| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00344/И |
| Дугаар | 147/ШШ2024/00323 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 147/ШШ2024/00323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... баг, .... гудамжны .... тоотод оршин суух, утасны дугаар ....., ******* овогт ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбөяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сараас 1992 оны 05 сар хүртэл зөөврийн флюро аппаратын рентген техникчээр ажиллаж байсан. Миний ажлын онцлог флюро аппаратаар хөдөө орон нутагт цээжний рентген зураг авдаг байсан. Мөн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтээр Хэнтий аймгийн сумд, аймгийнхаа бүх сумдаар жилд 1-2 удаа тойрон явж үзлэг хийдэг байсан ба сүрьеэгийн их эмч *******, жолооч *******, лаборант ******* гэх мэт хүмүүстэй хамтран ажилладаг байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг нь төв архив болон нэгдсэн эмнэлгийн архиваас олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа баталгаажуул гэсэн юм. Иймд намайг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сараас 1992 оны 05 сар хүртэл рентген техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн нэгдсэн больницын даргын 1989 оны 07 сарын 18-ны өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 514 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 11/281 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 522 дугаартай тодорхойлолт, фото зургууд, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сараас 1992 оны 05 сар хүртэл зөөврийн флюро аппаратын рентген техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал зөөврийн флюро аппаратын рентген техникчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн “...Миний бие Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сараас 1992 оны 05 сар хүртэл зөөврийн флюро аппаратын рентген техникчээр ажиллаж байсан. Гэтэл тухайн ажиллаж байсан үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг нь төв архив болон Нэгдсэн эмнэлгийн архиваас олдохгүй байгаа тул эдгээр ажилласан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм” гэх тайлбар, Сүхбаатар аймгийн нэгдсэн больницын даргын 1989 оны 07 сарын 18-ны өдрийн 74 дугаартай “******* ийг рентген техникчээр авч ажиллуулах” тухай гэх тушаалын хуулбар,
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989-1992 онуудад рентген техникчээр ажиллаж байсан. ******* нь эмч нарынхаа хамт хөдөө сумдаар цээжний жижиг зураг авч явдаг байсан. ******* нь 1992 онд цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1981-2011 он хүртэл ээлжийн сувилагчаар тасралтгүй 30 жил ажиллаж байсан учраас Г.******* ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Эхний зурагны баруун гар талаасаа 3-т зогсож байгаа нь ******* байна, 5-т зогсож байгаа нь миний бие байна. Энэ зургийг хэдэн онд авахуулсанг нь сайн санахгүй байна. Тухайн үед урлагын үзлэгийн үед авахуулсан зураг байна. 2 дахь зурган дээр баруун гар талаасаа 2-т сууж байгаа шанз хөгжим тоглож байгаа нь ******* байна.” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “..******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989-1992 оныг дуустал рентген техникчээр ажиллаж байсан. ******* тасаг нь нийтдээ 50-иад ажилчидтай байсан. Рентген техникчээр хоёр хүн ажилладаг байсан түүний нэг нь ******* юм. Би Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1988-2016 оны 02 сар хүртэл ээлжийн сувилагчаар тасралтгүй 28 жил ажиллаж байсан учраас Г.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна. Фото зургууд 1990-1991 оны үеийн урлагын үзлэгийн зураг байна. Эхний зурган дээр баруун гар талаасаа 3-т зогсож байгаа нь ******* байна, 4-т зогсож байгаа нь би байна. Хоёр дахь зурган дээр шанз хөгжим тоглож байгаа, баруун гар талаасаа 2-т зогсож байгаа нь ******* байна. 3 дахь зурган дээр арын эгнээний баруун гар талаасаа гуравт зогсож байгаа нь би байна, зүүн гар талаасаа 5-т зогсож байгаа нь ******* байна. Тухайн үед урлагын үзлэгийн үеэрээ тасгаараа хамт авахуулж байсан үеийн зураг байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна.
7. Иймд *******ийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал рентген техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин 1990-1992 оныг дуусталх хугацаанд бие Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хугацааны ажилласан байдлыг хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт 1989 оны 7 сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал рентген техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 1990-1992 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******* тасагт ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА