Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/05364

 

 

 

 

 

2024 12 13 182/ШШ2024/05364

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С.Д-н хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

Хүсэлт гаргагч С.Д-н гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* шүүхэд гаргасан хүсэлт болон 2024.09.12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982.07.06-ны өдрөөс Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн харьяа 1 дүгээр конторт цахилгаанчин, 1986.07.15-ны өдрөөс 1991.02.01-ний өдрийг хүртэл 2 дугаар конторт цахилгаанчин, 1991.02.02-ны өдрөөс 1993.03.15-ны өдрийг хүртэл Угсралт пүүст цахилгаанчин, 1993.03.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Угсралт ББХК-нд цахилгааны монтёроор тус тус ажиллаж байсан. Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн харьяа 1, 2 дугаар контор, Угсралт пүүс, Угсралт ББХК нь Улаанбаатар хотод байрладаг байсан боловч хөдөө, орон нутаг руу томилолтоор их явдаг байсан. Би ажиллаж байх хугацаандаа 1986-1988 онд Архангай аймагт, мөн Хөвсгөл аймаг тус тус томилолтоор ажилласан байдаг. Хөвсгөл аймгийн архиваас баримт шүүлгэхэд баримт олдоогүй. Ингээд би 2024 оны 06 сард тэтгэвэр тогтоолгосон боловч дээрх хугацаанд ажилласан 12 жил 5 сарын хугацаа хасагдаж тооцогдсон. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгочихвол миний тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм. Иймд намайг 1982.07.06-ны өдрөөс Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн харьяа 1 дүгээр конторт цахилгаанчин, 1986.07.15-ны өдрөөс 1991.02.01-ний өдрийг хүртэл 2 дугаар конторт цахилгаанчин, 1991.02.02-ны өдрөөс 1993.03.15-ны өдрийг хүртэл Угсралт пүүст цахилгаанчин, 1993.03.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Угсралт ББХК-нд цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, Хорооны Засаг даргын тодорхойлолт, Тээврийн яамны харьяа Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн даргын 137 дугаар тушаал, Нийслэлийн архивын газрын 2024.08.09-ний өдрийн тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.06.19-ний өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024.05.20-ны өдрийн тодорхойлолт, гэрч *******ын тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******ийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.10-ны өдрийн 271 дүгээр шийдвэр, 1987 оны гэрэл зураг, 1985, 1986, 1987 оны баярын бичгүүд гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* нь Авто тээврийн барилга угсралтын контор болон Угсралт пүүс, Угсралт ББХК-нд цахилгаанчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...миний бие тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх зорилготой, энэ хугацааны ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хэдий ч архивын байгууллагаас баримтууд нь гарч ирээгүй учир миний ажилласан жилээс хасагдсан юм, миний бие Авто тээврийн барилга угсралтын контор болон Угсралт пүүст, Угсралт ББХК-нд ажиллаж байсан... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагч *******д 1979.09.10-ны өдөр Барилгын техник мэргэжлийн дунд сургуулиас хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон байх бөгөөд уг дэвтэрт 1982.07.06-ны өдөр АТБУЗТ-ийн 1 дүгээр конторын даргын 1982.08.03-ны өдрийн 21 дүгээр тушаалаар АТБУЗТ-д цахилгаанчинаар авч ажиллуулав гэж,

1986.07.25-ны өдөр АТБУЗТ-ийн 2 дугаар конторын даргын 1986.07.26-ны өдрийн 63 тоот тушаалаар АТБУЗТ-ийн 2 дугаар конторт цахилгаанчинаар авч ажиллуулав гэж,

1991.02.01-ний өдөр АТБУЗТ-ийн 2 дугаар конторын даргын 1991.02.01-ний өдрийн тушаалаар систем өөрчлөгдөж, 2 дугаар контор татан буугдаж пүүс болсон тул ажлаас чөлөөлж, цахилгаанчинаар ажилд авч ажиллуулав гэж,

1993.03.15-ны өдөр Пүүсийн захирлын 1993.03.15-ны өдрийн 08 тоот тушаалаар Угсралт пүүс нь Нефть импорт концернийн шийдвэрээр өмч хувьчлалаар орж Угсралт ББХК болсон тул ажлаас чөлөөлж, цахилгаанчинаар авч ажиллуулав гэж,

1995.01.01-ний өдөр Угсралт ББХК-ийн захирлын тушаалаар Нийгмийн багц хууль гарсантай холбогдуулж нийгмийн даатгалын дэвтрээр үйлчлэх болсон тул Хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгов гэсэн бичилтийг хийсэн байх ба, эдгээр бичилт нь гэрч *******ын 1975.09.19-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн холбогдох хэсэгтэй тохирч байна.

 

2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-1 маягт болох хүн амын регистрийн картанд *******, мэргэжил-цахилгаан монтёр, ажлын газар-Тээврийн яам, Авто тээврийн засварын трестийн 2 дугаар конторт 1982 оноос эхлэн цахилгаанчин гэж,

ХААТР-11 маягт болох 1988 оны хүү *******ын төрснийг бүртгэх анкетад эцэг *******ын *******, Нефть баазад цахилгаанчин гэж, 1988 оны гэрлэлтийг бүртгэх анкетанд нөхөр *******, эхнэр *******, Нефть баазад цахилгаанчин гэж тус тус бичигдсэн байна.

 

Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн төлбөрийн даалгаврын баримтуудаар Угсралт ББХК нь 1992 оны 10 дугаар сар, 1993 оны 01, 04, 07, 09 дүгээр сар, 1994 оны 10, 11, 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тогтоогдоно.

 

2.2.Гэрчээр асуугдсан *******ийн 2024.11.27-ны өдрийн мэдүүлэгт ...******* бид хоёр багын найзууд, 1986-1994 он хүртэл нэг байгууллагад хамт ажиллаж байсан, ******* нь 2 дугаар конторт цахилгаанчин, би нормчин хийж байсан, би өөрийнхөө ажилласан жилийг шүүхээр тогтоолгож байсан... гэжээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.10-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр гэрчээр асуугдсан *******ийн 1988.04.12-ны өдрөөс 1990.08.20-ны өдрийг хүртэл хугацаанд Авто тээврийн барилга угсралтын засварын трестийн 2 дугаар ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосон байна.

 

3.Дээрх бүгдээс үзвэл, хүсэлт гаргагч ******* нь 1982.07.06-ны өдрөөс 1986.07.25-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Авто тээврийн барилга угсралтын трестийн 1 дүгээр конторт цахилгаанчин, 1986.07.25-ны өдрөөс 1991.02.01-ний өдрийг хүртэл тус байгууллагын 2 дугаар конторт цахилгаанчин, 1991.02.02-ны өдрөс 1993.03.15-ны өдрийг хүртэл Угсралт пүүст цахилгаанчин, 1993.03.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Угсралт ББХК-нд цахилгаанчинаар тус тус ажиллаж байсан, тэрээр ажилдаа амжилт гаргаж 1985.12.28, 1986.06.17-ны өдрүүдэд АТБУЗТ-ийн 1, 2-р конторын захиргаанаас баярын бичгээр шагнуулж байсан болох нь баярын бичгүүд, 1987 оны гэрэл зураг болон тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

 

4.Хуулийн дээрх заалтаас үзвэл, *******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой ажилд орсон, гарсан тушаал, шийдвэр хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байх боловч Архивын байгууллагад байхгүй, хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

 

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж, *******гийн 1982.07.06-ны өдрөөс 1986.07.25-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Авто тээврийн барилга угсралтын трестийн 1 дүгээр конторт цахилгаанчин, 1986.07.25-ны өдрөөс 1991.02.01-ний өдрийг хүртэл тус байгууллагын 2 дугаар конторт цахилгаанчин, 1991.02.02-ны өдрөс 1993.03.15-ны өдрийг хүртэл Угсралт пүүст цахилгаанчин, 1993.03.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Угсралт ББХК-нд цахилгаанчинаар тус тус ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

5.Хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар *******ын *******гийн 1982.07.06-ны өдрөөс 1986.07.25-ны өдрийг хүртэл Тээврийн яамны харьяа Авто тээврийн барилга угсралтын трестийн 1 дүгээр конторт цахилгаанчин, 1986.07.25-ны өдрөөс 1991.02.01-ний өдрийг хүртэл тус байгууллагын 2 дугаар конторт цахилгаанчин, 1991.02.02-ны өдрөс 1993.03.15-ны өдрийг хүртэл Угсралт пүүст цахилгаанчин, 1993.03.16-ны өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Угсралт ББХК-нд цахилгаанчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА