Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

     2023      03          01                                           226/ДШМ/00011

 

 

Н.Н, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал,

Хохирогч Б.Б, Т.Т, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ц.Д, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Н, Э.Т нарт холбогдох эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Т, 1984 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий  аймагт оршин суух, ял шийтгэлгүй

 

Н.Н, 1979 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Хэнтий аймагт оршин суух, ял шийтгэлгүй

Э.Т, Н.Н нар нь бүлэглэн машин механизм буюу “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут" гэх газраас Д.Т-ийн эзэмшлийн 1.100.000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуя дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, Ж.Б-н эзэмшлийн 1.300.000 төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1.250.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг хулгайлж нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 3.300.000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг хулгайлж нийт 13.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас хохирогч Б.Ц-ны эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг уналга буюу халиун зүстэй морь унаж, улмаар бугуйлдан барьж хулгайлан, хохирогч Б.Ц-д нийт 4.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс   Н.Н, Э.Т нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Н.Н, Э.Т нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т, Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбар, дүгнэлтдээ: “...Э.Т, Н.Н нар нь бүлэглэн машин механизм ашиглан 4 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Б, С.О, Ш.О, Ж.Б, Б.Б
нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Н, Э.Т, гэрч Ш.О, С.О нарын дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон.  Мөн өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н нь Э.Т-тай бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багийн засгийн даргын албан бичгээр Н.Н нь 2022 оны мал тооллогоор мал тоолуулаагүй, А дансгүй үнэн гэх болохыг тодорхойлсон
юм.  

Тус аймгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга иргэн Д.Т, Ц.Д, С.Б, Б.Ц нарын гаргасан өргөдлийг мөрдөгч П.Буянтогтох, Б.Тэмүүжин нарт “Бүртгэлд оруулж, шуурхай шалгаж шийдвэрлэ” гэж тус тус албаны дарга цохолт хийж, мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй ба хуулийн шаардлагад нийцсэн байна.

Мөрдөгч Г.Ганхуяг, Н.Номинтунгалаг, Б.Тэмүүжин, П.Буянтогтох нар нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т "шаардлагатай гэж үзвэл” тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх" гэж хуульчилсны дагуу албаны даргын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгч П.Буянтогтох, Б.Тэмүүжин нарт, мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгч Ганхуяг, Номинтунгалаг нарт тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан тогтоол гаргасан юм.

Харин Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргад эрх болгосон заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” гэсэн заалтыг Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын үүрэг хэмээн тайлбарлаж процессын эрх зүйг хэрэглэж байгаа нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад шүүхийн цагаатгах тогтоолд “эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” зохицуулагдсан бөгөөд цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад  эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй ба Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хураан авч мөн өдөр мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураагдсан 121.600 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна. Мөн 7 дахь заалтад “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж
аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай” гэж заасан боловч цагаатгах тогтоолыг тус аймгийн прокурорын газарт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн нь шүүх хуралдаан болсноос хойш 23 хоногийн дараа ирүүлж 8 хоног хэтрүүлжээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзлээ. Учир нь тус хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасны дагуу танилцуулснаар прокурорын зүгээс тэмдэглэл нь шүүх хуралдааны явц байдалтай зөрүүтэй тохиолдолд мөн хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “5 хоногийн дотор засвар оруулах” эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Хэргийн материалд авагдсан нотлох баримт, түүнээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, бүхэлд нь үнэлээгүй, 4 удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан  үйл баримтыг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагаатгаж шийдвэрлэсэн атлаа эрүүгийн 2239000000005 дугаартай хэргийг Аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэлд хамаарч байна.

 

Иймд тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/01 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

Хохирогч Б.Б нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Н.Н, Э.Т нар нь хүрэн буурал морины төлбөрт өгөх  10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй. Миний морь сумынхаа наадамд түрүүлж, бүсийн наадам болон Сэцэн хааны наадамд айрагдсан морь байсан. Надад шүүгдэгч Б.Т хэлэхдээ “...Н ачиж ирсэн. Ах нь дүүгийнхээ морийг таньсангүй, ахынх нь буруу..” гэж хэлсэн. Миний морийг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн. Өнөөдөр морь маань байсан бол миний амжилтыг ахиулах байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдолтой байна.” гэв. 

                

Хохирогч Ц.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Н.Н, Э.Т нар нь хоёр үхрийн төлбөрт өгөх 2.700.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №1 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн
хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан гэм буруугүйд тооцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт болон зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.

 

Тус хэрэгт шүүгдэгч нарыг яллах хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хууль зөрчсөн байгаа учир хүний эрхийг дээдлэх зарчмын дагуу эргэлзээтэй нотлох баримтаар яллах эрхийг бидэнд олгоогүй. Эргэлзээтэй нотлох баримт байсан учир анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй эргэлзээтэй нотлох баримт байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Хэргийн газрын үзлэг хийхдээ О гэх Хийдийн сууринд байдаг 21 настай залууг гэрчээр оруулсан. Дараа нь үүнийг залруул гэхэд Өмнөдэлгэр сумын Очирпүрэв гэх өөр хүнийг хэргийн газрын үзлэгт оролцуулсан гэх зэрэг эргэлзээтэй баримтуудыг бүрдүүлсэн.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 115 метр уяаг шүүгдэгч Э.Таас хурааж авсан хэмээн тэмдэглэл үйлдсэн боловч ийм ажиллагаа огт болоогүй гэдгийг Т миний хажууд хэлж байсан учир гарын үсэг зурахгүйгээр ийм уяа хураалгаагүй гэж бичсэн.

Таниулах ажиллагаа тэмдэглэл үйлдэхгүйгээр байцаалт дээр таниулсан гэдэг. Б.Ц-ы 3 үхрийг гар утсаар зургийг нь аваад фейсбүүк мессенжерээр явуулсан гэж байгаа юм. Гар утсаар авсан зургаар таниулах ажиллагаа хийх асуудал байж болох эсэх энэ мэтчилэн хэрэгт ач холбогдол бүхий тухайн хэргийг бүрэн дүүрэн нотолж чадах хэмжээний баримтуудыг өнөөдрийн байдлаар хуулийн дагуу гаргаж ирж чадаагүй юм.

 

Хохирогч нарын эхнэрүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг нөхрүүдийнх нь өгсөн мэдүүлэгтэй нэг цаг хугацаанд, нэг өдөр яг ижилхэн, үг үсгийн зөрүүгүй байсан. Үүнийг шүүх анзаарсан учир эдгээрийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн. Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тэр болгон хэлж чадаагүй. Хохирогч Д.Т-гийн адуутай цуг байсан адуу алдагдсан байна гэж хэлдэг. Гэтэл энэ нь эх сурвалж нь тодорхой биш.

 

Хэрэг хүлээх, хүлээхгүй байх нь хувь хүний субьектив эрхийн асуудал. Хэргээ хүлээж байгаа нь үндэслэлтэй эсэхийг шалгах шаардлагатай. Мөрдөгч Батжаргал П.Буянтогтох, Батхүү нар “хэргээ хүлээгээд хөтөлбөргүй тогтоогдсон, хэрэг нотлогдсон хүрээд ир гэж хэлсэн” тухай ярьдаг. Ийм эрх мөрдөгч, түүний ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, шүүгчид хэнд нь ч энэ эрхийг олгоогүй.

Прокурорын эсэргүүцэлд энэ гэмт хэрэг С.Б гэх мал худалдаж авдаг ченжийн мэдүүлэг, картаар мөнгө шилжүүлэн авсан С.О-ын мэдүүлэг, шүүгдэгчийн эхнэр Ш.О-ийн мэдүүлэг, гэрч Ж.Б, Б.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дурдсан. Шүүгдэгч Э.Т-ын эхнэр “...Ш.О-ийн дансаар мөнгө орж ирсэн нь үнэн...” гэж мэдүүлсэн гэх боловч хувь хүний дансаар ямар ч орлого орж болох юм. 3 үхрийн махыг энэ нь Ц.Д-ын үхрийн мах, энэ нь Б.Ц-ы үхрийн мах байна гэдгийг хэн ч тогтоож өгөөгүй, таамгаар энэ баримтыг бүрдүүлсэн. Иймд энэ нь яллах нотлох баримт биш Эдгээр хүмүүсийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг тал дээр прокурор бүрэн дүүрэн итгэлтэй бус байжээ гэсэн эргэлзээ төрүүлсэн учир шүүх цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хүчингүй болсон заалтаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй. Иймд хохирогч нарын давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв. 

 

Хохирогч Т.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Хүнд нэг адуу ч байсан тухайн хүний өмч нь байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв. 

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Н, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын прокурор Б.Нарангэрэлийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ц.Д, Б.Б нарын давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Н.Н, Б.Т нарын бүлэглэн машин механизм ашиглан 4 удаагийн үйлдлээр  бусдын малыг хулгайлсан үйлдлүүдийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн үндэслэлээр Н.Н, Б.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Н.Н, Б.Т нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хангалттай  хийгээгүй байна.

 

Хэн гэдэг мөрдөгчийн  цуглуулж бэхжүүлсэн ямар ямар нотлох баримтуудыг шүүх хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүгдэгч тус бүрээр тогтоох боломжгүй байдал нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч бүрийг цагаатгах үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар  хянаж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх зэргээр нотлох ажиллагааны журмыг баримтлан үнэлээгүй гэж Давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар  зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар  “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын эсэргүүцэл, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлууд, оролцогчдын тайлбар, хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/01 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Б.ДЭНСМАА