| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04044/И |
| Дугаар | 182/ШШ2024/04919 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/04919
| 2024 11 25 | 182/ШШ2024/04919 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Б.Цолмон, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байранд байрлах, Н -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байранд байрлах, ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,
Прокурорын төлөөлөгч Н.Т,
Иргэдийн төлөөлөгч А.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дугаар шийдвэрээр ХОТШ банкнаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт 5 082 578 920 төгрөгийг гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад ХОТШ банканд өр төлбөртэй аж ахуйн нэгжүүдээс авах төлбөрийг хасаж, Улсын Н-т төлбөр хаах гурван талт гэрээ байгуулан ажиллаж байсан. Үүний дагуу Д ХХК-иас ХОТШ банканд төлбөл зохих 150 000 000 төгрөгийн өр төлбөрийг тус банкнаас манай байгууллагад төлөх төлбөрөөс хасахаар тохиролцож, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Д ХХК-ийн хооронд 2000.04.12-ны өдрийн 2000/01 дугаартай Шүүхийн шийдвэрийн төлбөр төлүүлэх тухай гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд тооцон авахаар заасан. Энэ нь манай бүртгэл тайланд тусгагдсан байдаг. Уг гэрээгээр төлбөр төлөгч Д ХХК нь 150 000 000 төгрөгийг С ХХК-иар дамжуулан Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлүүлэхээр тохиролцсон. Ингэж тохиролцохдоо хөрөнгө барьцаалсан бөгөөд төлбөрийг графикийн дагуу төлөөгүй. Төлөгдөөгүй тохиолдолд үл маргах журмаар барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр зааж, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар болон С ХХК-ийн хооронд 2000.04.12-ны өдөр Барьцааны гэрээ байгуулсан байдаг. Барьцааны гэрээнд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн эд хөрөнгийг зарцуулах эрхгүй гэж заасан.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 150 000 000 төгрөгийг төлөх талаар Д ХХК-д удаа дараа бичгээр хандаж байсан боловч төлөх үүргээ биелүүлээгүй. Нийгмийн даатгалын сан нь эв санааны нэгдлээр буюу дахин хуваарилалтын зарчмаар ажилладаг, өнөөдрийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын төлсөн мөнгийг одоогийн тэтгэвэр, тэтгэмж авагчдад хуваарилж өгдөг. Нийгмийн даатгалын санд дээрх 150 000 000 төгрөг орсноор бүртгэгдээгүй байна. Иймд даатгуулагчдын төлсөн мөнгийг зориулалт бусаар зарцуулах, даатгалын санд гэм хорын хохирол учирч байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу Дь ХХК-иас 150 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч Д ХХК буюу төлбөр төлөгч гэж заасан бөгөөд 150 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж харагдаж байна. ХОТШ банканд төлөх ёстой байсан 150 000 000 төгрөгөө дамжуулахгүйгээр шууд Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлнө гэж заасны дагуу Иргэний хуулийн 123., 124. дүгээр зүйлд зааснаар өр шилжсэн байгаа. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа яриад байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс хийж байгаа гэрээ хэлцэл юм. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх ёстой. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Гэхдээ гэм хор эсхүл шүүхийн шийдвэрийн биелэгдээгүй зүйлийг биелүүлэх ёстой юу гэдгийг шүүх эрх хэмжээнийхээ хувьд шийдэх байх.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол бүрэн дуусаагүй. Тухайн үеийн шийдвэр гүйцэтгэгч нь 2 тэрбум төгрөг үлдлээ гэх тэмдэглэл үйлдсэн баримтууд хэрэгт ирсэн. Шийдвэр гүйцэтгэгч ямар үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан нь тодорхойгүй байдаг. ******* ХХК-тай тооцоо нийлсэн актын хувьд ******* ХХК болон ******* ******* ХХК хоёр гэрээ байгуулсан. Гурван талт гэрээ байсан байсан бол яагаад Нийгмийн даатгалын ерөнхий газрыг оруулахгүйгээр гэрээ үйлдсэн юм бэ. Манайд ******* компаниас 2001.02.15-ны өдөр тайлбар бичиг өгсөн байдаг. Түүнд 150 000 000 төгрөг бүрэн гүйцэт төлөгдсөн гэсэн. Тооцоо нийлсэн акт дээр 2000.04.12-нд гурил, 2001.01.31-ний өдөр хоёр ширхэг автомашин, бэлэн мөнгө өгсөн гэж байна. Гэтэл ийм төлбөрийг хийгээгүй. Хамгийн анх манай байгууллагаас 2003, 2020 онд ******* ******* ХХК руу албан бичиг явуулсан. 2023 онд дахин албан бичиг явуулахад ******* ******* ХХК-иас манайх төлсөн гэсэн албан бичиг ирүүлсэн. Гэрээнүүдээс харахад ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлбөр төлөх ёстой өр шилжсэн. Хариуцагч нь нийгмийн даатгалын санд, төрийн байгууллагад хохирол учруулсан эс үйлдэхүй гаргаад байна. ******* компани тухайн үед ******* ******* ХХК-тай гэрээ байгуулж, ******* ******* ХХК-иас хөрөнгө оруулалт авч байсан. ******* ******* ХХК нь ******* компаниас ямар нэгэн авах ёстой байсан зүйлээ аваагүй учраас Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулах дээр гуравдагч этгээдээр оруулж ирсэн гэж ойлгосон. Нийгмийн даатгалын санд гэм хор учирч байгаа учраас хариуцагчаас төлөх ёстой 150 000 000 төгрөгийг гаргуулж, зөвшөөрүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 1999 оны шийдвэрээр ХОТШ банкнаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт 5 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Уг шүүхийн шийдвэр гарсны дараа манай компани ХОТШ банканд өртэй байсан 150 000 000 төгрөгийг шууд Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлье гэж ХОТШ банк болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, ******* ******* ХХК хоорондоо харилцан тохиролцсон. Нийгмийн даатгалын ерөнхий газартай 2000.04.12-ны өдөр 2000/01 тоот Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлүүлэх тухай гэрээ-г Нийгмийн даатгалын ерөнхий газар, ******* ******* ХХК, ******* ХХК гэсэн гурван этгээд байгуулсан, энэ гэрээгээр 150 000 000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр заасан. Энэ гэрээний 1.2-т Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ******* ХХК графикийн дагуу төлөлт хийнэ гэж, 1.3-т төлбөрийн баталгаа болгож Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ******* ХХК-ийн 250 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн хөрөнгийг барьцаалж байна гээд гэрээнийхээ хавсралт 2-т зааж тохиролцсон байна. Гэрээний 3.1-д энэ гэрээний дагуу Барьцааны гэрээ-г төлбөр авагч нь ******* ХХК-тай тусгайлан байгуулна гэж талууд тохиролцсон.
Үүнээс харахад талуудын хооронд байгуулсан 2000/01 тоот гэрээ нь гурван талт гэрээ бөгөөд 150 000 000 төгрөгийг төлөх үүрэг нь ******* ХХК-д ноогдуулсан. Гэрээний хавсралт 1-д төлбөрийг төлж барагдуулах график тохиролцсон. Хавсралт 2-т барьцаанд тавих хөрөнгийн жагсаалтыг тохиролцсон. Хавсралт 1, 2-ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, ******* ******* ХХК-ийн захирал, ******* ХХК-ийн захирал гээд гурван эрх бүхий этгээд гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэрээр төлөх гурван талт гэрээ болох нь харагдаж байна. ******* ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2000.04.12-ны өдөр мөн тусдаа гэрээ байгуулж, ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх төлбөрийг ******* ХХК бүрэн төлнө, өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК-ийн ХОТШ банканд төлөх 150 000 000 төгрөгийг ******* ХХК-иас Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөхөөр тохиролцдог. ******* ХХК Нийгмийн даатгалын ерөнхий газрын дээрх шүүхийн шийдвэр бүхий төлбөр 150 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах бөгөөд хэрхэн төлж барагдуулах нь ******* ХХК-ийн бүрэн эрхийн асуудал болно гэх зэргээр зааж хоорондоо тохиролцсон байна.
Гэрээнүүдэд заасны дагуу ******* ******* ХХК нь ******* ХХК-д 150 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэдгээр талууд 2002.03.01-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцоо нийлсэн актыг холбогдох баримт гэрээ хэлцлүүдийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газарт явуулсан байдаг. Гурван талт гэрээний дагуу хариуцагч нь ******* ХХК руу төлөх төлбөрөө төлсөн байгаа. Танайд төлөх 150 000 000 төгрөгийг ******* ХХК-д төлнө гэх тооцоо нийлсэн акт болон ******* ХХК-ийн захирал Б.Батбаатар өөрийн гараар бичсэн тодорхойлолтын хамтаар нэхэмжлэгчид хүргүүлсэн. Энэ баримт нэхэмжлэгч талаас гарч ирснээр нотлогдож байна. ******* ******* ХХК нь ХОТШ банк болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, дууссан. Энэ гэрээний харилцаа дуусгавар болсон байсан. 2000/01 тоот гэрээний хавсралт 1-т төлбөрийн график байгаа. Энэ төлбөрийн графикаар 2000.04.20-ноос 2001.06.25-ны хооронд төлж барагдуулна гэж 3 тал тохиролцсон байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын шаардах эрх нь 2001.06.25-ны өдрөөс үүссэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Хэргийн баримтаас харвал, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч манайд гэм хорын хохирол учруулсан гэж шаардсан. Гэрээний харилцаа юу, эсхүл нийгмийн даатгалын газрын шимтгэл өр төлүүлэх харилцаа юу гэдэг дээр тайлбар хэлэхэд, ХОТШ банк болон Нийгмийн даатгалын ерөнхий газар хоёрын хооронд нийгмийн даатгалын өр төлүүлэх харилцаа үүссэн байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон манай компанийн хувьд бидний хооронд мөн төлбөр барагдуулах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний үүргийг шаардах эрх нь 2003 онд дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлохгүй байна. Анх гурван талт гэрээ байгуулагдсанаас хойш энэ 5 тэрбум төгрөг дээр бүхэлд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хэрэгт авагдсан. Анх гурван талт гэрээ байгуулагдсанаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хэнээс юу нэхэмжлэхээ бүрэн мэдэж байсан. ******* ХХК 150 000 000 төгрөгийг төлнө, төлөхгүй бол тэдний барьцаалсан барьцаа хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэдгийг гэрээний тал учир бүхэлд нь мэдэж байсан. Тэгтэл 2023 онд 23 жилийн дараа ******* ХХК-ийг хариуцагчаар татаж оролцуулахгүйгээр зөвхөн ******* ******* ХХК-иас 150 000 000 нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ******* компанийн баримтууд, хувийн хэрэг нь эрх бүхий этгээдүүдээс гарч ирэхгүй гэх шалтгаанаар, тус компани тодорхойгүй гэх шалтгаанаар тухайн үед хийгдэж байсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээс нь тухайн компанийг чөлөөлөх үндэслэл болохгүй. ******* ХХК болон түүний захирал Б.Батбаатар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх жинхэнэ хариуцагч нь мөн гэж үзэж байна. Манай компани бол хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Гурван талт гэрээ болон барьцааны гэрээнүүд нь ерөнхийдөө хүчин төгөлдөр бус гэрээ байна. Талууд гэрээндээ улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцааны гэрээг бүртгүүлнэ, нотариатаар батлуулна гэх мэтээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлөө заасан атлаа тийм ажиллагаа нь огт хийгдээгүй тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байдал ч харагдаж байна. Иймд 150 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг манай компани Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Иргэдийн төлөөлөгч А.М-с гаргасан дүгнэлтээ: Талуудын хэн нь буруутай эсэхийг хэлэхэд хүндрэлтэй байна. Нийгмийн даатгалын өр шилжүүлсэн байдлаас маргаан үүссэн гэж харж байна. Хариуцагч ******* ******* ХХК нийгмийн даатгалын газарт өртэй бол төлөх ёстой л гэж үзэж байна гэв.
4.Шүүх хуралдаанд оролцсон Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гарсан байна. ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт ******* ******* ХХК-иас 150 000 000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан байна. Хэдийгээр ХОТШ банканд ******* ******* ХХК өр төлбөр шилжүүлэх талаар гэрээ байгуулагдсан боловч ******* ******* ХХК, ******* ХХК, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар нар гурван талт гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Бодит нөхцөл байдал дээр 150 000 000 төгрөгийг ******* ******* ХХК төлөх үүрэгтэй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Төлөгдөөгүй талаар баримтууд хэрэгт авагдсан. Гуравласан гэрээ нь ямар нэгэн өр төлбөрөөс ******* ******* ХХК-ийг чөлөөлсөн талаарх эрх зүйн баримт биш юм. Иймд төлбөр төлөгч ******* ******* ХХК нь 150 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх үндэслэлтэй гэв.
6. Хариуцагч талаас нотлох баримтаар, тус компанийн ******* регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, Сэлэнгийн хүрд ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2002.03.01-ний өдрийн 01 тоот Тооцоо нийлсэн акт, 2000.04.12-ны өдрийн ДГ-СХ-01 тоот Гэрээ / 1 хх-ийн 19-20, 32, 43/ зэргийг ,
Шүүх хуралдаанд оролцсон прокуророос төлөөлөгч томилсон итгэмжлэл /1 хх-ийн 82,153/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр болон прокурорын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023.11.23-ны өдрийн 15187, 2023.12.12-ны өдрийн 16291, 2023.12.18-ны өдрийн 16683 дугаартай захирамжуудын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2023.11.28-ны өдрийн 1/3282 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дугаартай шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.06-ны өдрийн 9/11497 тоот, 2023.12.27-ны өдрийн 9/12438 тоот албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтрийн хуулбар / 1 хх-ийн 72-74, 81,103-105/,
тус шүүхийн шүүгчийн 2024.01.03-ны өдрийн 676 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн Үндэсний төв архивын 2024.01.17-ны өдрийн 02/55 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.01.19-ний өдрийн 9/849 тоот албан бичгээр ирүүлсэн ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, дүрэм, Татварын ерөнхий газрын 2024.01.11-ний өдрийн 05/102 тоот албан бичиг / 1 хх-ийн 120-130/,
тус шүүхийн шүүгчийн 2024.05.08-ны өдрийн 2574 дүгээр захирамжийн дагуу ирүүлсэн Банкны өр барагдуулах газрын 2024.05.17-ны өдрийн 3/2240 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024.05.21-ний өдрийн 02/532 тоот албан бичиг, Банкны өр барагдуулах газраас Санхүү эдийн засгийн яаманд явуулсан 2003.04.04-ний өдрийн 1/1068 тоот Тодорхойлолт, Монголбанкны 2024.05.29-ний өдрийн Б-10/395 тоот албан бичиг / 1 хх-ийн 169-171,183/,
тус шүүхийн шүүгчийн 2024.05.29-ны өдрийн 9935, 2024.06.05-ны өдрийн 10516 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.06.18-ны өдрийн 04-121/15216 тоот албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэр, 814 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, дээрх шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагааны баримтууд, эд хөрөнгө битүүмжилсэн акт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 47 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол / 1 хх-ийн 185-207/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний дагуу нийгмийн даатгалын санд төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн өр 150 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд учирсан гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчлөн тодорхойлсон.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч байгууллагын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ, манай компани ХОТШ банканд 150 000 000 төгрөгийн өртэй байсныг ХОТШ банкны НДЕГ-т төлөх өрөөс хасч тооцон төлөхөөр тохиролцож ******* ******* ХХК, НДЕГ, Сэлэнгийн хүрд ХХК нар оролцон 2000/1 тоот гэрээг байгуулсан, гэрээний 1 дэх хэсгийн 2, 3 дахь заалтаар уг төлбөрийг ******* ХХК нь графикийн дагуу төлөх, төлөөгүй бол барьцааны зүйлсийг үл маргах журмаар шилжүүлэх үүрэгтэй байсан, гэрээний 1, 2 дугаар хавсралтад 3 тал гарын үсгээ зурж баталгаажуулсан, түүнчлэн энэ төлбөрийг ******* ХХК төлөх талаар ******* ******* ХХК, ******* ХХК нар тусдаа тухайн өдрөө ДГ-СХ-01 тоот гэрээг хийсэн, захирал Б.Батбаатар нь манайхыг 150 000 000 төгрөгийн төлбөрөө төлсөн, НДЕГ-т төлөх 150 000 000 төгрөгийг хариуцах болно гэж тодорхойлолт бичиж өгсөн, 2002.03.01-нд 01 тоот Тооцоо нийлсэн акт үйлдсэн, үүнээс үзэхэд манай компани НДЕГ болон ******* ХХК-ийн өмнө үүргээ биелүүлсэн, талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, графикийн дагуу 2000.04.20-ноос 2001.06.25-ны хооронд 150 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2000/1 тоот гэрээ байгуулагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2008 онд дуусгавар болсноос хойш төлбөр барагдуулах талаар манайд ямар нэгэн мэдэгдэл ирж байгаагүй, ******* ******* ХХК-иас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан зүйл байхгүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр хариуцагч ХОТШ банкнаас 5 082 587 924 төгрөг гаргуулж Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрийг биелүүлэх явцад хариуцагч ******* ******* ХХК-иас төлбөр төлөгч ХОТШ банкинд төлбөл зохих 150 000 000 төгрөгийг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлж, ингэснээр ХОТШ банкны шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 5 082 587 924 төгрөгийн төлбөрөөс уг хэмжээгээр хасч тооцохоор тохиролцон хариуцагч ******* ******* ХХК болон Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2000.04.12-нд Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай 2000/1 тоот гэрээг байгуулжээ.
3.2. Дээрх 2000.04.12-ны өдрийн Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай 2000/1 тоот гэрээний 1 дэх заалтын 2 дахь хэсэгт Төлбөрийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ******* ХХК графикийн дагуу хийнэ, 3 дахь хэсэгт Төлбөрийн баталгаа болгож ... ******* ХХК-ийн 250 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хавсралт 2-т дурдсан үндсэн хөрөнгийг барьцаална, 4 дэх хэсэгт Төлбөрийг...графикийн дагуу төлөөгүй тохиолдолд ...барьцааны эд зүйлийг үл маргах журмаар төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заан, гэрээний хавсралт 1-д 2000.04.20-ноос 2001.06.25-ны хооронд төлбөрийг төлж дуусгахаар хуваарь тогтоож, хавсралт 2-т 82 006 413 төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэрлэн заасан байна.
3.3. Улмаар нэхэмжлэгч /Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар/ нь ******* ХХК-тай 2000.04.12-ны өдөр 2000/2 тоот Барьцааны гэрээ-г байгуулан тус гэрээний 1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн өмчлөлийн 250 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгийг барьцааны зүйлээр тодорхойлон, барьцааны зүйлийг ******* ХХК-д хадгалуулж, барьцаалагч Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвшөөрөлгүйгээр зарцуулах эрхгүй байхаар, төлбөр төлөгч ******* ******* ХХК нь гэрээний хавсралтын дагуу төлбөрийг биелүүлэхгүй бол барьцаалагч барьцааны зүйл болох үндсэн хөрөнгийг өөрийн өмчлөлд авах буюу худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон байна.
3.4. Мөн өдөр буюу 2000.04.12-нд хариуцагч ******* ******* ХХК нь ******* ХХК-тай ДГ-СХ-01 тоот гэрээг байгуулж, уг гэрээний 1 дэх заалтын 2 дахь хэсэгт ******* ******* ХХК нь Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын ...шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг зөвхөн ******* ХХК-д бүрэн төлнө, 2 дахь заалтын 2 дахь хэсэгт ******* ХХК нь Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын...шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг хүлээн авснаар 150 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдсанд тооцно гэж тус тус заажээ.
Эдгээр үйл баримтууд нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан 2000.04.12-ны өдрийн дээрх гэрээнүүд, зохигчдын тайлбаруудаар нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
3.5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээс үзэхэд ХОТШ банк нь 1999 оны 02 дугаар сараас Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансанд хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг шилжүүлэхгүйгээр тус газарт хохирол учруулсан гэж үзэж ХОТШ банкны эрх хүлээн авагчаас 5 082 578 924 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор 1999.12.15-ны өдөр шийдвэрийг биелүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхийн 814 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2000.11.30-ны байдлаар 2 091 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй, Монголбанкны ерөнхийлөгчийн 2003.02.21-ний өдрийн 86 дугаар тушаалаар ХОТШ банкийг татан буулгах, банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болсон, 2008.12.10-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон талаарх Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэр, түүнийг албадан биелүүлэхтэй холбоотой баримтууд болох 814 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжилсэн акт, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан ажиллагааны баримтууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Монголбанкны 2003.04.22-ны өдрийн 6/852, 2003.06.05-ны өдрийн 2/1174 тоот албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг баримт хэрэгт авагдсан.
4. Нэхэмжлэгч талаас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрийн дагуу 5 082 578 924 төгрөгийн төлбөрөөс одоо 150 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтад төлбөр төлөгч ХОТШ банкны төлбөрөөс 150 000 000 төгрөгийн төлбөрийг ******* ******* ХХК төлөхөөр тохиролцсон, улмаар уг төлбөрийг ******* ХХК-иар хариуцуулан төлбөр авагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх болсон тухай дээрх этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээнүүд авагдаагүй, дээрх 150 000 000 төгрөгийн төлбөрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ямар нэгэн баримтгүй байх бөгөөд төлбөр авагч болох Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2008.12.10-ны өдрийн 47 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-д гомдол гаргасан тухай баримтгүй байна.
5. Зохигчдын хоорондохь маргаантай үйл баримт нь 2000 онд буюу 1994 оны Иргэний хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хамааралтай байх тул тухайн хуулийн зохицуулалтыг үндэслэн дүгнэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1994 оны Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулиар тусгайлан зохицуулагдаагүй бөгөөд шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ, 2 дахь хэсэгт Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасан бөгөөд хариуцагч ******* ******* ХХК болон нэхэмжлэгч Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар нарын хооронд байгуулсан 2000.04.12-ны өдрийн 2000/1 тоот Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээ нь талууд, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу хариуцагч ******* ******* ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө 150 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрх бүхий гэрээний үндсэн шинж хэлбэрийг илэрхийлсэн нэрлэгдээгүй гэрээ гэж үзэхээр байна.
6. Дээрх 2000/1 тоот Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай гэрээний талууд нэхэмжлэгч, хариуцагч нар байх бөгөөд хэрэгт ХОТШ банк болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд шаардах эрх шилжүүлэх, өр шилжүүлэх тухай гэрээ авагдаагүй хэдий ч шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээсэн төлбөр төлөгч болох ХОТШ банк нь 150 000 000 төгрөгийн хэмжээгээр ******* ******* ХХК-иас гэрээний дагуу шаардах эрхээ төлбөр авагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт, мөн ХОТШ банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх өрийг 150 000 000 төгрөгийн хэмжээгээр ******* ******* ХХК-д шилжүүлсэн болох нь 1994 оны Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд харшлаагүй, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотойгоос бусад тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ өөр этгээдэд шилжүүлж болно гэсэн, 187 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үүрэг хүлээгч нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр үүргээ бусдад шилжүүлж болно гэж заасантай нийцжээ.
7. Хэрэгт авагдсан Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын ******* ******* ХХК-д явуулсан 2003.07.16-ны өдрийн 418 тоот албан бичигт гэрээ ёсоор танай компаниас ХОТШ банканд төлөх ёстой 150 000 000 төгрөгийн өрийг ХОТШ банкнаас шүүхийн шийдвэрийн дагуу Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх төлбөрөөс тооцон хааж танай компани дээрх 150 000 000 төгрөгийг ******* ХХК-иар төлүүлэхээр тохиролцсонгэтэл ******* ХХК ямар ч төлбөр төлөөгүй төдийгүй барьцаа болгосон хөрөнгө нь байхгүй байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар энэ оны 08 дугаар сард багтаан эцэслэн арга хэмжээ авахгүй бол уг асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болсныг урьдчилан мэдэгдье гэжээ.
1994 оны Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасан түүнчлэн гэрээний аль нэг талтай гуравдагч этгээд зохих гэрээ хийсэн үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан 2000/1 тоот гэрээнд, төлбөрийн 150 000 000 төгрөгийг ******* ХХК-иар хавсралт 1-д заасан графикийн дагуу төлүүлэхээр гэрээний үүргийг биелүүлэх хэлбэрийг талууд тохиролцсон гэж үзэхээр байна.
Гэвч, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын ******* ******* ХХК-д явуулсан 2003.07.16-ны өдрийн 418 тоот албан бичгээс үзэхэд ******* ХХК-иас гэрээний зүйл болох 150 000 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулаагүй байх бөгөөд 2000/2 тоот Барьцааны гэрээ-ний дагуу 250 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2000/1 тоот гэрээний хавсралт 1-д ******* ХХК-ийн захирал Б.Батбаатар гарын үсэг зурж, улмаар тус компанийн өмчлөлийн 250 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн хөрөнгийг барьцаалж, нэхэмжлэгч болон ******* ХХК-ийн хооронд 2000/2 тоот Барьцааны гэрээ-г байгуулсан нь зохигчдын хоорондохь 2000/1 тоот гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн гэх үндэслэл болохгүй юм.
8. 1994 оны Иргэний хуулийн 811 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх ба уг эд хөрөнгө байгаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ. Энэ журмыг зөрчсөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Барьцаалсан эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээ өөр этгээдэд шилжүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлд хуульд заасан журмын дагуу зохих тэмдэглэл хийнэ гэж заасныг нэхэмжлэгч болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2000/2 тоот Барьцааны гэрээ хангаагүй, хүчин төгөлдөр бус байгааг дурдах нь зүйтэй.
9. Хэрэгт авагдсан Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2000.04.14-ний өдрийн Танай банкинд өртэй ******* ******* ХХК нь манай байгууллагатай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр ХОТШ банкнаас УНДЕГ-т төлөх төлбөрт тооцон 150 000 000 төгрөгийг 2000 оны 04 дүгээр сараас 2000.07.01-ний дотор төлөхөөр график гарган тохиролцож зохих хэмжээний эд хөрөнгө барьцаанд тавьсан болно. Иймд шүүхийн дээрх шийдвэрээр ХОТШ банкнаас УНДЕГ-т төлөх төлбөрөөс 150 000 000 төгрөгийг хасч тооцож болохын хамт ******* ******* ХХК-иас танайд төлөх төлбөрөөс 150 000 000 төгрөгийн төлбөрийг хийгдсэнд тооцох саналтай байна гэсэн 165 тоот ХОТШ банкны эрх хүлээн авагч Д.Ганбатад /төлбөр төлөгч/ явуулсан албан бичиг нь ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгчийн өмнө хүлээх 2000/1 тоот гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь ХОТШ банканд төлөх төлбөрөө ******* ******* ХХК төлсөн гэж үзэх боломжтой талаар дурдсан байна.
10. Хариуцагч ******* ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан 2000.04.12-ны өдрийн ДГ-СХ-01 тоот гэрээнд ...Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын ...шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг зөвхөн ******* ХХК-д бүрэн төлнө... ******* ХХК нь Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын...шүүхийн шийдвэр бүхий төлбөрийг хүлээн авснаар 150 000 000 төгрөгийн төлбөрийг бүрэн барагдсанд тооцно... гэж зааж, ******* ******* ХХК нь ******* ХХК-д 150 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэх 2002.03.01-ний өдөр 01 тоот Тооцоо нийлсэн акт-ыг үйлджээ.
Гэвч эдгээр нөхцөл байдал болон баримтуудаар зохигчдын хооронд байгуулсан 2000/1 тоот гэрээний үүргийг төлбөр төлөгч ******* ******* ХХК зохих ёсоор, бүрэн биелүүлсэн гэх үндэслэлийг нотлохгүй бөгөөд хэргийн 31 дүгээр талд авагдсан ******* ХХК-ийн захирал Б.Батбаатарын бичсэн гэх 2001.02.15-ны өдрийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхээс үзэхэд, 1994 оны Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэж заасны дагуу ******* ХХК-иас 150 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул хариуцагч ******* ******* ХХК нь 2001/1 гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй.
11. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар, хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2000.04.12-ны өдрийн 2000/1 тоот гэрээний хавсралт 1-д зааснаар төлбөрийг 2000.04.20-ноос 2001.06.25-ны дотор төлөх үүргийг хариуцагч хүлээсэн бөгөөд 2002 оны Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрх 2001.06.25-наас эхлэн үүссэнээс хойш 2003.07.16-ны өдрийн 418 тоот албан бичгээр хариуцагч ******* ******* ХХК-д 2003 оны 08 сард үүргээ биелүүлж дуусгахыг мэдэгдсэн нь 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хугацааг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2020.11.06-ны өдрийн 1/1873 тоот албан бичиг, 2023.06.23-ны өдрийн 01/1288 тоот албан бичгээр тус тус 150 000 000 төгрөг төлөхийг хариуцагч ******* ******* ХХК-иас шаардсан байх бөгөөд үүнээс үзэхэд 2000/1 тоот гэрээний үүргийг 2003.07.16-ны өдрийн 418 тоот албан бичгээр төлбөр шаардсанаас хойш 2020.11.06-ныг хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж шаардаж байсан баримтгүйн дээр энэ хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардаж байгаагүй болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь 2000/1 тоот гэрээний төлбөрийг 2003.07.16-нд шаардсанаас хойш 2020.11.06-ныг хүртэл хугацаанд шаардлага гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй 17 жил өнгөрсөн байна.
Тодруулбал, 2002 оны Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д ...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж, 75.2.-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил... гэж тус тус заасан бөгөөд хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д заасны дагуу шаардах эрх үүссэнээс хойш нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хэтрүүлсэн байна.
12. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан бөгөөд ХОТШ банк нь Хан-Уул дүүргийн шүүхийн 1999.11.11-ний өдрийн 979 дүгээр шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн зарим хэсэг болох 150 000 000 төгрөгийн хэмжээгээр ******* ******* ХХК-иас шаардах эрхээ төлбөр авагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор шилжүүлсэн үеэс буюу 2000.04.12-ноос тооцоход ч дээрх хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн 2008.12.10-ны өдрийн 47 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарснаас хойш 2008.12.10-ны өдрөөс шаардах эрхийн хугацааг тооцоход ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1., 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дээр, 82 дугаар зүйлийн 82.4.-т заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж уг хугацааг сэргээх үндэслэл, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл тус тус баримтаар тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 150 000 000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-иар төлүүлэхээр шаардах эрхгүй болно.
13. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй эс үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд гэм хорын хохирол учирсан гэж тайлбарлан гэм хорын хохиролд 150 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байх боловч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-р гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-ийн хууль зөрчсөн санаатай болон болгоомжгүй ямар үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 150 000 000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй, нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй гэх 150 000 000 төгрөгийн хохирол нь хариуцагчийн хууль бус, гэм буруутай ямар үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ******* ХХК болон Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан 2000.04.12-ны өдрийн Шүүхийн шийдвэртэй төлбөр төлүүлэх тухай 2000/1 тоот гэрээний үүргийн дагуу 150 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь хариуцагчийг хууль зөрчсөн гэм буруутайг тогтоосон гэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дууссан байна.
14. Иймд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *******ийн гаргасан хариуцагч ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт өрөө төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлтийг, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг дэмжин оролцсон прокурорын, төлбөр төлөгч ******* ******* ХХК нь 150 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөх үндэслэлтэй гэсэн тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна.
15. Хэргийн 24-31, 33-34, 60-68 дахь талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлага хангаагүй байх тул тус баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
16. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч компани нь үүргээ биелүүлээгүй байх боловч гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ нь хариуцагч компанийг хууль зөрчсөн гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хорын хохирол учруулсан гэх, хариуцагчийн гэм буруутайг тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын, хариуцагчаас 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
17. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.,116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОН
Т.ЭНХТУЯА