Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02099

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01898 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Эод холбогдох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г, Н.Д, Г.П, Г.Б, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй,

Г.Л, Б.С нарын амлалтын үүрэг хүлээх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх тухай бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Цэгц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Заг Констракшн” ХХК 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хтай 5001017540 тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 23.64 хувийн хүүтэй, эргэлийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. “Заг Констракшн” ХХК-ийн зээлийг төлөх зорилгоор тус компанийн захирал Н.Д, Б.Г нарын хүү Г.Л 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байршилтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 81 000 000 төгрөгөөр, мөн хаягт орших зоорийн давхрын 23 тоотын 16 м.кв талбайтай, автозогсоолыг 10 134 572 төгрөгөөр Хинд худалдсан. Х 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон. Банк 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд зээлдэгч нарыг дээрх орон сууц болон авто зогсоолыг буцаан худалдан авах нөхцлөөр ханган бусдад худалдан борлуулаагүй. 2018 оны 7 дугаар сараас тус орон сууц болон авто зогсоолыг худалдан борлуулахаар болж банкинд хүлээлгэн өгөхийг хүсэхэд өөр санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байгаа, удахгүй төлнө, суллан өгөх боломжгүй гэдэг. Уг байранд Х.Э амьдарч байгаа ба орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхэнд саад учруулан худалдан борлуулах боломжгүй болгон банкинд хохирол учруулсаар байна. Иймд хариуцагч Х.Эын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хны нэхэмжлэлтэй Х.Эод холбогдох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Х.Э нь энэхүү орон сууцны өмчлөгч Г.Л, Б.С нартай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан үнэ төлбөргүйгээр хөлслөн амьдарч байгаа. Х.Э нь банктай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй учир орон сууцыг чөлөөлөх учиргүй. Тухайн орон сууц хөлслөх гэрээ байгуулах үед орон сууц, автозогсоол нь Г.Л, Б.С нарын өмчлөлийнх гэж тайлбарласан, мөн Хасбанкны нэр дээр шилжсэн талаар мэдээгүй. Г.Л, Б.С нар болон Х.Э нар нь гэр бүлийн найзууд юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Л, Б.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Л, Б.С нар дээрхи үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нар бөгөөд Хтай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба мөн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Амлалтын үүрэг хүлээх гэрээ” харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн орон сууц болон авто зогсоолыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа нь иргэн Б.Лхагвасүрэн, Б.С нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд Хны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Л, Б.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л нь “Эксим Финанс ББСБ”-тай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, 23 тоотын 16 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалан 7 000 000 төгрөгийн зээлийг авсан. Мөн Г.Лгийн эхнэр Б.С нь өөрийн төрсөн эх Н.Мөнхтуяагийн хамт Эксим Финанс ББСБ-тай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, 118 тоотын 62.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан 30 000 000 төгрөгийг зээлсэн. Түүнчлэн Г.Лгийн аав Б.Г, ээж Н.Д нар нь мөн “Эксим Финанс ББСБ”-тай 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 248 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж 30 000 000 төгрөгийн зээл авсан. Тус байгууллагаас нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан. Г.Лгийн ээж Н.Д “Заг Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлдвэрийн барилга болон газрыг барьцаанд тавин 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан. Улмаар “Заг Констракшн” ХХК зээлийн гэрээний төлбөрөө төлөх боломжгүй байдал үүссэн тул 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүсэлт гаргасан “Х” ХХК үйлдвэрийн барилгыг авах боломжгүй, орон сууц болон авто зогсоолыг авч зээлийн гэрээг дуусгавар болгож болно гэсэн хариу хэлсэн. Тиймээс тэдний хувьд “Эксим Финанс ББСБ”-аас зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц, авто машины зогсоол байгаа гэхэд Х нь тэдний өмнөөс дараахь зээлийн төлбөрүүдийг төлж дуусгасан. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ-160111/4 дугаар зээлийн гэрээний үүрэг, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-150812/5 дугаар зээлийн гэрээний үүрэг, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-150707/3 дугаар зээлийн гэрээний үүрэг, нийт 84 962 000 төгрөгийг төлсөн. Б.Лхагвасүрэн, Б.С нар 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хтай “Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ” байгуулсан. Энэ гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг Хинд шилжүүлсэн. Гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцлийг харилцан тохиролцсон. Хэрэв “Амлалтын үүрэг хүлээх гэрээ”-ний дагуу Б.Лхагвасүрэн, Б.С нар орон сууц болон авто машины зогсоолыг худалдан авч чадахгүй бол “Х” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээгээр худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж байсан. Тухайн үед хэлцлийн тохиролцооны зүйл орон сууц нь “Ашид Билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар 2017 оны 12 дугаар сарын зах зээлийн дундаж үнэлгээгээр 122 280 945 төгрөг, авто зогсоолыг 17 729 907 төгрөг гэж тус тус үнэлсэн. Талууд хичнээн худалдах, худалдан авах гэрээг 81 000 000 төгрөг болон 10 000 000 төгрөгөөр тохиролцон байгуулсан ч гэсэн тухайн орон сууц болон авто машины зогсоол нь үнэндээ 122 000 000 төгрөг болон 17 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад “Х” ХХК нь зах зээлийн үнэлгээнээс бага үнийн дүнгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулчихаад орон сууцыг чөлөөл гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.Лхагвасүрэн, Б.С нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. “Х” ХХК зөвхөн амлалтын үүрэг хүлээх тухай гэрээний хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд л зөрүү мөнгийг олгоно гэж өөрт ашигтай гэрээ байгуулсан. Иймээс “Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ” болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр амлалтын үүрэг хүлээх гэрээ байгуулагдан барьцаалагдсан хөрөнгүүдийг худалдан борлуулах хугацаа олгосон. Энэ хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. “Эксим Финанс ББСБ”-тай байгуулсан өндөр хүүтэй зээлийг нь “Х” ХХК, “Заг Констракшн” ХХК-тай харилцан тохирч зээлийг нь төлсөн. Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй. Бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Б.Лхагвасүрэн, Б.С нарын “Амлалтын үүрэг хүлээх гэрээ” болон үл хөдлөх д хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байрны 118 тоот хаягт байрлалтай, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам гудамж, 62 дугаар байр, зоорийн давхрын 23 тоот хаягт байрлах, 16 м.кв талбайтай авто зогсоолыг буцаан шилжүүлэх шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнийг дэмжиж байна гэжээ.

Гуравдагч этгээд Н.Д гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Анх “Х” ХХК-тай гэрээ хийсэн би байгаа юм. Анх гэрээ байгуулахад хоёр залуу байсан. Тэр хоёр хэлэхдээ та зээлээ төлж чадахгүй бол та зах зээлийн үнээр зараад бид танд зөрүүг өгнө гэж хэлж байсан. Гэрээнд бол тийм зүйл байгаа. Гэрээг тухайн үед уншиж үзээгүй байсан. Иймээс миний эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан хариуцагч Х.Эыг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066438 дугаартай, 62.405 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн хаягт орших зоорийн давхрын 23 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204077133 дугаартай, 16 м.кв талбай бүхий авто зогсоолын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Амлалтын үүрэг хүлээх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204066438 дугаартай, 62.405 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн хаягт орших зоорийн давхрын 23 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204077133 дугаартай, 16 м.кв талбай бүхий автозогсоолыг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Хасбанк ХХК-д даалгах тухай гуравдагч этгээд Г.Л, Б.С нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 613 622 төгрөгөөс 70 200 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 613 630 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 543 422 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.Эоос 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Лхагвасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Г.Л “Эксим Финанс” ББСБ-аас 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 62-р байр, 23 тоот 16 м.кв авто зогсоолыг барьцаанд тавин 7 000 000 төгрөгийн зээлийг авсан болно. Мөн манай эхнэр Б.С нь өөрийн төрсөн ээж Н.Мөнхтуяагийн хамт “Эксим Финанс” ББСБ-аас 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, 62-р байр, 1 18 тоот 62.4 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж 30 000 000 төгрөгийн зээл авсан. Миний аав Б.Г ээж Н.Д нар нь мөн “Эксим Финанс” ББСБ-аас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 10-р байр, 248 тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаанд тавьж 30 000 000 төгрөг буюу нийт 67 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Миний ээж Н.Д нь “Заг констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрийн компанийн 2 үл хөдлөх эд хөрөнгө /үйлдвэрийн барилга/ болон газрыг барьцаанд тавин 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийн зээл авсан юм. Улмаар “Заг Констракшн” ХХК нь зээлийн гэрээний төлбөрөө төлөх боломжгүй байдал үүссэн тул 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хүсэлт гаргасан. “Х” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ-160111/4 дугаар зээл, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-150812/5 дугаар зээл, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ЗГ-1 50707/3 дугаар зээлийн гэрээнүүд төлбөр болох 84 962 000 төгрөгийг төлсөн. Б.Лхагвасүрэн Б.С бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-тай “Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж 52-р байр 118 тоот хаягт байршилтай 62.405 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус хаягт байршилтай 62-р байрны зоорийн давхар 23 тоот хаягт байршилтай 16 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн. “Амлалтын үүрэг хүлээх тухай гэрээ”-гээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон. Амлалтын үүрэг хүлээх гэрээг байгуулахад хэрэв Б.Лхагвасүрэн, Б.С нар нь амлалтын үүрэг хүлээх гэрээний дагуу орон сууц болон авто машины зогсоолыг худалдан авч чадахгүй бол “Х” ХХК нь тухайн орон сууц, авто зогсоолыг зах зээлийн үнэлгээг худалдан, худалдсан төлбөрийн зөрүүг өгөх болно гэж хэлж байсан. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэрээний эрх тэгш байдал буюу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг тухайн харилцаанд орж буй нөгөө этгээдийн шударга бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлаж болохгүй юм. Бидний хувьд өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр хуульд нийцсэн гэрээг байгуулах эрхтэй бөгөөд хэлцлийн нөгөө талын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас аргагүй байдалд орсноос гэрээг байгуулсан бөгөөд үүнийг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болон хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Х.Эод холбогдуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоотод орших 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт орших зоорийн давхрын 23 тоотод орших 16 м.кв талбайтай авто зогсоолоос хариуцагчийн хууль бус эзэмшлийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С нар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Амлалтын үүрэг хүлээх гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож маргааны зүйл болж буй орон сууц, авто зогсоолыг буцаан шилжүүлэх шаардлага гаргасан байна. /хх.106-108/

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Х” ХХК нь Г.Л, Б.С нартай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хоёр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Г.Л, Б.С нар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13-р хороолол Нарны зам гудамж 62-р байр 118 тоот хаягт байршилтай 62.405 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны зоорийн давхар 23 тоот хаягт байршилтай 16 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “Х” ХХК-д шилжүүлэх, “Х” ХХК нь орон сууцны төлбөрт 81 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх.5-6/

 Мөн хэрэгт Г.Л нь “Эксим Финанс ББСБ” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг зээлж, 16 м.кв талбай бүхий авто зогсоолыг, Б.С “Эксим Финанс ББСБ” ХХК -тай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг зээлж, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, Б.Г, Н.Д нар “Эксим Финанс ББСБ” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг зээлж 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж байсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх.40-87/

  Зээлийн гэрээнүүдийн үүрэгт буюу “Эксим Финанс ББСБ” ХХК-ийн Г.Лтэй 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ-160111/4 тоот, Б.Стай 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ-150812/5 тоот, Б.Г, Н.Д нартай 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан ЗГ-150707/3 тоот зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэгч “Х” ХХК “Эксим Финанс ББСБ” ХХК-д зээлдэгч нарын өмнөөс нийт 84 962 000 төгрөгийг төлсөн асуудлаар талуудын хэн аль нь маргаагүй. /хх.5-6/

 Мөн “Х” ХХК-тай Б.Г, Н.Д, Г.Л, Г.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Амлалтын үүрэг хүлээх гэрээ” байгуулж, уг гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн өмчлөл шилжүүлсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13-р хороолол Нарны зам гудамж, 62-р байр 118 тоот 62.405 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байршилтай 23 тоот, 16 м.кв талбай бүхий авто зогсоол, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10-р байр 248 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл бусдад худалдахгүй, өмчлөх эрхийг нь шилжүүлэхгүй байхаар, харин худалдагч нар нь мөн хугацаанд хөрөнгөө буцаан худалдан авахаар тус тус харилцан тохирчээ.

Гэрээний 2.1-т “Худалдан авагч тал 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг бусдад аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар амлаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээжээ.  Гэрээний 4.1.1-т “Энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд худалдан авагч хөрөнгийг буцаан худалдан аваагүй, амлалтын хугацаа дууссан тохиолдолд худалдан авагч ... хөрөнгийг ... захиран зарцуулах эрхтэй болно”, 4.1.7-т “Худалдагч энэхүү гэрээний 2.1-т заасан хугацааны дотор үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдан аваагүй тохиолдолд худалдагчаас хөрөнгийг актаар хүлээлгэн өгөх, түлхүүр, ашигласан хугацааны зардал төлсөн баримт болон бусад холбогдох баримт бичгүүдийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна. /хх.35-37/

 Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, мөн амлалтын үүрэг хүлээх гэрээнд хууль зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

“Х” ХХК Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.  

Хэрэгт Г.Л, Х.Э нарын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13-р хороолол Нарны зам гудамж 62-р байр 118 тоот хаягт байршилтай 62.405 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр тохиролцжээ. /хх.27-28/  

Уг орон сууц, авто зогсоол нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, хариуцагч Б.Лхагвасүрэн нар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд тодорхой төлбөрийг төлж хөрөнгөө буцаан худалдан авах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Анхан шатны шүүх хариуцагч Х.Эыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 62 дугаар байрны 118 тоотод орших, 62.405 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт орших, зоорийн давхрын 23 тоотод орших 16 м.кв талбайтай авто зогсоолын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 Хариуцагч Х.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л, Б.С нар эд хөрөнгийг цаашид өөрийн эзэмшилдээ байлгах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.