| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2017/0608/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Э.Б,
Хохирогч Д.Буянцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Зуут овогт Эрхэмбаярын Буянхишигт холбогдох эрүүгийн 1709011100300 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-86а тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-86а тоотод Д.Буянцэцэгтэй маргалдаж толгой, цээж рүү нь гараараа 5-6 удаа цохиж биед нь тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр амралтын өдөр байсан. Хохирогч манайд орж ирээд Сэр-Од гэдэг хүүхэд байдаг уу гэж асуусан. Манай дүү цаанаас нь тийм хүүхэд байхгүй гэсэн. Би хохирогчийг хүүхдээ дагуулж ирээд учраа олъё гэхэд орилоод чарлаад байсан. Тэгээд шууд миний дүүг чирээд гарсан. Тэгээд хэл ам хийж би боловсролын яаманд ажилладаг танай дүүг сургуульгүй болгоно, хүүхдийн клонд суулгана гэх мэтээр хэлсэн. Намайг дүүгийнхээ араас гарахад хохирогч над руу дайрч намайг зодсон. Уг нь би хохирогчид зодуулсан. Надад хэрэг гарах үеийн камерийн бичлэг байсан би устгасан. Уг бичлэгт бүх зүйл бичигдсэн байсан. Тэгээд цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү бид явсан гэв.
Хохирогч Д.Буянцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Асуудал мөнгөн гинжээс болсон. Асуудлыг эвээр шийдэх гэж шүүгдэгчийн гэрт орсон. Төрмөнх нэрээ Сэргэлэн гэж булзайруулж хэлсэн. Энэ асуудал хоёр удаагийн давтамжтай болсон тул би санаа зовж энэ айлд орсон. Гэтэл шүүгдэгч нөхөртэйгээ нийлж над руу дайрсан. Тухайн үед миний толгой хавантаж гэмтсэн тул би ухаан алдаж унаж байсан. Энэ тухай манай хүүхэд утсан дээрээ бичлэг хийсэн байсан. Цагдаагийн хэлтэс дээрх хүмүүс намайг ухаан алдаж унаж байхыг харсан. Мөнгө төгрөг гэхээсээ илүү хүний эрүүл мэнд хамгийн чухал. Хүүхдийг өсвөр насанд нь зөв хүмүүжүүлвэл зүгээр гэж бодсон. Гэвч шүүгдэгч хүний үг сонсохгүй хүүхдээ өмөөрөөд байсан. Гэтэл энэ хүн миний үгийг яаж хүлээж авсан нь одоо харагдаж байна. Би боловсролын яаманд 5 жил ажилласан тул хүүхдийн хүмүүжлийн талаар мэднэ. Надад 600.000 төгрөгийн хохирол учирсан байна. Баримтууд нь надад байгаа шаардлагатай гэвэл би гэрээсээ аваад ирж болно. Гомдолтой байна гэв.
Хохирогч Д.Буянцэцэгийн: “…Манай хүү Б.Баяржаргал Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 6б ангид сурдаг юм. Цуг сургуульд сурдаг 8 дугаар ангийн хүүхэд удаа дараа манай хүүхдийг дээрэлхэж хоолойг нь боож “гинжээ зарах уу” гэхээр нь манай хүүхэд “үгүй” гэсэн чинь “чи битгий томроод байгаарай” гэж айлгаж сүрдүүлсэн гэсэн. Тэгээд өнөөдөр би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүүгээрээ гэрийг нь заалган ар гэр лүү нь явж байтал манай хүүхдийг дээрэлхсэн хүүхэд болох С.Төрмөнхтэй уулзахад танай хүүхдийг Сэр-Од гэдэг нэртэй хүүхэд дээрэлхсэн гэж хэлэн гүйгээд яваад өгсөн. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-84б тоот руу орж энд Сэр-Од гэдэг хүүхэд байдаг уу гэтэл эгч гэх эмэгтэй нь “байдаггүй манай гэрээс гар зайл” гээд хөөсөн тэгээд гэрээсээ гаргаж байгаад ... намайг зодсон. Эмэгтэй нь баруун гараар 5-6 удаа толгой руу цохин хоёр гараараа миний хоёр гарын шуун дээрээс барьсан. ... Эмэгтэй нь дараа нь цээж рүү гараараа цохисон. Толгойн хоёр чамархайгаар дарж өвдөж байна. Зүрхээр хатгуулж өвдөж байна. Цээж хөндүүрлээд дээшээгээ нэг юм огшуулаад байна. Хоёр гар бадайраад байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Баяржаргалын “...2017 оны 09 дүгээр сар нилээн гарсан байсан ямар ч байсан бүтэн сайн өдөр байсан ба би гэртээ байж байгаад урд байдаг Дэвжих дэлгүүр 15 цагийн үед орсон. Тэгтэл манай сургуулийн 8а ангид сурдаг хүүхэд дэлгүүрт зогсож байсан тэгээд би дэлгүүрээс саван авчихаад буцаад гарч байхад 58 дугаар сургуулийн 8а ангид сурдаг хүүхэд “энүүнтэй учраа олноо” гэж хэлж байсан. Тэгээд би дэлгүүрээс гарахад миний араас гараад ирсэн. Тэгээд 33-р гудамжны буланд очоод “чи өмнө нь яагаад байлаа гинжээ хаана зарж байгааг нь мэдэхгүй гээд байсан. Дахиад тэгвэл ална шүү” гээд заамдаад хоолой боосон. Тэгэнгүүт одоо чи яв гэсэн тэгэхээр нь би явлаа одоо болиоч гээд эргээд хараад явах гэтэл миний нуруу руу гараараа нэг удаа цохьсон. Өмнө нь би мөнгөн гинж зүүдэг байсан. Тэгэхэд тэр 8а ангид сурдаг хүүхэд надаас “энэ гинжийг чинь хаана зардаг юм бэ” гэж асууж байсан тэгэхэд нь би “мэдэхгүй” гээд гэрлүүгээ орж байсан. Тэгээд би гэртээ ороод ээж Буянцэцэгт сая Дэвжих дэлгүүрийн гадаа нэг хүүхэд зодсон гэж хэлсэн чинь манай ээж Буянцэцэг очиж уулзана гээд гараад явсан. Тэгээд 10 орчим минутын дараа гэртээ ирсэн. Ээж яг юу гэж ярьж байсаныг мэдэхгүй байна. ... Баруун хацар хөхөрсөн, гар нь улайсан байсан…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Н.Жаргалбаярын: “…Сар өдрийг нь санахгүй байна. Нэг амралтын өдөр
гэртээ амарч байтал өдрийн 11 цагийн үед нэг авгай “танай хүүхэд манай хүүхдийг
зодож дарамталдаг гэсэн” гээд орилж чарлаад орж ирсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2
“юун хүүхэд вэ” гэж асуусан. Тэр хүн “танайд 8 дугаар ангийн хүүхэд байдаг гэсэн,
тэр чинь манай хүүхдийг зодож дарамталдаг гэсэн” гэж хэлсэн. Өөдөөс манай
эхнэр “манай дүү тэгэхгүй, хүн амьтан зодож чадахааргүй жоохон хүүхэд байдаг,
та андуураад байна” гэсэн. Тэр авгай манай эхнэрийг элдэв янзаар хараагаад
байсан. Тэр үед манай эхнэр бас өөдөөс нь хэдэн үг хэлсэн. Тэр үед би орондоо
нүцгэн хэвтэж байсан. Тэр хоёр гэр дотор барьцалдсан. Тэгэхээр нь би тэр эгчийг
гэрээсээ хөөж гаргасан. Тэр эгч гараад гаднаас чулуу, шороо аваад гэр рүү цацаад
байсан. Эхнэр гарсан гадаа барилцаад байх шиг болохоор нь би хувцасаа өмсөөд
араас нь гартал эхнэрийн хамарнаас цус гарсан, үсээ зулгаалгуулсан байдалтай
байсан. Манай эхнэрийн эгчийнх нь хүү манайд амьдардаг. Сүхбаатар дүүргийн 58
дугаар сургуулийн 8 дугаар ангид сурдаг юм. Тэр авгай 9 дүгээр ангийн хүүхэдтэй
юм шиг байна лээ тэр хүүхдийнх нь хүзүүнд зүүж байсан гинжийг нь сонирхоод
үзээд “зарчих” гэж хэлээд хоорондоо жоохон муудалцсан юм шиг байна лээ.
Тэгээд ээж нь уурлаад орж ирсэн юм шиг байна лээ. Манай дүү тэгж ярьсан. Тэр
хоёрыг гадаа муудалцахаар нь би араас нь гарсан, намайг гартал авгай эхнэрийг
нүүр рүү нь гараараа 1-2 цохиж байсан тэгээд би очиж салгасан. Намайг харж
байхад цохиогүй, гадаа түрүүлж гарсан байсан учир яасныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.Төрмөнхийн: “…Би Сүхбаатар дүүргийн 58 дугаар
сургуульд сурдаг юм. Би 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр амралтын өдөр
байсан болохоорИ цаг өнгөрч байхад эгч Буянхишигийн гэрийн хажууд байдаг
манай найз Сэргэлэнгйин дэлгүүрт ороод бид хоёр утсаар тоглож байсан юм.
Тэгээд байж байтал хааяа бид нартай хөл бөмбөг тоглодог 58 дугаар сургуулийн 7
дугаар ангийн хүүхэд дэлгүүрт юм авах гээд орж ирсэн юм. Тэр хүүхэд хүзүүндээ
цагаан өнгөтэй бүдүүн гинж зүүчихсэн байхаар нь тэр хүүхдээс би “гинжээ зарах
юмуу, хаанаас авсан юм бэ” гэж асуусан. Тэгэхэд тэр хүүхэд хариулахгүй чимээгүй
юм аваад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь дагаж гараад баруун талд нь
алхаж байгаад “гинжээ зарах бол хэлээрэй” гээд би зүүн гараараа мөр рүү нь
түлхчихсэн чинь тэр хүүхэд газар уначихсан юм. Би тухайн үедээ нээх тоогоогүй
дэлгүүр рүү буцаад явчихсан юм. Тэгээд 10 орчим минутын дараа 30 гаран насны
эгч дэлгүүрийн хаалга нилээн ширүүн татаж орж ирээд “урд талын хашаанд
амьдардаг хүүхэд аль вэ” гэж хэлсэн тэгэхээр нь би байна гэж хэлсэн чинь миний
гарнаас татаад манай эгчийн гэр рүү дагуулаад орсон. Тэгээд шууд манай гэрт
оронгуутаа тэр эгч манай эгч Буянхишигтэй “танай хүүхэд чинь манай хүүхдийн
гинжийг дээрэмдэх гэсэн байна” гэхээр нь Буянхишиг эгч “та хүүхдээ дагуулаад
ирээ тэгээд юу болсоныг нь сонсъё” гэж хэлэхэд тэр эгч “би хүүхдээсээ сонссон
болоод ингэж байна” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр эгч
намайг “алив гараад ир, чамайг шоронд хатаана, би боловсролын яаманд ажилладаг хүн байна чамайг сургуулиас чинь гаргана” гээд миний гарнаас угзарч татаад гарах гэсэн чинь эгч “та хүүхэд яагаад байгаа юм бэ” гээд тэр хүний гарыг тавиулсан. Тэгээд тэр эгч тавихгүй уурлаад чанга орилоод байсан чинь эгч утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн чинь тэр эгч Буянхишиг эгчийн нүүр рүү гараараа алгадчихсан чинь Буянхишиг эгч “яаж байна аа” гэж хэлсэн чинь манай хүргэн ах Жаргалбаяр гэрээс гарч ирээд Буянхишиг эгчийг оруулсан юм…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,
Яллагдагч Э.Бийн: “…2017 оны 09 дүгээр сарны 09-ний амралтын өдөр би нөхөр хүүхдийн хамт гэртээ амарч байсан ба өдөр 14 цагийн орчимд гаднаас манай гэрт танихгүй 40 гаран насны эмэгтэй манай эгчийн хүүхэд Төрмөнхийг дагуулаад ороод ирсэн. Тэгээд тэр эмэгтэй шууд уурлаад “танай хүүхэд манай хүүхдийг дээрэмдэх шахлаа, би бол боловсролын яаманд ажилладаг хүн” гээд бид нарыг загнаад уурлаад байсан. Тэгэхээр нь би “юу болсон юм бэ эгчээ, та хүүхдээ дагуулаад ирээ би таны ярианаас юу ч ойлгохгүй байна” гэхэд хүртэл уурлаж загинахаа болихгүй байсан. Тэгээд би тэр эмэгтэйг “та одоо гар, хүүхэд уйлаад байна” гэж хэлэхэд гэрээс гарахдаа гэр дотор нулимчихаад гарсан. Тэгээд гарангуутаа шууд манай дүү Төрмөнхийг гараас нь татсан. Тухайн үед би тэр эмэгтэй танхайраад байхаар нь өөрийн гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй миний баруун хацар луу гараараа алгадаад, үснээс зулгааж доош дарсан. Тэгэхэд гэрээс манай нөхөр Жаргалбаяр гарч ирээд салгасан юм. Тэгээд гэр дотор манай 2 настай хүүхэд уйлаад байхаар нь би гэрлүүгээ орсон ба тухайн үед миний хамарнаас цус гараад байсан. Тэгээд цагдаа дуудчихаад байж байтал тэр эмэгтэй манай хашаанаас гарч явангуутаа буцаж ирээд 25 орчим насны залууг дагуулж ирсэн. Тэгээд тэр залуу миний хамарнаас цус гарчихсан байгааг хараад эгчийгээ “та одоо болиоч” гээд байж байтал цагдаа ирсэн. Тэр эмэгтэй миний нүүр лүү алгадаад үснээс зулгаагаад доошоо дарахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан юм. Тэрнээс би өөрөөр зодож цохиж биед нь хүрээгүй…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт №11503 “...Д.Буянцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй болно ..." /хх29/
Шүүгдэгч Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 34-35, 65/,
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6-86а тоотод Д.Буянцэцэгтэй маргалдаж толгой, цээж рүү нь гараараа 5-6 удаа цохиж биед
нь тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүх шүүгдэгч Э.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Э.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Бээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 170.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хохирогч Д.Буянцэцэгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зуут овогт Эрхэмбаярын Буянхишигийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Буянцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР