| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0586/э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Р.Батнасан,
Хохирогч Х.Алтанзул,
Шүүгдэгч Б.Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхон овогт Батбаярын Б.Мад холбогдох эрүүгийн 201725021473 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 31/15-р байр 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхон овогт Батбаярын Б.М, регистрийн дугаар:ПЭ79121319,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б.М нь 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын 5а байрны 73 тоотод байрлах "Дөмөн" нэртэй ресторанд үйлчлүүлж байхдаа тус рестораны зөөгч Х.Алтанзулын толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө хохирогч нь рестораны вип өрөөний ширээн доороос толгой нь хагарсан байдалтай өндийж босч ирсэн. Тухайн үед би найзтайгаа юм ярьж байсан. Дараа нь хохирогчид 6 дугаар сарын 8-ны өдөр “Монгол Хьюндай” эмнэлэгт очиж үзүүлье гэсэн санал тавьсан. Тухайн эмнэлэгт үзүүлэхэд зүгээр гэсэн хариу авсан. Дараа нь хохирогч “Сонгдо” эмнэлэгт 370.000 төгрөгөөр үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу эрүүл гарсан. Хохирогч Алтанзул 5.000.000 төгрөг надаас нэхэмжилсэн …” гэв.
Хохирогч Х.Алтанзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө манай ресторан зөөгчгүй ажиллаж байсан. Тухайн хүмүүс 20 цагийн үед орж ирээд хоол идэж, 0.75 л архи захиалж уусан. Өрөөнд хүмүүс маргалдаж байгаа талаар сонсоод очиход шүүгдэгч Сугар гэх залуутай маргалдаж байсан. Хажууд байсан бүдүүн залуу нь шүүгдэгчийн бүсэлхийгээр нь тэврээд болиулах гээд байж байсан. Тэгэхээр нь би “өрөөнд асуудал гаргахгүй шүү асуудлаа гарж байж шийдээрэй” гэж хэлсэн. Тэгэхэд намайг “гарч бай одоо зохицуулчихна” гэж хэлээд өрөөнөөс гаргасан. Удалгүй дахиад маргалдсан. Асуудал гаргаад зурагт хагалчихаж магадгүй гэж бодоод өрөө рүү нь дахин орсон. Ширээн дээр байгаа хоосон зүйлүүдийг нь авах гээд тонгойж байтал толгой руу тал архитай архины шилээр шүүгдэгч намайг цохисон. Тухайн ширээ маш намхан. Би ширээн доогуур багтахаар жижиг биетэй хүн биш. Сугар гэх залуу 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нь орж ирээд орой найзуудтайгаа ирнэ хаалт хийгээд өгөөрэй гэж гуйгаад бичиг баримтаа үлдээгээд явсан. Шүүгдэгч надад гэмтэл учруулчихаад цохиогүй, мэдэхгүй гээд сууж байна. Шүүгдэгч эрүүлжүүлэхэд хоночихоод маргааш нь манай ажил дээр ирээд хоол идээд сууж байсан. Би дуудаж ирээд та намайг доромжлоод байгаа юм уу гэж хэлэхэд ах нь уучлал гуйх аргаа олж ядаад явж байна. Ядаж орлого оруулъя гэж бодоод ороод ирлээ гэж хэлсэн. Надаас уучлал гуйж, ядаж хүн ёсоор хандсан бол би ингээд явж байхгүй. Би хүүхдээ хадам ээждээ харуулдаг ба сарын 4.500.000 төгрөгний түрээс төлдөг. Энэ ажилд ороод сар болоогүй байсан. Нийт 3.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн. 1.150.000 төгрөгний бодит хохирол гарсан. “Сонгодо” эмнэлэгт тархины IMR-г өөрт байсан орлогны мөнгөөрөө буюу 373.000 төгрөгөөр IMR хийлгэсэн. Шүүгдэгч дараа нь 500.000 мянган төгрөг өгсөн. Надаас уучлал гуйгаагүй. Үнэхээр гомдолтой байна. Үлдсэн 1.000.000 гаруй төгрөгөөр би 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ…” гэв.
Эрүүгийн 201725021473 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б.М нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Сугар бид 2 уулзаад Ганбаатар руу яриад 11-р хороололын “Дөмөн” нэртэй ресторанд уулзсан. Тэгээд хоол унд архи захиалж ууцгаасан. Тэгээд Сугар бид хоёр нэг биенээ явуулах маягтай маргалдаж байгаад Сугарыг сүрдүүлэх санаатай ширээ рүү гараа цохисон. Тэгсэн чинь ширээний хажуу талаас тэр Алтанзул гэх хүүхэн өндийж босож ирээд “миний толгой хагарчихлаа” гэсэн. ...Би Алтанзулын эмчилгээнд нийтдээ 575.000 төгрөг зарцуулж хохирлыг нь барагдуулсан гэж үзэж байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Алтанзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 6 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хорооллын 5а-73 тоотод байрлах “Дөмөн” ресторанд байж байтал тус ресторанаар үйлчлүүлж байсан Сугар гэх залуу үл таних 3 эрэгтэй хүнтэй байж байгаад тэр хүмүүсийн нэг нь болох Б.М гэх залуу Сугартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаад олон нийтийн газар агсам тавиад байхаар нь би “та нар болиочээ энд асуудал битгий үүсгээрэй” гэж хэлчихээд өрөөнөөс нь гараад явсан. Тэгтэл дахиад ви ай пи өрөөнд маргалдаад чанга чанга дугараад байхаар нь дахин ороод ширээн дээр байсан хогийг цэвэрлэх гээд ширээний хажуу руу тонгойход толгой хэсэг рүү Б.М нь Хар чингис 0.75 литрийн архины шилийг гартаа барьж байгаад 1 удаа цохиход миний тархи хагарч, цус гарсан. Тэгээн ухаан манараад гэмтлийн эмнэлэгт очиж 4-5 оёдол толгойндоо тавиулсан...Би Б.Б.Маас 3.000.000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Гэрч Д.Сугар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 6 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хороололд байрлах “Дөмөн” ресторанд өөрийн найз Б.М, Мөөгий, Ганбаа нарын хамтаар үйлчлүүлсэн. Бид нар 0.75 литрийн Чингис архи 2 шилийг хувааж уугаад нилээн согтсон бөгөөд чанга ярилцаж байх үед гаднаас зөөгч орж ирсэн юм шиг байсан. Б.М ширээ рүү л гараараа цохих шиг болсон яг юу болсоныг мэдэхгүй байна нэг харахад зөөгч эмэгтэйгийн толгойноос цус гарчихсан ширээний хажуу талаас өндийгөөд босоод ирсэн. Гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан. Б.М бид хоёрын хооронд айхтар маргаан гээд байх зүйл болоогүй. Тухайн үедээ зөөгч эмэгтэй жаахан чимээгүй байгаарай гэж бид нарт сануулж байсан. Миний хувьд зөөгчийг цохиж байхыг хараагүй харин ширээг атгасан гараараа цохиж байхыг санаж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 35, 76 дугаар хуудас/
Гэрч Ж.Мөнхдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах “Дөмөн” ресторанд өөрийн эхнэр түүний хамаатны эгч Алтантуяа нарын хамтаар 23 цагийн үед байж байгаад шарсан төмс хоол бэлтгэх хэсгээр гаргаж байтал Алтантуяа эгч ямар аймар юм вэ гэж орилохоор нь би хоол бэлтгэлийн өрөөнөөс гараад Алтантуяагийн байгаа газар руу очиход ви ай пи өрөөнөөс манай эхнэр толгойгоо барьчихсан гарч ирсэн. Манай эхнэрийн толгойноос цус гарчихсан байсан бөгөөд тэр өрөөнд үл таних 4 эрэгтэй хүн сууж байсан. Манай эхнэр надад хэлэхдээ тус өрөөнд байсан жижиг туранхай биетэй залуу шилээр цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Г.Алтантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тухайн “Дөмөн” ресторанд Алтанзул түүний нөхөр Мөнхдэлгэр нарын хамтаар байж байгаад Мөнхдэлгэр гал тогооны өрөөнд ажиллаад би текэн дээр зогсоод Алтанзул хүмүүст үйлчлээд ажиллаж байсан. Тэгтэл 23 цагийн үед байх Алтанзул ви ай пи өрөөнд орчихоод орилохоор нь би гайхаад араас нь ороход Алтанзул гараараа толгойгоо барьчихсан маш их цус гарчихсан зогсож байсан. Тухайн өрөөнд 4-5 эрэгтэй хүн сууцгааж байсан. Тэгээд би орилоод араас Мөнхдэлгэр орж ирж байсан бөгөөд шууд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэдгээр залуус орж ирсэн цагаасаа хойш л өөр хоорондоо маргалдаад чанга чанга яриад ресторанаар үйлчлүүлж байсан хүмүүст чирэгдэл учруулж амар тайван байдлыг нь алдагдуулаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Х.Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 6 дугаар сарын 07-ны орой Сугар, Б.Б.М, Ч.Ганбаатар бид дөрөв нийлээд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороололд байрлах ресторанд 3-4 цаг сууж хоол идэж архи ууж хоорондоо юм ярьцгаасан. Тухайн рестораны ви ай пи өрөөнд байсан болохоор нилээн согтсон байсан ба нэг мэдэхэд зөөгч хүүхэн ширээний булангаас өндийгөөд хүүе яанаа гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй рүү харахад тархинаас нь цус гарчихсан байсан. Бид нар сандралдаад гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Б.Б.М нь миний сууж байсан буйдангийн урд талын өнцөгт, Сугар баруун талын хана дагуу сандал дээр суучихсан нөгөө зөөгч эмэгтэй ширээний баруун урд талын булангаас өндийгөөд босч ирж байгаа харагдсан. Ер нь бол би тэр буланд суучихсан гар утсаа оролдоод байж байтал нэг эмэгтэй хүүе гээд орилохоор нь харахад ширээний булангаас өндийгөөд босч ирсэн. Тэр зөөгч эмэгтэйг хэзээ орж ирсэнийг анзаараагүй. Б.Б.М, Сугар хоёр хоорондоо юм яриад л байх шиг байсан маргалдаад барилцаж авсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Ч.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Х.Б.М бид хоёрыг очиход Б.Б.М, Сугар нар хоол идээд ви ай пи өрөөнд сууж байсан. Бид нар хоол идээд архи ууцгаасан би архи уугаагүй. Би гадагшаа салхилах гэж гараад 10 минут орчим үүдэнд байж байгаад буцаад орж ирэхэд зөөгч хүүхэн нь ширээний булангаас “тархи хагалчихлаа танай найз чинь намайг архины шилээр цохьчихлоо” гэж хэлээд ширээний булангаас босож ирсэн. Тэгээд хүмүүс бужигналдаад би хувцасаар нь тэр эмэгтэйн цусыг нь тогтоох зорилгоор толгой дээр нь дараад Гэмтлийн эмнэлэг авч явсан. Би бол Сугар, Х.Б.М, Б.Б.М нарын аль нь тэр эмэгтэйг юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Сугар, Б.М нар хоорондоо маргалдаад зогсож байсан бөгөөд би тэр эмэгтэйгээс юу болсон талаар асуухад танай найз намайг архины шилээр цохисон гэж хэлэхээр нь яасан гэж цохиж байгаа юм вэ гэхэд ямар ч шалтгаангүй цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7499 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Эмчилгээний баримт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 28 дугаар хуудас/, эмчлүүлэгчийн карт /хх-ийн 30-32 дугаар хуудас/, гэрч Б.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч П.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/, эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/, Б.Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 56-60 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/, ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдолыг бүртгэх хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б.М нь 2017 оны 6 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын 5а байрны 73 тоотод байрлах "Дөмөн" нэртэй ресторанд үйлчлүүлж байхдаа өөрийн найз нартай архидан согтуурч, сэтгэл хөөрлийн үедээ элдэв зүй бус үйлдэл гарган ширээ цэвэрлэж байсан тус рестораны зөөгч Х.Алтанзулын толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- шүүгдэгч Б.Б.Мын “....Сугарыг сүрдүүлэх санаатай ширээ рүү гараа цохисон. Тэгсэн чинь ширээний хажуу талаас тэр Алтанзул гэх хүүхэн өндийж босож ирээд “миний толгой хагарчихлаа гэсэн..” гэсэн мэдүүлэг,
- хохирогч Х.Алтанзулын “...ширээний хажуу руу тонгойход толгой хэсэг рүү Б.М нь Хар чингис 0.75 литрийн архины шилийг гартаа барьж байгаад 1 удаа цохиход миний тархи хагарч, цус гарсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Д.Сугарын “...зөөгч эмэгтэйгийн толгойноос цус гарчихсан ширээний хажуу талаас өндийгөөд босоод ирсэн...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ж.Мөнхдэлгэрийн “...Алтантуяагийн байгаа газар руу очиход ви ай пи өрөөнөөс манай эхнэр толгойгоо барьчихсан гарч ирсэн. Манай эхнэрийн толгойноос цус гарчихсан байсан бөгөөд тэр өрөөнд үл таних 4 эрэгтэй хүн сууж байсан. Манай эхнэр надад хэлэхдээ тус өрөөнд байсан жижиг туранхай биетэй залуу шилээр цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Г.Алтантуяагийн “...Алтанзул ви ай пи өрөөнд орчихоод орилохоор нь би гайхаад араас нь ороход Алтанзул гараараа толгойгоо барьчихсан маш их цус гарчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Х.Б.Мын “...зөөгч хүүхэн ширээний булангаас өндийгөөд “хүүе яанаа” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй рүү харахад тархинаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
-гэрч Ч.Ганбаатарын “...зөөгч хүүхэн нь ширээний булангаас “тархи хагалчихлаа танай найз чинь намайг архины шилээр цохьчихлоо” гэж хэлээд ширээний булангаас босож ирсэн. Тэгээд хүмүүс бужигналдаад би хувцасаар нь тэр эмэгтэйн цусыг нь тогтоох зорилгоор толгой дээр нь дараад Гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹7499 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Х.Алтанзулын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,
- шинжээч М.Золжаргалын “...Х.Алтанзулын биед үүссэн гэмтэл нь тодорхой хэмжээгээр хүчтэй цохилтоос үүсэх байх боломжтой...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад нэг талаас шүүгдэгчийн хувьд архидан согтуурч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нөгөө талаас согтууруулах ундааны зүйлээр үйлчилж буй тухайн газар гэмт хэрэг үйлдэгдэхээс сэрэмжилэх зорилгоор зохих арга хэмжээг аваагүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б.М өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан хүсэлтдээ “...надад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү ...” гэснийг шүүх хүлээн аваагүй болно.
Учир нь Б.Б.Мын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж гэмт хэргийн ангилал, оногдуулах ял хүндэрч, эрх зүйн байдал дордож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, 2 дахь хэсэгт “...“…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулсны дагуу прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ялласаныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б.Мад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б.Маас хохирогчид эмчилгээний зардалд 523.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч Х.Алтанзулаас гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын төлбөрт 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэнээс 1.155.580 төгрөгийг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс 632.580 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хохирогч Х.Алтанзул 3 сая төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 1.155.580 төгрөгийн баримт байх тул /3.000.000-1.155.580= 1.844.420 төгрөг/ 1.844.420 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж энэ талаарх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олхон овогт Батбаярын Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Мыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Мад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Х.Алтанзулд шүүгдэгчээс 523.000 төгрөг төлсөнийг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Маас 632.580 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 10 дугаар хороо 10 дугаар гудамж 121А тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Хишигжаргалын Алтанзулд /НЙ81112607/-д олгосугай.
6. Хохирогч Х.Алтанзулын 1.844.420 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж энэ талаарх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.Мад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН