыг нь харахад Бугатаас арматур төмөр ачаад явсан машины дугаар мөн байсан тул би О.Т-өд эргэлзэхээ байсан. Энэ өдрөөс хойш 4-5 хоног өнгөрөхөд дахин Бугатаас арматур төмөр ирэхгүй байсан. ... Би маргааш өглөө нь О.Т-ийн өрөөнд очиход хаалга нь цоожтой байхаар нь тус буудлын ажилчнаас О.Т-, Т.С-о нарыг асуухад буудлын ажилчин хэлэхдээ “танай хоёр хүн буудалд байсан тооцоогоо бүгдийг нь хийгээд гадаад паспортоо аваад явсан” гэж хэлсэн. О.Т-ийн Хятад улсад барьдаг гар утас руу нь залгахад “чи наанаа байж бай, С-о бид хоёр Хөх хот орж байна. Арматур төмөр Эрээн хот руу явуулах талаар хүнтэй уулзъя” гэж хэлсэн. Би О.Т-ийг хүлээж дахин 4-5 хоног Эрээний зочид буудалд байсан. Гэтэл Монголоос Л.Б- захирал надтай холбогдоод “чи хаана байгаа юм бэ, О.Т-, Т.С-о хоёр Монголд явж байна” гэж хэлсэн тул би О.Т-, Т.С-о нарт залилуулснаа мэдсэн. ...” /3хх 29-30/,

Т.М-ийн яллагдагчаар өгсөн “...урьд өмнө би болон манай аав Т- Хятад улсаас арматур Монгол улсад оруулж байгаагүй. Арматур төмөртэй холбоотой наймаа огт хийж байгаагүй. ...Манай аав Т- нь Хятад улсаас их хэмжээний арматур төмөр зээлээр авах гэж байсан. ...Тухайн үед Т- надад хэлэхдээ “500-1.000 тонн арматур төмөр авах хүсэлтэй гэж хэлж байсныг би аав Т-өд хэлсэн бөгөөд аав Т- наад хүмүүстэйгээ наймаа хийж болно, харин бартерыг нь сайн судлаадах гэж хэлсэн тул би Т-ын надад өгсөн автомашины жагсаалтыг судлаж үзсэн. ...” /2хх 222-223/,

Т.С-ын яллагдагчаар өгсөн “...манай аав Т- 2019 онд Хятад улс руу явсан бөгөөд тус газраас манай ах М-этэй утсаар холбогдож “би Хятад улсаас зээлээр арматур төмөр авах боломжтой болсон” гэдгийг сонссон бөгөөд хэсэг хугацааны дараа “****” ХХК дээр очоод гэрээ хий гэж манай ах М-э хэлсэн. Би тус компани дээр очиж гэрээ хийхэд арматур төмөр 100 хувь бартер хийж авна гэж хэлсний дагуу гэрээ хийх арматур төмөр нийлүүлсний дараа машин, орон сууц өгнө гэж хэлсэн. ...2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн ажилтан Т-тай хамт явахад нь би хамт Хятад улс руу явсан бөгөөд би Эрээнд амарч үлдээд аав Т-, Т- хоёр арматур төмөр авахаар цааш явсан. ...Аав надад хэлэхдээ “Улаанбаатар хотод амжуулах ажил байна, хоёулаа Монгол явчихаад ирье” гэж хэлэхэд би аав Т-ийг дагаж Монгол руу ирсэн. ...Манай аав О.Т-, ах Т.М-э нар урьд Хятад улсаас арматур төмөр оруулж ирж байсан эсэх талаар би огт мэдэхгүй. ...Т.М-э ах Хятад улс, Монгол улс хоёрын хооронд наймаа арилжаа хийж байгаагүй. ...Намайг “****” ХХК-д очоод арматур төмөр нийлүүлэх гэрээ хийгээд ир гэж хэлсний дагуу би тус компани дээр очиж гэрээ хийсэн. ...” /2хх 232-233/,

О.Т-ийн яллагдагчаар өгсөн “...би “****” ХХК-ийн захирал Б-тай утсаар холбогдож учир байдлаа хэлээд 150.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхэд МөнхБ- би зохицуулъя гэж өөрийнхөө танил Хятад хүний данс руу 150.000.000 төгрөг шилжүүлж өгснийг би танил Өвөрмонгол Х- гэх хүний банкны дансанд тус 150.000.000 төгрөгийг юань руу шилжүүлэхэд 370.000 гаруй юань болсон. Би эхний ээлжинд арматур төмөр авах барьцаа мөнгө болох 300.000 юанийг Э-ийн данс руу шилжүүлж өгөөд үлдэгдэл 70.000 гаруй юанийг нь бэлнээр гарган аваад Бугат хотоос Эрээн хот хүртэлх 500 тонн арматур төмөр тээвэрлэх зардалд өгөхөөр жолооч нарт хувааж өгсөн. ...Төмрийн эзэн надад хэлэхдээ чи төлбөрөө бүрэн төлөөд наад 500 тонн арматур төмөр ав гэж хэлсэн тул би тус 500 тонн арматур төмрийг Монгол улс руу ачуулах боломжгүй болсон. Миний ажил бүтэхээ больсон тул би дахин Б-гаас мөнгө нэхэж чадалгүй өөрөө үлдэгдэл 1.450.000 юанийг олж босгохын тулд Орос руу явах шаардлагатай болж шууд Монголд ирсэн. Оросоос орж ирэх мөнгө бүтэхээ больж “****” ХХК-д нийлүүлж өгөх 2000 тонн арматур төмрийг нийлүүлж чадахгүй болсон. ...Би “****” ХХК-иас 150.000.000 төгрөг авсан бөгөөд тус мөнгө нь Хятадын мөнгөн тэмдэгтээр нийт 370.000 гаруй юань болж байсан. Би 500 тонн арматур төмөр авах урьдчилгээ төлбөрт 300.000 юань өгсөн бөгөөд буцаан авч чадаагүй, мөнгө өгөхгүй, арматур төмөр ав гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. ... Би “****” ХХК-иас авсан 150.000.000 төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Надаас болж “****” ХХК 150.000.000 төгрөгөөр хохирсон тул би хохирлыг удахгүй бүрэн барагдуулах болно. ...” /2хх 242-243/ гэсэн мэдүүлгүүд,

Т.С-о, Л.Б- нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах” гэрээ /1хх 28-32/,

О.Т-, Л.Б- нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Бараа бөөнөөр худалдах, худалдан авах” гэрээ /1хх 33-37/,

О.Т-, Т.С-о нар нь Монгол Улсын Замын-Үүдийн боомтоор 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гарч, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн, Н.Т- нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гарч 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн талаарх Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /2хх 14-15/,

Л.Б-гийн Хаан банкны **** тоот данснаас **** тоот данс руу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 38.700.000 төгрөг /2хх 22/, “****” ХХК-ийн *** тоот данснаас **** тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 10 -ны өдөр 111.800.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /2хх 23/, Х-гийн дансны хуулганы хуулбар /2хх 66/, Хаан банкны **** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 174, 188/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.Т- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч О.Т- нь “Манайх гэр бүлээрээ уул уурхайн бизнес эрхэлдэг компанитай, уул уурхайн бүтээгдэхүүний оронд БНХАУ-аас арматурын төмөр авахаар болсон, танайд хэрэгтэй байгаа арматурыг нийлүүлж төлбөрийг бартераар авах боломжтой, тээврийн зардалд 150.000.000 төгрөгийг өөрсдөө урьдчилан төлөх хэрэгтэй”” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг хохирогч “****” ХХК-ийн захирал Л.Б-д амлан, 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Т-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нар “...Х-гийн Монгол Улсын цагдаагийн хэлтэст гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, ...гэрээндээ засвар оруулж өөрчилсөн, ...гэрч Н.Т- худал гэрчилж мэдүүлсэн, хохирогч Л.Б- худал мэдүүлж гүтгэсэн мэдүүлэг өгсөн, ...мөрдөн байцаагч хохирогчийн талд ажиллан хууль зөрчсөн, прокурор үүргээ биелүүлээгүй, ...эд мөрийн баримтаар тооцон хураан авсан гадаад паспорт, иргэний үнэмлэх буцааж өгөөгүй, хэрэгт байхгүй, ...шүүх хуралдааны уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, ...Х-гийн дансны хуулга орчуулаад өгсөн ч шалгаагүй, ... Л.Б- айлгаж бичиг хийлгэж авсан, ... гар утасны 1 тоог өөрчилсөн, Х-гийн гарын үсэг хуурамч, БНМАУ болон БНХАУ-ын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу БНХАУ-ын иргэн Х-, Х- нараас гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг нөхцөл байдлыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

            Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан, итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай.

            Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй.

            Харин өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр гэрээний үүргээ биелүүлээгүй байж гэрээний харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгийг буцааж өгөлгүй ашиглах нь залилах гэмт хэргийн нэг хэлбэр юм.

Шүүгдэгч О.Т- нь “Бугатаас Эрээн хот руу арматур төмөр ачуулсан, тээврийн зардлыг нь шилжүүлээрэй” гэж хохирогч “****” ХХК-ийн захирал Л.Б-гаас 150.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрнээ арматур төмрийг нь хүлээлгэж өгөөгүй үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө...”-ийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Гэрээний дагуу барааг нийлүүлэх арга хэмжээ авч байсан боловч түүнээс үл шалтгаалах хүчин зүйл, нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүйд хүрсэн буюу эрсдэлд орсныг нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэрээндээ засвар оруулж өөрчилсөн гэх асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримттай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс үзэхэд мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Гэрч Н.Т-, хохирогч Л.Б- нар худал мэдүүлэг өгсөн гэх асуудлын тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх бөгөөд мөн зүйлийн 7-д зааснаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэхээс өмнө оролцох хүнд энэ хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрхээ эдлэх боломжоор хангах үүрэг хүлээхээр, мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэмдэглэл үйлдэж түүнд оролцсон хүнд эрх, үүргийг танилцуулсан тухай бичиж тусгахаар тус тус заасан байна.

 

Хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримтын эх сурвалжийн нэг бөгөөд хэргийг бүрэн, бодитой тогтоохын тулд хохирогчийн мэдүүлэгт хэт хөтлөгдөхгүйгээр бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийх учиртай.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б-гаас  2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, Н.Т-аас 2019 оны 11 дүгээр сарын 12, 2022 оны 02 дугаар сарын 11, 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх ба тэдгээрийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгийнхөө мэдүүлгийг өөрийн мэдүүлгээрээ давхар нотолсон зэргээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Т.М-э, Т.С-о, О.Т- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон мөнгө шилүүлсэн дансны хуулга зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон байна.

 

Мөрдөн байцаагч хохирогчийн талд ажилласан, прокурор үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн гэх асуудлын тухайд, мөрдөгч, прокурор гэмт хэргийн шинжид хамаарах үйл баримтыг бодитой, үнэн зөв байдлаар тогтоохын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ яллах болон цагаатгах нөхцөл байдлыг нэгэн адил тогтоох арга хэмжээг авч, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж шалгах үүргээ биелүүлсэн байх бөгөөд хохирогчийн талд ажилласан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Д.Гангантөгс мөрдөгч, прокурорын үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч прокурор П.Бадамгарав 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 257 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргаагүй байхад дээд шатны прокуророос хэргийг хянаж шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй” гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байсан байна. /3хх 39/.

 

Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гэх асуудлын тухайд, анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

БНХАУ-ын иргэн Х-гийн дансны хуулгыг орчуулаад өгсөн боловч шалгаагүй гэх асуудлын тухайд, 2 дугаар хавтас хэргийн 66 дугаар талд Х-гийн дансны хуулганы хуулбар авагдсан байх ба уг хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй, баримтыг хаанаас, яаж гаргуулж авсан, орчуулга нь эрх бүхий байгууллагын албан ёсны орчуулга мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Л.Б- айлган сүрдүүлж бичиг хийлгэж авсан гэх асуудлын тухайд, О.Т- “...Б- 4-5 залуучуудтай ирсэн, тэдгээр залуучуудад энэ хүнийг сайн харж аваарай, чи гэрт нь очоод сууна гэж сүрдүүлсэн. Хамт явж байсан өмгөөлөгч нь мөнгө төлнө гэсэн бичиг хийж өг гээд би бичиг хийж өгсөн. ...” /2хх 60-62/ гэж мэдүүлсэн хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч нь энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болно.

Х-гийн Монгол Улсын цагдаагийн хэлтэст гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, гар утасны дугаарын нэг тоог буруу бичсэн, Х-гийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх асуудлын тухайд, 2 дугаар хавтас хэргийн 100-101 дүгээр талд авагдсан тодорхойлолтыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нотлох баримтаар тооцоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

 БНМАУ, БНХАУ-ын Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хүрээнд БНХАУ-ын хоёр иргэнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй гэх асуудлын тухайд, БНМАУ, БНХАУ-ын Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулжээ. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д “Эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн даалгаврыг бичгээр гаргана. Даалгавар” в-д даалгавар биелүүлэхэд холбогдох хүмүүсийн овог, нэр, хүйс, иргэний харьяалал, төрсөн газар, он, сар, өдөр, эрхэлдэг ажил, байнга буюу түр оршин суугаа газар, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхийн байдал, харин хуулийн этгээдийн хувьд нэр, хаяг;” байхаар тусгажээ.

Хавтас хэрэгт БНХАУ-ийн иргэн Х-, Хун Вэй гэх хүмүүсийн хувийн мэдээлэл буюу хаана амьдардаг, ямар ажил хийдэг талаар албан ёсны баримт авагдаагүй тул гэрчийн мэдүүлэг авхуулахаар БНХАУ-ын Шүүх яам, БНХАУ-ын Ардын дээд шүүхэд хүсэлт тавьж даалгавар гүйцэтгүүлэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нь хохирогчоос авсан эд хөрөнгийг цааш хэрхэн зарцуулсан нь энэ төрлийн гэмт хэргийн нотолбол зохих байдалд хамаарахгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

О.Т-ийн гадаад паспортыг хурааж аваад буцааж өгөөгүй гэх асуудлын тухайд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эд зүйл, баримт бичгийг түр хураан авах тухай” тогтоолоор Ойровын Т-ийн Е2462734 дугаартай гадаад паспортыг түр хураан авсан талаарх баримт 2 дугаар хавтас хэргийн 106 дугаар талд авагдсан ба харин тухайн баримт бичгийг буцаан өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх Т.М-э, Т.С-о нарын үйлдлийг залилах гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулж оролцсон гэж логикийн хувьд зөрчилтэй дүгнэлт хийж “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, баримт бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо яллах талын нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн дүгнэлт тодорхойгүй болсон байна.

Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй байдал нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч бүрийг  цагаатгах үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуульд “гэмт хэрэгт хамтран оролцох” гэж хоёр ба түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн хүч чармайлтаар нэгдсэн нэгдмэл санаа зорилго тавьсан эсэхийг чухалчилдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Т.Мөнх-Эрднэнэ нь “...манайх гэр бүлээрээ уул уурхайн бизнес эрхэлдэг компанитай, уул уурхайн бүтээгдэхүүний оронд БНХАУ-аас арматурын төмөр авахаар болсон, танайд хэрэгтэй байгаа арматурыг нийлүүлж төлбөрийг бартераар авах боломжтой” гэж эхэлж уулзан дүү Т.С-ыг дагуулан ирж гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...урьд өмнө би болон манай аав Т- Хятад улсаас арматур Монгол улсад оруулж байгаагүй. Арматур төмөртэй холбоотой наймаа огт хийж байгаагүй. ...”, Т.С-ын “...манай аав О.Т-, ах Т.М-э нар урьд Хятад улсаас арматур төмөр оруулж ирж байсан эсэх талаар би огт мэдэхгүй. ...Т.М-э ах Хятад улс, Монгол улс хоёрын хооронд наймаа арилжаа хийж байгаагүй. ...Намайг “****” ХХК-д очоод арматур төмөр нийлүүлэх гэрээ хийгээд ир гэж хэлсний дагуу би тус компани дээр очиж гэрээ хийсэн. ...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд залилах гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байхад “бичгээр гэрээ байгуулсан боловч уг гэрээний үр дагавар буюу хохирогчид эд хөрөнгийн бодит хохирол учраагүй, ...Т.М-э, Т.С-о нарын хохирогчид худал хэлж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүхийн гаргах шийдвэрийн талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт буюу “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэснийг Улсын Их Хурлаас баталсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгосон ба энэ хууль мөн оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Давж заалдах шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа БНХАУ-ын иргэн Хун Вэй-н нотариатаар баталгаажуулсан “...Монгол Улсын иргэн Ойровын Т- /РД:ХЙ59022816/ нь надаар дамжуулан Хятад улсаас арматур худалдаж авдаг. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр арматур худалдаж авах урьдчилгаа төлбөр болох 300.000 юанийг миний данс руу шилжүүлсэн. ...” гэсэн агуулга бүхий 8 хуудас мэдэгдлийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасныг үндэслэн нотлох баримтаар үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.Т-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН