Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор  А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Д.Д

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ...тоотод оршин суух  хохирогч Э.Эгийн Luna-1 маркийн гар утсыг хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Амбаартаа байсан. тэр утсыг толгойн хавиас нь авсан.  Харин аваад яасан гэдгээ мэдэхгүй байна. 5 сургуулийн тэр хавьд гүүр байдаг. Тэнд архи ууж байгаад унтсан байсан” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө би дүүтэйгээ хамт гэрийнхээ амбаарт унтах гээд утсаа оролдоод хэвтэж байсан. Тэгээд манай дүү шөнийн 3 цагийн үед миний хажуугаар орж ирээд унтсан. Тэгээд би 5 цагийн үед сэрээд утасныхаа 3 жи-г унтраагаад унтсан. Тэгээд өглөө 5 цаг 30 минутын үед сэртэл миний утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг

 

       Гэрч Х.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би 2017 оны зун хэдэн сарын хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна. Өглөө эрт 8 цагийн орчим шиг санаж байна. Ганцаараа гэрээсээ гараад хойшоо хороололын чигтэй явж байсан ба 5 дугаар сургуулийн хойд талын гүүрний тэнд хүн юм хайгаад байгаа бололтой эргэлдээд байгаа харагдсан. Тэгээд би гүүрээр гараад явж байтал харсан чинь найз Д халамцуу байдалтай, гүүрний доор юм хайгаад байж байхаар нь би гүүр дээрээс ийм эрт юу хийгээд явж байгаа талаар асуухад Д найз нь гар утсаа гээчихсэн гэж хэлэхээр нь би өө яасан баларсан юм бэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 20/

             Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /хх-ийн 22/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  Д.Д нь 2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ...тоотод оршин суух  хохирогч Э.Эг гэрийнхээ гадаа амбаарт унтаж байх үед  Luna-1 маркийн гар утсыг хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Э, гэрч Х.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч Э.Э нь шүүгдэгч Д.Даас хохиролд нийт 400 000 төгрөгийг авсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.Дын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН