Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02059

 

 

 

 

 

 

 

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01809 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ын хариуцагч Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 430 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г-ын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ө,

Хариуцагч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Г-ын хүсэлтээр түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 45 000 000 төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлүүлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан бөгөөд тэрээр үүнээс хойш зээлсэн мөнгө төлөхгүй өдий хүрсэн болно. Хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад гар утсаа салгаж, ажил дээрээ очихгүй, оршин суугчаа байраа бусдад түрээслээд сураг чимээ байхгүй алга болоод өнөөг хүрсэн. Ингээд хариуцагчийг эрэн сурвалжлуулж байж, оршин суугаа хаягийг олж тогтоосон. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор тохирсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн гэрээний алданги тооцоход нийт 45 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд 0.2 хувийн алданги нэг хоногт 90 000 төгрөг бөгөөд нийт хугацаа хэтэрсэн хоног 227 хоногийг 90 000 төгрөгөөр тооцоход 20 430 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Гоос үндсэн зээл 45 000 000 төгрөг, алданги 20 430 000 төгрөг, нийт 65 430 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд дурдсан 2016 оны эхээр 40 гаруй сая төгрөг өгсөн гээд байгаа асуудлын тухайд Г нь мөнгө зээлье гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 5006944265 тоот дансаар 50 000 000 төгрөг, мөн оныхоо 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх дансанд 7 850 000 төгрөг, нийт 57 850 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Мөн Г-ын зүгээс миний Тоёота алпард маркийн 33-82 УБК улсын дугаартай автомашиныг 13 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч эхнэрийнхээ дүү Г.Булгантамирт итгэмжпэл хийлгэн өгсөн. Г надад 70 850 000 төгрөгийг өгөх тооцоо бидний дунд байсан. Ингээд Г бид хоёр тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Г-ын зүгээс 80 сая төгрөгийг миний данс руу хийсэн. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Г надтай холбогдож 45 000 000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, богино хугацаанд түр зээлээч гэсний дагуу урьдын адил итгээд түүнд хүүгүйгээр зээлсэн. Тэр үед Г нь өөрөө манай компани байнга үйлчлүүлдэг гээд 1 дүгээр хороололд байдаг нотариатч дээр очсон. Тэнд гэрээ хийгээд миний зүгээс мөнгөө өгөөд салцгаасан. Гэтэл нэхэмжлэлдээ намайг гэрээг бэлдээд очсон өөрийн таньдаг нотариатч дээр дагуулж очсон гэж худлаа зүйл бичээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Тэр нотариатчийг би танихгүй. Г өөрөө намайг дагуулж очсон. Г-ын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлүүд нь бүгд худал, зохиомол зүйл байгаа ба олон жил нөхөрлөсөн хүн ийм зүйл бичиж шүүхэд хандаж байгаа нь үнэхээр жудаггүй, хүний мөсгүй асуудал юм. Г бид хоёрын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь өөрийн санал болгосон нотариатаар гэрчлүүлсэн хууль ёсны баримт юм. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зохигчдын хувьд олон жил найз нөхдийн холбоотой байж, бие биендээ мөнгө төгрөгөөр туслалцаж байсан. 80 000 000 төгрөгөөр байр авахаар боллоо гэхээр нь 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Г дүү нар хүү тооцож ав гээд байна гэхээр нь чадахгүй гэсэн. Удалгүй дахиад эгч, дүү нартаа өгч хэрүүлийг зогсоох гэсэн юм гээд зээлийн гэрээний төсөл барьж ирсэн. Энэ гэрээг ах, дүү нартай үзүүлэх гэсэн юм гэж тайлбарлаад байхаар нь зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Гэтэл энэ гэрээг үндэслэж, зээлийн төлбөр болон алдангид 65 430 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Г нь Бтай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулах гэрээнд гарын үсэг зурсан боловч ямар ч мөнгө бэлнээр болон дансаар хүлээн аваагүй тул уг гэрээ хэрэгжээгүй. Иймд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б 2016 онд 40 гаруй сая төгрөг байна, та өсгөөд 2 өрөө байр болгоод өгөөч гээд үлдээсэн. Би энэ мөнгийг үрчих гээд байна, танайх барилга барьж байгаа юм чинь, чи энэ талаар надад туслаач гээд уг мөнгийг надад өгсөн. Б жил гаруйн дараа над дээр ирээд “гадаадаас дүү ирсэн, нөгөө байр хэрэгтэй болж байна гэсэн. Тухайн үед манайд бэлэн байр байхгүй байсан тул гадуур байр хайж 2-3 байрыг санал болгоход татгалзсан учир би та нар байраа өөрсдөө ол, мөнгийг би шийдье гэсэн. Нилээд хугацааны дараа 80 сая төгрөгийн байр авах боллоо гэхээр нь арай өндөр үнэтэй байна гэхэд Болдбаатар хэл амнаас салмаар байна, аваад өгчих л дөө гээд гуйгаад байхаар нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Б-ынХаан банкны данс руу 80 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Ингээд Б-ынөсгөөд өгөөч гэсэн 40 000 000 гаруй төгрөгийг би 80 000 000 төгрөг болгож өгснөөр бидний хоорондын мөнгөний асуудал шийдвэрлэгдсэн. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б одоогийн нэхээд байгаа зээлийн гэрээний төслийг над дээр барьж ирээд эгч дүү нартай үүнийг үзүүлж хэрүүлийг зогсоох гэсэн юм. Миний элгэн дээр хавдар үүссэн, эмчилгээнд ормоор байна. Гэвч эд нар гэрт ирээд мөнгө нэмж авна гээд хэрүүл хийгээд үнэхээр хэцүү байна, би Хятадуудтай махны бизнес хийхээр болсон, 2 сарын дараа урагшаа мах гаргаад мөнгөтэй болоод эд нарын нэхээд байгаа мөнгийг би өөрөө шийдэх болно, чи надад итгээд энэ гэрээн дээр гарын үсэг зурчих, надад таньдаг нотариатч байгаа гээд гуйгаад байхаар нь олон жил найз нөхдийн сайхан харилцаатай байсан, мөн өвчтэй байхад нь тусалъя гээд түүнд итгээд уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Б нөгөө огт мөнгө төгрөг өгч авалцаагүй эгч дүү нартай үзүүлнэ гэж намайг хуурч мэхлэн хийсэн хэлцлийг үндэслэн шүүхээр далайлган надаас их хэмжээний мөнгийг нэхэмжлэх болсон. Иймд Б бидний хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гоос 65 430 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бт олгож, хариуцагч Г-ын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гоос улсын тэмдэгтийн хураамжид 485 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б-ын дүүгийнх нь орон сууц авах зориулалттай гэсэн 40 гаруй сая төгрөгийг би авч 80 000 000 төгрөг болгон 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. Дээрхи 80 000 000 төгрөгийг буцаан өгсний маргааш өдрөөс эхэлж Б өдөр бүр ирээд “манай эгч дүү нар 80 000 000 төгрөг дээр нэмж хүү авна гээд хэрүүл маргаан хийгээд байна” миний элгэн дээр хавдар үүссэн эмчилгээнд ормоор байна, гэвч эгч дүү нар гэрт ирээд хэрүүл хийгээд үнэхээр хэцүү байна, энэ хэрүүлийг зогсоох гэсэн юм гээд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний төслийг барьж ирсэн. Би Быг намайг хуурч мэхэлнэ, дараа нь надаас мөнгө нэхнэ гэж тооцоолсныг мэдээгүй учир олон жилийн андын нөхөрлөл, хүнд өвчин туссан үед нь хэл амнаас салгая гэсэндээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн мөнгө аваагүй буюу хэрэгжээгүй гэрээнд гарын үсэг зурсан. Б т 80 000 000 төгрөгийг өгсний дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр надад 39 994 700 төгрөг байсан нь хүү М-ийн Голомт банкны дансны хуулгаар нотлогддог. Тухайн үед би элэг солиулах хагалгаа хийлгэсний улмаас хэвтрийн дэглэм сахиж байсан учир өөрийн биеэр банканд очих боломжгүй тул хүүгийнхээ дансыг ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл Бтай зээлийн гэрээ байгуулах үед миний захиран зарцуулах эрхтэй 39 гаруй сая төгрөг байхад бусдаас алдангитай мөнгө зээлэх ! шаардлага надад байгаагүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Б-ынХаан банк дахь 5003605372 тоот дансны дэлгэрэнгүй хуулбарыг /2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2017 оныг дуусталх хугацаагаар/ шүүхийн журмаар Хаан банкнаас гаргуулсан ба зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 45 000 000 төгрөг надад өгсөн гэх 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр түүний харилцах дансанд 994 045 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. Тодруулбал, Б, надад зээлдүүлсэн гэх 45 000 000 төгрөгийн эх үүсвэрээ нотлох баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний арын нүүрэнд 45 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэгдэж талууд гарын үсэг зурсан бөгөөд уг хэсгийг нотариат тамга дарж баталгаажуулсан байх тул зээлдүүлэгч нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ гээд зөвхөн “нотариат тамга дарж баталгаажуулсан”-д хөтлөгдөж хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үзэхгүйгээр дүгнэлтийг хийсэн нь буруу болсон. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлж өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон нотлох баримтуудыг тухайлбал: М-ийн болон Б нарын банкны харилцах дансны хуулбар зэргийг шүүхэд гарган өгсөн боловч шүүх эдгээр нотлох баримтыг огт үнэлээгүй бусад нотлох баримттай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бүрэн дүүрэн шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх 80 000 000 төгрөгийн төлбөр нь энэхүү маргаанд хамааралгүй гэсэн атлаа 80 000 000 төгрөгийн эх сурвалжийн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: дээрх 80 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Саараа нэртэй хүнээс 2 хувааж буюу 25 000 000 төгрөгөөр Б-ын Хаан банкны 5003605372 тоот дансанд шилжүүлсэн байдаг. Уг нотлох баримт “дүүгийнхээ орон сууц авах мөнгийг өсгүүлэхээр өгсөн” гэсэн хариуцагч миний тайлбарыг давхар нотолж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б нь Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 65 430 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийн 5 дугаар талд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн бичгийн зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Б нь зээлдэгч Г-д  45 000 000 төгрөгийг, хүүгүйгээр, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сар 24 хоногийн хугацаатай зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Дээрх зээлийн гэрээний 2.5-т зээл олгосон хугацаа гэсэн хэсэгт “2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр өгнө” гэж бичиж, зээлдэгч Г нь “45 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” гэж зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэнээс үзвэл зээлдүүлэгч Б нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Г-ын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв. Хариуцагч Г нь “Баас зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг шилжүүлж аваагүй, 2015 оны 10 дугаар сард дүүгийнхээ 40 000 000 төгрөгийг өгснийг, түүний дансанд би 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 80 000 000 төгрөг болгож  шилжүүлсэн, гэтэл эгч дүү нарынхаа хүү авна гэх хэрүүлийг зогсоох гэсэн юм зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь гарын үсэг зурсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч Г нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн буруутай байна. Иймээс нэхэмжлэгч Б нь гэрээний 2.7-д “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохиролцсон тул хариуцагч Гоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Гоос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 45 000 000 төгрөг, алдангид 20 430 000 төгрөг нийт 65 430 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн 109 дүгээр тал дах “Х”ХХК дахь Б-ынэзэмшлийн дансны хуулга, хэргийн 119 дүгээр тал дах “Голомт банк”-ны М-ийн эзэмшлийн дансны хуулга, хэргийн 138 дугаар тал дах Б, Г нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ болон талуудын тайлбараар зохигчдын хооронд өмнө нь зээлийн гэрээний харилцаа үүсэж байсан гэх үйл баримтыг нотлохоос бус хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу мөнгө бэлнээр аваагүй гэдгийг нотлох баримт болж чадахгүй байна.

 

Хариуцагчийн “нэхэмжлэгчид 80 000 000 төгрөгийг шилжүүлсний дараа хүү М-ийн Голомт банкны дансанд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 39 994 700 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул бусдаас алдангитай мөнгө зээлэх шаардлага байгаагүй” гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн данс 39 994 700 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь тухайн өдөр мөнгө зээлээгүй гэх байдлыг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч, түүний хүүхдийн дансанд мөнгө байсан нь бусдаас мөнгө зээлээгүй байхыг шууд үгүйсгэх нотлох баримт болохгүй бөгөөд хариуцагчид тухайн үед хэдэн төгрөгийн хэрэгцээ шаардлага үүссэн байсныг тогтоох боломжгүй.

 

Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийг зээлдүүлсэн 45 000 000 төгрөгийн эх үүсвэрээ нотлоогүй байхад шүүх зээлийн гэрээний ар талд 45 000 000 төгрөг бэлнээр хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэгдэж талууд гарын үсэг зурж, нотариат тамга дарж баталгаажуулсанд хөтлөгдөж бусад баримттай харьцуулалгүйгээр шийдвэрлэсэн буруу гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 45 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотариатаар гэрчилсэн гэрээгээр нотолсныг хариуцагч няцаагаагүй нөхцөлд уг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нэхэмжлэгч нотлох шаардлагагүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр 45 000 000 төгрөг хүлээлгэн өгснийг нотариатаар гэрчилсэн үйлдэл нь хуурамч буюу хуурч мэхлэсэн гэх байдал дээрх хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй нөхцөл байдлаас үзвэл гэрээ хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01809 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 868 100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХТӨР                                                                                        

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ