Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 126/ШШ2016/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шадав Д.Б********-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох,

"Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б********  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г********  , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Ц********  , Л.М********  , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаО.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Д.Б********  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; Миний бие Д.Б********  нь 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс нутаг болох Жанхайн ам нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтээ холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд гаргасан юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/151 тоот албан бичгээр миний хүсэлт болон түүний талаарх саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжилсны дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 тоот тушаалаар Д.Б********  надад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жанхайн ам нэртэй газарт 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгож, уг газрыг ашиглах гурвалсан гэрээг байгуулсан.

Гэтэл надад ашиглуулахаар олгосон дээрх газрыг иргэн Л.М********-д хаваржааны зориулалтаар ашиглуулахаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг гаргасан байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан дээрх захирамжаас болж би уг газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй байдалд хүрээд байна.

Энэ байдлыг мэдээд миний бие 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад уг гомдлын хариуг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/208 тоот албан бичгээр шүүхэд ханд гэсэн хариу өгсөн болно.

Иймд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б********  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ... Холбогдох хууль тогтоомжид зааснаар сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Газар ашиглуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б********   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б********  нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2014/95 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Жанхайн аманд 1 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглахзөвшөөрөл авсан. Иргэн Л.М********  , иргэн Ч.Ц********   нар нь зохих хуулийг зөрчин газар ашиглаж байгаа учир уг иргэдэд газар олгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг илт хүчинтөгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Д.Б********  нь тус суманд огт мэдэгдэлгүй Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргаанаас санал авч хууль бус шийдвэр гаргуулсан нь бусдын эзэмшиж буй газартай давхцаж байгаа тул бид санал өгөөгүй болно. Ер нь энэ мэт зөрчил ганц нэг биш олон байгаа нь сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна. Бусдын нутаг дэвсгэрт дур мэдэн давхцуулж газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2014/95 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г********   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө,хаваржааны зориулалтаар олгосон газар дээр иргэн Л.М********  , Ч.Ц********   нар газраа ашиглаж байгаа. Гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх үүссэний дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас нэхэмжлэгч Д.Б********-д газар ашиглах гэрчилгээ олгогдсон. Гуравдагч этгээд нарт Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2008 оны захирамжаар олгосон газар нь ахуйн болон үйлчилгээний зориулалттай байсан учир Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 138 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. 2012 оны 6 дугаар сард сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар сумын иргэдэд газар ашиглуулах эрх олгосон. Өвөлжөө хаваржааны зориулалттай газрыг кадастрын зургаар хэмждэггүй. Координатын цэгээр нь шүүдэг. Тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын зориулалттай газар ашиглуулсанаас болж тухайн иргэд өвөлжөө хаваржааныхаа газарт кадастрын зураг хийлгэдэг. Кадастрын зургийг төрийн захиргааны байгууллага хийдэггүй, эрх авсан хувийн компаниар кадастрын зураг хийлгэдэг. Тиймээс кадастрын зургийг давхцсан гэж үзэж байна. Газрын харилцаа бол өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн гурван харилцаанаас бүрддэг. Тухайн тусгай хамгаалалтай газар нь Алаг-Эрдэнэ сумын тусгай хамгаалттай газарт орж байгаа учир Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд газрыг олгосон. Төрийн захиргааны төв байгууллагаас иргэдэд аялал жуулчлалын зориулалтаар газар олгодог. Манай сумаас аялал жуулчлалын зориулалтаар газар олгоогүй. Тухайн маргаан бүхий газар нь аялал жуулчлалын бүс, Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багт хамаардаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Хөвсгөл аймгийн дархан цаазат газар буюу байгалийн цогцолборт 8 сумыг хамарсан газар нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг удаа ч газар олгож байгаагүй. Тиймээс тухайн сумын иргэд сумын Засаг даргын захирамжийн дагуу өвөлжөө, хаваржааны газрыг авч ашиглаж байсан.

Аялал жуулчлалын бүсэд мал бэлчээх эрхгүй байдаг. Аялал жуулчлалын бүсэд өвөлжөө, хаваржааны зориулалтай барилга байшин барихыг хориглоогүй байдаг. Тиймээс манай зүгээс сумын Засаг дарга өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгохыг хориглоогүй гэж үзэж байгаа юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг сумын Засаг дарга олгоно гэж заасан байдаг санагдаж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд Аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүсэд төрийн захиргааны төв байгууллага өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгоно гэсэн зүйл байхгүй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102 дугаар тушаал байдаг. Энэ тушаалд газрын ангилалыг зааж өгсөн. Тэгэхдээ тосгоны эдэлбэр газар Хатгал тосгоны захирагч газар ашиглах гэрээ байгуулна гэж заасан байдаг. Миний хувьд Хатгал тосгоны эдэлбэр газрыг тосгоны төвийн хэсэг гэж ойлгож байгаа. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын эрх хэмжээнд халдаж, хуулиар олгосон эрхийг сөрж гарсан тушаал гэж үзэж Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр яригдаж байсан асуудал юм. 102 дугаар тушаалаар Хатгал тосгоны захирагчид өгсөн эрхийг Хатгал тосгоны төвийн эдэлбэр газрын хувьд олгосон эрх гэж ойлгож байгаа. 1977 онд сум багийн хилийн цэсийг тогтоосон байдаг. Түүнээс хойш манай сумын хилийн цэст өөрчлөлт гараагүй. Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Хатгал тосгоны 1470 га газар, Ханхын төвийн хэсгийн эдэлбэр газрыг мөн Тусгай хамгаалалттай газраас хассан. Үүний улмаас иргэдийн өмчлөх, эзэмших эрх нь нээгдсэн. Хатгал тосгоны эдэлбэр газар гэдэг нь төвийн 1470 га дотроо байгаа байх гэж бодож байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2009 оны тушаал хүчинтэй байгаа ч 1470 га газар нь тусгай хамгаалалттай газраас гарсанаар дуусгавар болсон болов уу гэж үздэг.

Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Хатгал хотын эдэлбэр газрыг тогтоосныг хүчингүй гэж үзэж байна. Үүний дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан гарсан тул Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолыг хууль эрх зүйн шаардлага хангахгүй гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутаг дотор хилийн цэс байдаг. Хатгалын эргийн хошуунаас төвийн эдэлбэр газар эхэлдэг. Хатгал тосгоны хувьд хөдөө аж ахуйн бэлчээр гэх мэт бусад ангилалын газар байхгүй гэж үзэж байна.

Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоол нь Хатгал тосгоны төвийн эдэлбэр газарт газар эзэмших эрхийг нээж өгсөн тогтоол гэж үзнэ.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахдаа Хамгаалалтын захиргаа болоод сумын Засаг даргаас хоёулангаас нь зөвшөөрөл авах ёстой. Иргэн Д.БатжаргалдБайгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/381 дугаартай тушаалаар 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосныг тухайн орон нутгийн саналыг аваагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын захирамж А/97 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй. Гуравдагч этгээдийн газар ашиглах эрх нь нэхэмжлэгчээс өмнө үүссэн гэж үзэж байна.

Жанхайн сайр, Ардагийн ам гэх газар нь Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаардаг... гэв.

Гуравдагч этгээд Л.М********   шүүхэд гаргасан тайлбартаа: ... Л.М******** миний бие ... өөрийн төрсөн эцэг Л.Л******** , эх Б.Мягмаржав нар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт өндөр настны тэтгэвэр тогтоолгон аж төрж байгаа тул миний бие гэр бүлийн хамтаар хавар, зуны урин дулаан улиралд нутаг орондоо эрүүл агаарт, уламжлалт аргаар мал аж ахуйг эрхлэн аж төрөх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, мөн зүйлийн 18 хэсэгт түр оршин суух газраа чөлөөтэй сонгох, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан иргэний эрхээ хуулийн дагуу эдлэн тус маргаан бүхий нэгж газарт 2013 оноос хойш ил тод, шударгаар амьдарч ирсэн.

Тухайн газарт 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамж, газар ашиглах 0007051 дугаартай гэрчилгээгээр хаваржааны зориулалтаар хууль ёсны ашиглах эрх олгогдож, газрын төлбөрийг цаг хугацаанд нь Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-аар дамжуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлсээр ирсэн. Тухайн газарт 2013 оны 06 дугаар сард хашаа байшин барьж ашиглалтад оруулан 3 жил гаруй хугацаанд одоог хүртэл ашиглаж байна.

Гэтэл миний ашиглаж байгаа газарт давхцуулан газар ашиглуулах шийдвэр гарч маргаан үүссэн тухай 2015 оны 05 сард мэдсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, холбогдох баримттай танилцаад уг маргааны гол эх үндэс болсон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай тушаал нь хэд хэдэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчин гарсан болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан төрөөс газрын талаар баримтлах зарчим шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдсан. Тухайн маргаан бүхий газарт миний бие дур мэдэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд харьяалах Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх зорилгоор хаваржааны зориулалтаар газар ашиглах хүсэлтээ гаргаж хуулийн дагуу шийдвэрлүүлсэн нь нэхэмжлэгчийн маргах эрх үүссэн эрхийн акт гарахаас цаг хугацааны хувьд 2 жил орчмын өмнө байгаа нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэх бөгөөд цаг хугацааны хувьд хойно гарч газар ашиглах эрхийг дордуулсан төрийн байгууллагын буруутай шийдвэр нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан ... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна ... гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн. Учир нь миний бие тухайн нэгж талбар бүхий газрыг ашиглах хүсэлтийг 2012 оны 10 дугаар сард Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын газрын даамалд бүртгүүлэн Засаг даргад гаргасныг тус сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар олгож Газар ашиглах 0007051 дугаар бүхий эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан тул тухайн газрыг ашиглах эрх нэхэмжлэгчээс өмнө үүссэн болохыг төрийн байгууллагаас гаргасан шийдвэр холбогдох баримтууд тодорхой нотолж байна.

Нэхэмжлэгч Шадав Дамдины Батжаргал нь 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутаг болох Жанхайн ам нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах талаар холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн Хатгал тосгон дахь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаагаар уламжлан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүсэлт гаргасан гэх боловч тухайн асуудлыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2014/95 дугаартай гэрчилгээ олгон шийдвэрлэсэн байгаа нь гуравдагч этгээд миний газар ашиглах эрх үүссэн өдрөөс хойш даруй 1 жил 11 сарын дараа болсон үйл ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл төрийн холбогдох байгууллагад иргэн, байгууллага газар эзэмших, ашиглах хүсэлтээ гаргаснаар тухайн газрыг эзэмших, ашиглах эрх үүсэхгүй бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байвал хуулиар эрх олгосон төрийн байгууллагын шийдвэр, гэрээ, гэрчилгээгээр баталгаажуулсны дараа газар эзэмших, ашиглах эрх үүсэх нь зүйд нийцнэ.

3. Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд иргэнд газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахдаа хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргын саналыг үндэслэн гаргана. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах асуудал нь Газрын тухай хуулийн холбогдох заалт зарчимд үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд газар ашиглуулах шийдвэр гаргуулахдаа харьяалах нутаг дэвсгэрт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа сумын Засаг даргын саналыг аваагүй байгаа нь дээрх хуулийн нөхцөл дурдсан заалтад нийцээгүй байна. Дээрх байдлаас үзвэл Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаар тушаал гарахдаа Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын саналыг хууль журамд заасны дагуу огт аваагүй зөвхөн Хатгал дахь Улсын тусгай хамгаалалттай захиргааны саналыг авч шийдвэрлэсэн байгаа нь дурдсан хуулийн заалтыг зөрчсөн байна.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д иргэн газар ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтийг гаргах талаар зохицуулж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч газар ашиглах хүсэлтийг дээрх хуулийн заалтад дурдсан журмыг баримтлаагүй болох нь түүний нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийг товч утгаас тодорхой харагдаж байна. Тодруулбал газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тодорхойлох, түүнийг байгуулахдаа Газрын тухай хуулийн 32, 33.1.2, 33.2, 34.1-34.5-д заасан журмыг баримтлаагүй байна.

5. Нэхэмжлэгчийн тайлбарт ... Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгож, уг газрыг ашиглах гурвалсан гэрээ байгуулах талаар дурджээ. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ... Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна ... гэсэн заалт одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл энэ талаар буюу нэхэмжлэлд дурдсан шийдвэр /БОНХЯ-ын Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/95 тоот гэрчилгээ/ гарсан талаар талуудтай гэрээ байгуулах үүргийг хэрэгжүүлж байгаа харьяалах сумын Засаг даргад мэдэгдээгүй байгаа нь гэрээ байгуулах эрхийг хуулиар тусгайлан олгосон сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэж үзэх үндэслэл бүхий байна.

Иймд Шадав Д.Б********-ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.М********   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд хаваржааны зориулалттай газар авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн газраа хуулийн дагуу, зохих зөвшөөрлийг авсаны дагуу авсан. Би тухайн газрыг Баасанжав гэдэг хүнээс аваагүй Засаг даргын захирамж гарсаны дагуу авсан. Тухайн үедээ энэ газар давхцсан гэх асуудал байна уу гэж Баасанжаваас асуухад тийм зүйл байхгүй, миний дүү газрын гэрчилгээгээ гаргуулж аваарай гэж хэлсэн. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл газарчин кадастрын компаниар кадастрын зураг хийлгэж байсан. Тухайн газар дээрээ 2 байшин барьсан. Манайх саалийн хэдэн үнээтэй түүнийгээ саагаад зундаа сүүгээ зараад зусдаг. Газар ашиглахаар 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэр газар манай аав малаа хараад хаваржааны зориулалттай ашиглаж байгаа юм. Тухайн үедээ би Алаг-Эрдэнэ суманд амьдарч байсан учир миний нэр дээр газар ашиглах гэрчилгээ гарсан. Хаврын өтөгнөөсөө зайлаад зусландаа буухын өмнө тухайн газар малаа хэсэг байлгадаг. Миний ашиглаж байгаа газар нэг га газар байдаг гэв.

Гуравдагч этгээд Ч.Ц******** шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн иргэн Чойжилсүрэн овогтой Цэцгээ миний бие 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сумын Засаг даргын №94 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Жанхайн сайрын баруун эрэгт 1 га газрыг хаваржаа, зуслангийн зориулалтаар авсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн сумын Засаг даргын А/97 дугаар захирамжаар өмнөх газраа баталгаажуулсан болно. Ийм байсаар байтал иргэн Л.М********  ын газар Ардагийн ам нэртэй координатын хувьд давхацсан тул хоёул хоорондоо бага зэрэг маргаж байгаад эвлэрч талбайгаа хуваан авч тохирсон байгаа билээ. Миний газар гэж бараг байхгүй болоод байх шиг одоо 0.4 га болсон. Бид газартаа 2 ширхэг муурын байшин барьсан ба зун хавар гэр бүл найз нөхөдтэйгээ очиж амардаг. Би төрийн албанд ажилладаг, тэтгэврийн нас ойртож байгаа тул тэтгэвэрт гараад саалийн ганц хоёр үнээтэй суух зорилготой байгаа юм. Гэтэл одоо болохоор Дамдины Батжаргал гэдэг нөхөр яамнаас зөвшөөрөлтэй гээд маргаж байгаа юм байна. Иймд миний бие гуравдагч этгээдээр уг хэрэгт татагдан ороод хавтаст хэрэгтэй танилцаж байхад дараах зүйлүүд анхаарал татаж байна. Үүнд:

1. Сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргахдаа хууль бус гэсэн байна. Үүнийг би тайлбарлахдаа Д.Б********-ын яамнаас авсан гээд байгаа зөвшөөрөл нь өөрөө хууль бус, МУ-ын ТХГН-ийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн 37 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж харин яамны зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн эрхэм шүүгч нарт хүсэх байна.

2. Газрын кадастрын зураг нь Хөвсгөл аймгийн Хатгал сум Жанхайд гэж 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр Геоценоз ХХК-ны инженер М.П********-р  гаргуулсан байна. Энэ нь: а/ Хатгал сум гэж байхгүйг хүн бүхэн мэдэх байх. Харин 1470 км2 газар нутагтай Хатгал тосгон бий.

б/ Жанхай гэдэг газар Хатгал тосгонд хамааралгүй Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн газар нутаг билээ.

в/ Газар ашиглах гэрээ нь тосгоны захирагчтай байгуулсан байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Учир нь тосгоны захирагчид ийм эрх Монгол Улсын ямар нэг хуульд байхгүй ба бусдын нутаг дэвсгэрт бусдаар гарын үсэг зуруулсан нөхөд ямар аргаар юу өгч үгсэн хуйвалдаж байгааг хянан шалгуулах ёстой газарт нь хандах, хардах эрхтэй гэж бодогдоно ... гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Ц********   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын А/94 дүгээр захирамжаар хаваржааны зориулалтай 1 га газар авсан. Мөн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Засаг даргын А/97 дугаартай захирамжийн дагуу газраа дахин баталгаажуулсан болно. Л.М********  той газар давхцсан байсан учир нэг нутгийн хүмүүс учир хоорондоо ярилцаж байгаад би өөрийн газраа 0,4 га болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгийн гарын үсэгтэй 2014/95 дугаартай газар ашиглах гэрчилгээг Улаанбаатар хотын иргэн Д.Б********-д олгосныг хууль бус гэж үзэж байна. Т.Эрдэнэчимэг даргад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд асан С.Оюун 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А381 дугаар тушаалаар зөвшөөрөл олгох эрх олгосон байтал уг гэрчилгээ нь 2013 оны А-77 тушаалыг үндэслэж олгосныг хүчингүй гэж үзэж байна. Д.Б********  нь сумын Засаг даргаас санал авахгүйгээр газар ашиглах зөвшөөрөл авсаныг хууль бус гэж үзэж байна. Газар ашиглах гурвалсан гэрээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай. Тусгай хамгаалалттай газар нутгийн Удирдлагын газрын дарга Ч.Батсансар гэдэг хүн байсан атал дарга Т.Эрдэнэчимэгт сайд эрх олгосон гэх мэт зөрчлүүд байна. Тосгоны захирагч бусдын газар нутагт газар ашиглахгурвалсан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах ёсгүй. Тухайн орон нутгийн 1400 га газар нутгийнхаа төлөвлөгөө батлахаас өөр эрхгүй. Уг гэрээ нь 2015/003 дугаартай хэдий чгэрээг байгуулсан он, сар байхгүй. Уг гэрээнд газар ашиглах хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэсэн байхад газар ашиглах гэрчилгээ нь 2014 оны 11 дүгээр сарын 7-ны олгогдсон өдөр гэх мэт зөрчлүүд байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Д.Б********  нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/95 дугаартай захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч Д.Б********  нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны А/97 дугаар захирамж түүний Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар ... газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д зааснаар байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт,хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох бөгөөд нэхэмжлэгч Д.Б********-д Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, Жанхайн ам гэх Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 1.0 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/95 дугаартай гэрчилгээг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгч, улмаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр нар нэхэмжлэгч Д.Батжаргалтай 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулсныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар баталсан байх тул нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрхтэй болжээ.

Харин гуравдагч этгээд Ч.Ц********  , Л.М********   нарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг үндэслэн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Ардагийн ам, Жанхайн сайр гэх газарт хаваржааны зориулалтаар 5 жилийн хугацаагаар 1 га газар ашиглах эрх олгож, гэрчилгээ бичиж өгчээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Л.М********  , Ч.Ц********   нарын газар ашиглах эрх түрүүлж үүссэн тул Д.Б********-ын газар ашиглах эрх хүчингүй гэж маргаж байгаа боловч гуравдагч этгээд Л.М********  , Ч.Ц********   нарт тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь:

Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамждаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-ын ... бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 52 дугаар зүйлийн 52.7-ын Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэх заалтуудыг үндэслэсэн байна.

Энэхүү Газрын тухай хуульд заасан сумын Засаг даргын газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэр гаргах эрх нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газар нутагт хамаарах эрх бөгөөд харин Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхийг тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-аар шийдвэрлэнэ.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтанд авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тус тус заажээ.

Харин Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэхээр заасан ба Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилтуудаас харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь илүү нарийвчилсан зохицуулалтыг агуулж байх тул тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах харилцаанд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэглэнэ.

Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргахаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан байна.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ... сумын ... Засаг дарга нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаар 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 2/ өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтанд авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах, 3/ байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг эрхлэх гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Ийнхүү Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29, 36 дугаар зүйлд зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах эрхийг гагцхүү Төрийн захиргааны төв байгууллагад олгосон ба сумын Засаг даргад олгоогүй байна.

Монгол Улсын хууль тогтоомжоор тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах эрхийг сумын Засаг даргад тусгайлан олгоогүй байхад Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаараа гуравдагч этгээд Л.М********  , Ч.Ц********   нарт Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан илт хууль бус захиргааны акт болжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд эрх зүйт төрд нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийвчлан зааглаж тогтоосон байдаг бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд тодорхой захиргааны акт гаргах боломжтой, харин хуулиар тусгайлан эрх олгоогүй бол ямар нэгэн эрх зүйн акт гаргах эрхгүй юм.

Гэтэл Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга нь хуулиар эрх мэдэл олгоогүй байхад 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар Л.М********  , Ч.Ц********   нарт улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргасан байгаа нь илт хууль бус болжээ.

Хоёр. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 тушаалаар иргэн Д.Б********-д Алаг-Эрдэнэ сумын Жанхайн аманд олгосон 1.0 га газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжаар иргэн Л.М********  од Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Ардагийн аманд олгосон 1 га газар, иргэн Ч.Ц********  д Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Жанхайн сайрт олгосон 1 га газар нь тус тус давхцаж байгаа болох нь шинжээч Х.Идэрийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэн Д.Б********-ын газартай иргэн Л.М********  ын газар давхацсан бөгөөд 6327,3 м.кв газар давхацсан байна. 2015 оны байдлаар Д.Б********-ын газартай иргэн Ч.Ц********  гийн газар 2723,5 м.кв хэмжээгээр давхацсан байна. Иргэн Д.Батжаргал, Л.М********  , Ч.Ц********   нарын газар давхацсан байгаа бөгөөд иргэн Д.Батжаргал, Л.М********   нарын газар нь 6327,3 м.кв давхцаж байна. Иргэн Ч.Ц********  гийн газар нь Л.М********  ын газартай 679,4 м.кв хэмжээгээр давхацсан байна гэх дүгнэлт, гэрч Г.Цогтбаярын Жанхайн ам, Ардагийн ам, Жанхайн сайр гэдэг газар нь нэг газрын нэр юм гэх мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1/ дархан цаазат газар, 2/ байгалийн цогцолборт газар, 3/ байгалийн нөөц газар, 4/ дурсгалт газар гэж ангилах бөгөөд Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосон ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх маргаан бүхий газар нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамаарч байгаа гэдэгтэй маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс ... холбогдох хууль тогтоомжид зааснаар сумын Засаг дарга нь Тусгай хамгаалалттай газар нутагт ямар нэгэн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Газар ашиглуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Гэвч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Газар ашиглуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийн хавсралтаар нэр бүхий 11 иргэнд өвөлжөө, хаваржаа, хог боловсруулах цэг зэрэг зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс иргэн Л.М********  од Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг, Ардагийн аманд хаваржааны зориулалтаар олгосон 1 га газар, иргэн Ч.Ц********  д Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар баг Жанхайн сайрт хаваржааны зориулалтаар олгосон 1 га газар нь тус тус Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Б********-ын ашиглах эрх бүхий газартай давхацсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыгзахиргааны акт илт хууль бус болох нь нотлогдож байгаа хэмжээгээр буюу зарим хэсгийгхангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Газар ашиглуулах тухай 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 тоот захирамжийн хавсралтаас гуравдагч этгээд Л.М********  , Ч.Ц********   нарт ашиглах эрх олгосон газар нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамаарч байгаа нь нотлогдож, харин бусад нэр бүхий 9 иргэнд ашиглуулахаар олгосон газар нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн Л.М********  , Ч.Ц********   нарт холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар илт хууль бус болох нь тогтоогдож байх бөгөөд илт хууль бус захиргааны акт нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг боловч түүний оршин буй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж түүнд дарамт учруулдаг учраас хүчингүй болгох тухай ойлголт байхгүй, харин илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх ёстой.

Гурав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа ... бусдын нутаг дэвсгэрт дур мэдэн давхцуулж газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2014/95 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх боловч хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглодог ба хариуцагчийн дээрх тайлбарыг сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн гуравдагч этгээд Ч.Ц********   шүүхэд гаргасан тайлбартаа ... Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-381 дугаар бүхий Д.Б********-д Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулахаар гарсан тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү... гэж байгаа боловч үүнийг бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь бие даасан шаардлага гаргаж байгаа гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба түүний бие даасан шаардлага нь нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Гэтэл гуравдагч этгээдийн дээрх тайлбараас үзэхэд бие шаардлагын шинжийг агуулаагүй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, гуравдагч этгээд Л.М********  , Ч.Ц********   нар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-381 дугаар бүхий тушаал нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхтэйг дурдъя.

Дөрөв. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн Л.М********  , Ч.Ц********   нарт холбогдох хэсэг нь илт хууль бус болох нь тогтоогдож байх тул Хатгал тосгоны захирагч нь нэхэмжлэгч Д.Батжаргалтай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулах эрхгүй, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын саналыг аваагүй, маргаан бүхий газар нь Хатгал тосгоны эдэлбэр газарт хамаарахгүй гэх зэрэг хэргийн оролцогчдын маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бусад үндэслэлүүдийг дүгнэх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба эрх зүйт төрд илт хууль бус захиргааны актын эсрэг хэзээ ч гомдол, нэхэмжлэл гаргаж болох ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа баримтлах шаардлагагүй юм. Учир нь илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн хувьд үйлчлэлгүй, алдаа нь илэрхий бөгөөд ноцтой байдаг ба нэхэмжлэгчид дарамт учруулсаар байдаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.8-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 21.4.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн хавсралтын Сартуул Л.М********-д 2 дугаар баг Ардагийн аманд хаваржааны зориулалтаар 1 га газар, Хатагин Ч.Ц********-д 2 дугаар баг Жанхайн сайрт хаваржааны зориулалтаар 1 га газрыг тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирамжийн бусад хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б********-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ