Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2024/00549

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2024/00549

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овогт Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ч.Б

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн

Гэрч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ч.Б нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Хүсэлт гаргагч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Б би А аймгийн Х сумын Б /одоогийн Б баг/ гэх газар 1969 онд төрсөн. Тухайн нутгийн уугуул иргэн бөгөөд 1990 онд цэргээс халагдаж ирснээс хойш тухайн нутагтаа өөрийн болон ах дүүгийн хэдэн малыг маллан, түүнээс олсон ашиг шимээр амьдралаа залгуулж байгаа юм. 2001 онд гэр маань А аймгийн төв Э суманд шилжин ирж, Э сумын ... дүгээр баг Ц ... дугаар гудамжинд одоог хүртэл оршин суудаг бүртгэл харьяалалтай болсон. Миний тухайд өөрийн төрж өссөн нутаг А аймгийн Х сумын Б багийн Х гэдэг газар мал маллан ирж очин амьдардаг. Одоогоор малаа маллан амьдарч байгаа малчин юм. Манай өрхийн 1995-2000 оны А данс миний нэрээр гарч байгаа ба аймгийн төвд хаяг шилжсэнээс хойших А данс олдохгүй байгаагаас шалтгаалан өөрийн мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх зөвлөл миний мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж үзсэн. Энэ шийдвэрийг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд би өөрийн 2016-2021 онуудад мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. Ийнхүү мал маллаж байсан байдлаа тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Миний Х сумын Б багт мал малладаг талаар мэдэх гэрч нар бол маш олон бий. Иймд Б овогт Ч.Б миний 2016-2021 онуудад А аймгийн Х сумын Б багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

- Хүсэлт гаргагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016-2021 оны хооронд малын А дансны талаар хүсэлт гаргасан. Өөрийн мал маллаж байгаа талаар хүсэлт гаргасан. Малаа тоолуулдаг байсан. 2016-2021 оны хооронд мал маллаж байсан. Одоог хүртэл мал маллаад амьдарч байгаа гэв.

                                                                                                                                                                                                            2. Хүсэлт гаргагчаас:

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/28 тоот албан бичиг,

- А аймгийн Э сумын .. дүгээр багийн Засаг даргын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 159 тоот тодорхойлолт,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 21-ний өдрийн 85 тоот тодорхойлолт,

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 439 тоот тодорхойлолт,

- А аймгийн Э сумын .... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 445 тоот тодорхойлолт,

- А аймгийн Э  сумын ... дүгээр баг, Ц ...... тоотод оршин суугч өрхийн тэргүүлэгч Ч.Б-ын “Өрхийн бүртгэлийн дэвтэр”-үүд,

- 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,

- Ч.Б-ын .............. дугаартай мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого,

- Ч.Б-ын ............ дугаартай мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого зэрэг нотлох баримтууд,  

 

            3. Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр:

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/11 дүгээр тогтоол, түүнд хавсаргасан баримтууд,

- Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 02/850 тоот тодорхойлолт,

- Д.Ц, Ц.Н, Т.У, Д.Ц, М.Г, Ц.Ц, О.Э нараас авсан гэрчийн мэдүүлэг,

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

 

- А аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/616 тоот тодорхойлолт,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/688 тоот албан бичгээр ирүүлсэн Ч.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 1/2 тоот тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ч.Б нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгох эрхийнхээ хүрээнд А аймгийн Х сумын Б багт 2016-2021 он хүртэл хувийн малаа маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүхэд болон хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч Ч.Б: “... 2016-2021 оны хооронд малын А дансны талаар хүсэлт гаргасан. Малаа тоолуулдаг байсан. 2016-2021 оны хооронд малын тоо толгойн албан татвар төлж байгаагүй...” гэж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: “... Ч.Б нь Э сум руу мал тооллогоор малын А дансаа шилжүүлээгүй үйлдлээсээ шалтгаалж малаа тавиул гэж тоолуулаагүй байсан. Хоёр сумын хооронд маллагдаж байгаа мал учраас тавиул гээд тоологдчихдог юм байна. Гэтэл өөрсдөө очиж цайруулахгүй, шилжүүлэхгүй тохиолдолд хоёр сумын хооронд хаягдчихдаг. Эцсийнхээ үр дүнд А дансаа тавиул гэж тоолуулсан гэж хэлээд байгаа боловч яг үнэндээ О.Э-хаас салгаж тоолуулж байсан юм уу? дунд нь тоолуулаад явж байсан юм уу? гэдэг нөхцөл байдал  тодорхой болохгүй байгаад байна. ...” гэж тайлбарлаж байна.

 

Гэрч Ц.Н, Т.У, Д.Ц, Д.Ц нар “Ч.Б нь А аймгийн Х сумын Б багт мал малладаг, н.Ц, О.Э нарын туслах малчнаар ажилладаг ба өөрөө хувийн малтай” гэж, гэрч О.Э ... Ч.Б нь А аймгийн Х сумын Б багийн Х гэх газарт манайхтай айл байдаг. 50 гаруй бод, хонь, ямаа, 4 төрлийн малтай байсан. Энэ малаа өөрөө байнга малладаг байсан. Одоо ч гэсэн маллаж байгаа. Би уг нь мал тооллогоор тавиул мал гээд жил бүр гаргадаг, жил болгон малыг нь тоолуулдаг байсан. Яагаад малын А данс гарахгүй байгааг мэдэхгүй байна. Ч.Б нь А аймгийн Э сумын харъяат учраас малыг нь тавиул гэж гаргадаг. Малын А данс Х суманд тавиул гэж тоологдоод Э суманд ойж ирж шивэгдэх ёстой. Гэтэл хоёр сумын дунд хаягдчихаад байгаа юм гэж, гэрч А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргаар ажилладаг М.Г Ч.Б нь манай багийн иргэн юм. Х суманд малаа малладаг гэж эхнэр нь ярьдаг байсан. Эхнэр нь Э суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоо мал дээр гарсан байх. Ч.Б малаа маллаж байгаад Э сум руу малаа тоолуулаад бичиг явуулсан гэж ойлгоод орхичихсон юм шиг байна. Э сум руу мал гарчихсан юм чинь мал тоологдсон гэж ойлгоод яваад байтал нөгөө малын тоо нь хоёр сумын хооронд орхигдсон юм байна лээ гэж, гэрч Ц.Ц ...Ч.Б нь манай багт амьдарч байсан нь үнэн. Би 2021 оноос багийн Засаг дарга болсон. Түүнээс хойш мал тооллогын ажилд явдаг болсон. 2021 оноос өмнөх тооллогын талаар сайн мэдэхгүй. Мал дээрээ байдаг л байсан нарийн ширийн асуудлыг мэдэхгүй байна гэж тус тус мэдүүлдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, мөн хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүхийн зүгээс бүрдүүлж цуглуулсан: 

 

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/11 дүгээр тогтоолд “...А аймгийн Э сумын иргэн Ч овогтой Б нь 2016-2021 онуудад мал маллаж байсныг нотлох баримт хангалтгүй байх тул тогтоох боломжгүй гэж шийдвэрлэв.” гэсэн,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай 32/28 тоот албан бичигт ... Та өргөдөлдөө 2016-2021 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 2016-2021 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 2016-2021 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 03/11 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 159 тоот тодорхойлолтод Ч.Б нь ам бүл 4, Ц ... дугаар гудамжны ... тоотод 2000 оноос одоог хүртэл оршин суудаг нь үнэн болно гэсэн,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 21-ний өдрийн 85 тоот тодорхойлолтод Ч.Б нь 2016 оноос одоог хүртэл тасралтгүй тус багийн Х гэх газарт малаа маллан амьдарч байна гэсэн,

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 439 тоот тодорхойлолтод Ч.Б нь ам бүл 4, Ц ... дугаар гудамжны ... тоотод оршин суудаг нь үнэн болно. 2016-2021 онд малчин байсан. А аймгийн Х суманд мал нь байдаг боловч А данс бичигдээгүй болно гэсэн,

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 445 тоот тодорхойлолтод Анх удаа Монгол Улсын Үндэсний Стастикийн хорооны даргын 2006 оны 01/44 тоот тушаалаар хүн амын бүртгэлийн дэвтрийг нэгжийн байгууллага, баг хороонд бүртгэлжүүлж эхэлсэн болно. Иймд 2016-2018 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр архивт байхгүй болно гэсэн,

- А аймгийн Э  сумын ... дүгээр баг, Ц ... тоотод оршин суугч өрхийн тэргүүлэгч Ч.Б-ын “Өрхийн бүртгэлийн дэвтэр”-үүдэд Б овогт Ч.Б, өрхийн тэргүүлэгч, мэргэжил-хүнд даацын машин, том тэрэгний жолооч, М овогт О.Б, эхнэр, мэргэжилгүй, Хоршоологчдын холбоо, хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, албаны үйл ажиллагаа, гуталчин, холбогдох бусад ажилтан, Б овогт Б.А, хүү, мэргэжил-дээрхээс бусад уран зураг, Г ХХК, гэрэл зургийн үйл ажиллагаа, хаяг, зарлал, гоёл чимэглэлийн зураач, будагч, сийлбэрч, зураг хээ гаргагч, Б овогт Б.А, хүү, мэргэжил-дээрхээс бусад уран зураг, Г ХХК, хэвлэх үйл ажиллагаа, хэвлэхийн өмнөх ажиллагааны техникч, Б овогт Б.Д, охин, мэргэжилгүй гэсэн,

- 2024 оны 02 сарын 02-ны өдрийн Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: “А аймгийн Э сумын ... дүгээр багийн малчин Ч овогтой Б-ын мал маллаж байсан хугацаа /2022-2023/, 2022 онд үхэр 12, хонь 22, бүгд 34, 2023 онд үхэр 13, хонь 29, бүгд 42” гэсэн,

- Ч.Б-ын ...... дугаартай мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогод: “А аймгийн Э сум, ... дүгээр баг, Ц, Ч.Б” гэсэн,

- Ч.Б-ын ............. дугаартай мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогод: “А аймгийн Э сум, Ц, Ч.Б, малчин” гэсэн,

- Үндэсний төв архивын 2024 оны 09 сарын 03-ны өдрийн 02/850 тоот тодорхойлолтод: “... Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын А аймгийн Э сумын Ц багийн цаасан суурьтай бүртгэлийг шүүж үзэхэд Ч.Б-д холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн,

- А аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01/616 тоот тодорхойлолтод: “Иргэн Ч.Б нь малын тоо толгойн албан татвараар 2023 онд 16,000 төгрөг төлсөн байна” гэсэн,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/688 тоот албан бичгээр ирүүлсэн “Ч.Б, сайн дурын даатгал, 2016 оны 05-12 сар, 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-11 сар, 2020 оны 01-12 сар, 2021 оны 01-12 саруудад төлсөн” нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт,

- А аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны 2024 оны 11 сарын 01-ний өдрийн 1/2 тоот тодорхойлолтод: “О овогтой Б нь хоршоологчдын холбооны дэргэдэх гутал засварын газарт гутал засварын ажил эрхэлдэг ба түүний нөхөр Ч овогтой Б нь үүнд ямар ч хамааралгүй болохыг тодорхойлов” гэсэн зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.

 

Хүсэлт гаргагч болон өмгөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг үнэлж Ч.Б-ын А аймгийн Х сумын Б багт 2016-2021 он хүртэл хувийн малаа маллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

Учир нь: А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 сарын 22-ны өдрийн маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 03/11 дугаар тогтоол, тус тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 32/28 дугаар маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн “Шийдвэр хүргүүлэх тухай” албан бичиг зэргээр Ч.Б-ын 2016-2021 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул 2016-2021 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэжээ.

 

1992 оны Монгол Улсын Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Албан татвар төлөгч дараах орлогод албан татвар ногдуулан дор дурдсан хугацаанд төлнө”, 10.7.1-д “Хувийн мал бүхий иргэн албан татвараа 7 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 15-ны  дотор хоёр хуваан төсөвт төлнө. Татварын алба албан татвар төлөгчтэй тохиролцсноор албан татварыг урьдчилан төлүүлж болно. Хувийн мал бүхий иргэн албан татвараа мал сүрэг нь байнга байгаа нутаг дэвсгэрийн орон нутгийн төсөвт төлнө.” гэж заасан бөгөөд мөн хуулийн хувийн мал бүхий иргэнд албан татвар ногдуулах 6 дугаар зүйлийн үйлчлэлийг 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоож, 2001 оноос хуулийн энэхүү заалт мөрдөгдөж Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2007 онд мөрдөж эхлэх хүртэл хувийн мал бүхий иргэнд татвар ногдуулдаг байжээ.

 

Хүсэлт гаргагч Ч.Б-ын 2016-2021 онд хувийн малаа маллаж байсан гэх хугацаанд Монгол Улсын Хүн амын орлогын албан татварын хууль мөрдөгдөж хувийн мал бүхий иргэнд татвар ногдуулдаг байсан бөгөөд Ч.Б нь дээрх хугацааны хувийн мал бүхий иргэний албан татварыг төлж байгаагүй нь А аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны  өдрийн 01/616 тоот лавлагаагаар тогтоогддог.  

 

Мөн хүсэлт гаргагч Ч.Б нь 2000 оноос А аймгийн Э суманд шилжин ирж Ц ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин сууж байгаа бөгөөд 2016-2021 оны мал тооллогоор А аймгийн Х сумаас Э сум руу шилжигдэн Ч.Б-ын нэр дээр тавиул мал гэж тоологдож байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж түүний хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

3. Иймд Ч.Б-ын А аймгийн Х сумын Б багт 2016-2021 онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хүсэлт гаргагч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Ч.Б-ын А аймгийн Х сумын Б багт 2016-2021 онуудад мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЭЛБЭГЗАЯА