| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/05368/И |
| Дугаар | 182/ШШ2024/05361 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/05361
2024 12 13 182/ШШ2024/05361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ч.Д-н хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1994.01.01-ний өдрөөс ******* ХЭАА-д анх шилчнээр ажилд орсон. Тухайн үед шинэ жилийн үеэр сонин дээр ******* ХЭАА-д ажилд авна гэсэн зар хараад оны дараа очиж уулзаж байсан. Манай дарга ******* гэх хүн тухайн үед 26 хүн ажилд орохоор ирж уулзсан, чи хөдөөний хүүхэд байна, чамайг авья гээд авч байсан юм. Манай байгууллага их жижиг, 3, 4 хүн л ажиллаж байсан. 1995, 1996 онд ******* ХЭАА нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт гарч ирсэн. 1997 онд байгууллага Берилл ХХК болж нэр нь өөрчлөгдсөн байдаг юм. Харин энэ үеийн ажилд орсон, гарсан тушаал байхгүй, Архивын байгууллагаас шүүлгээд гарч ирсэнгүй. Анх ажилд ороход ******* ХЭАА-аас хөдөлмөрийн дэвтэр нээж байсан боловч би аваагүй, байгууллагын баримтууд олдохгүй болчихсон байна. Тухайн үед манай компани 25 дугаар эмийн сан хавьцаа бүх бичиг баримтаа шилжүүлж, хадгалсан боловч гал гараад шатсан гэдгийг би сонссон. Одоо тэтгэвэрт гарах болтол 25 жилийн хугацаанд 1 жилийн хугацаа дутсан. Миний энэ ажиллаж байсан байдлыг гэрч М.*******, манай дүү Ч.******* нар гэрчилнэ. Манай дүү манай ажлаар орж гардаг байсан. Иймд намайг 1994.01.01-ний өдрөөс 1994.12.31 өдрийг хүртэл ******* ХЭАА-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,
Иргэний үнэмлэхийн хуулбар, Хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024.08.12-ны өдрийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.08.15-ны өдрийн тодорхойлолт, М.*******ийн гэрчийн тодорхойлолт, түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ч.*******ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 1994, 1995 оны гэрэл зургууд, Берилл ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* нь ******* ХЭАА-д шилчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...миний бие тэтгэвэрт гарах зорилготой, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архивын байгууллагаас гарч ирэхгүй, хөдөлмөрийн дэвтрээ тухайн үед байгууллагаасаа аваагүй... гэж тайлбарлав.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Гэрчээр оролцсон М.*******ийн нийгмийн даатгалын дэвтэрт 1994.08.01-ний өдрөөс 1996.03.01-ний өдөр, ******* ХЭАА-д шилчин гэсэн бичилт хийгдсэн байх ба, гэрч М.******* нь 2024.11.21-ний өдөр ...би 1994 оны 06 сард ******* ХЭАА-д нүдний шилчнээр ажилд ороод 1996 онд ажлаасаа гарч сувилагчийн сургуульд явсан, тэр үед ******* нүдний шилчнээр ажиллаж байсан нь үнэн, манай байгууллагын удирдлага ******* гэж хүн байсан... гэх агуулга бүхий тайлбарыг шүүхэд өгсөн, улмаар гэрч М.******* нь хүсэлт гаргагч *******тай 1994-1996 оны хооронд хамт ажиллаж байсан, тэд 1994 оны 11 сард, 1995 онд хамт зургаа авахуулсан болох нь тэдний гаргасан тайлбар, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.
Хүсэлт гаргагч *******гийн төрсөн дүү гэх Ү.*******ийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтод ...эгч бид хоёр тухайн үед хамт амьдардаг байсан, тухайн үед би 9 дүгээр сурч байсан, Чингэлтэй дүүргийн Уртцагааны гудамжны худалдааны төвийн 1 дүгэр корпуст 2 дугаар давхарт байрладаг эгчийн ажил дээр очдог байсан, ажлын өрөө нь жижигхэн, ... хоёр шилэн лангуун дотор нь цөөн тооны хуванцар том рамууд орж тавьсан байсан..., дарга нь гээд халзан толгойтой, дунд зэргийн биетэй шар хүн байдаг байсан, харин хамт ажилладаг гээд жижиг биетэй, сэргэлэн шар эмэгтэй байдаг байсан... гэжээ.
Дээрх үйл баримтуудаар, хүсэлт гаргагч ******* нь 1994.01.01-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг ******* ХЭЭА-д шилчнээр ажиллаж байсан байдал тогтоогдсон гэж үзэхээр байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, хүсэлт гаргагч *******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний ******* ХЭАА-д ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал шийдвэр Архивын байгууллагад байхгүй, байгууллагын баримтууд архивт шилжиж очоогүй, тэрээр хөдөлмөрийн дэвтрээ тухайн үедээ байгууллагаас аваагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, *******гийн 1994.01.01-ний өдрөөс 1994.12.31-нийг өдрийг хүртэл ******* ХЭАА-д шилчнээр ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
5.Хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Чимэдийн Дэнсмаагийн 1994.01.01-ний өдрөөс 1994.12.31-нийг өдрийг хүртэл ******* ХЭАА-д шилчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА