| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0005/э |
| Дугаар | 9 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 9
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уронгоо
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ут холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.У
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.У нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ...-ний хашаанаас автомашины 2 ширхэг дугуй хулгайлж 400,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Э.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Анх мөнгөний хэрэг гарчихаад Б ахаас дугуй авах хүн байна уу мэдээрэй гэж хэлсэн байсан. Хэд хоногийн дараа Б ах залгаад дугуй авах хүн байна. Чи ажил дээрээ очоод байж бай гэсэн. Шөнө 23 цагийн үед ажил дээрээ очоод манаачид би таньдаг ахдаа 2 дугуй сольж өгөөд явуулах гэсэн юм гэж хэлээд орсон. 2 дугуйг нь тайлж авчихаад нөгөө хүнээ ирэхээр нь 2 муу дугуйг нь тайлж авч хийгээд явсан гэсэн мэдүүлэг
Хохирогч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жолооч Н надад чиргүүлийн 2 дугуй сольж өг явах боломжгүй хоёр дугуй байна гэж хэлсэн... очоод үзтэл манайд тавигддаггүй марктай хээ нь ямар ч ажил үйлчилгээнд хэрэглэх боломжгүй тийм хоёр халзан дугуй байсан... Би Уыг дуудаад энэ ямар учиртай юм бэ гэж асуухад ийм л байсан ш дээ гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У жолооч ажил дээр ирээд ... удалгүй том оврын машины 2 ширхэг дугуй түрээд гараад явсан би өөрийнхөө машины дугуйг аваад явсан болохоор нь юм хэлэлгүй гаргаад явуулсан ...” гэсэн мэдүүлэг
Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У дугуй зармаар байна худалдаж авах хүн байна уу гэж хэлсэн юм... Би Пд хандаж манай нэг жолоочид дугуй байна аа та авах юм уу гэж хэлтэл би авъя гэж хэлсэн. Тэгээд би Ут авах хүн байна гэж хэлтэл за за би ажил дээр очоод дугуйгаа тайлаад байж байя гэж хэлсэн. П надад 2 муу дугуй байгаа чи энэ хоёр дугуйг ав тэгээд би наад хоёр дугуйг чинь аваад зөрүүг нь өгье гэж надад хэлэхээр нь би Ут хэлсэн...” гэсэн мэдүүлэг
Ашид билгүүн ХХК-ний ...дугаартай: “...Дугуй 2 ширхэг 400,000 төгрөг...” гэсэн үнэлгээ,
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25/
Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 26/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.У нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ...-ний хашаанаас автомашины 2 ширхэг дугуй хулгайлж 400,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч П.Б, гэрч Ц.Ва, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Э.Ут аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Ут холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Э.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч П.Б нь хавтаст хэргийн 13 дугаар талд”... ямар нэгэн гомдол санал байхгүй 2 дугуйгаа буцааж авсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Э.Уаас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Уын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН