| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0026/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч П.Ганбаатар,
Өсвөр насны шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ҮД: 4587/, хууль ёсны төлөөлөгч Х.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Занги овогт Аварзадын Намуунд холбогдох эрүүгийн 1709024790425 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгени” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 3 дугаар гудамжны 41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Занги овогт Аварзадын Намуун, /РД: УЦ:01231600/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын хойд талын автобусны буудлын орчим иргэн Б.Жамбалжаваас “Асер ай-5” маркийн зөөврийн комьютерийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Ны хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эцэг, эх хоёр нь өвчтэй гэртээ байдаг. Одооноос асран халамжлах үүргийг би хүлээж авч байгаа. Цаашид гэмт хэрэгт холбогдуулахгүй хараа хяналтандаа байлгана...” гэв.
Эрүүгийн 1709024790425 дугаартай хэргээс:
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр бүжгийн студийн найз Жамбалжаваас зөөврийн компьтерийг нь 2 хоног хэрэглээд өгье гэж аваад уг зөөврийн компьтерийг Модны 2-ын орчим байрлах ломбардад 700.000 төгрөгний барьцаанд тавиад мөнгөөр нь хоол унд авч идээд, 300.000 төгрөгийг нь Халиун гэх найз мөнгө зээлээч гэхээр нь зээлчихсэн юм. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Жамбалжаваас авсан зөөврийн компьютерийг 2 хоног хэрэглээд өгье, өдрийн 50.000 төгрөг өгье гэж аваад 880.000 төгрөгөөр ломбарданд тавьсан нь үнэн. Халиун намайг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, түүнтэй холбогдож чадахгүй байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17,19 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Жамбалжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...би өөрийн танил А.Н гэх хүнд 2017 оны намар "БСБ" худалдааны төвөөс 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан “Асер ай-5” маркийн зөөврийн компьютерээ өгөөд одоог хүртэл авч чадахгүй байна. А.Н нь надаас миний зөөврийн компьютерийг авахдаа 2 хоног хэрэглэх гэсэн юм, өдрийн 50.000 төгрөгийг танд өгье, 80 хуудас юм шивих хэрэгтэй байна гэж хэлээд надаас итгэл үнэмшил төрүүлж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Өргөө" амаржих газрын хойд талын автобусны буудал дээр уулзаад авсан юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Х.Хүдэрчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Аварзадын Намуун нь миний зээ дүү бөгөөд би Намууны төрсөн эх Хасбаатарын Чулуунцэцэгийн төрсөн ах нь байгаа юм. А.Ны хувьд маш олон төрлийн авьяастай, загвар өмсөх, драмын жүжиг тоглох, бүжиглэх зэрэг маш олон төрлийн авьяастай. Эцэг, эх хоёр нь өвчтэй гэртээ байдаг. Өмнө нь хэрэгт огт холбогдож байгаагүй, ээж нь мэдээд уйлж дуулаад хэцүү болохоор би өмнөөс нь явж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ:
“...”Асер” загварын нөүтбүүк – 1.200.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 6 дугаар хуудас/,
"Компьютер" барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 880.000 төгрөгийн барьцаанд тавьж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт 1.060.000 төгрөг төлж авсан баримт /хх-ийн 5 дугаар хуудас/, А.Ны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 25-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын хойд талын автобусны буудлын орчим иргэн Б.Жамбалжаваас “Асер ай-5” маркийн зөөврийн комьютерийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “80 хуудас материал шивэх гэсэн юм өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэж, 2 хоногийн хугацаагаар хэрэглүүлчих” гэж худал хэлж хуурч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгч А.Ны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Жамбалжавын мэдүүлэг, гэрч Х.Хүдэрчулууны мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, барьцаалан зээлдүүлсэн баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Өсвөр насны шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь хохирогчтой урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчоос “зөөврийн комьпютерийг нь хөлсөөр 2 хоног хэрэглээд өгье” гэж хуурч аван өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээс гадна тухайн эд хөрөнгийг барьцаат зээлийн газар барьцаалж мөнгө авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүх түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Нд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Н нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгч хор уршгийг арилгасан байх тул шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгэмд биеэ зөв авч дадал хэвшүүлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...А.Нд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж Эрүүгийн хуулийн 7.6, 8.6 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээж аваагүй болно.
Учир нь шүүх өсвөр насны шүүгдэгч А.Ныг хорих ял оногдуулахгүйгээр нийгэмшүүлэх боломжтойгоос гадна түүнд хорих ял оногдуулж тухайн ялыг хойшлуулах нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлнэ гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийг хэрэглээгүй болно.
Хэрэгт авагдсан хохирогч Б.Жамбалжаваас бичгээр гаргасан хүсэлтэд “Өөрийн нөүтбүүкээ 1 сарын дараа буцаан авсан. Одоогоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 33/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Занги овогт Аварзадын Намууныг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч А.Ныг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч А.Нд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэхь хэсэгт зааснаар түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Нд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН