Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ351

 

 

 

 

      2023           03            30                                    2023/ДШМ/351

 

С.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор С.От холбогдох 2206041242765 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б. овгийн С.О, 1973 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24-14 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:_______/,

С.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрлаж буй хашааны дотор талд буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон газарт жагсаал, цуглаан хийж болохгүй талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад О.Огийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу гараараа цохих байдлаар биед халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Баянсан овогт Санжаагийн Отгонцэцэгийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдаж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 6 сарын хугацаагаар түүний оршин суух газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.От шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Баасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очсон 6 иргэнээс зөвхөн С.От онцгойлон ялгавартай хандан буруутгаж, хориглосон газар зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж зөрчлийн хэрэг үүсгэсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ”. Энэ хуулийн 3.2-т “Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ” гэж хуульчилсан байна.

Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасан хүний эрхийг хангах зохицуулалтыг сайжруулах зорилгоор манай улс 2021 оны 4 дүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа баталж, олон улсад талархал хүлээгээд байгаа билээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно.” 16.13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.” 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэсэн иргэний үндсэн эрх, эрх чөлөө буюу баталгаатай эдэлнэ гэж заасныг бодитоор хэрэгжих нөхцлийг улам сайжруулсан.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Цэрэндорж, Төмөрзориг нарын шүүх хуралдааны талаарх мэдээлэл авахаар очсон 3 ахмад, 3 эмэгтэй болох 6 иргэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “хүний эрх хамгаалагч гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэж ойлгоно” гэсний дагуу хүний эрх хамгаалагчид байна. Хүний эрх хамгаалагч иргэд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх;” 5.1.2-т “шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх;” 5.1.3-т “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаар” хуульд заасан зарчимын хүрээнд хүний эрх хамгаалагчийнхаа үүргээ хэрэгжүүлж байсан байна.

С.От холбогдуулсан Зөрчлийн хэрэг маргаанд хүний эрх хамгаалагч нар гэрчээр тогтоогдон мэдүүлэхдээ бид шүүх хуралдааны талаар мэдээлэлтэй байх, нэг төлөөлөгч оролцуулах, прокурор, өмгөөлөгчтэй уулзах зорилготойгоор шүүхийн хашаанд очсон, ямар нэгэн чимээ шуугиан гаргаагүй, 20 минутын лайв хийж мэдээлэл түгээсэн, жагсаал цуглаан хийх санаа зорилго огт байгаагүй гэдгээ мэдүүлсэн байна.

Шүүхийн гадаа очсон хүний эрх хамгаалагч нар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрх 6.1.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөхүүлэн дэмжих, хамгаалах үйл ажиллагаа явуулах, сайн дураар оролцох;” 6.1.3-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхүүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;” 6.1.5-д “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах;” 6.1.11-т “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан, нийтийн сонсголд ажиглагчаар оролцох, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөж байгаа эсэхэд байр сууриа илэрхийлэх” эрхүүдээ хэрэгжүүлж байгаа үйлдэлд хууль сахиулагч хориглосон газар жагсаал цуглаан хийж байна гэж үзэн дарамталсан өнгө аясаар харьцаж эхэлсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар С.Оийг зөрчил гаргасан гэж үзэн торгож шийдвэрлэсэн 2022/ЗШ/2545 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЗШ/2545 дугаартай шийтгэврийг хэрэгсэхгүй болгосон 2022/ШМЗ/207 дугаартай магадлал гарсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Магадлалд “Хуулийн зохицуулалтаас үзэхэд хэдийгээр шүүхийн байр нь цагдаагийн байгууллагын хамгаалалтад байгаа боловч шүүхийн хашаа болон түүнээс аль хүртлэх нутаг дэвсгэр нь тухайн хамгаалтад байх талаар тусгайлан хуульчлаагүй, эрх бүхий байгууллагын журамласан шийдвэр зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна, хуулиар хориглосон газарт хамааруулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Энэ нь хуулиар хориглоогүй газрыг хууль сахиулагч дур зоргоороо авирлан хориглосон газар болгож хүний эрх хамгаалагчдад дарамт үзүүлсэн байж болзошгүй гэж дүгнэхээр байна. Магадлалд зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд С.Оээс гадна 5 хүн уг ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон атал гэрчийн мэдүүлэг авч, зөвхөн С.От холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсад хүн бүр... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн хуулийн зарчимыг зөрчсөн гэж үзэхээр байна. Зөвхөн нэг хүнд зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй, зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Энэ нь хууль сахиулагчийн зүгээс хүний эрх хамгаалагчдад хүндэтгэлгүй бас ялгавартай хандаж, “зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж байна, торгоно, саатуулна, хоёроос дээш хүн цугласан бол жагсаал цуглаанд тооцдог” гэж тавьсан шаардлага нь хууль ёсны гэх шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй шаардлага гэдгийг бүрэн нотолж байхын зэрэгцээ хүний эрх хамгаалагч нар хуульд заасан эрхийнхээ дагуу явуулж байгаа үйл ажиллагааг хууль сахиулагч хориотой газар зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж байна, торгоно, саатуулна гэж тулган дарамталж, айлган сүрдүүлж, төрийн дүрэмт хувцсаар сүр хүчийг харуулж, илтэд дорд үзсэн, гэмт үйлдэлд турхирсан, ялгавартай хандсан үйлдэл гаргасан байж болзошгүй байна. Хууль сахиулагчийн хууль бус шинжтэй үйлдлийг Баянзүрх дүүргийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд үнэн зөвөөр тогтоосонгүй. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүргийг хүлээхээр заасан байна. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд хүлээх нийтлэг үүргийг заасан. Энэ хуулийн 9.1.1-т “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх;” 9.1.2-т “үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах;” 9.1.3-т “хүчирхийллийн бус, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх;” 9.1.4-т “шаардлагатай мэдээллээр хангах;” 9.1.5-т “хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх;” 9.1.7-д “хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг гомдол гаргагчид болон Хүний эрх хамгаалагчийн хороонд бичгээр хүргүүлэх,” 9.2-т “Цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг таслан зогсоох, түүнийг өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл энэ хуулийн 11.8-д заасан эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авна,” 9.З-т “Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ” гэж тодорхой зааж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их хурлаар батласан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан /хууль сахиулагч/ нарт хүний эрх хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, тэдний эрхийг зөрчихгүй байх, тэдэнд хүндэтгэлтэй хандах, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх, мэдээллээр хангах, аливаа хэлбэрээр халдахгүй байх, халдсан бол таслан зогсоох, хамгаалалтад авах үүрэг хүлээлгэсэн байна.

Хохирогчоор тогтоогдоод байгаа хууль сахиулагч нь хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хуулиар хориглосон газар гэж худал хэлж, дарамтлах, хүчирхийлэх хандлага гаргаж саатуулна гэж тулган шаардах, албадах, хүндэтгэлгүй хандах зэргээр дорд үзсэн үйлдлүүдийг гаргасан байна. Хууль сахиулагчийн гаргасан энэ үйлдлүүд хүний эрх хамгаалагчдын бухимдлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн бичлэгээс тодорхой харагдаж байна.

Хууль сахиулагч О нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22.1-т “Цагдаагийн албан хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ... ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй”, 22.5-д “Цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж бусдыг үл тоосон.... үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй”, энэ хуулийн 23.3-т “Цагдаагийн албан хаагч... бусдын эд хөрөнгийг хамгаалах...”, энэ хуулийн 68.9-д “...хүний эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх...”д хяналт тавина.” Энэ хуулийн 69.1.1-т “Хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 69.1.2-т “Албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, 69.1.7-д “бусдыг хууль бус үйлдэл... хийхийг... чиглүүлэх шууд хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “... хэнийг ч эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно” гэсэн заалтуудыг, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүргийг хүлээхээр заасан байна. Энэ хуулийн 9.1-т Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд хүлээх нийтлэг үүргийг заасан. Энэ хуулийн 9.1.1-т “хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчихгүй байх,” 9.1.2-т “үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах;” 9.1.3-т “хүчирхийллийн бус, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх;” 9.1.4-т “шаардлагатай мэдээллээр хангах;” 9.1.5-т “хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх;” 9.1.7-д “хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг гомдол гаргагчид болон Хүний эрх хамгаалагчийн хороонд бичгээр хүргүүлэх,” 9.2-т “Цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг таслан зогсоох, түүнийг өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл энэ хуулийн 11.8-д заасан эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авна,” 9.3-т “Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх хянан шалгаагүй, хэт нэг талыг барьж миний үйлчлүүлэгч, хүний эрх хамгаалагч болох С.Оийг гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуульд хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байсан эсэх тухайд нарийвчлан зохицуулагдаагүй байгаа ч хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байгаагүй гэдгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Хууль сахиулагчийн тавьсан шаардлага ямар нөхцөл байдалд, иргэдтэй хэрхэн харьцсан, ямар үг хэрэглэсэн, ямар шаардлага тавьсан, харилцааны соёл, иргэдэд хүндэтгэлтэй хандсан байдал зэргийг тодорхой авч үзээгүй, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлаагүй өрөөсгөл хандсан ба хууль сахиулагчийн үйл ажиллагаа хууль ёсны бус байгаа тохиолдолд хууль бус үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалах, өөртөө туслах боломжид хамаарах, иргэний эрх ашгийг давхар хамгаалах нөхцөл ууссэн байж болзошгүй байгааг шалгаагүй.

Олон улсын хүний эрхийн стандартад зааснаар Цагдаагийн албан хаагчийн харилцааны соёл, зөв харьцаа, хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг хангах, халуун дулаан найрсаг харилцааг чухалчилдаг. Хууль сахиулагч хүний эрхийг хүндэтгэн харилцах харилцаа нийгмийн дэмжлэгээр гэмт хэрэг, зөрчлөөс ангид байх хандлага руу чиглэж байгааг цагдаагийн байгууллага, албан хаагчид нэвтрүүлээгүй байгаа нь 2022 оны байгууллагын албан хаагчдын дунд явуулсан судалгаагаар цагдаагийн албан хаагчдын харилцааны соёл 9.4% нь сайн, 35% нь дунд, 33,8% муу, 21.8% нь маш муу гэж өөрсдөө дүгнэснийг гомдолдоо онцлон тэмдэглэе.

Хууль сахиулагчийн буруутай үйлдлийг иргэдэд үүрүүлж, хүний эрх хамгаалагч нарт шүүхээс ял шийтгэл оногдуулж шударга бусаар шийтгэх нь иргэнийг айдаст автуулах, амин хувиа хичээгч, дотогшоо, догшин ширүүн, үл итгэх, сэтгэлийн хямралтай байдал руу түлхэж, улмаар ямар нэгэн эмгэгтэй байдалд хүрэх нөхцлийг бүрдүүлнэ. 

Миний үйлчлүүлэгч хүний эрх хамгаалагч С.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьект болон субьектив шинжийг хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал байна гэж үзэж гомдол гаргаж байна. Гомдлыг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Монгол Улсын иргэн, Буддын шашинтай, сэтгүүлч мэргэжилтэй учир олон нийтэд тэнцвэртэй байдлын мэдээллийг хүргэх үүднээс live хийсэн. Live хийж байх 30 минутын хугацаанд шүүхийн цагдаа нар цонхны цаанаас бид нарыг хараад сууж байсан учир бид хууль зөрчөөгүй юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл цагдаа нар гэнэт гарч ирээд бид нарыг буруутгахад үнэхээр цочирдсон. Шүүхийн цагдаа эхний шатны шаардлагыг тавьж, түүнийг нь бид нар биелүүлээгүй байсан бол дараагийн шатны буюу эргүүлийн цагдааг дуудах зэрэг зарчмаар үргэлжилсэн бол арай өөр байх байсан. Бид 30 минутын туршид шүүхийн гадаа байсан, тэр хугацаанд нэг ч цагдаа гарч ирээгүй учир бид хууль зөрчөөгүй гэж ойлгож байсан. Шүүх бүрэлдэхүүн шударга шүүнэ гэдэгт итгэж байна. ...” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг хянаж үзээд С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.О нь бусадтай нийлж Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн гадна live хийж, уриа лоозон барьж зогссон. Үүний дагуу харьяа цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хэв журмын тасгийн ахлах байцаагч цагдаагийн ахмад О.О ирж, өөрийгөө танилцуулаад, шүүхийн хашаанд цуглаан хийж болохгүй талаар хэлж, хашаанаас гарах шаардлагыг тавьсан. Тухайн хүмүүс “гарахгүй, хууль бус шаардлага тавьж байна” гэсэн байдлаар шаардлагыг эсэргүүцсэн. Шүүгдэгч С.О шүүхийн хашааны хаалгаар гарч байхдаа хохирогч О.Ог цохисон. Энэ үйлдлээр нь зөрчлийн арга хэмжээ авах талаар сануулж хэлсэн, шүүгдэгч С.Оийг тайвшруулж ч ярьсан байдаг. Ингээд тухайн хүмүүсийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Авч явах явцад цагдаагийн машин дотор шүүгдэгч С.О нь хууль сахиулагчийг эсэргүүцэж цохиж байгаа бичлэг нь хэрэгт авагдаж эд мөрийн баримтаар тооцогдож, үзлэг, тэмдэглэл хийгдсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд хохирогч О.О хууль ёсны шаардлага тавьсан бөгөөд тавьсан шаардлагыг шүүгдэгч С.О эсэргүүцэж, санаатай үйлдлээр биед нь халдаж цохисон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Давж заалдах гомдолд хууль ёсны шаардлага байгаагүй, өмнө давж заалдах шатны шүүхээс зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс зөвхөн С.Оийг ялгаварлан гадуурхаж яллагдагчаар татсан гэж тайлбарлаж байна. Тухайн хүмүүсээс шүүгдэгч С.О ганцаараа хууль сахиулагчийн биед халдсан. Бусад хүмүүс хууль сахиулагчийн биед халдаж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдоогүй учир түүнийг яллагдагчаар татсан. Мөн давж заалдах гомдолд С.Отэй зүй бусаар харьцсан, дарамталсан гэж дурдагдсан байна. Хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд цагдаагийн албан хаагч С.О болон бусад хүнтэй зүй бусаар харьцсан, дарамталсан нөхцөл байдал тогтоогддоггүй. С.Оийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

С.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрлаж буй хашааны дотор талд буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон газарт жагсаал, цуглаан хийж болохгүй талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад О.Огийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу гараараа цохих байдлаар биед халдаж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4-5/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх 6/, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-12, 13-17/, шинжээчийн дүгнэлт /1хх 46-48/, албан тушаалын тодорхойлолт /1хх 125-130/, эд мөрийн баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх 131-132/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Ч.Оргилсанаагийн “...Миний бие тухайн иргэдэд Монгол Улсын Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох, мөн олон нийтийн сүлжээг ашиглан хийж байгаа шууд бичлэгээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдэлд бусдыг уриалах, хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу шаардлага тавьсан. Тус иргэдийн зүгээс миний тавьсан шаардлагыг 5 иргэн биелүүлж шүүхийн хашаан дотроос гарсан, надтай анх харилцсан иргэн болох С.О миний зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа байдал гаргаж эсэргүүцэн миний биед халдан 7, 8 удаа 2 гараараа ээлжлэн цохих үйлдлийг шүүхийн байрны гадна болон албаны тээврийн хэрэгслээр цагдаагийн байгууллагад хүргэх явцад үзүүлсэн. ...” /1хх 21/,

гэрч Б.Магсаржавын “...Би шүүхийн гадаа очиход Цэрэндоржийн өмгөөлөгч Болорчулуун гэдэг хүн зогсож байсан тул би түүнтэй уулзаж байхад миний араас зүс таних С.О, С.Нарангэрэл нар хүрээд ирсэн. Тэд нараас яагаад ирсэн талаар нь би асуухад тэд нар “Ц.Цэрэндоржийг суллах тухай лайв шүүх дээр хийнэ” гээд хүрээд ирсэн ба тэд нарыг шүүхийн хашаан дотор ороод ирэхэд нэг шар царайтай цагдаа ирээд “хашаан дотор лайв хийж болохгүй, хашааны гадна хийж болно” гэж бид нарт зөвлөгөө өгсөн. Тэгэхэд С.О бид нар хашаанаас гарч лайв хийхгүй, хашаан дотор лайв хийнэ гээд бид нартай ирж уулзсан цагдаа руу уурлаж орилж, хашхичаад цагдаатай хэрүүл хийгээд биед нь халдаж цагдаагийн гар руу гараараа цохиж байсан. Тухайн үед С.Оээс өөр хүн цагдаагийн биед халдаж байсан эсэхийг би анзаараагүй, миний хамаг анхаарал шүүх хуралдаан дээр төвлөрчихсөн байсан. ...” /1хх 27-28/,

гэрч С.Нарангэрэлийн “...Тэр цагдаагийн алба хаагч бид нарт жагсаал цуглааны тухай хууль зөрчиж байна, 2 болон түүнээс дээш хүмүүс хамт байх юм бол жагсаал, цуглаан хийсэн гэж үзнэ гэх утгатай зүйл ярьж эхлэхэд С.О цагдаагийн алба хаагчдад “бид нар хууль зөрчөөгүй, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна, Үндсэн хуулиас давсан хууль байхгүй” гэж хэлж түүнтэй маргалдсан. Цагдаагийн алба хаагч бид нарт “хашаанаас гарах хэрэгтэй, энд байж болохгүй, жагсаал цуглааны тухай хууль зөрчиж байна, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаад байна” гэх утгатай зүйл хэлж байсан. ... Намайг ярихын зөрүүгүй Отгонцэцэг цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан. Харахад Отгонцэцэг цагдаагийн алба хаагчийн биед гараараа цохиж байсан нь харагдсан. Яагаад гэвэл цагдаагийн алба хаагч С.Оийн утсыг булаагаад авсан учраас утсаа авахын тулд С.О цагдаагийн алба хаагчийн биед халдсан юм. ...” /1хх 30/,

гэрч Ц.Олзвойбаатарын “...Отгоо цагдаатай ноцолдоод байсан санагдаж байна. Бужигналдаад байсан болохоор яг юу болж байгаа нь надад харагдахгүй байсан. ...” /1хх 35/,

гэрч Д.Баярсайханы “...Цагдаагийн ахмад цолтой эрэгтэй хүн “жагсаал, цуглаан хийж байна, шүүхийн хашаанаас гар” гэсэн. Үүнээс болж Отгонцэцэг цагдаатай хэл амаар маргалдаж хэрэлдсэн, цагдаагийн биед халдсан эсэхийг мэдэхгүй байна. Би хараагүй. ...” /1хх 38-39/

гэрч Б.Нарандаваагийн “...Отгонцэцэг гэх эмэгтэй хашааны гадна шууд эргэж хараад О.Огийн цээж хэсэг рүү 1 гараараа цохиод “Монгол эр хүн хаана байна, сэрцгээ” гээд 2 гараа атгаж байгаад ээлжлэн хэд хэдэн удаа зүүн талын цээж, гар хэсэг рүү цохиод байсан. ...” /1хх 40-41/,

яллагдагч С.Оийн “...Бид нар жагсаал, цуглаан хийж байна гэж ойлгоогүй, жагсаал цуглаан хийгээгүй. Цагдаа зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан хийсэн гэх асуудлаас болж бид нарын хооронд үл ойлголцол болсон. ...Миний өмчид цагдаа зөвшөөрөлгүй халдсан учраас би бухимдахдаа өмчөө авахдаа цагдаагийн биед миний гар хүрсэн бөгөөд ямар нэгэн санаа зорилготойгоор цагдааг цохиж зодсон асуудал огт байхгүй. ...” /1хх 69-71/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн С.Оийг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.От 6 сарын хугацаагаар түүний оршин суух газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Хавтас хэрэгт тусгагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн “...цагдаагийн албан хаагчийн биед саравчтай малгайтай, хар шилтэй, ягаан алчууртай, улаан цамцтай эмэгтэй халдаж, цагдаагийн албан хаагчийн баруун гарын бугалга хэсэгт баруун гарынхаа алгаараа нэг удаа цохив. ...” зэрэг нотлох баримтуудаар хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу гараараа цохиж эсэргүүцсэн нь нотлогдсон ба дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс С.От оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцсэн байх тул шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ