Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01981

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01981

 

 

 

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01908 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Гийн хариуцагч М.Лд холбогдуулан гаргасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Г миний бие Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 50 тоотод оршин суугч Мөнх овогтой Лхагвын Сүхбаатар дүүргийн Бэлхт байрлах лагерийн зуны байшинг сарын 300.000 төгрөгөөр 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл 4 сарын хугацаагаар түрээслэхээр тохирч нийт 1 200 000 \нэг сая хоёр зуун мянган\ төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн. Гэтэл миний хадам ээж Ж.Тунгалаг хүнд өвдөж, ээжийг асрах шаардлагатай болж, манайх лагерт гарах боломжгүй болсон. Энэ тухайгаа М.Лд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр утсаар нь мэдэгдэж, лагерийн байшинг нь түрээслэх боломжгүй болсон учир, мөнгөө буцааж авахыг хүссэн. Тэр надаас авсан мөнгийг чинь үрчихсэн. Лагерийн байшингаа түрээслүүлээд өгье гэсэн. Тэгээд 200 000 төгрөгөөр 3 удаа нийт 600 000 төгрөг буцааж шилжүүлсэн. Одоо М.Л нь лагерийн байшингаа өөр хүнд түрээслүүлсэн мөртлөө мөнгө байхгүй, өгөхгүй гэж худлаа хэлж, иргэн намайг чирэгдүүлэн хохироож байна. Түүн рүү миний эхнэр Г.Гангаамаа ээжийн эмчилгээнд хэрэглэх мөнгө төгрөг хэрэгтэй байгаа тухай үнэн учраа хэлж олон удаа утсаар нь ярьж, мессеж бичсэн боловч, тэр үлдсэн 600 000 \зургаан зуун мянган\ төгрөгийг буцааж өгөхгүй байна. Мөнгийг миний хүү Гансүхийн Анарын Хаан банкны 5820038752 тоот данснаас М.Лхагвын Хаан банкны 5003566169 тоот данс руу шилжүүлсэн. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, иргэн намайг хохиролгүй болгож, 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний интернет үнэгүй.мн сайтаар 4х6 метрийн хэмжээтэй энгийн модон зуслангийн байшин түрээслүүлэх зар өгсний дагуу 4 дүгээр сарын дундуур нэхэмжлэгч Л.Г гэгч энэ залуу утсаар холбогдон ирж үзсэн. Өөрт таалагдаад үнэ тохирон тухайн өдрөөс эхлэн зун дуустал буюу 8 дугаар сарын 31-ийг хүртэл түрээслэх санал тавьсан ба 4 сарын хугацаанд нийт 1 200 000 төгрөгөөр түрээслэх саналыг би хүлээн авч тохирсон. Би түүнд түрээсийн байшингийн 3 ширхэг түлхүүрийг өгсөн. Хэд хоногийн дараа түрээслэгч Л.Гийн эхнэр гэж өөрийгөө танилцуулан нэг эмэгтэй утсаар ярьж дээрхи тохиролцоог буцаж байгаа тухай хэлээд мөнгөө надаас нэхсэн. Би түүнд түрээсийн гэрээ хийсэн тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлаад бид нэгэнт хийсэн гэрээгээ буцаах боломжгүй гэж хэлсэн. Мөн түрээсийн гэрээний төлбөрт авсан мөнгөө би буцааж өгөх боломжгүй гэж хэлсэн. Би түүнд өөрсдийнхөө оронд манай байшинд амьдарч түрээслэх айл олж өгч болно гэж санал тавьсан. Би түрээслэгч Л.Гийн эхнэр гэж хүнийг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй болно. Түрээслэгч Л.Г анх надад өөрийгөө танилцуулахдаа ЦЕГ-т ажиллаж байсан тэтгэвэрт гарсан цагдаагийн бэлтгэл офицер хуульч эрх зүйч мэргэжилтэйг танилцуулан үнэмлэх үзүүлж байсан. Тэрээр сүүлд саяхан өөрөө надруу залган мөнгөө нэхсэн. Би тэд нарын ээжийн өвчин зовлонг ойлгохыг хичээж түрээсийн төлбөрт авсан мөнгөнөөс 200 000 төгрөгөөр 3 удаа нийт 600 000 төгрөгийг түрээслэгч Л.Гийн надад өгсөн Хаан банкны Гансүхийн Анар гэдэг хүний данс руу шилжүүлэн түрээсийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлсэн. Шүүхээс хүсэхэд түрээслэгч Л.Г бид хоёрын зуслангийн байшин түрээслэх түрээслүүлэх түрээсийн гэрээг нягтлан шалгаад түрээсийн төлбөрөөс түрээсийн зүйл болох зуслангийн байшингийн 3 ширхэг түлхүүрийг буцаан өгөх хүртэл хугацааг тооцон шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Лас 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Гэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч М.Лас 18 650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчтэй 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 1 200 000 төгрөгийг төлсөнөөр гэрээ байгуулсан. Тодорхой хугацаа зааж, түлхүүр гардуулснаар гэрээ байгуулагдсан байхад шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалтын үндэслэсэн нь буруу болсон. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө буюу 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түлхүүр буцааж өгсөн учраас тухайн өдөр гэрээ дуусгавар болсон. Түлхүүр өгөлгүй түрээсийн төлбөрт барьцаалснаар өөр хүнд түрээслэх боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Шүүх нэхэмжлэгч талаас өгсөн гар утасны зурвасыг шүүх нотлох баримтаар үнэлэх ёсгүй байсан. Г.Анарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр 600 000 төгрөг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тал маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч М.Лд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Л.Г, М.Л нар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 4 сарын хугацаатай, М.Лхагвын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Бэлхи зусланд байрлах 4*6 хэмжээтэй энгийн модон зуслангийн байшинг нэг сарын 300 000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслөхөөр амаар тохиролцсон, хариуцагчид хөлс болох 1 200 000 төгрөгийг урьдчилан төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны депозит дансны хуулга зэрэг баримтаар тогдоогдсон./хх4/ Иймд анхан шатны шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв  болно. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар Орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтууд нэгэн адил хамаарна.

Хэдийгээр талууд эд хөрөнгө хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний гол нөхцөлийг буюу гэрээний хугацаа, эд хөрөнгийг ашигласны төлөө төлөх хөлсний хэмжээний талаар тохиролцон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцэл хийсэн, буцаан өгсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч орон сууц хөлслөгчийн хувьд хөлслүүлэгчийн эд хөрөнгийг бодитойгоор эзэмшилдээ байлгаагүй, гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн, түлхүүрийг сүүлд шүүх хуралдаанд хүлээлгэн өгсөн гэх үйл баримт зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд энэ талаар маргаангүй. Мөн хариуцагч гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээн авч шинэ хөлслөгч олохоороо нэхэмжлэгчид мөнгийг нь буцаан өгөх агуулга бүхий тайлбар гаргаж байсан гэх үйл баримтын талаарх тайлбараа баримтаар няцаагаагүй төдийгүй 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд дараагийн өөр хөлслөгчийг олж өгснөөр гэрээг цуцлах эрх хөлслөгчид үүсэх учиртай.

Нэхэмжлэгч гэрээг байгуулсан боловч эд хөрөнгийг гэрээний дагуу бодитой эзэмшилд авахаасаа өмнө гэрээнээсээ татгалзаж, хөлслөх боломжгүй болсон талаараа мэдэгдэж байсан боловч энэ нь тухайн эд хөрөнгийг ашиглах, цаашид түрээслэх, хөлслөх боломжийг бүрдүүлэх зорилгоор хуульд заасан гэрээ цуцлахтай холбоотой дээрх журам, хугацааг баримтлах үүргээс түүнийг чөлөөлөхгүй юм. Тэрээр гэрээнээс татгалзсан атлаа байшингийн түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй байх тул тэдгээрийн хоорондын гэрээг дуусгавар болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Иймд гэрээ цуцалсантай холбоотой хариуцагчид учирсан хохирол, алдагдлыг хариуцах учиртай.

Нөгөө талаар хариуцагчийн хувьд өөрийн өмчлөлийн зүйлтэй холбоотой үр шимээ олох, өмчөө захиран зарцуулах эрх нь нээлттэй байсан бөгөөд уг эд хөрөнгийг цаашид бусдад хөлслөх боломжгүй болон олох байсан орлогоо алдсан бол хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч уг байдлыг нотолж чадаагүй, хэрэгт энэ талаар баримтгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зуслангын байшин буюу эд хөрөнгө хөлслөх гэрээг харилцан мэдэгдэл гаргаснаар 2020 оны 5 сарын 01-ний өдрөөс өмнө цуцалсан гэж үзнэ.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан хариуцагч нь 1 сарын хөлсний хэмжээтэй тэнцэх мөнгийг өөрт учирсан хохиролд авч үлдэх, төлбөрийг буцаан өгөх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд хариуцагчаас 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1  дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Лас 300 000 төгрөг гаргуулж, үлдэх 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “ хариуцагч М.Лас 18 650 /арван найман мянга зургаан зуун тавь/... ” гэснийг “хариуцагч  М.Лас 9 650 /есөн мянга зургаан зуун тавь/ ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                             Б.НАРМАНДАХ