Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 126/ШШ2017/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Н********-ийн /цаашид ХХК гэх/ нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Н********   ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Н********   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М********  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэннар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Н********   ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М********  , өмгөөлөгч А.Ууганбаяр нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай Н********   ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ажилчдынхаа ая тухтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор ажилчдын амралтын газар барихаар төлөвлөж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 35 тоот захирамжаар 2.0 га газрыг амралтын газрын зориулалтаар эзэмшиж ирсэн юм.

Бид эзэмшиж байх хугацаандаа газрын төлбөрөө тасралтгүй төлж, газраа цэвэрлэж, хараа хяналт тавьж, хашаа байшингаа барьж хуулийн шаардлагад нийцүүлэн газраа эзэмшиж ирсэн. Гэтэл тус сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 тоот захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг ямар ч үндэслэлгүйгээр, хууль бусаар хүчингүй болгосныг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдэж дээд шатны Засаг дарга буюу Хөвсгөл аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан ч шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсч аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2195 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга нь манай компанийн газар эзэмших эрхийг цуцлахдаа ямар ч мэдэгдэл, тоот өгөөгүй, ямар алдаа гаргаж байгааг ч мэдэгдээгүй, бидэнд алдаагаа засах боломж олгоогүй атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосон шийдвэрээ ч манайд хүргүүлээгүйд гомдолтой байна.

Монгол Улсад хүмүүнлэг иргэний нийгмийг хөгжүүлэх эхлэл тавигдаад 27 жил өнгөрсөн ч өнөөдөр төрийн шийдвэр иргэнд гэнэтийн шийдвэр болсоор байгаа нь эрх зүйт төр биш, дарангуйлагч төрийн хэв маяг хэвээр байгаа мэт эмгэнэлтэй сэтгэгдэл төрж байна. Иймд Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 тоот захирамжийн Н********   ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

... Манай компани 2014 онд Шадар ван амралтын газраас байшингийн 2 торх худалдан авч нэгийг нь Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутагт Урандөш зуслангийн хажууд, Чигж голын гүүрнээс доош орших амралтын зориулалттай 2 га газартаа барьсан. Бид газрын төлбөрөө бэлэн ба бэлэн бусаар тасралтгүй төлж ирсэн. Хэрэв газрын төлбөр дутуу төлөгдсөн зүйл байгаа бол нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй. Манай компанийн газар эзэмших эрхийг цуцлах гэж байгаа талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалаад газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй удсан боловч газраа арчилж, цэвэрлэж харж ханддаг байсан. Газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө 2014 онд уг газар дээрээ байшингийн торх барьж ашиглаж байсан. Газрын төлбөрөө төлөөгүй 8 жил болсон гэдэг худлаа. Газар эзэмших гэрээгээ жил бүр дүгнэж байгаагүй. Газрын төлбөр төлдөг данс нь байнга л өөрчлөгдчихдөг байсан. Манай компанийн салбар шатахуун түгээх станц Бүрэнтогтох сумын төвд байнга ажилладаг учир бидний газар эзэмших эрхийг цуцлахаасаа өмнө мэдэгдэх боломж байсан гэж үзэж байна. Гэтэл огт мэдэгдээгүй. Мөрөн телевизээр явуулсан зарыг бид олж үзээгүй. Газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн талаар бидэнд мэдэгдээгүй. Манай компанийн газар бусдын эзэмшлийн газартай давхцаагүй ... гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Чигж хэмээх газарт Н********   ХХК-д сумын Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар захирамжаар амралтын зориулалтаар 2 га газрыг олгосон. 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдөр газрын даамлаас газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Гэрчилгээний дугаар 21524, нэгж талбарын дугаар 210400023.

Газрыг заалган авч байсан боловч 2003-2016 он хүртэл 14 жил тухайн газар дээрээ хашаа бариагүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н********   ХХК-ийн нябо байна. Чигжид байдаг газрын төлбөрөө төлөх гэсэн юм гэж утсаар ярихад нь танайх олон жил уг газар үйл ажиллагаа явуулсангүй, газрын төлбөрөө төлсөн баримтууд надад өгч байгаагүй тул хүчингүй болгох гэж байгаа шүү гэж хэлсэн.

Манай сум нь 2015 оноос хойш Мөрөн телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу телевизид нь Бүрэнтогтох суманд газар эзэмшигчдийн анхааралд. Газрын төлбөрөө төлнө үү. Данс 5894170080. Газрын төлбөрөө төлөөгүй, газраа хоёр жил дараалан эзэмшээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг анхааруулъя гэсэн зарыг явуулсан.

Иймд сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь 12 жил уг газар дээр ямар нэгэн хашаа, саравч бариагүй, 8 жил газрын төлбөр төлөөгүй байдлыг үндэслэсэн. Н********   ХХК нь газрын төлбөрөө төлсөн тухай газрын даамал болон сумын удирдлагад хэлж байгаагүй, газрын төлбөр нь аймгийн орон нутгийн орлого тул суманд харагддаггүй. Тиймээс 8 жил төлбөрөө төлөөгүй гэж үзсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон. 2017 оны 06 дугаар сарын 23, 24-ний үед Эрчим баг хариуцсан байгаль хамгаалагч Б.Пүрэвцэрэн багийн айл өрхөөр явж ажиллах явцад 2 хүн хашаа барьж байхаар нь очиж асуухад Н********   ХХК газар дээрээ хашаагаа барьж байна гэхэд нь газрын даамалтай холбогдож лавлахад 2003 оноос хойш эзэмшил газраа хашаалаагүй тул 2016 онд газар эзэмших эрхийг цуцалсан, хашаа барьж байгаа хүмүүсийг болиулах хэрэгтэй гэсэн хариу өгсөний дагуу тэдэнд мэдэгдээд буцсан.

Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Уламбаяр, Эрчим багийн байгаль хамгаалагч Б.Пүрэвцэрэн нар амралт, зуслангийн газруудын эзэнтэй болон эзэнгүй хог хаягдлыг цэвэрлүүлж яваад мөн хүмүүс хашаа барьж байхад нь болиулсан байсан. Үүний дараа Н********   ХХК-ийн хүмүүс ирж сумын Засаг даргатай уулзаад А4-ын 6 хуудас, А5-ын 13 хуудас материал өгөөд явсан. Уг материалд кадастрын зураг, газрын гэрээ, гэрчилгээний хуулбар, сумын Засаг даргын захирамжийн хуулбар, газрын төлбөр төлсөн баримтууд байсан хэдий ч газрын төлбөр төлсөн баримтуудыг нягтлаад үзэхэд 2009, 2010, 2013 оны газрын төлбөрийг төлөөгүй, Мөрөн сумын орлогод хийсэн баримтаа канондож хуурамчаар хийсэн байсан. Мөн 210700111 нэгж талбарын дугаарын баримтаа нөхөн хийсэн гэх мэт зөрчилтэй байна.

2017 оны 07 дугаар сард Н********   ХХК-ийн нягтлан бодогч, хуулийн зөвлөх нар тус суманд ирж Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд газрын даамлыг дуудан уулзаж бичиг хэргээс хүчингүй болгосон 31 дүгээр захирамжийн хуулбарыг хийлгээд явсан. Эрчим багийн иргэн Л********  Н********   ХХК нь манай зуслангийн газарт ирж ойрхон хашаа барьж байна, үүнийг болиулж, эсвэл жаахан холтгож өгөөч. Учир нь гэр бүлийн хүн маань нас өөд болоод 49 хоног дуусаагүй байхад гэрийн ойролцоо нижигнээд байх байх хэцүү байна гэсэн гомдлыг сумын Засаг дарга, газрын даамал нарт амаар гаргасан. Н********   ХХК-ийн захирал Чимэдцэрэнгийн эхнэр Нарантуяатай Л********  гэж хүн хамаатан гэхээр нь 2017 оны 09 дүгээр сард сумын Засаг дарга, газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар Л********  гэж хүний дүү Бадам, Чимэдцэрэн нартай хамтран уулзаж, зөвшилцөж маргааныг хууль журмын дагуу шийдвэрлэх гэсэн боловч Хилэнтийн гүүрний цаад талд уулзаад зөвшилцөж чадаагүй салсан. Л********  гэж хүн хөдөө мал маллаж насаараа байсан, хүний өөдөөс олон үг хэлж чадахгүй байсан тул дүүгээ явуулсан гэсэн хариулт хэлж байсан мэдээлэлтэй байна. Дээрх баримтуудыг үндэслэн Н********   ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна ... гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Н********   ХХК-ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Н********   ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар[1] Н********   ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг бүрэн агуулсан, захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх бөгөөд Н********   ХХК-ийн хувьд сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч Н********   ХХК-ийн зүгээс Бүрэнтогтох сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хандсаныг[2] хуульд нийцсэн гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 33.16-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн талаар 2017 оны 7 дугаар сард олж мэдсэн гэх боловч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан журмын дагуу аймгийн Засаг даргад хандаж, улмаар аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2195 тоот албан бичгээр[3] шүүхэд хандахыг зөвшөөрснөөр Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д заасанчлан нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг дахин шинээр тоолох үндэслэлтэй болж байна. Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар захирамжаар[4] Н********   ХХК-д амралтын газрын зориулалтаар Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг /Урандөш зуслангийн доод талд/ Чигж голын гүүрнээс доош 2.0 га газрыг эзэмшүүлж, мөн сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар[5] газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба хариуцагчийн зүгээс Н********   ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан үндэслэлээ ... 12 жил уг газар дээр ямар нэгэн хашаа, саравч бариагүй, 8 жил газрын төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Гэвч Н********   ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос 2 жил орчмын өмнө буюу 2014 онд тус компани өөрийн эзэмшлийн газартаа байшингийн торх барьсан[6] байжээ. Газар эзэмшигч нь амралтын газрын зориулалттай газраа зориулалтын дагуу ашиглахын тулд ямар нэгэн хашаа саравч барихыг хууль болон гэрээгээр үүрэг болгоогүй бөгөөд Н********   ХХК амралтын зориулалттай газраа хэрхэн ашиглаж байсан, эсхүл ашиглаж байгаагүй талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт ирүүлээгүй ба газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө Н********   ХХК тухайн газарт байшингийн торх барьсан байсан талаар маргаагүй байна. Амралтын зориулалтаар олгосон газарт заавал ямар нэгэн хашаа саравч барьж ашиглах ёстой гэж үзвэл өрөөсгөл болох ба газар эзэмшигч өөрийн эзэмшлийн газартаа хашаа саравч барилгүйгээр гэр, майхан барих зэргээр нүүлгэн шилжүүлэх боломжтой хэрэгсэл ашиглан амралт зугаалгын зориулалтаар ч ашиглах эрхтэй. Иймд хашаа, саравч бариагүй байгааг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлд хамааруулах боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах нь сумын газрын даамлын эрх хэмжээний асуудал юм.

Н********   ХХК 2003 оны 06 дугаар 03-ны өдрийн Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ-нд[7] заасан хэмжээгээр 2003, 2004, 2005, 2006, 2008, 2011, 2012, 2015, 2016, 2017 онуудад газрын төлбөрөө төлж, 2014 онд 40000 төгрөг төлсөн байх ба 2007, 2009, 2010, 2013 онуудад газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн эсэх нь нотлогдохгүй байна. Гэсэн хэдий ч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д ... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасныг талууд хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас газрын төлбөрөө төлж байсан эсэх, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан эсэхийг тухай бүр дүгнээгүй байна. Газар эзэмших гэрээний талууд гэдэгт газар эзэмшигч болон газар өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан сумын газрын даамал аль аль нь хамаарч байна. Иймд гагцхүү газар эзэмшигчийн буруу байсан гэж үзэхгүй. Түүнчлэн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн хавсралтад заасан 8 жил газрын төлбөр төлөөгүй, 12 жил ашиглаагүйгэсэн үндэслэл дээр дурдсанаар тогтоогдохгүй байна.

Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 1997 оны 152 дугаар тогтоолыг баримтлан тус сумын нутагт амралтын зориулалтаар эзэмшиж байгаа газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн амралт, аялал жуулчлалын зориулалтаар 1 га газарт 80 000 төгрөг байхаар тогтоосон. Энэ нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Газрын төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд нийцэж байгаа эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

Харин газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн талаар газар эзэмшигч Н********   ХХК-д зохих ёсоор мэдэгдээгүй, газар эзэмшүүлэх тухай гэрээнд газрын төлбөрийн өөрчлөлтийг тусгаагүй, газар эзэмших гэрээг жил бүр дүгнэдэггүй байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Н********   ХХК-тэй 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ-гээр нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Н********   ХХК-д мэдэгдээгүй болох нь гэрч Д.Д********-ийн   Н********   ХХК-д тоот явуулж байгаагүй гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн тайлбар болон гэрч Д.Д********-ийн   мэдүүлгээс үзэхэд Н********   ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө Мөрөн телевизээр зар явуулж, мэдэгдсэн гэх боловч үүнийг нэхэмжлэгч Н********   ХХК-д мэдэгдсэн гэж үзэхээргүй байна. Учир нь:

Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар, газрын даамал Д.Д********  Үзэсгэлэнт Мөрөн ХХК-ийн Мөрөн телевизийн захирал Д.Д********-тай 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 10-15-ны хооронд буюу 5 хоногийн хугацаанд Бүрэнтогтох суманд газар эзэмшигчдийн анхааралд: Газрын төлбөрөө төлнө үү. Данс 5894170080. Газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан эзэмшээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг анхааруулъя гэсэн зар явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү зард Н********   ХХК-ийн нэр дурдагдаагүй тул тус компанийн газар эзэмших эрхийг цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Н********   ХХК-ийн нягтлан бодогчид газар эзэмших эрх цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн гэх боловч Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамж гарснаас хойш 2017 оны 02 дугаар сард Н********   ХХК-ийн нягтлан бодогчид утсаар хэлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Д.Д********-ийн   мэдүүлэг, түүний хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Эрх зүйт төрд төр нь иргэн, аж ахуйн нэгжийнхээ өмнө илүү хариуцлага хүлээж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй шийдвэр гаргахын өмнө тэдэнд мэдэгдэх, сонсгох үүрэгтэй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимд нийцнэ.

Иймд захиргааны байгууллага аж ахуйн нэгжид эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгохын өмнө урьдчилан мэдэгдээгүй, сонсгоогүй, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тайлбар аваагүй, шаардлагатай нотлох баримт цуглуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н********   ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндсөн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Н********   ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж гэж шүүх үзлээ.

Хэргийн материалд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн хуулбар хоёр өөр хувилбараар авагдсан байна. Үүнээс нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг[8] үнэн зөв гэж үзэн нотлох баримтаар үнэлсэн болно. Харин хэргийн материалын 24 дүгээр хуудсанд авагдсан захирамжийн хувьд засвартай байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ. Мөн Н********   ХХК-ийн газар бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа газартай давхацсан талаар хэргийн оролцогчид маргаагүй тул энэ хэрэгт гуравдагч этгээдийг татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Н********   ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н********   ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ