| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00958/И |
| Дугаар | 151/ШШ2024/00849 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00849
2024 11 05 151/ШШ2024/00849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...... аймаг, ............. сум, .......... баг,............. оршин суух А овогт Б.В,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай
Хүсэлтэд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Б.В төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.В нь ...1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс Ардын армийн 000 дугаар ангид цэргийн алба хааж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Цэргээс ирээд Төв аймгийн Алтанбулаг сумын Х нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор ажилласан. Нэгдэл татан буугдаж, Төв аймгийн Алтанбулаг сумын А ХК болон өөрчлөгдсөн ба 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. ...Б.В нь анх төрсний дараа ээж Б овоглосон ба тухайн үеийн хүний нөөц нь аав буюу Г.В гэж тушаал шийдвэр зөрүүтэй гаргасан. ...Иймд Б.В-г 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, итгэмжлэл, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-1-5), хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-6), Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал (хх-7-12, 19, 26-30), Төв аймгийн А хувьцаат компанийн захирлын тушаал (хх-13-16, 20), Төв аймгийн нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас (хх-34), гэрч А.А, Б.Б нарын баримтууд (хх-17-34)-ыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхээс: Б.В, түүний эцэг эхийн иргэний бүртгэлийн баримтууд, ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой архивт хадгалагдаж буй тушаал баримтууд, ял шийтгэл эдэлсэн эсэх цагдаагийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх А.А, Б.Б нарыг гэрчээр асуув.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.В-гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дэмжиж оролцсон. Үүнд:
Б.В нь Ардын армийн 000 дугаар ангид цэргийн алба хааж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Цэргээс ирээд Төв аймгийн Алтанбулаг сумын Х нэгдэлд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор ажилласан. Нэгдэл татан буугдаж, Төв аймгийн Алтанбулаг сумын А ХК болон өөрчлөгдсөн ба 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. ...Б.В нь анх төрсний дараа ээж Б овоглосон ба тухайн үеийн хүний нөөц нь аав буюу Г.В гэж тушаал шийдвэр зөрүүтэй гаргасан. ...Иймд Б.В 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Төв аймгийн Алтанбулаг сумын Х нэгдэлд ажилд орсон гарсан тушаал, А компанид ажилд орсон гарсан тушаал овог нэр зөрүүтэй тул шүүхэд хандах, Батлан хамгаалах яамны төв архиваас цэргийн лавлагаа авах гэх Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийн хуудас (хх-34), Х нэгдлийн даргын 1987-1991 оны тушаалд энэ хүнтэй холбоотой нотлох баримт гараагүй (хх-62), 1993, 1995 оны А ХХК-ийн тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй. Б.В нэрээр холбогдох баримт гараагүй гэх (хх-62) гэх архивын лавлагаагаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрдүүлж хянасан болно. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, итгэмжлэл, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-1-5), хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-6), Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал (хх-7-12, 19, 26-30), Төв аймгийн А хувьцаат компанийн захирлын тушаал (хх-13-16, 20), гэрч нарын мэдүүлэг, тэдний ажилласан байдлыг нотлох баримтууд (хх-31-33), зөвлөмжийн хуудас (хх-34), ял шийтгэгдсэн эсэх лавлагаа (хх-46), иргэний бүртгэлийн баримт (хх-47-61, 74-75), ажилд томилсон, чөлөөлсөн, цалингийн зэрэг нотлох баримт (хх-62-73)-ыг бүрдүүлж, гэрчийг асуув.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
4.1. Г.В нь Б.В мөн болох нь:
-Г.В, 1964 оны 8 дугаар сарын 31-ны өдөр төрсөн гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №25 (хх-48),
-Б.В төрсний бүртгэлийн анкетад 1964 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эцэг Б.Б, эх В.Б, төрүүлсэн эхийн нэгдүгээр хүүхэд гэж 1964 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэл (хх-74),
-Нөхөр Б.Б, эхнэр В.Б нар 1963 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсон гэж 1978 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн гэрлэлтийг бүртгэх анкет №9 (хх-56) зэрэг баримтаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, В төрсөн эцгийг Б.Б, эхийг В.Б гэдэг, төрсний бүртгэлд анх бүртгүүлэхдээ эх В.Б овоглосон болох нь тогтоогдож байх ба Б.В гэх баримтууд нь Г.В холбогдох баримтууд гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Малчнаар ажиллаж байсан болох нь:
-Г.В, Хөдөлмөр нэгдэлд 1986 онд ажилд орсон үхэрчин гэж 1988 онд бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №25 (хх-48), Г.В, Хөдөлмөр нэгдэлд хоньчин гэж бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкет №22 (хх-75, 49),
-Г.В ...Төв аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 000 (000) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/209 тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 614718 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 06/1735 дугаар лавлагаа (хх-6),
-Цэргээс халагдаж ирсэн болон 10 жилийн сургуулийг төгссөн, сумын төвөөс малчнаар томилогдсон хүмүүсийг хавсралт ёсоор (20.Г.В, Алтан-Овоо бригад хоньчноор) 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай гэх Төв аймаг Алтанбулаг сумын Монгол-Солонгос найрамдлын нэрэмжит Х нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай тушаал (хх-64-66)
-Х нэгдэл нь Монгол Улсын аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Х, А гэсэн хоёр хувьцаат компани болж байгаа тул дараах хүмүүсийг (126.Б.В Алтан-Овоо хоньчин) 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 30 дугаартай тушаал (хх-67-69)
-Тус компанийн малчнаар дараах хүмүүсийг (133.Б.В) томилон 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай гэх Төв аймгийн Алтанбулаг сумын А ХК-ийн захирлын 7 дугаартай тушаал (хх-70-71)
-Тус компани нь ээлжит бус хурлаараа бүрмөсөн тарсан тул дараах нэр бүхий хүмүүсийг (133.Г.В) 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлсүгэй гэх Төв аймгийн Алтанбулаг сумын А ХК-ийн захирлын 2 дугаартай тушаал (хх-72-73)
-Тус аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдэлд малчин ажилтай Г.В нь 1987 оны 1-5 дугаар сар, 1989 оны 10, 12 дугаар сар, 1990 оны 5-6, 9-12 сар, 1991 оны 1-2, 4-5, 8, 10 сар, 1992 оны 1-2, 4-5 саруудад цалин авч байсан гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 518 дугаартай цалингийн түүвэр (хх-63),
-Г.В (РД:НА64083176)-ыг Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй байна гэх Төв аймгийн цагдаагийн газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 47/07-6532 дугаартай албан бичиг (хх-46),
-гэрч А.А Би 1984 оноос Хөдөлмөр нэгдлийн Аргал бригадын дарга хийж эхэлсэн. 1985 байна уу, 1986 оноос Б.В цэргээс халагдаж ирээд манай бригадын гишүүн болоод малчин болж байсан. В-г Өндөрийн В гэдэг байсан. Аав нь гэж өндөр хүн байсан. Дээр үед бичиг баримт гэж хамаагүй ээжээр нь ч гэсэн овоглоод явдаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь Б.В, Г.В гэж бичигдээд цалин мөнгийг нь олгоод явчихдаг байсан гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд (хх- 41-43, 17-23),
-гэрч Б.Б В хөдөлмөр нэгдэлд Аргал багт бригадийн малчин хийж байсан. Би тоо бүртгэгч байсан. 1986-1990 он хүртэл бид нэгдэлд хамт ажиллаж байсан. В-гийн өмнөх овог нь Г гэж байсан байх. Одоо Б гэж овоглох болсон байна лээ. Ээжээрээ овоглосон байна лээ. Аав нь нас барчихсан юм. Яагаад Б гэх болсныг мэдэхгүй гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд (хх-24-34),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар Б.В-г 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, 1992 оны 4 дүгээр сарын 01-ээс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.Хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Б.В нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
6.Шүүх нэхэмжлэгч Б.В-гийн 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын Х нэгдэлд хоньчин, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын А ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Б.В (РД:АА........)-ын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын Х нэгдэлд хоньчин, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Алтанбулаг сумын А ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.В улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН