Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00830

 

2024 10 09 151/ШШ2024/00830

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,

Нэхэмжлэгч: ......... хот, ........ дүүрэг, ........ хороо, ...., А ХХК /гүйцэтгэх захирал ........../,

Хариуцагч: ...... аймаг, ........ сум, ....... тоот хаягт байрлах, Б ХХК /захирал ......./,

9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгчтэй 2023 оноос эхэлж хамтарч ажилласан. Энэ хугацаанд нэхэмжлэгч талын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох архи, пиво, ус ундаа нэр бүхий бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээний хүрээнд захиалж, дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. ...Хариуцагчид нийт 16,284,240 төгрөгийн бараа нийлүүлж, хариуцагч дээрх төлбөрөөс 7,284,240 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 13,247,730 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус баталгаажуулж Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн. Хариуцагч Б ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК /РД:........../-д холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Б ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг А ХХК-ийн данс руу шилжүүлж дууссан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

3.А ХХК-аас нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны хуудас /хх 5-6/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх 7-8/,  Б ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх 9/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 10/, нэхэмжлэлд хавсаргасан материал /хх 11/ зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-аас 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлдээ: ...Хариуцагчид нийт 16,284,240 төгрөгийн бараа нийлүүлж, хариуцагч дээрх төлбөрөөс 7,284,240 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 13,247,730 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус баталгаажуулж Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн. Хариуцагч Б ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, өөрчлөх, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Хариуцагч Б ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгийг А ХХК-ийн данс руу шилжүүлж дууссан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийн тал хувийг буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б ХХК-д холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгөөс 79,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 79,475 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.  

 

 

ШҮҮГЧ     Д.МӨНХБҮРЭН