Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Х.Еркебулан,  

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ариунболдын Бодьбилгүүнд холбогдох эрүүгийн 1709021920364 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн харъяа Цэргийн нэгдсэн сургуулийн ерөнхий командын танхимын 2-р курсын оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 125-19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ариунболдын Б /РД:ХШ 98112958/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн 65 дугаар гудамжны 338/А тоотод байрлах байшинд хохирогч Б.Батхуягтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу манай эгч Э.Солонгын гэрт архи уулаа гэж маргалдан улмаар түүний толгой тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун чих, зулай, дагзны хуйх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709021920364 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 11 сарын 19-ний өдөр гэртээ унтаж байтал манай эмээ /эмээтэйгээ хамт амьдардаг/ надад "2-лаа Солонго эгчийнх руу нь хамт явчихаад ирье цаадах чинь хэд хоног холбоогүй, чимээгүй болчихлоо" гэсэн. Манай Солонго эгч хааяа архи уучихдаг юм л даа тэгээд эмээгийн санаа зовоод надад тэгж хэлсэн. Тэгээд бид хоёр 12:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн 65-338 а тоотод Солонго эгчийнд очсон. Бид хоёрын хашааных нь үүдэнд зогсож байтал хашаан дотроос үл таних эрэгтэй хүн "хэн бэ яах гэж яваа юм" гэсэн, тэгтэл манай эмээ "Солонго байна уу" гэтэл хашааны хаалгыг онгойлгосон. Тэгээд хашаа руу нь ороод цаашаа гэр рүү нь орох замд тэр үл таних эрэгтэй хүн эмээгийн араас "яах гэж ирээд байдаг юм бэ, ямар ядаргаатай юм бэ" гэх мэтээр үглээд байсан. Би тэр үед нь чимээгүй л байсан. Гэрт нь орж ирэхэд тэр үл таних эрэгтэй хүний эхнэр гэх нэг танихгүй эмэгтэй, тэгээд бас манай эгчийн хамтран амьдардаг Базараа гэдэг ах байсан. Эмээ тухайн үед уурлаад "та нар одоо явцгаа" гэсэн. Тэгтэл тэр үл таних ахын эхнэр нь эмээд "за ёстой уучлаарай эгчээ" гэж хэлээд нөхөртөө "алив хурдан явъя" гээд байсан. Тэгтэл тэр үл таних эрэгтэй хэгжүүрхээд байсан. Тэгэхээр нь би "алив хурдан яв" гэсэн чинь надад "чамайг зодчих тэнхэл байна шүү" гэсэн. Тэр үед нь би бас өөдөөс нь юм яриагүй. Тэгээд тэр үл таних эрэгтэй гутлаа өмсөж байх зуураа аймар албатай юм шиг байгаад байсан ба эмээгийн өөдөөс хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би уурлаад тэр үл таних ахыг гутлаа өмсөж сууж байхад нь түлхсэн. Намайг тэр залууг түлхтэл тэр залуу нүүрээрээ газар уначихсан тэгээд босоод ирэхэд нь хамар амнаас нь цус гарчихсан байсан. Бид цусыг нь угааж арчаад гэрээс гаргасан. Тэгтэл тэр залуу бас уурлаад надад салаавч өгөөд "танай гэр орныг чинь шатаана шүү" гэх мэтээр заналхийлээд явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Солонго гэдэг найзындаа эхнэр Жавзандуламын хамт 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 12.00 цагийн үед очсон. Би бие засах гэж гарахад Солонгоогийн ээж нь дүүтэй нь цуг хамт хашааны хаалгаар орж ирж байсан. Бие засчихаад Солонгоогийн гэр рүү ороход Солонго ээжтэйгээ хэрэлдээд байсан. Би баруун талын орон дээр суугаад гутлаа өмсөх гээд байж байтал Солонгын дүү нь миний цамцнаас татаад намайг ор руу арагшаа гэдийж унах үед миний дээрээс мордож суугаад миний ам, чих рүү нэлээн олон удаа гараараа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Жавзандулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Дүү нь гэрт орж ирээд Солонгоог “яасан олон хоног архи уудаг юм бэ” гээд загнахад ээж нь хажуугаас нь бид хоёрыг “энэ нэг архичингууд чинь юу юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл “манай нөхөр олон хоног ирээгүй шдээ манай эхнэр дөнгөж сая ирлээ” гэхэд дүү Билгүүн нь манай нөхрийг “чи яасан том дуутай пизда вэ” гээд “нөхрөө аваад зайл” гэсэн. Манай нөхөр хувцсаа өмсөөд баруун талын орон дээр сууж байтал нөгөө Билгүүн гэгч нь орон дээр дараад дээр нь гарч байгаад нүүр рүү нь нэлээн хэдэн удаа цохиод авсан. Би нөгөө залууг хойноос нь цамцнаас нь татаад салгах гэж үзээд дийлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

            Гэрч Э.Солонго мөрдөн байцаалтанд мээдүүлэхдээ: "...Би Батхуяг, Жавзандулам, манай найз залуу базарваань нар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 19-нийг хүртэл манай гэрт архи ууж хоносон. Батхуяг жорлон орох гэж гараад манай ээж гэдгийг мэдээгүй элдвээр хэлсэн байна лээ. Манай ээж дүү хоёр гэр рүү орж ирээд “та нар энэ гэрийг архичны оромж гэж бодоо юу заваарсан юмнууд” гэх мэтээр загнасан. Тэгэхэд Батхуяг уурлаж ээж рүү салаавч гаргасан. Тэгээд манай дүүг элдвээр хэлээд дүү Билгүүн рүү салаавч гаргасан. Батхуяг орон дээр суучихаад гутлаа өмсөж чадахгүй тонгойгоод байж байхад манай дүү Билгүүн уурандаа Батхуягийг түлхсэн. Тэгэхэд Батхуяг нүүрээрээ газар хивсэн дээр унасан. Тэгээд л эхнэр нь гутлыг нь үдэж өгөөд хамт гараад явчихсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

   Гэрч Ц.Лхамноржин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Манай зээ Бодьбилгүүн тэр залууг түлхэх шиг л болсон. Нэг мэдэхэд тэр залуугийн хамарнаас нь юм уу сайн мэдэхгүй байна цус гараад эхэлсэн...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹14522 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Батхуягийн биед баруун чих, зулай, дагзны хуйх, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 1 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.  
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/,  

 

Гэрч А.Базарваанийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, А.Бий урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн 65 дугаар гудамжны 338/А тоотод байрлах байшинд “эгч Э.Солонгын гэрт архидан согтуурлаа, энэ үйлдлээ боль” гэж шаардлага тавихад хохирогч Б.Батхуяг өөдөөс нь сөргөлдөн зүй бус харьцсанд маргалдан улмаар толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Бий шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батхуягийн мэдүүлэг, гэрч Б.Жавзандулам, Э.Солонго, Ц.Лхамноржин нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн  шинжээчийн №14522 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Тодруулбал шүүгдэгч нь хохирогч Б.Батхуягыг зодож, цохисноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Бд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Батхуягаас бичгээр гаргасан хүсэлтэд “эмчилгээний төлбөр болох 100.000 төгрөгийг авсан. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 52/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Ариунболдын Бодьбилгүүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДУЛАМСҮРЭН