Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/357

 

 

Б.Г, С.Б,

Г.Г, Г.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Дэндэвдорж,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Г, С.Б, Г.Г, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2111000000913 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Бгийн Г, 1985 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дугаар зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 1 жил 9 cap 5 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзаж сулласан;

2. А овгийн Сийн Б, 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

3. Боржгон овгийн Ганхүүгийн Г, 1980 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны 53-12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТЕ80112616/;

4. Г овгийн Гын Т, 1986 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “С” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХБ86062732/;

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            1. Шүүгдэгч Б.Г нь ганцаараа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвийн үүдэнд иргэн Б.Дгаас “Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500.000 төгрөг авч залилсан,

2. Шүүгдэгч С.Б, Б.Г, Г.Г нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Н” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хооронд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, визний урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44.000.000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Г.Т нь:

1. 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Жид “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4.500.000 төгрөг авч залилсан,

2. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт “гадаад паспорт гаргаж өгнө, Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.350.000 төгрөг авч залилсан,

3. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бд “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.600.000 төгрөг авч залилсан,

4. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт “Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.550.000 төгрөг авч залилсан,

5. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Центр пойнт” төвийн дэргэд иргэн Г.Бд “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөг авч залилсан,

6. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн байранд иргэн А.Тд “Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6.000.000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж бусдад нийт 24.000.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Г, С.Б, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч А овогт Сийн Б, Б овгийн Бгийн Г, Боржгон овгийн Ганхүүгийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Г овгийн Гын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Т тус бүрийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Г, Г.Г тус бүрийг 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Г, Г.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч С.Б, Г.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Б.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бээс нийт 10.200.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гт, шүүгдэгч Г.Тгээс нийт 16.450.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Жид 3.000.000 төгрөг, хохирогч А.Тд 3.000.000 төгрөг, хохирогч Б.Бд 1.600.000 төгрөг, хохирогч Б.Бт 1.500.000 төгрөг, хохирогч Б.Бт 2.350.000 төгрөг, хохирогч Г.Бд 5.000.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн үйлдсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруу, мөн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, хүлээн зөвшөөрч байна. Харин уг хэрэг болсон цаг хугацааны хувьд 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд болсон бөгөөд гэмт хэрэг төгссөн цаг хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж заасан байх тул миний үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Харин хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөлт орсон. Уг өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан. Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл” тоолдог болсон заалт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа заалт учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буцаан хэрэглэх боломжгүй байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэрхэн хэрэглэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 11 дугаартай тайлбар гаргасан. Уг тайлбарт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл” тоолж байхаар заасан. Гэтэл уг дээд шүүхийн тайлбарт нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгч улмаар ҮХЦ-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар тогтоолоор уг Дээд шүүхийн тайлбартай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 11 дугаартай тайлбарыг хэрэглэх боломжгүй учир Эрүүгийн хуулийн тухайн заалтыг хэрэгдэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч О.Анхбаяр “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эдгээр 4 хүн нийлээд 44 хүнийг болон нэг компанийг залилаад хохироосон. Шүүгдэгч С.Б “төлбөрөө богино хугацаанд барагдуулна” гэж хэлсэн болохоор би гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэж яриад цаг авч байгаад гомдолтой байна. ...” гэв.

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Энэ хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. Шүүгдэгч С.Бийг 2022 оны 6 дугаар сард яллагдагчаар татсан. Дээрх хуулийн үйлчлэл 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн практикт аль хэзээ тогтсон хуулийн зүйл, заалт бөгөөд одоо ч хэрэгжээд явж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хангалттай яригдсан. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзэж ял халдаасан нь үндэслэлтэй. Улсын дээд шүүхээс гарсан зөвлөмжтэй холбоотой тайлбар хэлэхэд өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор маргаан үүссэн шийдвэрлэгдээгүй байдаг. Энэ зөвлөмж, 2020 оны 1 дүгээр сарын 10-нд орсон хуулийн өөрчлөлтөөс харахад уг зүйл, заалтыг хэрэглээд явах боломжтой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

шүүгдэгч Б.Г нь ганцаараа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвийн үүдэнд иргэн Б.Дгаас Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны өргөтгөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500,000 төгрөг авч залилсан,

шүүгдэгч С.Б, Б.Г, Г.Г нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Н” ХХК-ийн захирал Б.Гоос 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж визний урьдчилгаа төлбөр гэж 44 хүний 44,000,000 төгрөг авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Г.Т нь:

1. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Жид Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4,500,000 төгрөг авч залилсан,

2. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт гадаад паспорт гаргаж өгнө, Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,350,000 төгрөг авч залилсан,

3. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт    иргэн Б.Бд Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,600,000 төгрөг авч залилсан,

4. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бт Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2,550,000 төгрөг авч залилсан,

5. 2019 оны 11 сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Центр пойнт” төвийн дэргэд иргэн Г.Бд Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөг авч залилсан,

6. 2019 оны 8 сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн байранд иргэн А.Тд “Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6,000,000 төгрөг авч залилсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж бусдад нийт 24,000,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн “...Г, Б хоёр ирээд 40 хүний визийг ном журмынх нь дагуу орчуулаад хуулийн дагуу элчин сайдын яаманд визийг нь өгөнгүүт танил талаа ашиглан хурдан хугацаанд гаргаж өгнө гэсэн санал тавьсан. Би тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй “гүйцэтгэх захиралтайгаа уулзаж байж шийдье” гээд явуулсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь Ттэй уулзаад Г нарын тавьсан саналыг хэлтэл “уулзаад үзье” гэж хэлсэн. Тэгээд хуулийн хүн худлаа хэлэхгүй гэж бодоод 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд манай компани Б тал болж ямар ажил хариуцах вэ гэхээр үйлчлүүлэгчдийн бүрдүүлэн өгсөн материалыг хуулийн дагуу орчуулж шалгаад Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын яаманд визийг мэдүүлж код авсны дараа уг кодоо Гт өгөхөөр нөгөө тал бусад асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй байсан. Тэгээд манай компани гэрээний дагуу нэг хүний 1.000.000 төгрөг гэж бодож нийт 44 сая төгрөгийг цувуулж аваад мөнгийг кодын хамт Г, Б, Г нарт цувуулж өгсөн. ...” /5хх 207-208/,

хохирогч Б.Дгийн “...Гт 500.000 төгрөг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Н” худалдааны төвийн үүднээс шилжүүлсэн. Тухайн үед Г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай эгчийн байрны гэрчилгээ дээр байрны өргөтгөл нь ордоггүй байранд “өргөтгөлийг нь бичиг баримт дээр оруулж өгье” гээд авсан. ...” /4хх 218-219/,

хохирогч Л.Жийн “...Гын Т гэх хүнтэй 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр уулзаад зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад 4.500.000 төгрөгийг Г.Тгийн өөрийн данс болох Голомт банкны данс руу би шилжүүлж өгсөн бөгөөд 45 хоногийн дараа виз гарна гэсэн ч гараагүй, утсаа салгаад алга болсон. ...” /1хх 27-28/,

хохирогч Б.Бын “...Т гэдэг эрэгтэй хүнтэй уулзсан. Урьдчилгаа 5 саяыг өгчих гэхээр нь би “2 саяыг өгье”, тэгээд виз гарвал 12 саяыг өгөхөөр болтол хэд хоногийн дараа над руу залган “материалыг чинь цааш нь өгөх гээд гадаад паспорт чинь хэрэгтэй байна” гэсэн. Өмнө нь визэнд ороод татгалзсан хариу авсан тул шинэ гадаад паспорт гаргуулна гэхэд “данс руу 1.506.000 төгрөгийг хийчих, би яаралтайгаар гаргуулна” гээд авсан ч миний виз гараагүй бөгөөд өдий хүртэл мөнгийг минь өгчих гэхээр өнөө маргаашгүй виз чинь гарлаа гэсээр байна. ...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Макс молл”-ын барилга дээр ажиллаж байхдаа Тгийн Хаан банкны 5011465265 тоот данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа 8 дугаар сарын 23-ны өдөр мөн Тгийн Хаан банкны 5011465265 тоот данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Элчин сайдын яаманд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулж виз гаргаж өгнө гэсэн. Өнөө маргаашгүй виз чинь гарлаа гэж хойшлуулсаар өдийг хүрсэн. ...” /1хх 71-72/,

хохирогч Б.Бын “...2019 оны 8 дугаар сарын 19-нд Г.Ттэй гэх залуутай холбогдоод ... “хоёр хүний виз гаргуулах гэсэн юм хэдээр гаргах вэ” гэтэл “нэг хүний 6.000.000 төгрөгөөр гаргана. Тэгээд урьдчилгаа мөнгө гэж нэг хүний 2.000.000 төгрөг, гадаад паспортын хамт өгнө. Одоо 2 дугаар ээлжийн 30 хүн оруулчихсан байгаа, тэр дунд та хоёрыг багтаана, хурдан урьдчилгаа мөнгөө өгчих та хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй учраас ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай, ... нэг хүний 100.000 төгрөгөөр гаргаж өгдөг хүн байгаа, танай хамт явах хүн чинь тэтгэврийн хүн болохоор тодорхойлолт шаардлагагүй” гэхээр нь тэр дор нь би 100.000 төгрөгийг Б.Б эгчид өгөөд Голомт банкны 2105110901 тоот данснаас Г.Тгийн Голомт банкны 2205047187 тоот данс руу шилжүүлээд “маргааш холбогдъё” гэж хэлсэн. Тухайн үед байрныхаа эгч Бтэй хамт байсан. ...2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Г.Тгийн 80114205 дугаарт холбогдож урьдчилгаа мөнгө болох 2.000.000 төгрөгийг би Б эгчийн данс руу шилжүүлээд Г.Тгийн Голомт банкны 2205047187 тоот данс руу, Б.Б эгч Голомт банкны 2105110901 данснаасаа ... гар утасны мобайл банк ашиглан 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Г.Ттэй уулзаад хамт машин дотор нь явж байхад “та хоёрын визийг гаргаж байгаа хүнд хоолны мөнгө өгөх хэрэгтэй байна, ... 50,000 төгрөг” гэж хэлэхээр нь ... Б эгч өөрийнхөө Голомт банкны данснаасаа Г.Тгийн Голомт банкны дансанд шилжүүлж өгөөд салаад явсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Г.Т над руу гар утсаар холбогдоод “та хоёр тус тусдаа 500.000 төгрөг нэмээд өгчих, ... та хоёрын мөнгийг виз гарах хүндээ өгсөн байгаа дахиад мөнгө өгөх хэрэгтэй байна” гэсэн учраас тэр даруй Баянзүрх дүүргийн Чингис зочид буудлын хойно байрлах “Е-Mart” худалдааны төвийн 2 давхарт Хас банкны тооцооны төвөөс бэлнээр 1.000.000 төгрөг Г.Тгийн Голомт банкны 2205047187 тоот дансанд банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгээд би дараа нь Б.Б эгчээс Г.Тд 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлээд 500.000 төгрөг авсан. Тэгээд виз гаргуулахаар болж хэд хэдэн удаа нийт 2.600.000 төгрөгийг өгсөн. ...” /2хх 32-35/,

хохирогч Б.Бийн “...Г.Т гэх залуугаар Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулж явж байсан юм аа гэсэн. Тэгээд тэр хүнтэйгээ холбогдоод ... асуухад “нэг хүний 6.000.000 төгрөгөөр гаргана” гэж байсан. Урьдчилгаа мөнгө гэж нэг хүний 2.000.000 төгрөг, гадаад паспортын хамт өгнө. Одоо 2 дугаар ээлжийн 30 хүн оруулчихсан байгаа тэр дотор та хоёрыг багтаана, хурдан урьдчилгаа мөнгөө өгчих та хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй учраас ажлын газрын тодорхойлолт гаргаж өгөх шаардлагатай, ... нэг хүний 100.000 төгрөгөөр гаргаж өгдөг хүн байгаа, тантай хамт явах хүн чинь тэтгэврийн хүн болохоор тодорхойлолт шаардлагагүй” гэж хэлж байсан. Тэгээд ... 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Б Г.Тгийн 80114205 дугаарт холбогдож урьдчилгаа мөнгө болох 2.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, ... би өөрийн 2.000.000 төгрөгийн хамт Г.Тгийн Голомт банкны данс болох 2205047187 тоот дансанд өөрийнхөө Голомт банкны 2105110901 данснаасаа ... 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Бын хамт 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Г.Ттэй ... ярьж байхад “та хоёрын визийг гаргаж байгаа хүнд хоолны мөнгө 50.000 төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь Голомтын данснаасаа 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б над руу яриад “Г.Т над руу ярилаа нэг хүний 500.000 төгрөг өгье” гэж хэлээд Б.Быг гэртээ ирэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Тэгээд нийтдээ 2.550.000 төгрөгөөр хохирсон. ...” /2хх 38-41/,

хохирогч Г.Бий “...Би ... Ттэй 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Центр пойнт”-ын дэргэд байрлах нотариатын газарт уулзаж, улмаар зээлийн гэрээ байгуулж, Г.Тгийн Голомт банкны 2205047187 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5121004194 дугаарын данснаас 6.000.000 төгрөгийг 3.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Улмаар Г.Т “удахгүй виз гарна, бүтэх гэж байна” гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн ба мөнгөө авъя гэхээр бас өгөхгүй байна. ...” /2хх 99/,

хохирогч А.Тгийн “...Батмөнх ах бид хоёр 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ... Г.Т гэх хүнтэй уулзсан тухайн үед уулзахад Г.Т нь Батмөнх ах бид хоёрт “7 хоногийн дотор визийг чинь гаргаж өгнөө, Солонгос элчин дотор таньдаг хүн байгаа, хүнээр дамжуулж хэлж яриулаад визний асуудлыг бүтээгээд өгнө, ... чи харин визнийхээ материалыг бүрдүүлээд өгчих, тэгэхээр чинь чамд виз мэдүүлгийн газраас нэг код өгнө, тэр кодыг харин надад өгчхөөрэй, харин урьдчилгаанд 6 сая төгрөг өгөх шаардлагатай виз гарсны дараа 4 саяыг өгөөрэй, нийт бол 10 сая төгрөг шаардлагатай” гэж хэлж байсан. ...Г.Ттэй хамт тэдний ажил руу очиж зуучлалын гэрээ байгуулсны дараа нь хамт яваад Багшийн дээдийн тэнд байдаг “UBH” барилгын 2 дугаар давхарт байрлах нотариатын газар очсон тэгээд би мөнгөө өгсөн авсан гэдгээ баталгаажуулах үүднээс Г.Ттэй зээлийн гэрээ байгуулсан. Түүний дараа би 3 сая төгрөгөөр 2 удаа Г.Тгийн Голомт банкны данс руу урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн гүйлгээний утга дээр “Тгээс виз” гэсэн утгаар тодорхой шилжүүлсэн байгаа. ...” /3хх 57-60/,

гэрч Д.Чгийн “...2019 оны 5 сарын сүүлээр Г нь над руу холбогдоод “чи надад хүмүүс олоод өгч чадах уу эхний ээлжид 40 хүн нийт 120 хүнийг аяллын визээр Солонгос гаргах боломжтой болсон. Би сайн судалсан төрийн байгууллагын ажилтан байгаа юм” гэсэн. ...Тэгээд хамтрахаар болж Г надад “1 хүний виз мэдүүлэх ажилтай холбоотой 5 сая төгрөг болно, харин Г, Г тус тус 1 сая төгрөгийг харин танайх оффис түрээслэх, бичиг цаас их гарна тиймээс 1.5 сая төгрөг авна” гэж надад хэлсэн. ...” /4хх 82-85/,

гэрч Г.Угийн “...Гтой уулзахад “найдвартай 7 хоногийн дотор виз гаргаж өгнө, нэг хүний 1.200.000 төгрөгөөр гаргаж өгнө, мөнгөө яаралтай бэлд” гэхээр нь итгээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 9-ний хооронд Солонгос улс руу манай компанийн зүгээс явуулахаар бэлдсэн байсан хүмүүсийн материалуудыг нэг хүний 800.000 төгрөгөөр тооцож авсан байсан хүмүүс рүүгээ дахин ярьж Гийн итгүүлж хэлсэн үг яриаг нь хэлээд 1.200.000 төгрөг авч Гийн данс руу шилжүүлж байсан. Г нь тухайн үед өдөр шөнөгүй яриад “материал нэрсээ өгөхгүй бол хаслаа шүү” гэж дарамт үзүүлж байсан. ...2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний хооронд хийсэн. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 5751039061 тоот данснаас 3.600.000 төгрөг, 1.200.000 төгрөг, 1.200.000 төгрөг нийт 7.200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “АТМ”-с 2.000.000, 1.200.000, 400.000 төгрөг нийт 3.600.000, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.600.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 800.000 төгрөг, 5753561995 тоот захирал Оюуны данснаас 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4.000.000төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1.200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.200.000 төгрөг 7.200.000 төгрөг шилжүүлсэн. ...” /5хх 210-211/ гэсэн мэдүүлгүүд,

Л.Жийн Хаан банкны харилцагчийн дансны хуулга болон зээлийн гэрээ /1хх 9-11/, Г.Тгийн Голомт банкны харилцагчийн дансны хуулга /1хх 36-46/, Г.Тгийн Голомт болон Хаан банкны дансны гүйлгээний хуудас /2хх 106-126/, Д. Чгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 130-157/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г, С.Б, Г.Г, Г.Т нарыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Шүүгдэгч Б.Г, С.Б, Г.Г, Г.Т нар нь Бүгд найрамдах Солонгос улсын виз мэдүүлгийн төв болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагад ажилладаггүй, мөн виз гаргаж өгөх бодит нөхцөл байдал байхгүйг мэдсээр байж “виз найдвартай гаргаж өгнө” гэж хохирогч нарт итгүүлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Г, С.Б, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн хохирогч нарт учирсан бодит хохирлыг зөв тооцсон байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бээс нийт 10.200.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Гт, шүүгдэгч Г.Тгээс нийт 16.450.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Жид 3.000.000 төгрөг, хохирогч А.Тд 3.000.000 төгрөг, хохирогч Б.Бд 1.600.000 төгрөг, хохирогч Б.Бт 1.500.000 төгрөг, хохирогч Б.Бт 2.350.000 төгрөг, хохирогч Г.Бд 5.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б, Г.Т  тус бүрийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Г, Г.Г тус бүрийг 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч С.Б “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор тус тус заажээ.

Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээг зохицуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй.

Шүүгдэгч С.Бийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 37 дугаар тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул анхан шатны шүүх шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хуульд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ