| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01249/И |
| Дугаар | 155/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2025/00001
| 2024 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2025/00001 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01249/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн харилцааны менежер, Э.Ц ,
Хариуцагч: Э.Э-д холбогдох онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 8,555,660.98 (найман сая таван зуун тавин таван мянга зургаан зуун жаран төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э нь нэхэмжлэгч Х банк ХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/49576014 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг, жилийн 18,6%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус нийт 10,000,000 төгрөгийг нэмж онлайн цалингийн зээл авсан.
Дээр дурьдсан цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж, нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
Зээлийн барьцаанд өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан.
Зээлдэгч 2024 оны 11 дүгээр сарын 08-ны байдлаар үндсэн зээлд 2,477,294.94 төгрөг, зээлийн хүүд 1,800,939.97 төгрөг, нийт 4,278,234.91 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 259 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 7,522,705.06 төгрөг, зээлийн хүү 989,494.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,461.00 төгрөг, нийт 8,555,660.98 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.2-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Э.Э ээс үндсэн зээлийн үлдэгдэл 7,522,705.06 төгрөг, зээлийн хүү 989,494.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,461.00 төгрөг, нийт 8,555,660.98 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.Э 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд: Миний бие Э овогтой Э нь Хөвсгөл аймаг М сум дахь Х банкинд цалингийн зээл 8,555,660.98 төгрөг барагдуулна.
Миний бие 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл ажилгүй, орлогогүй байгаад зээлээ хугацаа хэтрүүлсэн нь үнэн. 2025 оны 01 дүгээр сараас ажлын байртай болсон учраас үүнээс хойш төлж барагдуулна.
2025 оны 01 дүгээр сараас төлж барагдуулах хүсэлтийг минь хүлээж авна уу. гэх хариу тайлбар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Э.Э д холбогдуулан онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 8,555,660.98 (найман сая таван зуун тавин таван мянга зургаан зуун жаран төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Хариуцагч Э.Э ийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,841 төгрөгийн 50 хувь болох 75,920.5 төгрөгийг хариуцагч Э.Э ээс, 50 хувь болох 75,920.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э ид холбогдох онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт 8,555,660.98 (найман сая таван зуун тавин таван мянга зургаан зуун жаран төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Э ээс 75,920.5 төгрөгийг, улсын орлогоос 75,920.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА