Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2015/0046/З |
Дугаар | 126/ШШ2016/0005 |
Огноо | 2016-01-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 126/ШШ2016/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 багийн 41-08 тоотод оршин суух иргэн Тайж Г.Г******** /регистрийн РЭ******** дугаартай/-ийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны даргад холбогдох "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Г********-д холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г******** , түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******** , хамтран хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н******** итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ю******** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Г.Г******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Г.Г******** би Хөвсгөл аймгийн 7 дугаар цэцэрлэгийн няравын үүрэгт ажлыг 1988 оноос 2013-05-28-ны өдрийг хүртэл хийж, нийт 25 жил ажилласан. 2015 сард миний биеийн эрүүл мэнд эрс муудаж, элэгний хатуурал гэх оноштой эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын үүднээс ажлаасаа хүсэлтээр чөлөөлөгдсөн.
2014-9-15-ны өдөр мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ю******** нь /утсаар ажил дээрээ яаралтай ир, таны ажиллаж байсан байгууллагын2010 оноос 2013 онуудын санхүүгийн баримтанд мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд танд холбогдуулан акт тогтоосон, акттай танилц, гарын үсэг зур/ гэж дуудсан. Намайг Мэргэжлийн хяналтын газарт очиход мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь актанд гарын үсэг зур гэхээр нь сайн танилцаж чадаагүй, юуг нь ч ойлгож уншиж чадалгүй, яагаад ямар бараа бүтээгдэхүүн дутаасан талаар ямар ч ойлголтгүй гарын үсэг зур гэсэн нь зурсан. Тухайн үед надад актыг өгөх ёсгүй юм байж гэж бодоод шаардаж аваагүй, гомдол гаргах эрхтэй гэдгийг нь бүрэн гүйцэт сайн ойлгоогүй. 2015 оны 1 сард Сум дундын 27 дугаар шүүхэд надад холбогдуулан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг төлөхийг шаардсан нэхэмжлэл гардуулсан.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь миний ажил, санхүүгийн бичиг баримтанд шалгалт хийсэн гэх боловч хуульд заасан журмын дагуу хийгдээгүй процедурын алдаатай захиргааны акт, миний эрх ашгийг хохироосон шийдвэр гэж үзэж байгаа юм. Учир нь улсын байцаагч нь миний ажилтай холбоотой шалгалт хийхдээ намайг байлцуулаагүй, шалгалтын тэмдэглэлтэй танилцуулаагүй, актын гол үндэслэл болсон тооцоо хийсэн хэсэг болох хавсргалт-1 гэсэн хэсэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй, шалгалтыг хийхдээ миний санал, хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр надад олон сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр үндэслэлгүй акт ноогдуулсан.
Миний хувьд шүүхээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэж, урьдчилан шийдвэрлүүлэхээр тухайн актыг үйлдсэн улсын байцаагчийн дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан. Миний гомдлыг хүлээн авч, акттай холбоотой материалыг эцэст 5 558 600 төгрөг тус тус дутагдуулсан зөрчил илэрсэн, нярав хүүхдийн хоолны материалын тайланг зохих журмын дагуу сар бүр гаргаж байгаагүй, нярвын тайланд зөвхөн хүүхдийн өдөр тутам тогоочид тавьж олгож байсан хоолны цэсийг үдсэн байна. Энэ нь эд хариуцагчийн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж акт ногдуулсан нь зөв байна гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу өөрөөс шалтгаалах бүх ажлыг хангалттай сайн хийж гүйцэтгэж байсан. Би цаг хугацаанд нь ажлын тайлан мэдээгээ гаргаж өгч байсан. Тухайн шалгалт нь 2010-2013 онуудын санхүүгийн бичиг баримтын шалгалт байсан гэж шалгаж байсан болохоос зөвхөн 2012 онд 8.0 сая төгрөгийн хүнсний бараа дутагдуулна гэж бодит байдалд нийцэхгүй огт үндэслэлгүй, хэт нэгталыг барьсан, миний эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн 2013 оны жилийн эцэст 5 558 600 төгрөгийн хүнсний бараа дутагдуулсан гэж дүгнэсэн байдаг. Би 2013 оны 5 сарын 28-ны орчимд ажлаасаа чөлөөлөгдсөн байтал миний ажиллаагүй саруудад хэдэн төгрөг дутагдуулсан нь тодорхойгүй байдлаар надад төлбөр ногдуулж байгаа нь шударга бус, хуульд нийцэхгүй байгаа юм.
Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Г******** надад 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна.
... Шалгалт хийх явцад надад шалгалтын удирдамжийг танилцуулсан. Акт танилцуулснаас тэмдэглэлийг танилцуулаагүй. Ямар материал дээр хэд хэдэн төгрөгийн өр гарсан нь тодорхойгүй байна. Би няравынхаа тайланг оны эцсээр гаргаж өгч байсан. Миний гараар бичсэн тайлан байгаа. Харин тайлангаа архивт хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Нярвын тайлан, анхан шатны баримтуудыг би өөрөө үдэж хавтасладаг байсан. ... Шалгасан зүйлээ нарийвчлан үзүүлээгүй байж ерөнхий нэг дүн үзүүлээд 3,7 сая төгрөгийн өртэй гарлаа гэж хэлсэн ... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын байцаагчийн шалгалт хийсэн процесс нь хуулийн дагуу явагдаагүй. 2010 оны тайлангийн үлдэгдэлийг 2011 онд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байдаг. Ямар нэгэн баримт материалын нотлох баримт дээр үндэслэж байж бодитой байх ёстой байтал ямар нэгэн нотолгоогүй акт тогтоосон байдаг. Тухайн байгууллагын дарга болоод нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нярав хариуцлага хүлээх ёсгүй. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан боловч түүний ажил хүлээлцсэн баримт байхгүй. Тооллого тооцоо хийсэн баримт материал байхгүй. Тиймээс нэхэмжлэгч урд оны өрийг хариуцах үндэслэл байхгүй гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Ю******** нь актын гол үндэслэл болсон хавсралт-1 гэсэн хэсгийг Г.Г********-д танилцуулж гарын үсэг зуруулаагүй. ... улсын байцаагч Л.Ю******** нь хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийх зарчмыг зөрчсөн. Улсын байцаагч нь 2010, 2011, 2012, 2013 онуудын баримтыг шалгаад аль онд нь чухам хэдэн төгрөгийн өр дутагдал Г.Г******** гаргасан гэдгийг ялгаж салгаж тодорхойлоогүй байх тул актыг зөвшөөрөх боломжгүй. ... Маргаан бүхий захиргааны актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь заалт гэж бичсэн байгаа нь маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай болохыг харуулж байна. Мөн шалгалтын тэмдэглэлтэй танилцсан талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй. Сум дундын 27 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа акт нь хавсралттай байсаныг мэдсэн гэдэг. ...Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Г********-д холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Г******** нь манай улсын байцаагч Л.Ю******** ын актад гомдол гаргасныг улсын ахлах байцаагч Д.Оюундаваа шалгаад гомдлыг үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн болно.
Энэ хариу нь хэргийн материалд хавсаргасан байх тул нэмж хэлэх зүйлгүй. Улсын ахлах байцаагч Д.О********-ийн гаргасан тайлбар дүгнэлт хангалттай гэж үзэж байна гэжээ.
Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын Г.Г******** ийн Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүйд холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн МХГ-ын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 23-08-035/306 дугаартай актын Г.Г********-д холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 209 тоот шүүгчийн захирамжаар манай газрыг хамтран хариуцагчаар татсан байх бөгөөд хууль ёсныхоо эрхийн хүрээнд дээрх хэрэгт хамтран хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж хариу тайлбар гаргаж байна. Учир нь Санхүүгийн хяналтын чиг үүрэг Сангийн яам, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болж шилжүүлэх тухай Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолыг үндэслэн МХГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн б/44 тоот тушаалаар МХГ-ын бүтцэд байсан Санхүүгийн хяналт шалгалтын нэр бүхий 6 улсын байцаагчийг аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн.
Дээрх тушаалыг үндэслэн Санхүүгийн хяналтын улсын байцаагчдаас гаргасан захиргааны актууд болон 2010-2014 оны архивын баримт, бусад холбогдох материалыг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн.
Иймд манай байгууллагад аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, аудитын албатай холбоотой үүсэх эрх үүрэг, хариуцлага хүлээх баримт байх тул хамтран хариуцагчаар оролцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хамтран хариуцагч бөгөөд хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ю******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 дугаар бүхий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнгийн баталсан удирдамжийн дагуу 7 дугаар цэцэрлэгийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2010 оны 4 дүгээр улирлаас 2014 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааг хамруулан санхүүгийн шалгалтыг санхүүгийн хяналтын улсын байцаагч Л.Ю******** миний бие гүйцэтгэсэн.
Г.Г******** нь нярваар ажиллаж байх хугацаандаа өөрийн албан ажилд мөрдөх ёстой 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Сангийн сайдын №69 тоот тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн дүрмийн 17 дугаар зүйлд Өөрийн хариуцаж байгаа зүйлийн орлого, зарлагын болон үлдэгдлийн мэдээ, тайланг тухай бүр зохих маягтаар хариуцсан нягтлан бодогчид гаргаж өгч байна гэсэн заалтыг зөрчиж тайлан мэдээгээ цаг хугацаандаа гаргах үүргээ биелүүлээгүйгээс энэ зөрчил гарсан болно.
Нярвын тайлан бүрэн гараагүйгээс шалгалтын хугацаанд өдөр тутмын тогоочийн хоолны цэсээр хүнсний түүвэр хийн нягтлан бодогчийн программ руу тулган шалгаж зөрүүг гаргаж байсан болно.
Тухайн зөрчил нь 2011 он, 2012 он, 2013 оны санхүүгийн тайлангаар жил бүр нэмэгдэн нярав дээр их хэмжээний үлдэгдэл гарч байгаа асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж нярав Г.Г********-д үүссэн өр төлбөрөө барагдуулахад нь хамт олноос нь дэмжлэг үзүүлэн ажиллагсад бүрээс 10.0 мянган төгрөг хураамж 370.0 мянган төгрөгөөр Хүнсний зах дээр байрлах Агар хөгжил дэлгүүрээс 148 кг жимсний чанамалыг байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны анхан шатны нэгжийн дарга Т.Б******** , туслах багш Б.Ц******** нар авч ирж нярав асан Г.Г********-д хүлээлгэн өгсөн болон архи ууж ажлаа цалгардуулан тайлан мэдээгээ гаргаагүйгээс өр үүссэн нь хамт олны хурлын тэмдэглэлээр тогтоогдоно.
Актаар гарсан төлбөрийн зөрчил жил бүр өссөн нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад тооллого хийх тухай заасан байхад хуулийг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласантай болон нярав нь Эд хариуцагчийн дүрмийн 25 дугаар зүйлд заасан Хариуцсан хөрөнгийн тооллого, тооцоо, хөдөлмөр хамгаалалт, хөдөлмөрлөх нөхцөл, хөдөлмөрийн хөлс, шагналын тухай хүсэлт гомдлыг байгууллагын удирдлагад гаргах эрхтэй гэх заалтыг хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой бий болсон зөрчил юм. Тухайлбал Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцна. 11.2. Эд хөрөнгийн тооллогыг дараахь тохиолдолд заавал хийнэ. 11.2.1.жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, 11.2.2.эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, 11.2.3.эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед, 11.3.Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хуульд заасан хугацаанд болон зайлшгүй шаардлагатай үед хийнэ гэж заасан бөгөөд хийх журам, заавар, бэлтгэл хангуулах зэрэг бүхий л ажлыг хуульчлан зааж өгсөн байдаг.
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд мөн Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байсан тул Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.6.8 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу зөрчил гаргасан хүмүүстэй хариуцлага тооцож төсвийн хохирлыг барагдуулах төлбөрийн акт тавьсан. Хяналт тавилгүй 1, 2 дугаар гарын үсэг зурж их хэмжээний хүнсний материалыг дутагдуулсан эрхлэгч Д.У, нягтлан бодогч М.Б, нярав Г.Г******** , Д.О нараар хувь тэнцүүлэн төлүүлэх 23-08-035/306 тоот актыг гаргасан.
Санхүүгийн зөрчил гаргасны улмаас улсын болон орон нутгийн төсөвт, өөрийн байгууллагадаа хохирол учруулсан мөн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, аливаа орлого зарлагын гүйлгээнд холбогдох хууль дүрэм, журмын дагуу анхан шатны үндсэн баримтыг бүрдүүлээгүй тохиолдолд улсын байцаагчийн акт тавьдаг. Түүнээс биш тодорхой ямар нэг хууль зөрчөөгүй, санхүүгийн зөрчил гаргаагүй, өөрийн байгууллагадаа болон улс, орон нутгийн төсөвт хохирол учруулаагүй тохиолдолд улсын байцаагч акт тавьдаггүй. Мөн улсын байцаагчийн актыг ахлах байцаагч нь хянадаг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Зөвлөлийн хурлаар бүх улсын байцаагчийн тавьсан актууд хэлэлцэгдэж хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт хийгдсэний дараа актуудыг батлах шийдвэр хурлаас гарч баталсан юм. Нөгөө талаар улсын байцаагчийн тавьсан актанд ямар зөрчил гаргасан, ямар хуулийн заалт зөрчсөн, хэдий хэмжээний төлбөр, хохирол учруулсан талаар ямар ч мэргэжлийн хүнд ойлгогдохуйц тодорхой бичигдсэн байгаа бөгөөд хариуцагч нягтлан бодогч М.Б******** , нярав Г.Г******** , Д.О******** нартай хамтран сууж тооцоог бодож гаргасан. 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.У******** , нягтлан бодогч М.Б******** нараар нярав асан Г.Г******** ийг дуудуулан ирүүлж шалгалтанд хамруулж байсан болно.
Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5. Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэж заасанчлан, мөн хуулийн 6.4.1 дэх хэсэгт заасан Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах заалтыг зөрчсөн тус цэцэрлэгийн эрхлэгч Д.У******** , нягтлан бодогч М.Б******** , нярав асан Г.Г******** , Д.О******** нараар хариуцаж байсан үеийн зөрчлийн дүнг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Г.Г******** нь энэ асуудлаар санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагчид гомдол гаргаж, улсын ахлах байцаагч актуудыг хянаад хариуг өгсөн болно. 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.У******** , нягтлан бодогч М.Б******** , нярав Г.Г******** , Д.О******** нарын Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь акт тавьж гаргасан зөрчилд нь захиргааны арга хэмжээ тооцолгүй төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснээ зөв гэж үзэж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
... Нярав тайлангаа гаргаж яваагүйгээс үүссэн хариуцлагыг нэхэмжлэгч хүлээх ёстой. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан үеийн төлбөрийг нэхэмжлэгчид, түүний ажлаасаа гарсанаас хойшхи үеийн төлбөрийг дараагийн няравт хариуцуулан акт тавьсан. Нийт дүнгээрээ 11,2 сая төгрөгийн акт тавьсан. Нэхэмжлэгчийн тухайд өөрийнх нь хариуцаж байсан үеийн үнийн дүнгээр тасалбар болгож хувь тэнцүүлэн буруулж 3,7 сая төгрөгийн акт тавьсан байдаг. 7-р цэцэрлэг нярав тайлангаа гаргаж өгөөгүйгээс шалтгаалж 2013 оны аудитын тайлангаа хоцроосон байдаг. ... шалгалтын явцад Г.Г******** ийг байлцуулсан, нэхэмжлэгч өөрт байсан зарим баримт материалаа гаргаж өгч, санхүүгийн баримт материал дээр өөрөө тэмдэглэгээ хийж байсан ... гэв.
Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 7 дугаар цэцэрлэгт 2010-2014 оны баримт дээр 4 сарын хугацаатай шалгалт хийсэн байдаг. Тухайн шалгалт дээр Ю******** байцаагч ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус акт тавьсан зүйл байхгүй. Санхүүгийн анхан шатны баримт дээр үндэслэж хяналт шалгалт хийдэг. Анхан шатны баримтууд няравт төвлөрч байх ёстой байдаг. Гэтэл тухайн байгууллагад шалгалт хийх явцад анхан шатны баримт байгаагүй учир улсын байцаагчийн акт тогтоосон байдаг. 2011-2013 оны хооронд тухайн байгууллагын няравт өр зоогдсон байсан нь харагддаг. Санхүүгийн шалгалтын дүнгийн хурал дээр тухайн байгууллагын удирдлагууд тавигдсан актыг хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгчийн тухайд мөн шалгалт явагдсан 4 сарын хугацаанд зарим баримт материалаа гаргаж өгч, баримт материал дээр тэмдэглэгээ хийж байсан. Энэ хугацаанд өөр дээрээ гарч байсан зөрчлүүдийг ойлгож байсан гэж үзэж байна.Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хамтран хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн иргэн Г.Г******** нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдуулан "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Г********-д холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яам (Ч.Улаан)-нд шилжүүлж, чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг ... орон тоог тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгожээ. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/408 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/44 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч, байцаагчаар ажиллаж байсан нэр бүхий 6 ажилтныг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н******** хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт буюу Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актад холбогдох Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон маргаан бүхий захиргааны актыг үйлдэхдээ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан одоо Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд аудитын менежер, улсын ахлах байцаагч ажилтай Л.Ю******** ыг тус тус хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Дутагдсан хүнсний мөнгийг төлүүлэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 тоот акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан гадагш дагаж мөрдөх заавал биелүүлэх захирамжилсан шийдвэрт хамаарч байх тул дээрх маргаан нь тус Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн юм.
Нэхэмжлэгч нь маргааны бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүхээр сэргээлгэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан улсын байцаагч Л.Ю******** ын дээд шатны албан тушаалтан болох Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нэргүйд хандаж хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг ханган тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хамтран хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэгч Г.Г******** ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд удирдамж томилолтыг танилцуулаагүй, хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй гэж маргажээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд 5.6-д зааснаар хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх хуулийн шаардлагыг хангасан болох нь гэрч Д.У******** гийн Манай байгууллагад санхүүгийн хяналт шалгалт хийх болсон талаарх шалгалтын удирдамжаа Мэргэжлийн хяналтын газрын зүгээс танилуулсан. 2012-2014 оны санхүүгийн баримтанд шалгалт хийнэ гэсэн байсан. Шаардлагатай бол өмнөх оны баримтанд шалгалт хийнэ гэсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 204 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгээс нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 тоот хяналт шалгалтын удирдамж /ХХ-ийн 225 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга Н.Пүрэв-Осорын баталсан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 тоот хяналт шалгалтын удирдамжаас үзэхэд Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилготой, тус байгууллагын 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхээр, шаардлагатай бол өмнөх оныг татаж үзэхээр тусгагдсан ажээ.
Нэхэмжлэгч Г.Г******** нь Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт 1988 оноос эхлэн тасралтгүй 25 жил орчим хугацаанд нярваар ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б-21 тоот тушаалаар үүрэгт ажлаасчөлөөлөгдсөн ба Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгт хийсэн санхүүгийн хяналт шалгалтын хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан ч түүнийг дуудан ирүүлж хяналт шалгалтанд оролцуулсан байна.
Нэхэмжлэгч Г.Г******** нь түүнийг хяналт шалгалтыг хийхдээ байлцуулаагүй, хяналт шалгалтын талаар түүнд мэдэгдээгүй гэж маргаж байгаа боловч гэрч Д.У******** гийн ... Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын үед Г.Г******** ажлаасаа халагдсан байсан. Шалгалтын үеэр түүнийг гэрт нь очиж дуудаж авчирч шалгалтын ажиллагаанд оролцуулсан. Би өөрөө гэрт нь очиж байсан, цэцэрлэгийнхээ жижүүрүүдийг гэр рүү нь явуулж түүнийг дуудуулж авчирсан, санхүүгийн шалгалтанд хамруулж байсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 124 дүгээр хуудас/, гэрч Б.Амгалан-Одын ... 2014 оны хавраас эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас манай цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Би нярав Отгончимэгийн хамт шалгалтын үеэс хоолны цэсийг түүвэрлэж, баримтыг шалгахад оролцсон. Тэгэхэд Г.Г******** гэдэг хүн ирж шалгалтанд оролцож байсан. Байцаагч Ю******** тай ийм байна, тийм байна гэж Г.Г******** ярилцаж байхад би хажууд нь байсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 126 дугаар хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн ... Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтыг шүүж үзэхэд Г.Г******** надтай хамт байлцсан ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 206 дугаар хуудас/, нэхэмжлэгч Г.Г******** ийн мөн өдрийн шүүх хуралдаанд гаргасан ... Шалгалт хийх явцад надад шалгалтын удирдамжийг танилцуулсан. Акт танилцуулснаас тэмдэглэлийг танилцуулаагүй ... гэх тайлбар, хамтран хариуцагч Л.Ю******** ын ... шалгалтын явцад Г.Г******** ийг байлцуулсан, нэхэмжлэгч өөрт байсан зарим баримт материалаа гаргаж өгч, санхүүгийн баримт материал дээр өөрөө тэмдэглэгээ хийж байсан ... гэх тайлбар зэргээс үзэхэд Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхдээ нэхэмжлэгч Г.Г********-д хяналт шалгалтын талаар танилцуулж, түүнийг хяналт шалгалт хийхдээ байлцуулсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас ... Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Ю******** нь ... актын гол үндэслэл болсон хавсралт-1 гэсэн хэсэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй ... гэж, хамтран хариуцагч Л.Ю******** Би нэхэмжлэгч Г.Г******** , цэцэрлэгийн эрхлэгч Д.У******** , нягтлан М.Б******** , нярав Д.О******** нарыг дөрвүүлэнг нь байлцуулж байгаад актыг танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд актын хавсралт-1-ийг акттай хамт танилцуулсан. Хавсралт-1 нь актын салшгүй хэсэг юм ... гэж тус тус маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Г.Г******** нь маргаан бүхий захиргааны акттай танилцаж гарын үсэг зурсан байна. Харин Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 тоот актын хавсралт-1 гэсэн баримтанд нэхэмжлэгч Г.Г******** оор гарын үсэг зуруулаагүй боловч түүнд маргаан бүхий захиргааны актыг танилцуулж гарын үсэг зуруулсан, шалгалтын явцад түүний байлцуулсан зэргээс үзэхэд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч дарга Н.Пүрэв-Осорын баталсан 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 23-08-035/297 тоот хяналт шалгалтын удирдамжид зааснаар Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийх, шаардлагатай бол өмнөх оныг татаж үзэхээр тусгагдсан бөгөөд хамтран хариуцагч Л.Ю******** нь нярваар ажиллаж байсан Г.Г******** нярвын тайлангаа гаргадаггүй, тооллогын бүртгэл хийдэггүй байсан учраас шалгахаар товлосон 2012, 2013 онуудоос өмнөх оны үлдэгдлийг шүүж үзэх, мөн 2011 оны жилийн эхний үлдэгдлийг олохын тулд 2010 оны жилийн эцсийн баримтыг шүүж үзэхээс өөр аргагүй байсан гэж тайлбарласан байгаа нь дор дурдсанаар үндэслэлтэй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно 7.2-д Анхан шатны баримтын загвар, аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн газартай хамтран батална гэж заасан бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 171/111 тоот тушаалаар Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-ыг баталжээ.
Энэхүү зааврын 9-д Бараа материалын тайланг агуулахын нярав, эд хариуцагч нь аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаанд агуулахын бүртгэлд үндэслэн материалын нэр төрөл тус бүрийн тоо хэмжээгээр нэгтгэн гаргана ... гэж заасны дагуу нярав Г.Г******** нь бараа материалын тайлангаа 2010-2013 онуудад гаргаж байгаагүй болох Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгээс тус шүүхэд нотлох баримтаар шинжлэн судлуулахаар ирүүлсэн 14 хадгаламжийн нэгж бүхий 2010-2014 оны Нярвын тайлан гэх санхүүгийн баримтуудад нярвын тайлан авагдаагүй, өөр бусад баримтууд үдэгдсэн байдалтай байгаа, гэрч Д.У******** гийн ... нярав Г.Г******** тайлангаа гаргаж өгдөггүй байсан ... нягтлан бодогч маань өөрөө санхүүгийн программаасаа шууд тайлангаа гаргачихдаг байсан учраас манай байгууллага зөрчилгүй юм шиг харагддаг байсан. Гэтэл баримтын шалгалтаар нярвын тайлан, анхан шатны баримтууд нь байхгүй байсан учраас өр төлбөртэй гарсан. ...Нярав Г.Г******** нь өөрийн үүрэгт ажлаа хийхгүй, хүнсний материалаа бэлтгэн нийлүүлэгчээс өөрийн гар дээр хүлээж авдаггүй, заримдаа согтуу хүлээж авдаг, нярвын тайлангаа цаг хугацаанд нь гаргадаггүй байсан ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Г.Г******** ийн шүүх хуралдаанд гаргасан би нярвын тайлангаа гараар бичиж гаргаж өгч байсан. 7 дугаар цэцэрлэгээс нотлох баримтаар ирүүлсэн нярвын тайлан гэсэн хавтас бүхий 2010-2013 онуудын баримтанд миний тайлан үдэгдээгүй байна. Би эдгээр баримтуудыг өөрөө үдсэн. Би нярвын тайланг тусад нь үдсэн. Надад нярвын тайлангаа гаргаж архивт хүлээлгэж өгснийг нотлох баримт байхгүй гэх тайлбар, Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот ... нярвын тайланг архивт хүлээлгэн өгсөн бүртгэл байхгүй ... гэх албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Ийнхүү Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Г.Г******** нь хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа хийгээгүй, бараа материалын тайлангаа гаргаагүйгээс хяналт шалгалт хийсэн онуудын жилийн эхний болон эцсийн бараа материалын үлдэгдэл тодорхой бус болж улмаар улсын байцаагч Л.Ю******** нь 2011 оны бараа материалын оны эхний үлдэгдлийг олохын тулд 2010 оны 4 дүгээр улирал буюу 2010 оны жилийн эцсийн үлдэгдлийг шүүж үзэх шаардлагатай болсныг буруутгах боломжгүй юм.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ю******** нь Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн 2012, 2013 оны санхүүгийн үйл ажиллагааг хамруулан шалгах, шаардлагатай бол өмнөх оныг үзэхээр удирдамжтай боловсруулж ажилласан бөгөөд нярвын тайлан байхгүй, жилийн эхний болон эцсийн үлдэгдэл тодорхойгүй байсан шалтгааны улмаас 2011 оны баримтыг шалгах шаардлага гарсан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан улсын байцаагч Л.Ю******** нь хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийх зарчмыг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хэдийгээр улсын байцаагч Л.Ю******** нь удирдамжид заагдаагүй 2014 оны санхүүгийн баримтыг шалгасан байх боловч нэхэмжлэгч Г.Г******** ийн хувьд түүнийг ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны санхүүгийн баримтыг шалгасан, удирдамжид заагдсан 2012-2013 онуудаас өмнөх оны баримтыг шалгах зайлшгүй шаардлага байсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас Улсын байцаагч нь 2010, 2011, 2012, 2013 онуудын баримтыг шалгаад аль онд нь чухам хэдэн төгрөгийн өр дутагдал Г.Г******** гаргасан гэдгийг ялгаж салгаж тодорхойлоогүй байх тул актыг зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байгаа боловч дээр дурдсанчлан нярав Г.Г******** нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 171/111 тоот тушаалаар батлагдсан зааврын дагуу тайлангаа гаргаж, бараа материалын үлдэгдлээ жилийн эцсээр тайлагнаж байгаагүй тул аль оны эцэст ямар үлдэгдэлтэй байсан нь тодорхойгүй, улмаар он тус бүрээр ямар хэмжээний өр дутагдал гаргасныг тодорхойлох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Харин Г.Г******** нь ажлаас чөлөөлөгдөх үед түүний ажлыг дараагийн хүнд хүлээлгэх өгөхөд комиссын бүрэлдэхүүнтэй бараа материалын үлдэгдлийг тоолсон байх бөгөөд энэхүү үлдэгдлээс улбаалж түүний 2010-2013 онуудын нийт бараа материалын дутагдлыг тооцоолох боломжтой болсон байна.
Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ю******** нь Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн 2012, 2013 оны санхүүгийн үйл ажиллагааг хамруулан шалгах, шаардлагатай бол өмнөх оныг үзэхээр удирдамжтай боловсруулж ажилласан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, харин түүнээс өмнө Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль мөрдөгдөж байжээ.
2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилж байсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Засгийн газар нь улсын болон орон нутгийн төсвийн байгууллагад санхүүгийн хяналт шалгалт хийхээр, 64.2-т Засгийн газрын санхүүгийн дотоод хяналт, шалгалтыг хяналт, шалгалтын мэргэжлийн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр, 64.4-т Санхүүгийн хяналт шалгалтыг /64.1.4/ санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт, /64.4.2/ тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт, /64.4.3/ өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, /64.4.4/ санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, ашгийн байдал, /64.4.5/ төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт, /64.4.6/ анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан ... зэрэг чиглэлээр хийхээр зааж, 64.6-д Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нь шалгуулсан байгууллагын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөөр, 64.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоогдсон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон нэгдсэн акт, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт бичихээр тус тус хуульчилсан байна.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн зорилт нь төсөв ... зарцуулах, тайлагнах, төсвийн талаарх байгууллага албан тушаалтны эрх, үүрэг ... төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ... улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага ... -д хамаарах бөгөөд уг хуулийг хэрэгжиж байсан хугацаанд хамаарах санхүүгийн баримтыг хянаж, шалгах, улмаар төлбөр тогтоосон акт бичих нь Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх юм.
2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангилалыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших ба Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулахаар заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлэх хүртэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомжийг хэрэгжилтийг ханган ажиллаж байсан гэх үндэслэлтэй тул Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар энэ хууль нь төсвийн байгууллага, түүний албан тушаалтан ... д хамаарах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 5.1.5-д хариуцлагатай байх зарчмуудыг, 6 дугаар зүйлийн 6.4-т энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэж хуульчилсан байх бөгөөд хуульд заасан дээрх зарчмыг зөрчсөн гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй байна.
Төсвийн тухай хуулиар тогтоосон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмыг Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав нар хэрэгжүүлээгүйн улмаас хүнсний материалын дутагдал гарч төсөвт хохирол учруулсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна гэж заасныг үндэслэн Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт хариуцлага хүлээлгэж, төлбөрийг хувь тэнцүүлэн ногдуулсан гэх хамтран хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Ю******** Мөрөн сумын Хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагааг шалгахдаа 2011, 2012, 2013 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл буюу тус цэцэрлэгийн нярваар Г.Г******** ажиллаж байх хугацаан дахь хүнсний бараа материалын нийт дутагдлыг тооцож 10 526 814 төгрөгийн төлбөр, Г.Г******** ийн ажлаа хүлээлгэж өгснөөс хойшхи хугацааны хүнсний бараа материалын дутагдалыг тооцож нийт 766 559,2 төгрөгийн төлбөрийг тус тус тогтоож, үүнээс нярав Г.Г******** ийн ажиллаж байсан хугацаанд хамаарах төлбөрийг цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт хувь тэнцүүлэн хариуцуулсан нь үндэслэлтэй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээч цагдаагийн д/а Ц.Э******** 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 282 дугаартай ... Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар цэцэрлэгийн 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн анхан шатны болон холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд ... 7 нэр төрлийн нийт 10 526 814 төгрөгийн хүнсний бараа материал дутагдсан байна ... гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хяналт шалгалт явуулсан байцаагч нь Г.Г******** ийн нярваар ажиллаж байсан дээрх хугацаанд хамаарах анхан шатны баримтууд буюу орлогын баримт, хүүхдийн хоолны өдөр тутмын цэс, хүүхдийн ирц зэрэг баримтуудыг үндэслэн хүнсний бараа материалын дутагдал 10 526 814 төгрөг болсныг төсвийн орлого, зарлага, гүйлгээнд хяналт тавих үүрэг бүхий цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нарт нярвын нэгэн адил хуваарилан хариуцуулахад тус бүр 3 508 938 төгрөг байхаар ногдож байна. Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 тоот актаар нэхэмжлэгч Г.Г********-д 3 508 938 төгрөгийн төлбөр ногдуулсныг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь заалт гэж бичсэн байгаа нь маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай болохыг харуулж байна гэж маргаж байх боловч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 тоот актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэхээргүй байна.
Захиргааны акт утга агуулгын хувьд илэрхий алдаатай байна гэдэг нь актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор тодорхой бус байхыг хэлнэ. Харин маргаан бүхий захиргааны актын хувьд ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8 дахь заалтанд Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах... гэж бичсэн байх ба Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 10.6.8 гэсэн заалт байхгүй, харин мөн хуулийн 10 дугаар 10.9.8 дахь заалтын агуулгыг бүрэн бичжээ. Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын илэрхий алдаатай бус харин техникийн шинжтэй алдаа гаргажээ гэж үзэхээр байна. Техникийн шинжтэй алдааны улмаас тооцоололд өөрчлөлт орохгүй, акт үйлдсэн албан тушаалтны хүсэл зоригийн илэрхийлэл өөрчлөгдөхгүй тул маргаан бүхий захиргааны актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Ю******** ын гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 тоот актын Г.Г********-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Ийнхүү шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тулЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.2, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г******** оос гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 900012005 тоот харилцах дансанд тушаалгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.1.4, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4.1, 64.4.2, 64.4.3, 64.4.4, 64.4.5, 64.4.6, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Г.Г******** ийн "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23-08-035/306 дугаартай актын Г.Г********-д холбогдох 3 508 938 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.2, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Г******** оос гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 900012005 тоот харилцах дансанд тушаалгасугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ