Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 318

 

 

 

 

В.Оад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 273 дугаар магадлалтай, В.Оад холбогдох 1810021540733 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Т овогт В.О нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдэх”, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос В.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

В.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Оыг 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар В.Оад оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос В.Оын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар В.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, В.Оын нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч В.О, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нар гаргасан гомдолдоо: “Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д эрүүгийн хариуцлагын гол зорилго нь хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэснээс үзэхэд хувь хүний нийгэмд биеэ хэрхэн авч явж байгаа, хэрхэн төлөвшсөн, дахин гэмт хэрэг үйлдэх эсэх талаар хувийн байдлыг харгалзан үзэх, өөрийн гэм бурууг хэрхэн ухамсарлан ойлгож, цаашид гэмт хэрэг хийхгүй байх чадвартай эсэхэд шүүх бүрэн дүүрэн үнэлэлт өгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар ялыг сонгон хэрэглэвэл гэм буруутай этгээдийг зөв нийгэмшүүлэх, нийтийн дунд биеэ авч явж чадах эсэхэд дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг би ойлгож байна.

Би одоо 48 настай, өдий хүртэл ямар нэг зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бага наснаасаа эхлэн ээж, аавдаа тусалж мал маллаж амьдарч байгаад насанд хүрсэн цагаасаа эхлэн өөрийн хөдөлмөрийг мал маллах, зуны цагт ногоо тарьж хувийн аж ахуй эрхэлж ирсэн жирийн нэг малчин билээ.

Би архи ууж, нийгмийн хэв журам зөрчиж яваагүй, тухайн өдөр архи уусан нь миний амьдралын том алдаа болж би хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ ойлгон гэмшиж байгаа ба дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчил гаргахгүй байж чадна.

Би өөрийн бурууг ойлгож, хохирогч нарын эрүүл мэндийг сэргээхэд сайн дураараа эмчилгээний зардлыг гаргаж өгснөөр хохирогч нар цаг алдалгүй эмчилгээ хийлгэсэн ба тэд надад гомдолгүй, цаашид нэхэмжпэх зүйлгүй гэж өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн. Бид байнгын сайн харьцаатай болж эвлэрсэн. Энэ талаараа ч шүүх хуралд хохирогч нар хэлсэн байгаа.

Миний асрамжид 86 настай ээж минь байдаг. Би нас тогтож, амьдралаа зөв авч явж чадах ухаан суусан насандаа гэмт хэрэгт холбогдож байгаадаа туйлын их харамсаж байна. Энэ асуудлаас болж ээж минь сэтгэл санааны дарамтад орж, даралт нь байнга ихсэх болсон нь хүртэл надаас боллоо гэж би гэмшиж байнаа. Ээжид минь миний тусламж дэмжлэг хэрэгтэй, асарч сувилуулах насандаа байхад нь хэрэгт холбогдсондоо туйлын их харуусаж байна.

Би ходоодны шарх өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байж, хоолны дэглэм барьж, тогтмол эмчилгээ хийлгэдэг. Цагдан хоригдсноос болж эмчилгээгээ тогтмол хийлгэж чадахгүй, хоолны дэглэм алдагдсанаас миний эрүүл мэнд муудаад байна. Би хүнийг эрүүл мэндээр нь хохироогоод зогсохгүй, ар гэрийнхэндээ хүртэл сэтгэл санааны хохирол үзүүлсэндээ туйлын их гэмшиж байна.

Иймд надад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг торгох ялаар өөрчлөх, эсвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа хэлсэн саналдаа: “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч В.О нь хохирогч 3.Эын биед хөнгөн гэмтэл, хохирогч Х.Бын биед хүнд гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй бусад нотлох баримтуудаар батлагджээ. 

Шүүх В.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэсэн дүгнэлтийг хийж байна. Шүүгдэгч В.Оад холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн В.Оад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

В.Оад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.

Шүүгдэгч В.О нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт хохирогч З.Эын толгойн тус газар нь 2 удаа, зүүн шуу орчим нэг удаа тус тус хүрзээр цохиж, толгой руу нь хоёр удаа өшиглөх зэргээр зодож, түүний биед хөнгөн хохирол учруулж, улмаар түүний дээрх үйлдлийг болиулах гэсэн хохирогч Х.Быг толгойн руу нь хүрзээр нэг удаа цохиж, унахад нь толгой, нүүр орчим нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх В.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрзийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш төдийгүй, хүрз нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл биш гэсэн дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 болон 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, В.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч В.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, хохирогч Х.Б, З.Э нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Оыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар” гэснийг “1 жил 7 сарын хугацаагаар” гэж,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 273 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар В.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, В.Оын нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар В.Оад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, В.Оын нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон магадлалын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                                                               ДАРГАЛАГЧ                                Б.ЦОГТ

                                                               ШҮҮГЧ                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН