| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2017/0004/З |
| Дугаар | 126/ШШ2017/0012 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 126/ШШ2017/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Б.О******** /РЭ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг хүчингүйд болгуулах, Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Л******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
НэхэмжлэгчБ.О******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр томилогдон ТЗ-7-5 шатлалаар цалинжин ажиллаж, ажил үүргээ алдаа зөрчилгүй хэвийн гүйцэтгэж байгаад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө, жирэмсний амралтаа авсан.
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний төрсөн эгч Б.Сосорбарам руу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Л******** залгаж Б.О********-ийг ирж уулз гэж хэлээч, утас нь болохгүй байна гэж хэлүүлсэн байсан. Би тухайн өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Л******** тэй очиж уулзахад тус газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 тоот тушаалыг надад танилцуулж чамайг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн, чи юу хиймээр байна гэж хэлсэн. Би тухайн тушаалтай танилцаад Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан. Улмаар төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/2653 тоот албан бичгээр надад хариу өгч хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.
Би хууль зөрчиж томилогдоогүй бөгөөд хууль зөрчин томилогдсон болон тухайн албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй тухай хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гараагүй, ажил олгогч намайг өөрийн үзэмжээр албан тушаал бууруулсанд гомдолтой. Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилөхдөө: Шүүхээс миний нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх явцад Б.С********-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Би Б.С********-г миний урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 тоот С********-р ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Б.С********-г миний урьд эрхэлж байсан ажилд томилсон тухай шийдвэрээ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар надад Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын хүрээнд мэдэгдээгүй бөгөөд би Б.С********-г Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэрийг шүүхийн шатанд олж мэдсэн.
Би Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жинхлэн томилогдсон бөгөөд энэхүү тушаал хууль ёсны эсэх талаар хуулийн хугацаанд хэн ч маргаагүй, энэ утгаараа миний эрх ашиг хуулийн хүчин төгөлдөр болж баталгаажсан.
Авилгатай тэмцэх газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох баримтад миний эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд шаардлага хангасан этгээдийг нэр дэвшүүлэн томилох тухай дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны байгууллага буюу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь сул ажлын байрныхаа захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн сонгон шалгаруулалт зарлуулж, тухайн сонгон шалгаруулалтаас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшиж ирсэн иргэнийг зарласан сул ажлын байранд томилох асуудлыг шийдвэрлэх тухай дурдсан байдаг.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/626 тоот албан бичгээр 2015-2017 оны Төрийн албаны салбар зөвлөлд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны захиалгыг ирүүлээгүй ба тус ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдаагүй болохыг шүүхэд мэдэгдсэн байна.
Тодруулбал, миний урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд Б.Сарантуяа сонгон шалгаруулалтад оролцоогүй, Б.С********-г тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн шийдвэр төрийн албаны зөвлөлөөс гараагүй болохыг нотолж байна.
Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар ч алдаа зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан тул урьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж тухайн ажлын байранд Төрийн албаны зөвлөлөөс хэн нэг иргэнийг нэр дэвшүүлэн, томилуулах хүртэл ажиллах хууль ёсны эрхтэй, холбогдох шалгаруулалтад оролцох, өрсөлдөх эрхийг маань урьдаас хэн ч хязгаарлаагүй гэж үзэж байна.
Д.Л******** дарга томилогдсоныхоо дараа намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халж, миний урьд эрхэлж байсан ажлыг Б.С********-р гүйцэтгүүлэхээр томилсон нь тухайн асуудалд өөрийн үзэмжээр хандаж, миний хууль ёсны итгэлийг хүндэтгэхгүй байгааг илэрхийлж байна.
Миний бие урьд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Энэхүү шаардлагаа Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах тухай гэж өөрчилж байна.
Иймд Б.С********-г миний урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд үндэслэлгүйгээр томилсон Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 тоот Б.С********-р ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалыг хүчингүйд тооцож, Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү. Б.О********-ийг анх ажилд томилсон 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 тоот тушаал нь хэний ч эрх ашгийг хөндөөгүй тушаал юм. Хариуцагч Б.О********-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тухайн албан тушаалын шаардлага хангахгүй болсон гэж тайлбарлаж байгаа. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг баримтлах ёстой байтал баримтлаагүй, өөр огт хамааралгүй заалт баримталсан бөгөөд энэхүү тушаалаа Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчид танилцуулаагүй. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөхийн өмнө албан ёсоор архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаагүй бөгөөд энэ тухай тушаал байхгүй.Б.О******** хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа эгэн орох талаар ажил олгогчид хандаагүй, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан тайлбартаа:Б.О******** нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байсан бөгөөд түүнийг ажилд томилсон томилгоо нь хууль зөрчсөн байсан. Үүнд:
1.Монгол Улсын Авилгатай тэмцэх газарт Б.О********-ийг тухайн ажлын байранд ажиллаж болох эсэх урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтын дагуу хянуулахаар явуулахдаа Б.О********-ийг ажилд томилохоос өмнө явуулах ёстой байхад ажилд томилсныхоо дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 20-нд явуулсан байсан бөгөөд үүний хариу нь 2015 оны 08 дугаар сарын 04-нд 05/5154 тоот албан бичгээр ирэхдээ нэр дэвшигч нь Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан аль нэг чиглэлийн мэргэжилтэй байх, төрийн албанд болон мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн ерөнхий шаардлага хангахгүй байгаа тул шаардлага хангасан этгээдийг томилохыг анхааруулсан хариу ирүүлсэн байсан.
Захиргаа удирдлагын хэлтсийн даргын орон тоог нийтэд зарлаж, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн бол уг ажлын байран дээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллуулах ёстой байтал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх заалтыг зөрчижБ.О******** нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй байхад дээрх ажлын байран дээр томилсон байсан. Б.О********-ийг төрийн албаны шалгалт өгсөн эсэх, нөөцөд байгаа эсэхийг www.csc.gov.mn хаягаар орж шалгахад Батчулуун овогтой Одончимэг гэсэн мэдээлэл гарч ирээгүй. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд энэ талаар хүсэлт явуулж тодруулахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй гэсэн хариу ирүүлсэн болно.
Захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлага нь:
Мэргэжлийн хувьд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн шаардлага тавьдаг бөгөөдБ.О******** нь компьютерийн программ хангамж, менежмент төрийн захиргаа мэргэжилтэй бөгөөд манайд энэ чиглэлийн мэргэжилтэй хүн гүйцэтгэх ямар нэгэн хяналт байхгүй болно. Манай байгууллагад холбоо, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн орон тоо байгаа боловч Цахилгаан холбоо, Радио холбоо, Электроникийн инженерийн мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байдаг. Энэ нь Б.О********-ийн мэргэжилтэй таарахгүй юм.
Туршлагын хувьд төрийн албанд болон мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавьдаг бөгөөдБ.О******** нь төрийн албанд ажиллаж байгаагүйгээс гадна нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлаар авч үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын байдлаар улсад 1 жил 6 сар ажилласан, төрд 6 сар ажилласан судалгаа гарч байсан. Иймд төрийн албанд болон мэргэжлээрээ ажилласан хугацаа нь ажлын байранд тавигдсан шаардлага хангахгүй тул Б.О********-ийг Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байж ажилд томилогдсон гэж үзсэн.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 10 сард ирсэн дотоод хяналтын шалгалтаар төрийн албаны шалгалт өгөөгүй, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй ажиллаж байсан ажилтнуудыг ажлаас чөлөөлөх үүрэг өгч, үүргийн биелэлтийг удаа дараа шаардаж байсан. ...Б.О******** нь 2016 оны 02 дугаар сард хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах чөлөө авсан бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албанд ажиллаж байгаагүй, манай байгууллагын хяналтын аль нэг чиглэлээр гурваас дээш жил ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тул төрийн жинхэнэ албанд ажиллах боломжгүй бөгөөд харин түүнийг гурав хүртэлх насны хүүхэдтэй байгааг харгалзан үзэж, ажлаас чөлөөлөлгүй төрийн үйлчилгээний буюу архивын ажилтнаар томилсон болно.
Харин ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах үед ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол шалгалтанд орох эрх нь нээлттэй ба эхний байранд шалгарч энэ ажлын байранд томилогдох боломжтой. Цалингийн сан хүрэхгүй, нийгмийн даатгалд их хэмжээний өртэй байгаа болохоор зарим ажлын байрыг бусдаар хавсруулан гүйцэтгэж байгаа тул Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа юм. Б.О********-ийг ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэж ажлаас өөрчлөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй гэж ажлаас өөрчилсөн юм.
Б.О********-ийг хүүхдээ асрах хугацаанд манай байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамааруулан төлж байгаа бөгөөд ажилдаа эргэн орсон тохиолдолд түүнийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллуулах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд хүүхдийг нь 3 нас хүртэл гэж тооцож, ажлын байраар хангаж, тушаал гаргасан тул Б.О********-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Б.О******** нь хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа эгэн орох талаар Мэргэжлийн хяналтын газарт хандаагүй байгаа гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяа би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байна.
Энэ ажлыг хийх болсон шалтгаан нь:
1.Санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж энэ албан тушаалыг орон тоогоор ажиллуулах боломжгүй байсан учраас хавсран гүйцэтгэ гэсэн үүргийг удирдлагаас өгсний дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд ихэнх аймгуудад олон жил ажилласан туршлагатай, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүд 2015 оноос энэ орон тоон дээр томилогдон ажилласан байгаа.
2.Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь мэргэжлээрээ таваас дээш ажилласан, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, эсвэл Мэргэжлийн хяналтын байгууллагад хяналтын аль нэг чиглэлийн ажилд гурав ба түүнээс дээш жил ажилласан, төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн буюу нөөцөд бүртгэгдсэн иргэн байх шаардлага ажлын байрны тодорхойлолтоор тавигдсаны дагуу энэ ажлын байран дээр хавсран гүйцэтгүүлэхээр томилогдсон.
3.Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар хавсран ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ... чиг үүргийг хүлээн ажилладаг.
4.Энэ албан тушаал аймгийн Мэргэжлийн хяналтын газарт анх бүтцээр батлагдахад ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаагүй бөгөөд Б.О********-ийн хувьд төрийн албаны шалгалт өгөөгүй, мөн Мэргэжлийн хяналтын байгууллагад хяналтын аль нэг чиглэлээр ажиллаж байгаагүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дотоод хяналтын шалгалтаар, мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгээр дээрх ажил албан тушаалд ажиллуулах шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсныг 2016 оны 5 дугаар сард энэ ажлыг хүлээж аваад бичиг баримтыг эмхэлж байхдаа харсан.
5.Дээрх албан тушаал нь маш их ачаалалтай, улсын байцаагч нарыг эрсдлийн удирдлага болон цахим хяналтанд удирдаж ажилладаг, тайлан мэдээ гаргаж, эрсдлийн үнэлгээ, цахим хяналтанд дүн шинжилгээ хийж ажилладаг тул манайд улсын байцаагчаар ажиллаж байгаа албан тушаалтан гүйцэтгэх боломжтой бөгөөд улсын байцаагчаар ажиллаж байгаагүй иргэн ажиллах нь ажлын зохион байгуулалтад хүндрэлтэй учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагууд нь өндөр байдаг.
Миний хувьд заавал энэ ажлын байранд ажиллах ёстой гэх зүйл байхгүй, өөр хяналтыг хариуцан ажилладаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн маш их ачаалалтай ажилладаг. Энэ ажлын байран дээр ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан ямар ч иргэн ажиллах нь нээлттэй гэж бодож байна. Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах, аль нэг ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх нь байгууллагын даргын эрх хэмжээний асуудал гэж бодож байна. гэжээ.
Шүүх хэргийн оролцогчид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Б.О********-ийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын сул орон тоонд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зарлалгүйгээр, төрийн албаны сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдээгүй, тухайн ажлын байрны ерөнхий шаардлагыг хангаагүй иргэн Б.О********-ийг шууд томилжээ. УлмаарБ.О******** нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан байна. Түүнийг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс архивын ажилтнаар түр томилжээ. Уг Б/18 дугаар тушаалдБ.О******** нь Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөлгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолыг зөрчин ТЗ-7-5 шатлал зэрэглэлээр цалинжиж байсан зэргийг дурджээ. Эдгээр үйл баримтууд хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд тухайн албан тушаалд ажиллах төрийн албан хаагч нь мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх, төрийн албанд болон мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлага тавигджээ.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар төрийн алба мэргэшсэн байх зарчимтай, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.
Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр зүтгэхэд орших бөгөөд ард түмэн мэргэшсэн, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, ур чадвартай албан хаагчаар үйлчлүүлэх эрхтэй. Төрийн албыг хэрэгжүүлж буй албан тушаалтан тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсролтой байх гэдэг нь зохих мэргэжлээр суралцаж мэргэжлийн боловсрол эзэмшсэн байх явдал юм. Харин ур чадвартай, мэргэшсэн байх гэдэг нь тухайн мэргэжлийн чиглэлээр тодорхой шалгуурыг давж, зохих хугацаанд ажиллаж, ур чадвар, дадал туршлага хуримтлуулсан байх явдлыг ойлгоно. Ийм ч учраас Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилтэй байх, төрийн албанд болон мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлага тавигдсан байна.
Гэтэл нэхэмжлэгчБ.О******** нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан аль нэг хяналтын чиглэлийн мэргэжилгүй ажээ. Энэ нь хэргийн материалд авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 214 дүгээр тушаал, түүний хавсралтууд, Б.О********-ийн мэргэжлийн дипломын хуулбарууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/897 тоот Б.О********-ийн эзэмшсэн мэргэжил нь ... мэргэжлийн хяналтын 26 чиглэлийн аль нэг чиглэлийн мэргэжилд хамаарахгүй байна гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна. ТүүнчлэнБ.О******** нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ерөнхий шаардлагыг хангаагүй болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.О********-ийг ажилд томилох тухай тушаалуудын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар сонгон шалгаруулалт зарлаагүй,Б.О******** төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний шалгаруулалтад орж, нөөцөд бүртгэгдээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4/307 тоот, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/626 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. Иймд Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллах ерөнхий шаардлагыг хангаагүй Б.О********-ийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг зөрчиж томилсон нь хууль бус байна.
Гэхдээ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/37 дугаар тушаал нь нэхэмжлэгч Б.О********-т эрх олгосон, түүнд эерэг үйлчлэл бүхий хууль бус захиргааны акт юм.
Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлүүдээр хүчингүй болгох ёстой боловч хуульд заасан эдгээр үндэслэлүүдийн аль нь ч тогтоогдохгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч Б.О********-ийн тухайн албан тушаалыг хашиж буй нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зэрэг хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх талаар хариуцагч маргаагүй. Маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг дурдаагүй ажээ. Иймд нэхэмжлэгчид эерэг үйлчлэл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчжээ.
Хариуцагч аймгийн Мэргэжлийн хяналтын газарБ.О******** тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөлгүйгээр томилогдсон гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлаж буй.
Б.О********-ийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчин төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нь хууль бус боловч энэ нь түүнийг ажлаас шууд чөлөөлөх, албан тушаал бууруулах үндэслэл болохгүй. Харин Б.О********-ийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрыг сул орон тоо гарсан үзэн орон тоог нөхүүлэхээр нийтэд зарлах эрх нь ажил олгогчид нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсанд тооцно. Энэ нь төрийн алба мэргэшсэн, чадварлаг байх зарчмыг хангаж буй хэрэг юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.О********-ийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б.С********-р ажил хавсран гүйцэтгүүлэх тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
Хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 дугаар тушаал зэргээс үзэхэд Б.С********-г Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохоор, 21.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтоохоор тус тус заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-д зааснаар
а/ эзгүй байгаа албан хаагчийн оронд
б/ сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэл хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ. Ингэхдээ албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн ажлаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлдэг. Энэ нь тухайн ажлын байранд байнга ажиллуулж байгаа хэрэг биш. Харин эзгүй буюу сул байгаа ажлын байрны чиг үүргийг түр хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Төрийн алба тасралтгүй үргэлжилж, ард түмэндээ үйлчлэх мөн чанартай тул эзгүй буюу сул албан тушаалын чиг үүргийг орхигдуулж болохгүй.
Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтооос үзэхэд уг албан тушаал нь мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад чухал шаардлагатай чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Б.О********-ийг Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус. Гэхдээ Захиргаа удирдлагын хэлтсийн даргын эзгүйд түүний албан үүргийг өөр албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй байна. НэхэмжлэгчБ.О******** 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэх жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ба ажилдаа эгэн орох талаар ажил олгогчид хандаагүй, өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. Иймд Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.С********-р түр орлон гүйцэтгүүлж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй. Хэрэв нэхэмжлэгчБ.О******** Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилдаа эгэн орох тухай хүсэлт гаргахад нь Б.С********-г уг албан тушаалд ажиллуулж байгаа гэсэн үндэслэлээр хариуцагч татгалзсан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас хөндөгдсөн гэж үзэх боломжтой.
Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаБ.О******** түр эзгүй байгаа, эсвэл ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөний аль нь болохоос үл хамаарч эзгүй буюу сул орон тоо гарсан албан тушаалын чиг үүргийг хэн нэгэн этгээд хэрэгжүүлэх ёстой. Иймд Б.С********-р Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгааг буруутгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, зөрчиж болзошгүй нөхцөлд л нэхэмжлэл хангагдах учиртай. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрын даргын төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал нэхэмжлэгч Б.О********-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б.С********-р ажил хавсран гүйцэтгүүлэх тухай Б/33 дугаар тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах шаардлагын тухайд
Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгална. НэхэмжлэгчБ.О******** жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авснаас хойш ажилдаа эгэн орох талаар ажил олгогчид хандаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогддог.
Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгчБ.О******** Мэргэжлийн хяналтын газарт хандан Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилдаа эгэн орох талаар хандаж байгаагүй тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзал байсан гэж үзэх боломжгүй.
Хариуцагч мэргэжлийн хяналтын газрын хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр гарсан талаар нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэлийн гуравдахь шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж байгаа болно.
Иймд Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Б.Сарантуяад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 48 дугаар зүйлийн 48.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг баримтлан Цогнууд Б.О******** нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Б.О********-ийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О********-т олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ