Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/358

 

 

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Мягмардорж,

хохирогч Б.Г,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Бд холбогдох эрүүгийн 2208030501929 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Оын Б, 1974 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч О.Б 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр - тоотод оршин суух иргэн Б.Гын Монгол гэрт нэвтэрч даваа толгойтой, мөнгөн нуухтай, алтан бүстэй, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, Цахир чулуун хөөрөг 1 ширхэг, “Отгонтэнгэр” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг, “Хар Чингис” нэртэй 0.75 литрийн 1 ширхэг архи, виски 1 ширхэг, бэлэн 400.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, нийт 5.982.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч О.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Бг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Бгаас 5.982.100 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Гт олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч түдгэлзсэн хариу авсан. Уг хэрэг нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарсан боловч би 2022 оны 8 дугаар сарын 31-нээс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ах Алтанбагана, Мөнгөнбагана, бэр Дэлгэрцэцэг, Түвшинтөгс, Нансалмаа, Наранханд нартай зурагтын хуучин эцэст очиж айлын муу усны нүх ухаж байгаад 18 цаг 00 минут өнгөрч байхад ах Алтанбаганынд бүгд ирсэн. Уг хэрэг гарсан айлын гэрийг огт мэдэхгүй, танихгүй, уулзаж байгаагүй болно. Миний бие байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт байнга очдог, зөрчилгүй байсан нь үнэн болно. Хэрэг гарсан газраас 3 хурууны хээ гарснаас 2 хурууны хээ тодорхойгүй. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд бүгдэд нь би хэргээ хүлээн зөвшөөрөхгүйг шүүхийн тогтоолд дурдагдаагүй байсан. Мөрдөн байцаагч намайг “хэргээ хүлээхгүй бол яаж ч чадна шүү” гэж сүрдүүлж, дарамталж байсан. Хурууны хээгээ дахин өөрийн биеэр шалгуулах хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй. Байцаалтын явцад нүх ухсан газрын эздээс мэдүүлэг аваагүй. Иймд тухайн үед байсан гэрчүүдээс үнэн зөв мэдүүлэг авч хэрэгт буруугүй гэдгийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв..

            Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортойгоор “2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би телевизэд айлын муу усны нүхийг өглөөний 8 цагаас эхлэн ухаж байгаад орой харуй бүрий болсон хойно дууссан” хэмээн мэдүүлдэг. Шүүгдэгчийн тус мэдүүлгийг хамтдаа муу усны нүх ухсан гэрч О.Алтанбагана гэрчилдэг ба анхан шатны шүүх хуралдаанд гэрчийг шүүх хуралдаанд оролцуулан дахин асуухад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч О.Бтай хамт айлд муу усны нүх ухсан талаар мэдүүлдэг болно. Харин хохирогч Б.Гын хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 13-17 цагийн хооронд эзгүйд нь хулгай орсон байдаг. Гэтэл шүүгдэгч О.Б нь тухайн цаг үед айлын муу усны нүх ухаж байсан. Нэг цагийн хугацаанд О.Б нь хоёр өөр газар байх боломжгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түрүүчийн хэргүүд нь илрээгүй өнгөрсөн байдаг. Сүүлийн хэрэг нь илэрсэн. Тусгай бүрэлдэхүүн ирж гарын хурууны хээг тодруулсан. Нүх ухсан гэдэг нь худлаа. Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад ирэхэд манайд хулгай орсон байсан. Гомдолтой байна. Гомдлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Давж заалдах гомдолд дурдсан асуудал нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яригдсан асуудал байна. Шүүгдэгчээс 9 дүгээр сарын 01-ний өдөр өөр газар ажил хийж байсан гэдэг боловч тухайн айлаа зааж өгч чадаггүй. Гэрч Алтанбагана гээд шүүгдэгчийн төрсөн ах нь мэдүүлэхдээ “8 дугаар сарын сүүлээр ажил хийж байсан. 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил хийсэн болохоо санахгүй байна” гэдэг боловч анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцоод мэдүүлэхдээ “9 дүгээр сарын 01-ний өдөр ажил хийсэн” гэж зөрүүтэй мэдүүлэг. Хавтас хэрэгт авагдсан криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр О.Бгийн гарын хурууны мөр илэрсэн гэж гарсан. Шинжээчээс “хүний гарын хурууны хээ давтагдашгүй” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Б 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр - тоотод оршин суух иргэн Б.Гын Монгол гэрт нэвтэрч даваа толгойтой, мөнгөн нуухтай, алтан бүстэй, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, Цахир чулуун хөөрөг 1 ширхэг, “Отгонтэнгэр” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг, “Хар Чингис” нэртэй 0.75 литрийн 1 ширхэг архи, виски 1 ширхэг, бэлэн 400.000 төгрөг зэргийг хууль бусаар авч, нийт 5.982.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээсээ ажилдаа гарсан. ...17 цагийн үед манай бэр Ц нь гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн. ...Гэртээ очиход гэрийн үүдний цоожийг эвдээд орчихсон байсан. Тухайн үед манай гэрээс миний эзэмшлийн үед дамжиж ирсэн, мөнгөн нуухтай, алтан бүстэй, дунд гарын халтар манан хөөрөг болон бэлэн 400.000 төгрөг, авдарт байсан “Отгонтэнгэр” нэртэй архи нэг ширхэг, “Хар Чингис” нэртэй архи нэг ширхэг, нэг шил архи зэрэг эд зүйл алдагдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн хөөргөө 100.000 төгрөгөөр үнэлнэ, бэлэн 400.000 төгрөг алдагдсан. Түүнээс гадна “Отгонтэнгэр” архи 0.75 литрийн архи нэг ширхэг болон “Хар Чингис” нэг ширхэг, нэг ширхэг вискийг алдсан бөгөөд тухайн эд зүйлсээ зах зээлийн үнээр нь үнэлнэ. ...” /хх 16,18/,

гэрч Д.Цгийн “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 11-39 тоот гэрээсээ 11 цаг 20 минутад гараад 17 цаг 30 минутад ирэхэд хулгайн орсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Гэрийн хаалга хаалттай эвдэрсэн зүйлгүй, цоож нь байхгүй болохоор нь дуудлага өгсөн. ...” /хх 24/,

шинжээч Э.Агийн “... “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Сансар 11-39 тоотод хулгай орсон” гэх бор шүүгээнээс 2, түүний хажууд байрлах цагаан шүүгээнээс 1 ширхэг гарын мөр илэрсэн бөгөөд нийт 3 ширхэг гарын мөр бэхжүүлэн авсан. Үүний дагуу шинжилгээ хийхэд гарын мөрийн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн гарын мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор Адис Папилон санд “2022-128-СХД2” гэж кодтой харьцуулан шинжилж үзэхэд бор шүүгээнээс авсан 2 дугаартай гарын мөр нь О.Бгийн зүүн гарын дунд хурууны хээтэй ... тохирч байсан бөгөөд тус байдлыг үндэслэж дүгнэлт гаргасан. Хүний гарын мөр нь ямар нэгэн байдлаар дахин давтагдахгүй, амьдралын хугацаанд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй. Тухайн хэргийн газраас ирүүлсэн 2 дугаартай гарын мөр нь паплиар шугамын эхлэл болон төгсгөл салаалалт нийлэлт гэсэн шинж тэмдгээрээ тохирч байсан. ...” /хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 11-39 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №2 дугаарын гарын мөр нь папилон санд MN00521000843, MN000230000412, MN000610015894 дугаараар санд 3 удаа бүртгэлтэй О овогтой Бгийн зүүн гарын дунд хурууны хээтэй тохирно. ...” гэсэн /хх 33-38/ 04/620 дугаар шинжээчийн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний баримт /хх 50/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хавтас хэрэгт, гэрч А.Түвшинтөгсийн “...2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10-18 тоотод байж байгаад 8 цаг 30 минутын үед Алтанбагана, Дэлгэрцэцэг, Нансалмаа, Б бид зурагтын хуучин эцэс дээр очиж айлын жорлонгийн нүхийг очиж ухаж байгаад 18 цаг өнгөрч байхад Алтанбаганын гэрт тавуулаа ирсэн. ...” гэсэн /хх 26/, гэрч О.Алтанбаганын “...2022 оны 8 билүү 9 сарын үед Б, манай эхнэр, дүү Мөнгөнбагана бид нар зурагтын тэнд айлын хашаанд 2 өдөр муу усны нүх ухсан, би харвалтын улмаас бараг юм санахгүй, баримжаа байхгүй болсон. ...” гэсэн /хх 20/ мэдүүлгүүд авагдсан ба эдгээр нь цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд зурагтын хуучин эцэст очиж айлын муу усны нүх ухаж байсан, нүх ухсан газрын эздээс мэдүүлэг аваагүй хэмээн гэм буруугийн асуудлаар маргадаг боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн04/620 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч Э.Агийн “хулгай орсон гэх бор шүүгээнээс авсан 2 дугаартай гарын мөр нь О.Бгийн зүүн гарын дунд хурууны хээтэй ... тохирч байсан. ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдоогүй ба шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Гын Монгол гэрт нэвтэрч, эд зүйлийг хууль бусаар авч, нийт 5.982.100 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Иймд шүүгдэгч О.Бгийн “...Миний бие уг гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн үед байсан гэрчүүдээс үнэн зөв мэдүүлэг авч хэрэгт буруугүй гэдгийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч А.Очбадралын “...Нэг цагийн хугацаанд О.Б нь хоёр өөр газар байх боломжгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хохирогч Б.Гт учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь шүүгдэгч О.Бг дарамтад оруулж, сүрдүүлэн хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байгааг дурдаж байна.

Шүүгдэгч О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ