| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05864/И |
| Дугаар | 182/ШШ2024/05360 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/05360
2024 12 13 182/ШШ2024/05360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.М-н хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Бусдын асрамжид байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******,
Гэрч *******-*******, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар *******,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие З.Оюунбаттай 2009 онд анх танилцаж, 2010 онд тусдаа гарч, хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2010.10.05-ны өдөр охин М.*******, 2014.12.17-ны өдөр хүү М.******* нар төрсөн. Бид хоёр хамтдаа малын толгой угаах ажил хувиараа хийдэг байсан. Нөхөр маань хоёр хүүхдэдээ маш сайн, бид хоёрын аль завтай байгаа нь хүүхдүүдээ харж хандаж, цэцэрлэг сургуульд хүргэх ажлыг хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд нөхрийн бие муудаж, өвчтэй байх байсан учраас группт орсон. 2024.01.01-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Би өмнө нь албан ёсны гэрлэлттэй байсан учраас нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулж чадаагүй, нөхөр маань иргэний үнэмлэхээ хаячихаад сүүлд би хөөцөлдөж авсан учраас хүүхдүүдээ өөрөөрөө овоглож чадаагүй, бид хоёр ярилцаж байгаад би хүүхдүүдээ овоглож төрсний гэрчилгээ авсан юм.
Бидний хувьд өмнө шүүхээр хамтын амьдралтай байдалтай байсан гэдгээ тогтоолгосон. Тэр шийдвэрийг үндэслэн хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч хүүхдүүдийн эцэг болохыг шүүхээр тогтоолгох ёстой гэж Халамжийн байгууллага хэлсэн. Тийм учраас би З.Оюунбатыг хүүхдүүдийн эцэг болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Харин шүүх хуралдааны явцад хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилго буюу үндэслэлдээ нийцүүлж шаардлагаа зөв тодорхойлох ёстой гэдгийг ойлголоо. Иймд шаардлагаа тодруулж охин М.*******, хүү М.******* нарыг эцэг З.Оюунбатын асрамжид байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, *******, *******-******* нарын гэрчийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.13-ны өдрийн 1173 дугаар шийдвэр, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2010, 2017, 2024 оны гэр бүлийн зургууд, хүүхдүүдийн сургуулийн тодорхойлолт, охин *******гийн тайлбар, З.Оюунбатын иргэний үнэмлэхний хуулбар, группын дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Б.******* нь эцэг болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хүсэлтээ охин М.*******, хүү М.******* нарыг эцэг З.Оюунбатын асрамжид байсныг тогтоолгох гэж тодруулсан.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Б.******* нь гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг ...би нөхөр З.Оюунбаттай 2010 оноос эхлэн 2024.01.01-ний өдрийг хүртэл хамт амьдарсан, бидний дундаас охин *******, хүү ******* нар төрсөн, нөхөр маань 2024.01.01-ний өдөр өвчний улмаас нас барсан, хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой... гэж тайлбарлав.
Энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******-*******, ******* нар нь ...Бидний төрсөн ах З.Оюунбат нь 2010 оноос эхлэн Б.*******тай нас барах хүртлээ хамт амьдарч байсан нь үнэн, тэдний дундаас 2010 оны 10 сард охин М.*******, 2014 оны 12 сард хүү М.******* нар төрсөн, ах маань хүүхдүүддээ хайртай байсан, энэ хоёрын аль завтай нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан, хэн алин нь бичиг баримтын зөрчилтэй байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдүүд нь өнөөдрийг хүртэл манайхаар орж, гардаг, Б.******* нь хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилготой.... гэх адил агуулга бүхий мэдүүлгийг өгч байна.
3.Б.*******, Зинаметрийн Оюунбат нар нь 2009 онд танилцаж, 2010 оны 06 сараас эхлэн 2024.01.01-ний өдрийг хүртэл гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.13-ны өдрийн 1173 дугаар шийдвэрээр тогтоогдсон ба, тэдний хамт амьдарч байсан үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүх дахин нотлохгүй юм.
Улмаар Б.*******, З.Оюунбат нарын хамтын амьдралын явцад тэдний дундаас 2010.10.05-ны өдөр охин М.*******, 2014.12.17-ны өдөр хүү М.******* нар төрсөн, тухайн үед З.Оюунбат бичиг баримтгүй байсны улмаас харилцан ярилцаад хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг эх Б.*******аар овоглон авсан, охин М.******* нь Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн 9в ангид, хүү М.******* нь Чингэлтэй дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн бага холимогт бүлэгт тус тус суралцдаг, тэд эцэг З.Оюунбатыг 2024.01.01-ний өдөр нас барах хүртэл эцэг, эхийнхээ хамт, тэдний асрамжид эрүүл, саруул өсөн бойжиж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, охин М.*******гийн бичиж өгсөн ...бидний төрсөн аав З.Оюунбат нь дүү ******* бид хоёрт их хайртай байсан, бид гэр бүлээрээ гадуур салхинд гарч, кино үзэж хөгжилтэй цагийг өнгөрөөдөг байсан... гэх агуулга бүхий тайлбар, гэр бүлийн зургууд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, Б.*******, З.Оюунбат нар нь хамтын амьдралын явцдаа Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрхийг нь хамгаалах гэх мэт үүргийг охин М.*******, хүү М.******* нарын өмнө адил тэгш хүлээн амьдарч байсан гэж үзэхээр байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.2-т бусдын асрамжид байгаа эсэх гэж заасан.
Иймд Б.*******ын гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т зааснаар хангаж, 2010.10.05-ны өдөр төрсөн охин М.*******, 2014.12.17-ны өдөр төрсөн хүү М.******* нарыг 2024.01.01-ний өдөр нас барсан эцэг З.Оюунбатын асрамжид байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Хүсэлт гаргагч Б.******* нь 2024.10.07-ны өдрийн 16970 дугаар шүүгчийн захирамжаар 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2.-т зааснаар 2010.10.05-ны өдөр төрсөн охин М.*******, 2014.12.17-ны өдөр төрсөн хүү М.******* нарыг 2024.01.01-ний өдөр нас барсан эцэг З.Оюунбат /ЧГ77121117/-ын асрамжид байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар хүсэлт гаргагч Б.******* нь 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА