Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/01108

 

“Ургамал-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04150 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1364 дугаар магадлалтай,

“Ургамал-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Их бодонч” ХХК-д холбогдох,

700.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Их бодонч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр нарын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Санжхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвабаяр, Г.Мөнхбат, өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр,                                                                                нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК-ийн захирал С.Санжхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2009 оноос “Их бодонч” ХХК-тай борцны үйлдвэр байгуулан ажиллахаар тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулж, миний өмчлөлийн улсын бүртгэлийн 2204021590 дугаартай, Баянзүрх дүүргийн, 10 дугаар хороо, Амгалан-1, ХД-80, ХД-84 хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай барилга, эзэмшлийн нэгж талбарын 3020/0406 дугаартай газар эзэмших эрх, өмчлөлийн улсын бүртгэлийн 2206008197 дугаартай ХУД, 12 дугаар хороо, Мал бригадын 1 дүгээр гудамж, 27А тоот хаягт байрлах, фермийн зориулалттай барилга, өмчлөлийн 2206002183 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөлийн 2205002184 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, эзэмшлийн талбарын 18671295831513 дугаартай Налайх дүүрэг, 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн бүс хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж жижиг дунд үйлдвэрлэлийг дамжих сангаас 400.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн хөрөнгөөр “Их бодонч” ХХК, түүний захирал Л.Дашрэнцэн борцны үйлдвэр байгуулан дангаараа ажиллуулж, 5 жил шахам хугацаанд тодорхой хэмжээний ашиг орлого олсон ч гэрээний үүргээ үл биелүүлэн манайд ашиг өгөөгүй. Банкны зээлийн хөрөнгөөр борцны үйлдвэр барьж, ашиглаж, ашиг олсон мөртлөө банкны зээлээ төлөөгүй тул  шүүх “Их бодонч” ХХК-иас 459.732.212 төгрөг гаргуулж банкинд олгох, нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөс гаргуулахаар 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 тоот шийдвэр гаргасан. “Их бодонч" ХХК төлбөрөө төлөхгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний өмчлөлийн Амгалангийн гурилын үйлдвэрийн объектыг худалдан банкны төлбөрийг төлүүлсэн. Шүүх барьцааны хөрөнгөөр банкны төлбөрийг төлсний дараа хохирлоо “Их бодонч” ХХК-иас жич нэхэмжил гэсэн. “Их бодонч” ХХК-ийн захирал Л.Дашрэнцэнгийн залилан мэхэлсэн санаатай үйлдлийн улмаас барьцаанд тавьж хураагдан зарагдсан объектын үнэ 513.000.000 төгрөг, надаас авсан 27.000.000, борцны үйлдвэр ажиллаж эхэлсэн хугацаанаас ашгийн ногдох 327.000.000 төгрөг, 1 цагт 2 тонн борц үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж оруулан ирсэн бөгөөд жилдээ 2 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо хийгдсэн, нийт 867.000.000 төгрөг болж байна. Дээрх хохирлоос “Их бодонч” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн 100.000.000 төгрөг, миний авсан гэх 67.000.000 зэргийг хасаж,  700.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Их бодонч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: манай 2 компанийн  хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан 400.000.000 төгрөгийн зээлийн гэрээний асуудлаар урьд нь цагдаа, шүүхээр удаа дараа шийдвэрлэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол шийдвэрүүд гарсан. Барьцаанд тавьж хураагдсан объектын үнэ 513.000.000 төгрөгийн тухайд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1805 дугаартай шүүхийн шийдвэрээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан зээл, хүүгийн төлбөрт 439.851.962 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Банкнаас авсан зээлийн 166.544.066 төгрөгийг манай компани авч үйл ажиллагаанд хэрэглэсэн, харин 187.792.806 төгрөгийг С.Санжхүү авсан болохыг тогтоосон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүний дагуу манай компани зээлийн мөнгөнөөс авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн зээл, хүүд 170.000.000 төгрөгийг төлсөн, одоо манай компанид зээлийн гэрээтэй холбоотой хэн нэгэнд төлөх төлбөр байхгүй. “Их бодонч” ХХК болон Л.Дашцэрэн нь С.Санжхүүгээс 27.000.000 төгрөг авч байгаагүй. Борцны үйлдвэрт 2009 онд тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч ямар нэгэн ашиг олоогүй, дандаа алдагдалтай ажилласан. Үүнийг мэдээд С.Санжхүү нь тус үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2010 онд ажлаа хаяад явсан тул ашиг гэж 327.000.000 төгрөг нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04150 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Их бодонч” ХХК-иас /РД:5254906/ гэрээнээс учирсан хохиролд 346.000.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Ургамал-Од” ХХК /РД 2843161/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 354.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.887.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1364 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/004150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Их бодонч” ХХК-ийн төлсөн 1.887.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Их бодонч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах ёстой атал хянаагүй гэж үзэж байгаа тул хариуцагчийн зүгээс дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Нэхэмжлэгч, Хариуцагч хуулийн этгээдүүд нь хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд тус тус эрх үүрэгтэйгээр оролцохоор харилцан тохиролцсоныг тодорхойлсон атлаа тухайн хамтын ажиллагааны гэрээнд гэрээний 4.1-д, 4.2.д зааснаар нэхэмжлэгчийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж хариуцагчийн төлбөрийг барагдуулсан 513.000.000 төгрөгнөөс хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барагдуулсан 167.000.000 төгрөгийг хасч үлдэгдэл 346.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг хэвээр батлан үлдээсэн нь хуулийг буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 476 дугаар заасан “Хамтран ажиллах гэрээ” байсан.  Тиймээс шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ач холбогдол өгч үнэлэх шаардлага байсан. Хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго бол хэн аль нь ашиг олох зорилгоор нэгдэх нь гол нөхцөл байдаг бөгөөд талууд гэрээний ашиг алдагдал эрсдэлээ хэрхэн хүлээх тухай нарийвчлан тохиролцсон байдаг ч энэ компаниудын хувьд тохиролцоогоо гэрээндээ тусгаагүй тул гэрээний 4.1, 4.2 дах заалтын дагуу хохирлыг хувь тэнцүүгээр хариуцах ёстой. Харин шүүх Иргэний хуулийн 219 дах заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Шүүхийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулалгүйгээр хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь ИХШХШТХ-ийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т, 77.1-д гэсэн заалтыг зөрчсөн, хуульд заасны дагуу мэдэгдээгүй.

Шүүхийн зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулж, ИХШХШТХ-ийн 76, 77 дугаар зүйлүүдийг зөрчиж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн төдийгүй хариуцагчийг хэргийн материалтай танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжоор хангаагүй нь ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

3. ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг шүүхийн зүгээс энэхүү үүргээ үл биелүүлж, давж заалдах журмаар хэргийг хянан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Прокурорын 2009 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 718, 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1245, 2013 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 467 тоот тогтоолуудаар зээлийг компанийн үйл ажиллагаанд зориулсан болох нь шинжээчийн 52 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн Л.Дашрэнцэнг дур мэдэн хувьдаа компанийн хөрөнгийг зарцуулсан нь нотлогдохгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг баримтуудаар зээлээс 187.792.806 төгрөгийг Санжхүү авсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна гээд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар гаргасан шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийг иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн татгалзлыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв хэмээн дүгнэсэнд гомдолтой байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

4. Дээрхи хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр гэрээ зурцгаасан компаниудын хувьд банкнаас авсан 400.000.000 төгрөгийн зээлийн 250.000.000 гаруй төгрөгийг “Ургамал-Од” ХХК-ны захирал С.Санжхүү, 150.000.000 төгрөгийг “Их бодонч” ХХК-ны захирал Л.Дашрэнцэн хүлээн авсан байдаг тул банкны хүүг хэн төлж байсан, нөгөө хамтын ажиллагаанд дурдагдаж буй борцны үйлдвэр хэний хөрөнгө болох нь мөн л эргэлзээтэй төдийгүй Иргэний хуулийн 477 дугаар зүйлд зааснаар зохицуулсан байх тул шүүхээс зөвхөн хариуцагчид хамаатуулан хохирлыг 346.000.000 төгрөгөөр тооцон гаргасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1364 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дээрх шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу зөв тодорхойлсон ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ургамал од” ХХК нь хариуцагч “Их бодонч” ХХК-д холбогдуулан “...зээлийн барьцааны хөрөнгийг худалдсанаас учирсан хохирол 346.000.000 төгрөг, Л.Дашрэнцэнд өгсөн 27.000.000 төгрөг, хамтын ажиллагаанаас олсон ашиг 327.000.000 төгрөг нийт 700.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа шаардлагын үндэслэлд хамтран ажиллах гэрээг дурджээ. 

Зохигчид борцны үйлдвэр байгуулан ажиллахаар харилцан тохирч, нэхэмжлэгч нь Амгалангийн үйлдвэр, агуулах, конторын барилга, 200 м.кв газар, фермерийн аж ахуй, Налайхын төмөр зам бүхий 6 га газар, тариалангийн 200 га газрыг, хариуцагч нь Биокомбинатын махын үйлдвэрийн барилга, 1 га газрыг тус тус нийлүүлэхээр 2009 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гэрээ байгуулжээ.

Уг гэрээнд зааснаар талууд үйл ажиллагаагаа “Их бодонч” ХХК-ийн нэр дээр явуулах, оруулсан хөрөнгө нь хамтран өмчлөх дундын өмч байх, хөрөнгийг оруулсан талын зөвшөөрлөөр захиран зарцуулах, гэрээний хэрэгжилтэд хэн аль нь хяналт тавих зэргээр тохирч, улмаар үйл ажиллагаа явуулахдаа “Их бодонч” ХХК-ийн нэрээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 400.000.000 төгрөгийн зээл авсан, зээлдэгч зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Ургамал од” ХХК-ийн захирал С.Санжхүүгийн өмчлөлийн Амгалангийн контор, үйлдвэрийн зориулалттай 782 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 513.670.000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хэргийн 1 дүгээр хавтас 6-8, 10-20 дугаар тал/.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, энэ талаарх  шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцжээ.

Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах, Иргэний хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд хамтын үйл ажиллагаа дуусгавар болдог.

Гэрээний аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болохоор Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т заасан ба нэхэмжлэгчийн “...2010 оны 5 дугаар сараас хойш хамтын үйл ажиллагаанд оролцоогүй...” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Талуудын хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийг худалдан борлуулснаас учирсан хохирлоо шаардах эрхтэй, шүүх хариуцагчаас 346.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Хэргийн 232-234 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан баримт биш тул үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад гаргасан шинжээчийн дүгнэлт биш хэдий ч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа үндэслэл болгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан бичмэл баримт болно.

Харин уг дүгнэлтэд “...С.Санжхүү нь харилцах данснаас 187.792.806 төгрөг авч 157.044.108 төгрөгийг зарцуулсан...” гэсэн нь түүнийг хувьдаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч “Ургамал од” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүх 2011 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг мөн өдөр танилцуулсан, анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2014 оны 09 дүгээр сарын 09, 2014 оны 12 дугаар сарын 15, 2015 оны 03 дугаар сарын 18, 2015 оны 04 дүгээр сарын 06, хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр танилцуулсан, мөн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхагвабаяр, Л.Жавзмаа нарт мэдэгдсэн байх тул хариуцагчийн “...хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй /хэргийн 1 дүгээр хавтас 37-39, 93, 146, 220, хэргийн 2 дугаар хавтас 82, 103, 136 дугаар тал/.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04150 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1364 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1.887.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ