Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 01980

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01980

 

 

Д.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01971 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.Дгийн хариуцагч Г.Ст холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 34 253 960 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Д.Д нь 2017 оны 2 дугаар сард Г.Стэй танилцсан бөгөөд энэ хугацаанд Г.С БНХАУ, Шанхай явж ажил хөөцөлдөх зэргээр хамт явж, нэхэмжлэгчийн итгэлийг бүрэн олсон байсан тул элдэв муу зүйл саналгүй хариуцагчид итгэж мөнгө зээлдүүлж, зээлсэн мөнгөө буцаагаад өгнө гэж найдсаар ирсэн. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хариуцагчийн зүгээс мөнгө түр зээлээч гэх мэтээр гуйж эхэлсэн. Эхэн үедээ авсан мөнгөө буцааж шилжүүлж байсан нь дансны хуулгаас харагдана. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөг түр өгөөч 7 хоногийн дараа түц барьж босгоод ашигтай зараад ашгийг нь хамт хувааж авъя, авах хүн нь бэлэн байна гэж зээлдэн авсан. Түүнчлэн, 2018 оны 3 сард Гуанжу явж мотоциклын сэлбэг тоноглол бусад бараа материал хямд экспортолж зарна, дахиад 4 000 000 төгрөг олоод өгөөч гэж удаа дараа гуйхаар нь 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь Гуанжу явж ирээд Эрээн дээр байна бүх мөнгөө шавхсан зардалгүй болчихлоо, ачаагаа авах гэсэн юм ачааны мөнгө өөр бусад жижиг сажиг зардлын мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлсэн. Г.С 2018 оны 4 сарын 15 өдөр 600 000 төгрөг, мөн оны 4 сарын 17-ны өдөр 400 000 төгрөг тус тус буцааж шижүүлсэн байдаг. Үүнээс гадна, мотоцикл эвдэрчихлээ, машин хөдөө явж байгаад эвдэрчихлээ, утас хаагдах гээд байна утасны мөнгө хурдан төлөөд өгөөч, удаа дараа гуйж гувшин 2017 оны 3 сараас 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл бэлэн мөнгө, эд бараа, дансаар зээлж авсаар нийт 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Мөнгөө нэхэх бүрт зохицуулж өгнө санаа зоволтгүй, удахгүй гэж хэлсээр өдийг хүрсэн. Үүнээс хойш, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай нэг хятадын жолооны үнэмлэхийг гаргуулахад яаралтай мөнгөний хэрэг болчихлоо 2 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай түр зээлүүлээч гэхэд нь 2 000 000 төгрөг шилжүүлсэн, 12 сарын 06-ны өдөр дахиад 500 000 төгрөг өгөөч яаралтай хэрэг болчихлоо, цалингаа авангуутаа нөгөө мөнгөтэй хамт өгье гээд нэмж авсан. Улмаар 12 сарын 9-ний өдөр буцааж 600 000 төгрөг шилжүүлж өгсөн. Хариуцагч нь “үлдсэн мөнгийг Чингис шилжүүлнэ би авч өгнө” гэж хэлсэн. 12 сарын 16-ны өдөр дахин 500 000 төгрөг хэрэг болчихлоо удахгүй бүгдийг нь нөгөө мөнгөнүүдтэй Хятадуудаас аваад өгнө, би хүртэл олон сарын цалингаа аваагүй баларч байгаа гээд авсан. 12 сарын 17, 26-ны өдрүүдэд маш хямд бенз байна, таньдаг ах маань мөнгөний хэрэг гараад хямд зарж байна, энийг нь аваад буцааж зарахад дор хаяж 6 000 000 төгрөг хүрнэ гээд авч ирж үзүүлээд 2 500 000 төгрөг авсан. Дараа нь бензний түлхүүрийг нь хаясан, түлхүүр байхгүй бол асахгүй байна гэсэн шалтгаанаар одоог хүртэл мөнгө ч өгөөгүй сүүлдээ машин ч байхгүй болсон. 2019 оны 12 сарын 25-ны өдөр хариуцагчийн ажлын хүн Чингис над руу 1 300 000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг Г.С авсан өөрөө төлөх ёстой гээд Г.Сөөс нэхэхээр Чингис өгөх ёстой гэх байдлаар бие бие рүүгээ түлхэж хэн нь авсан, хэн өгөх ёстой учир нь олдохоо байсан. Мөн 2020 оны 1 сарын 10-ны өдөр Дарханд шүүх хуралд оролцоод торгууль 500 000 төгрөг төлчихвөл хурдан салчих гээд байна гээд утасдаж гуйсаар нэмж 500 000 төгрөг шилжүүлж авсан, 1 сарын 11-ний өдөр буцааж 350 000 төгрөг шилжүүлсэн, үлдсэнийг нь өдөр ажил дээрээ очиж шилжүүлнэ гээд таг болсон байдаг. 2020 оны 1 сарын 13-ны өдөр согтуу явж байгаад эрхээ хасуулчихлаа машинаа журамлуулчихлаа, энэ удаа надад туслаад миний машиныг гаргаад өг хятадуудын мөнгө нь удахгүй орж ирэхээр чамд өгөх ёстой бүх өрөө төлнө гээд дахин мөнгө авсан. Энэ мэтээр Г.С нь янз бүрийн шалтаг хэлж надаас мөнгө зээлсээр өнөөдрийн байдлаар нийт 34 253 960 төгрөг болсон. Миний бие хариуцагчийн Хаан банкны 5023101950 тоот дансруу мөнгө шилжүүлдэг байсан. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймээс хариуцагчаас нийт 34 253 960 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.С миний бие Д.Дгаас ажилд ортлоо хэрэглээний бага сага мөнгө авч байсан, Д.Д өөрөө ч надад өгдөг байсан. Би тэр мөнгийг нь зээлж байна гэж бодоогүй. Би түүнээс мөнгө авч хувийн бизнес эрхлээд амжилтгүй болж дампуурсан. Тэрээр чи надтай хамт байх юм бол би чамд гоё гоё юм их үзүүлж зөндөө юм авч өгнө гэж байсан. Тухайн үед би залуу хүн болохоор гоё санагдаж бүх юм сонирхол татаж сайхан мэт байсан боловч удалгүй эхнэр маань бие давхар болж үүнийгээ Д.Дд хэлж дотно харилцаагаа зогсоож түүнээс холдсон боловч хуурамч фэйсбүүк нээж намайг дарамталж, эхнэр хүүхэд рүү маань янз бүрийн мэссеж бичих болсон. Дараа нь би Д.Дтай уулзаж яагаад ингээд байгаа талаар нь асуухад би чамаас салмааргүй байна, чи намайг хохироож байна, буцаж нийлэхгүй бол эхнэр, хүүхэд рүү чинь мэссеж бичнэ гэх зэргээр дарамт шахалт удаа дараа үзүүлсээр байгаад буцаж нийлж шөнө болгон хурдан ир, би чамайг хүлээж байна гэж утасддаг болсон. Ингээд хөдөө явж ажилласан. Хөдөө миний утас сүлжээ байхгүй холбогдохгүй болохоор цагдаагаар дуудуулсан. Би түүнтэй уулзаж “чиний тэр хүнээс авч чадахгүй байгаа мөнгийг дахин гэрээ хийж олж өгье, харин надаас нэхэмжилж байгаа 30 000 000 төгрөгийг ажлын хөлсөндөө суутгаад авья гэхэд Д.Д өргөдлөө буцааж авсан. Манай эхнэр одоо дахин бие давхар болсон гэж учирлан тайлбарлахад шөнө болгон залгаж ир гээд өдийг хүрч байна. Одоо манай эцэг, эх рүү өөрөө болон өмгөөлөгчөөрөө залгуулж ... миний мөнгийг өг гэж дарамталдаг болсон. Бид хоёрын харилцаанд эцэг, эх, эхнэр, 2 хүүхэд маань ямарч холбоогүй. Сүүлд би Д.Дгаас мөнгө зээлж аваад өгөөгүй 3 500 000 төгрөг дутуу байгаа нь үнэн. Хамт ажилладаг уурхайн хөрөнгө оруулагч Хятадууд миний цалинг өнгөхөөр шууд Д.Дд өгөх болно. Миний бие түүнд өдий хүртэл өөрийнхөө чадлаар тусалж дэмждэг байсан болохоос биш дарамталж, дээрэлхэж, хуурч залилан мэхэлж мөнгө авч байгаагүй. Би зээлж авсан мөнгөө бүгдийг нь өгч чадаагүй ч тодорхой хэмжээний мөнгө өгсөн гэжээ. 

   Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Сөөс 11 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23 053 960 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 219 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сөөс 194 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, К.Отгонцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарласан, шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байх тул шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэрэгт үзлэг хийж бэхжүүлсэн талуудын цахим харилцааны зурвасаар зээлийн мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлох боломжгүй байхаас гадна талуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмнэлгийн төлбөрийн баримт зэргийг үндэслэн 41 304 500 төгрөгийг бүхэлд нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авахаар хариуцагч хүсэл зоригоо илэрхийлсэн болохыг тодорхойлох баримт гэж үзэх боломжгүй байна” гэж шүүх дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж, цахим харилцааны зурвас болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмнэлгийн төлбөрийн баримт зэрэгт үзлэг хийлгэн шүүхээс бэхжүүлж авсан хангалттай нотлох баримтын шаардлагад нийцэж байхад шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 253 960 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн” гэх агуулгаар, хариуцагч татгалзлаа “хэрэглээний мөнгө авдаг байсан нь үнэн, гэхдээ тэр мөнгийг зээлж байна гэж бодоогүй, харин түц барих, мотициклийн тоног төхөөрөмж авах, ачаа тээврийн зардал, бенз автомашин авах, жолооны сургалт болон торгуулийн төлбөр, журмын хашааны төлбөр зэрэгт тодорхой хэмжээний мөнгө, төгрөг авсан, уг мөнгөнөөс зарим хэсгийг нь буцааж өгсөн” гэж тус тус тайлбарласан.

Мөн  хариуцагч нэхэмжлэгчийн “... 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 41 304 500 төгрөг зээлдүүлсэн, уг мөнгөн дүнгээс хариуцагч нь 7 050 000 төгрөг буцааж төлсөн, өөр төлөлт хийгээгүй ...” гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 10-16, 24-250 дугаар талд авагдсан зохигчдын дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 41 304 500 төгрөг шилжүүлсэн гэх боловч 6 322 800 төгрөгийг хариуцагчийн бус өөр бусад этгээдүүдийн данс руу шилжүүлсэн байгааг Г.С хариуцах ёстой болохыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 18 250 000 төгрөгийг зээл болон хариуцагчид хамааралтайгаар шилжүүлж байсан ба 16 731 700 төгрөгийг ямар зориулалтаар шилжүүлж байгаа талаар гүйлгээний утгыг тэмдэглээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд 18 250 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хариуцагчийн буцаан төлсөн 7 050 000 төгрөгийг хасч, хариуцагчаас зөвхөн 11 200 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримт, зохигчдын тайлбарт харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж чадаагүй гэж үзнэ.

 

Бусдад хөрөнгө шилжүүлэх үүрэг хууль болон гэрээний үндсэн дээр үүснэ. Иргэний хуульд бусдаас буцаан төлөх нөхцөлтэйгээр авсан мөнгөн хөрөнгийг эргэн төлсөн болохоо хүлээн авсан тал нь нотлох үүрэгтэй талаар зохицуулсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь 16 731 700 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зориулалтыг нь тэмдэглээгүй байх боловч энэ нь хүлээн авагчийн хувьд бусдаас авсан зүйлийг буцаан төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Бусдаас шилжүүлсэн хөрөнгийг хууль болон гэрээний үндсэн дээр хүлээн авсан гэдгээ нотлох үүрэг хүлээн авагч талд үүснэ. Нэхэмжлэгчтэй хувийн харилцаатай байсан гэх нөхцөл байдал нь хариуцагчийг 16 731 700 төгрөг авах шууд хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ хэмжээгээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө авч байгаа нь үндэслэлтэй болохоо хүлээн авч буй тал нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгчээс зээл гэх утгаар тохиролцон шилжүүлсэн 18 250 000 төгрөг, гүйлгээний утгыг тэмдэглээгүй шилжүүлсэн, хариуцагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 16 731 700 төгрөг, нийт 34 981 700 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 7 050 000 төгрөгийг хасч хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг тодорхойлбол 27 931 700 төгрөг болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01971 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч Г.Сөөс 27 931 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 322 260 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтын “194 150 төгрөг” гэснийг “297 608 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

                                 Б.НАРМАНДАХ