| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 181/2020/0125/и |
| Дугаар | 01982 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 01982
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2020/01982 |
Ч.Б-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01788 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Бы хариуцагч “Ж.Т.К” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, автомашины урьдчилгаанд төлсөн 57 440 000 төгрөг, автомашинд хийсэн нэмэлт тоноглолын үнэ 14 210 000 төгрөг, нийт 71 650 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, түүний өмгөөлөгч Н.Норовсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд үйлдвэрлэгдсэн шинэ Ландкруйзер 200 маркийн автомашиныг “Таван богд” ХХК-аас 157 500 000 төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаанд 23 625 000 төгрөг төлж, үлдэх 133 875 000 төгрөгийг хариуцагч ББСБ-аас зээлхээр тохиролцсон. Талууд 2018 оны 05 сарын 30-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаатай, сарын 1,25 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хүүг сарын 1,5 хувиар тооцохоор гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Би наадмаар хөдөө салхинд гарахдаа байршил тогтоогчийг түр салгатал ББСБ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрт ирж гэрээгээ цуцалсан үндэслэлээр миний тээврийн хэрэгслийг авч явсан. Фидуцийн гэрээний 2.6-д зааснаар өмчлөлдөө байгаа өөрийн автомашины бүрэн, бүтэн байдлыг би өөрөө хариуцах, харин ББСБ хяналт тавих үүрэгтэй юм. Байршил тогтоогч суурилуулсны гол зорилго нь Фидуцийн гэрээний 2.7-д зааснаар автомашинд аваар, осол учрах, барьцаа хөрөнгийг худалдах, захиран зарцуулах буюу зөвшөөрөлгүйгээр барьцаалах зэрэг шалтгаанаар ББСБ ямар нэг алдагдалд орох эрсдлээс хамгаалж хяналт тавих юм. Гэтэл миний автомашиныг зөвхөн байршил тогтоогчийг салгасан үндэслэлээр хураан авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин гэрээний 6.1.8-д ББСБ-аас автомашины ашиглалтыг хянах төхөөрөмжийг салгасан, түүний хэвийн үйл ажиллагаанд нь саад учруулсан бол гэрээг ББСБ-ын санаачилгаар цуцалж болохоор заасан байна. Байршил тогтоогчийг түр салгасан миний үйлдэл ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна. Миний бие 2019 оны 7 сараас хойш хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй олон удаа уулзаж гэрээг үргэлжлүүлэх санал тавьсан боловч автомашиныг бусдад борлуулахаар зар тавьсан байсан. Миний машин дотор олон эд зүйл байсан бөгөөд хариуцагч эд хөрөнгийг минь буцаан өгөөгүй болно. Түүнчлэн, зээлийн гэрээний 3.1.10-т автомашины даатгалын гэрээг сунгаагүй, шинэчлээгүй тохиолдолд сунгах, шинэчлэх хугацаанд автомашины хөдөлгүүрийг унтрааж, зээлийн гэрээг хүчингүй болсонд тооцохоор заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Капитал континент инвестмент ББСБ” ХХК нь дээрх зээлийг автомашин худалдан авсан “Таван богд” ХХК-руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний 1.3.3-т зээлийн төлбөрт үндсэн зээл, хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, бас нэмэгдүүлсэн хүү багтана гэжээ. Зүй нь ББСБ нь зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд төлөх хүүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй байхад гэрээний 1.3.4 дэх заалтаар хугацаа хэтрүүлсэн хүүг зээлээ төлөөгүй, эсхүл гэрээ цуцлагдсан бол зээлийн үлдэгдэл төлбөрөөс сарын 1,5 хувиар тооцохоор байна. Зээлийн гэрээний хугацаанд би нийт 33 815 000 төгрөг төлсөн буюу үүргээ зохих есоор гүйцэтгэж явсан ба энэ хугацаанд төлсөн төлбөрөөс 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хүүнээс тооцон авах эрхтэй байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн хүүний төлбөр гэж зээлийн үнийн дүнгээс 1,5 хувиар тооцжээ. Нөгөөтэйгүүр зээлийн үндсэн хүүг сарын 1,25 хувиар тохиролцсон атлаа, хуульд заагаагүй хугацаа хэтрүүлсэн хүүг үндсэн хүүнээс их буюу 1,5 хувиар тооцохоор байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь байгуулагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус байхаар заасан байна. Иймд талуудын хооронд 2018.05.30-ны өдөр байгуулагдсан ЗГМ18/38 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 56.5-д хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар миний автомашины урьдчилгаанд болон ББСБ-д төлсөн /23,650,000+ 33,815,000/ нийт 57,440,000 төгрөгийг автомашинд байсан хувийн зүйлс бол хөрөнгийн хамт буцаан гаргуулж өгнө үү. Мөн тухайн автомашинд би нэмэлт тоноглол, гоёл, хамгаалалтын хуулга зэргийг худалдан авч нийт 14,210,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар гаргуулж өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, харин гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах шаардлагаасаа татгалзаж анхны шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Нэхэмжлэгч Ч.Б нь тус компанитай 2018 оны 05-р сарын 30-ний өдөр ГЗГМ18/38 тоот Зээлийн гэрээ байгуулж 133,875,000 төгрөг зээлсэн ба мөн өдөр тус ззэлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож №ФГМ18/38 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэвч Ч.Б нь 2019 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 01 capд 23 хоног хэтрэлт, 2019 оны 03 capд 26 хоног хэтрэлт, 2019 оны 05 capд 93 хоног хэтрэлт, 2019 оны 08 capд 66 хоног хэтрүүлэн зөрчиж, гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчлийг гаргасаар ирсэн. Гэрээний үүргийн зөрчлийг арилгуулах, эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлөлтийг хийхийг тогтмол амаар, утсаар анхааруулж, албан бичгээр шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан боловч үр дүн гараагүй. Иймд 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн М19/29 тоот мэдэгдлээр үүргийн зөрчил арилгах хугацаа олгож, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг хураах тухай мэдэгдсэн. Гэвч Ч.Бы зүгээс гэрээний үүргийн зөрчлийг арилгаагүй хууль болон гэрээнд заасан үндэслэл журмын дагуу зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар Фидуцийн гэрээний дагуу “Ж.Т.К ББСБ” ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг 2019 оны 10 сарын 09-ний өглөө нэхэмжлэгчийн оршин суух орон сууцны В1 давхрын гаражнаас Ч.Б болон хөндлөнгийн гуравдагч этгээдийг байлцуулан хураан авсан. Барьцааны автомашиныг хураан авах үед хувийн эд зүйлээ хүлээн авахыг шаардсан боловч Ч.Б нь өөрийн хувийн эд зүйлийг хүлээн авах болон хураан авсан актуудад гарын үсэг зурахаас татгалзсан. Мөн эд зүйлээ авах албан ёсны шаардлагыг ирүүлсэн боловч хүлээж аваагүй. Түүнчлэн Ч.Б нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр автомашинд гадна засвар, чимэг тоноглол хийх замаар өмчлөгчийн эд зүйлийн хийц, хэлбэр төрхийг өөрчлөн гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс гадна зээлийн гэрээ, Фидуцийн гэрээнд заасан автомашины GPS-ийг салгаж болохгүй талаарх үүргийн зөрчлүүдийг гаргасан. Дээрх №ГЗГМ 18/38 тоот Зээлийн гэрээ болон №ФГМ 18/38 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд болно. Зээлдэгч нь зээлийн гэрээг цуцлах гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан нь тодорхой байсан ба гэрээ цуцлах, барьцаа хөрөнгийг хураан авах ажиллагаа гэрээ болон хуульд заасан журмын дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.5, 56.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Ж.Т.К ББСБ ХХК-ний хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ЗГМ18/38 тоот зээлийн гэрээ, 2018 оны 05 сарын 30-ний өдрийн ФГМ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ж.Т.К ББСБ-аас 66,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 744,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т.К ББСБ ХХК-иас 488,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн хүү гэж хуульд заагаагүй хүүг гэрээнд тусгасан байна гэж нэхэмжлэлд дурдахдаа нийт төлсөн эргэн төлөлтийн төлбөрөөс хуульд заагаагүй хэмжээгээр ийм хэмжээний хүүг илүү төлүүлсэн гэх тооцоолол, баримт гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд гэрээг байгуулсан. Гэрээний нэр томъёоны хувьд хугацаа хэтрүүлсэн хүү гэж хуульд заасан нэршлээс арай өөрөөр орсноос биш, бодит хүүгийн тооцоолол, суутгал нь хуульд заасан хэмжээнд байсан. Зээлийн гэрээний 3.1.8-д заасан барьцаа хөрөнгийг хянах, эрсдэлээс хамгаалах зорилготой зохицуулалт нь гэрээний стандарт нөхцөлд бүрэн нийцсэн, талуудын харилцан тохиролцооны үндсэн дээр тусгагдсан гэрээний зохицуулалт атал, анхан шатны шүүх гэрээний үүргийн зөрчил, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нөхцөл бүрийг бүгдийг хуульд нэг бүрчлэн тусгагдсан байдаг мэтээр буруу тайлбарлаж, алдаа гаргасан. Анхан шатны шүүх ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх заалтыг хэрэглэх ёсгүй бөгөөд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь зээл олгосон ББСБ болон зээл авсан иргэн хоорондоо тухайн зээлийн гэрээний харилцаан дээр маргаж буй тохиолдолд яг юуг нь үйл ажиллагааны зорилгоо зөрчиж хэлцэл байгуулсан гэж дүгнэсэн нь туйлын тодорхойгүй. Ийм тодорхой бус дүгнэлт дээр үндэслэж гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй. Шүүхээс “барьцаа автомашинд суулгасан СРЗ-ыг салгасан үндэслэлээр гэрээ цуцалсан” гэсэн зээлдэгч Ч.Бы өөрийнх нэхэмжлэлдээ дурдсан байсан тайлбарыг хариуцагч ярьж хэлсэн мэтээр шийдвэрт тусгаж, хэргийн нөхцөл байдал, үйл баримт, талуудын тайлбар, нотолгоог бүрэн бус, бүр бодит байдалд үл нийцэх, худлаар бичиж, маш том алдаа гаргасан. Зээлийн төлбөрөө төлөлгүй 90 хоног хэтрүүлж байсан нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцсон бол хуулийн 56.5-т заасан үр дагавар нь зээлдэгч зээлсэн мөнгөө зээлдүүлэгчид буцаан өгөх үр дагавар үүсэх нь маш тодорхой байтал, зөвхөн зээлдэгчээс зээлдүүлэгчид төлсөн зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг гаргуулах шийдвэр гаргасан нь Иргэний хуульд заасан гэрээний эрх зүй, тэр дундаа хэлцлийг хэрхэн хүчин төгөлдөр бусад тооцох, үүний үр дагавар нь тухайн төрлийн гэрээн дээр хэрхэн илрэх ёстой талаарх хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж, хэрэглэсэн. Мөн, нэхэмжлэгч Ч.Б болон Таванбогд ХХК нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу Ч.Баас Ландкрузер-200 маркийн автомашины урьдчилгаа төлбөрт худалдагч Таванбогд ХХК-руу төлсөн 23 265 000 төгрөгийг автомашин худалдан авах гэрээний харилцаанд огт хамааралгүй “Ж.Т.К ББСБ” ХХК-аас гаргуулах шийдвэр гаргаж, Иргэний хууль, хувийн эрх зүйн суурь зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ландкрузер-200 маркын автомашинд өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн хийсэн нэмэлт тоноглолын зардлыг хаанаас, хэн үйлдсэн нь эргэлзээтэй, бодит зардлын баримт гэхэд туйлын асуудалтай зүйлс дээр үндэслэн, талуудын хоорондын гэрээний эрх зүй, гэрээний үндсэн дээр үүсэх үүргийн эрх зүйн маргаан шийдвэрлэж буй атлаа хуульд заасан үүргийн эрх зүйн зохицуулалт болох “үндэслэлгүй хөрөнгөжих” гэдэг үндэслэлээр нэмэлт тоноглолын зардлыг гаргуулна гэж аман байдлаар шийдвэр гаргаж иргэний хууль дах үүргийн эрх зүйн үндсэн ойлголт хооронд хольж, тэдгээрийн хэрэглэх нөхцөлийг эрс үгүйсгэсэн дүгнэлт хийсэн. Тийм мөртлөө, бичгээр гаргасан шийдвэртээ энэ талаар огт дурдалгүй, нэмэлт тоноглолын зардал гэгдэх төлбөрийг юунд үндэслэж хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргасан тайлбар байтугай, үндэслэл болгох хуулийн зүйл заалт ч тавиагүй алдаатай шийдвэр гаргасан байна. Үүгээр зогсохгүй, “Таванбогд” ХХК-руу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 23 625 000 төгрөгийн талаар огт дурдалгүй, зөвхөн зээлийн эргэн төлөлт 33 815 000 төгрөгийг төлүүлэх гэх дүгнэлт хийж байсан боловч, бичгээр гаргасан шийдвэр дээрээ хариуцагч талд хамааралгүй, Ч.Б болон “Таванбогд” ХХК-ийн хоорондын худалдах, худалдах гэрээнд заасан автомашины урьдчилгаа төлбөрийг хариуцагчаар төлүүлэх шийдвэр нь хууль ёсыг шууд үгүйсгэсэн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “Ж.Т.К ББСБ” ХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцож, автомашины урьдчилгаа болон зээл төлсөн 57 440 000 төгрөг, Ландкрузейр 200 машинд хийсэн нэмэлт тоноглолын төлбөр 14 210 000 төгрөг, нийт 71 650 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр №ЗГМ18/38 тоот зээлийн гэрээ, №ФГ18/38 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж, 133 875 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 1,25 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хүү сарын 1,5 хувь, зээлийн зориулалт нь автомашины зээл байхаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон Фидуцийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 1-4, 56-57, 59-63 дугаар тал/
Хариуцагч нь 2019 оны 2 сарын 28-ны өдөр “Капитал континент Инвестмент ББСБ” ХХК гэх оноосон нэрээ “Ж.Т.К ББСБ” ХХК болгон өөрчилж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна./хх42,58/
Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй учир хариуцагчийн зүгээс Ландкруйзер 200 маркийн суудлын автомашиныг зээлийн гэрээний төлбөрт тооцох үед зээлдэгч 119 611 046.18 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан, зээлийн гэрээний үүрэгт 38 815 000 төгрөгийг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын баримт зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-68/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.
Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 2.1.4-т нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцсон гэж тайлбарласан боловч талууд хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой ойлгомжтой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Хугацаа хэтрүүлсэн хүү: жилийн 18.00% /сарын 1.5%” гэж заасан нь талууд хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтэрсэн зээлийн хүүг төлөхөөр хуульд нийцүүлэн тохиролцсон гэж үзэх боломжгүй. Стандарт нөхцөл бүхий гэрээнд ийнхүү тодорхой бус заалт оруулсанд нэхэмжлэгч буюу зээлдэгчийг буруутгах боломжгүй. Үндсэн хүүгийн хэмжээ сарын 1.25 хувь байхад хугацаа хэтрүүлсэн хүү 1.5 хувь гэж заасан нь дээрх хуулийн заалт зөрчиж байгуулсан хэлцэлд хамаарна.
Мөн Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах учиртай.
Хэдийгээр хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсний хүү нь жилийн 18.00 хувь байна гэдэг заалтыг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хамтатган нийлүүлж тогтоосон гэх агуулгаар тайлбарлах боловч гэрээний 2.1.4 дэх заалтыг аж ахуй эрхлэгч этгээд иргэнтэй байгуулж байгаа гэрээнд уг нөхцөлийг шууд ойлгогдохоор заагдсан гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх дээрх заалт нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Дээрх үндэслэлээр зээлдүүлэгч хуульд заасан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна. /хх-59-61/ Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.
Зээлийн гэрээний хүчин төгөлдөр бус дээрх заалтын дагуу буюу хэтэрсэн хугацааны хүүнд нэхэмжлэгчийн зүгээс зээлдүүлэгчид төлсөн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасантай нийцнэ.
Харин зээлдэгч, зээлдүүлэгч нар гэрээний гол нөхцөл болсон зээлэх мөнгөний хэмжээ, авсан зээлийг төлөх үүрэг, зээлийн гэрээний хариу төлбөр буюу үндсэн хүүг харилцан тохиролцон талууд гарын үсэг зурсан тул бусад хэсгээр гэрээ хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулиар гэрээний зарим хэсгийн заалт хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байгаа нь уг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй.
Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь буруу бөгөөд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч хүчин төгөлдөр зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл хүү төлнө гэж тохирсон, үүний дагуу төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан авахаар шаардах эрхгүй. Зээлийн гэрээний зарим заалт нь хууль зөрчсөн байгаа нь талууд хүсэл зоригоо илэрхийлэн тодорхой эрх үүргийг хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх, гэрээний дагуу өгсөн бүх мөнгөө буцааж авах үндэслэл болохгүй.
Зээлдэгчийн хувьд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх учиртай. Хариуцагч нь зээлийн гэрээний зөрчлийн улмаас фидуцийн гэрээний зүйлийг /машины үнэ 155 000 000 төгрөг/ үүргийн гүйцэтгэлд тооцож авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй.
Ийнхүү Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх гэрээ дуусгавар болж, зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 119 611 046.18 төгрөг фидуцийн зүйлээр төлөгдөж дуусна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь 01-06 УБР улсын дугаар бүхий Ландкрузейр 200 маркийн автомашиныг эзэмших, ашиглах явцдаа засан сайжруулалт хийж, хаалганы доторлогооны 280 000 төгрөг, хос хормой, гишгүүр, спойлерийн 2 150 000 төгрөг, Xpel хальс 6 000 000 төгрөг, 3D шалавчийн 280 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, “Икспел монголиа” ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдсон. Хариуцагч дээрх нөхцөл байдлыг баримтаар няцаагаагүй байна./хх25,26,28/ Эдгээрээс хаалганы доторлогоо, хос хормой, гишгүүр, спойлерийн, Xpel хальс зэргийн үнийг гаргуулна.
Учир нь дээрх автомашины хувьд нэхэмжлэгч нь шударга эзэмшигч байсан, уг автомашин хариуцагчийн эзэмшил, өмчлөлд бүрэн шилжсэн тул салгаж үл болох засан сайржуулалтын үнийг шаардах эрхтэй болно. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дах хэсэгт “Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. Харин 3D шалавчийг нэхэмжлэгч автомашинаас салган авах боломжтой тул түүний үнэ 280 000 төгрөгийг хангах үндэслэлгүй. Уг шалавчаа хариуцагчаас шаардаж авах нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэж фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангагдахгүй юм.
Нэхэмжлэгч Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Таван богд” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа болгон 23 625 000 төгрөгийг худалдагч болох “Таван богд” ХХК-д төлсөн байхад хариуцагч байгууллагад шилжүүлсэн мөнгө гэж үзэн гаргуулах үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг тогтоохдоо Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой болно.
Иймд Зээлийн гэрээний 2.14 дэх заалтыг хүчин төгөлбөр бус хэлцэлд тооцож, хариуцагчаас зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох 14 065 595 төгрөг, засан сайжруулалтын үнэ 8 430 000 төгрөг, нийт 22 495 595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыны зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ж.Т.К ББСБ” ХХК болон Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ЗГМ18/38 тоот “Зээлийн гэрээ”-ний 2.14 дах хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “Ж.Т.К ББСБ” ХХК-аас 22 495 595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ЗГМ18/38 тоот Зээлийн гэрээний бусад хэсгийг болон 2018 оны 05 сарын 30-ны өдрийн ФГМ18/38 тоот “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 49 154 405 төгрөгт холбогдох нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “488 700” гэснийг “270 428” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Б.НАРМАНДАХ