Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 129/ШШ2024/00551

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 129/ШШ2024/00551

Архангай аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн ХГБХХГхүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: О.О-ийн эх байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э

Прокурор Ж.У

Гэрч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

Гуравдагч этгээд О.О-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

                                         

1. Хүсэлт гаргагч А аймгийн ХГБХХГ нь О.Оийн эх байх эрхийг хасуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

- А аймгийн Э сумын ... дүгээр баг, Бор толгой .... тоотод оршин суух О.О нь 3 настай охин А-гийн хамт амьдардаг. О.О нь архи согтууруулах ундаанд хэт донтсон, бага насны хүүхдээ дагуулан архидан согтуурч айлаар хоноглосон байдалтай байна. О.О нь өөрийн хаяг дээрээ байхгүй, төрсөн эгч болох О.Ц-ын гэрт амьдарч байгаа ба А аймгийн Э сумын ... дүгээр багийн хамтарсан баг түүнийг эргэхээр очиход О.О нь тухайн хаягтаа байхгүй байсан тул ... дүгээр багийн хамтарсан багийн зохион байгуулагч, багийн цагдаа С нартай хамт түүнийг хайж А аймгийн Э сумын ... дугаар баг, .... дүгээр байрны гадна О.Ц нь согтуу цээж нүцгэн байдалтай бага насны 2 хүүхдийн хамт, харин О.О нь ... дүгээр байрны ... тоотод Б гэх айлд архидан согтуурсан байдалтай байхад нь олсон. Энэ мэт үйлдэл нь байнга давтагддаг. 3 настай охин А нь архины хамааралтай хүнтэй байснаар сэтгэл санаа бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна. Одоо охин А нь түр хамгаалах байранд байна. А нь А-р овоглодог хэдий ч А-ийн төрсөн хүүхэд биш бөгөөд О.О-ийн хамтран амьдарч байсан А нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож байгаа. А аймгийн Э сумын .... дүгээр багийн хамтарсан багаас О.О-ийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн. Дээрх нөхцөл байдал нь удаа дараа сануулж, зөвлөсөөр байхад огт засрахгүй цаашид улам даамжрах хандлагатай байгаа тул хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй, эрсдэлгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор эх О.О-ийн эх байх эрхийг хасуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд О.О-ийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин А.А-гийн эх байх эрхийг нь хасч, охин А-ийн Аг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага руу шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Гуравдагч этгээд О.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.О миний бие аймгийн ХГБХХГ-ын гаргасан хүсэлттэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Тухайн хамтарсан баг очсон гэх ..... байрны .... тоотод миний бие охинтойгоо байсан нь үнэн. Би бага зэрэг пиво уусан. Болсон үйл явдлыг мэдэж өөрийн гэсэн ухаантай байсан. Тэр айлаас удахгүй хүүхдээ аваад явах гэж байсан. Одоо миний бие  Т сумын төвд байдаг н.А гэдэг айлын малыг 2024 оны 8 сараас эхлэн маллаж байгаа. Цаашид энэ айлтай гэрээ байгуулан малыг нь байнга маллаж байхаар болсон. Цаашид архи уухгүй, охиноо өөрийн гараар өсгөж хүмүүжүүлнэ. Өмнө гаргаж байсан алдаагаа ухамсарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон эх байх эрхийг хасуулах тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бага наснаасаа н.А ахынд өссөн. Малыг нь ч маллаж өгдөг байсан учир намайг малчнаар ажиллуулах болсон гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О нь намайг хүүхдийн эрх хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхлэхээс өмнө манай байгууллага дээр бүртгэлтэй, кэйстэй байсан. О.О А.А охиноос гадна хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй байсан. Энэ хүүхдийнхээ эрхийг мөн удаа дараа зөрчиж байсан.  Мөн өөр нэг 6 настай охин байгаа, энэ охин нь өөрийн төрсөн аав дээрээ байдаг. А аймгийн Э сумын ... дүгээр багийн хамтарсан баг О.О-ийн гэр бүлтэй нэлээн удаан хугацаанд ажиллагаа хийж ажилласан. Гэсэн хэдий ч үр дүн гарахгүй байгаа тул түүний эх байх эрхийг нь хасуулах нь зүйтэй гэдэг санал гаргасан. Саналыг манай байгууллага дэмжсэн тул шүүхэд хүсэлт гаргасан. О.О түр хамгаалах байраар олон удаа үйлчлүүлдэг, архины хамааралтай хүн юм. Тухайлбал саяхан У хотын С дүүргээс дуудлага мэдээлэл ирсний дагуу манай байгууллага шалгалт хийсэн. Ирсэн дуудлагын тухайд 4 настай хүүхдээ хөтлөөд У хотоор архидаад явж байна гэсэн байсан. Ингээд удаа дараа хүүхдийн эрхэд халдаж байсан тул охин А.А-г түр хамгаалах байранд авч, эхийнх нь эх байх эрхийг хасуулах арга хэмжээ авч байна. Биднийг бага байхад л О.О-ийг ээж нь хөтлөөд архи уугаад явж байдаг байсан. О.О багаасаа ийм амьдралтай өсчихсөн болохоор энэ үйлдэл нь огт тасрахгүй байна. А гэдэг хүн А охины төрсөн аав биш. Охины эцэг тодорхойгүй байдаг. А гэдэг хүнтэй О.О хамт архи уудаг. Өөрөөр хэлбэл О.О өөрөө хамтран амьдрагч гэж тодорхойлдог. Хамт амьдарч байх хугацаандаа хүүхэд болон эхэд А удаа дараа хүчирхийлэл үйлддэг байсан. Иймд охин А.А-г асрамжийн газар өгч, эрүүл аюулгүй орчинд байлгах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн тул О.О-ийн эх байх эрхийг хасаж, хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

 

4. Прокурор Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А аймгийн ХГБХХГ-ын хүсэлттэй иргэний хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцож байна. Тус газраас иргэн О.От холбогдох хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хүсэлтийг гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эх байх эрхийг хасах тухай асуудлыг тусгайлан заасан байна. Хүсэлтэд дурдагдаад байгаа 4 настай охин А.А хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдардаг талаарх дүгнэлтүүд авагдсан байна. Мөн О.О-ийг шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 15 өдрийн 11 дүгээр дүгнэлтээр архины хамаарал сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, хараат байдлын хам шинж гэсэн оноштойгоор сэтгэцийн эмгэг нь тогтоогдсон.  А аймгийн ХГБХХГ-ын мэргэжилтний зүгээс тавьж байгаа хүсэлтийг дэмжиж оролцож байгаа.  4 настай А.А  охины хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас Монгол улсын Үндсэн хууль болон  Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжуудын хүрээнд мөн Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар иргэн О.О-ийн эх байх эрхийг хязгаарлаж, түүний хүүхдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн өгөх нь зүйтэй байна гэсэн саналыг дэмжин оролцож байна гэв.

 

5. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот албан бичиг,

- А аймгийн Э сумын .... дүгээр багийн хамтарсан багийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл,

- А аймгийн Э сумын ... дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот албан бичиг,

- А аймгийн Э сумын .... дүгээр багийн хамтарсан багийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл,

- Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

- Гэрэл зураг,

- Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШЗ2024/01892 дугаар “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” захирамж,

- А аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31-03/4568 тоот тодорхойлолт,

- А аймгийн Снэрэмжит нэгдсэн эмнэлгийн 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 730 тоот албан бичгээр ирүүлсэн О.О-ийн охин А.А-гийн тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн хуудас,

-Хүүхэд хамгааллын зөрчлийн хүлээн авах маягт,

-С дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Э.Б-ын “Илтгэх хуудас”,

-Дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас,

-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн “Хүлээлцэх хуудас”,

- А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 тоот албан бичгээр ирүүлсэн А аймгийн Э сумын 4 дүгээр багийн хамтарсан багийн 2024 оны 06 сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл,

-  А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоол,

- А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоол зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

            3. Гуравдагч этгээд О.О-ийн хүсэлтээр Ч.Э-гээс авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

            4. Хүсэлт гаргагч болон хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр

            - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн О.О-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, О.А-гийн төрсний бүртгэлийн лавлагаа, О.О-ийн 1 дүгээр маягтын лавлагаа /төрүүлсэн хүүхдийн тоо/,

            - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн О.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            - А аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 31-04/5857 тоот тодорхойлолт,

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

  - А аймгийн Снэрэмжит нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын №11 тоот дүгнэлт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А аймгийн ХГБХХГ-ын О.О-ийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т зааснаар эцэг эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар шүүх хүсэлтийг нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн харъяаллаар хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т “онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” гэж заасны дагуу О.О-ийг шүүхийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.  

 

            О.О-ийн эх байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг А аймгийн ХГБХХГ гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар энэ нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд мөн байна.

 

            А аймгийн ХГБХХГ “О.О-ийн 2021 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн охин А.А-гийн эх байх эрхийг хасч, охин А.Аг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

А аймгийн ХГБХХГ нь охин А-гийн овгийг н.А гэж тодорхойлж шүүхэд хүсэлт гаргасан боловч н.А-ийн төрсөн охин биш болох нь А аймгийн ХГБХХГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нарын шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан:  “...А нь А-ээр овоглодог хэдий ч А-ийн төрсөн хүүхэд биш охины эцэг тодорхойгүй байдаг. А гэдэг хүнтэй О.О хамт архи уудаг. Өөрөөр хэлбэл О.О өөрөө хамтран амьдрагч гэж тодорхойлдог. А нь хамт амьдарч байх хугацаандаа хүүхэд болон эхэд удаа дараа хүчирхийлэл үйлддэг байсан. ...” гэх тайлбар, мөн А-гийн албан ёсны овог нь эх О.О мөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “...овог –Б, эцэг эхийн нэр-О, өөрийн нэр-А, төрсөн он сар өдөр-2021-05-15 ...” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, О.О-ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 60-61 ху/ зэргээр тогтоогдож байна.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, 26 дугаар зүйлийн 26.2-т “эцэг , эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-т “...Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх,тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.” гэж тус тус хуульчилсан.

 

Монгол Улсын Үндсэн  хуулийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж тус тус заасан.

 

Гэтэл гуравдагч этгээд О.О нь Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа атлаа иргэн бүрийн биелүүлэх журамт үүрэг болсон хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэднийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, хайрлуулах, хамгаалуулах эрхийг зөрчиж, хүүхдээ үл хайхарч, асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, архидан согтуурдаг, архины хамааралтай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагч байгууллагын шүүхэд ирүүлсэн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, А аймгийн Э сумын ... дүгээр багийн хамтарсан багийн 2024 оны 06 сарын 02, 07 сарын 02, 07 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, А аймгийн Снэрэмжит нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн О.О-ийн охин А.А-гийн тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн хуудас, хүүхэд хамгааллын зөрчлийн хүлээн авах маягт, С дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Э.Б-ын “Илтгэх хуудас”, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас,  нийслэлийн түргэн тусламжийн төвийн “Хүлээлцэх хуудас”, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/100 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/99 дугаар шийтгэх тогтоолууд, А аймгийн С нэрэмжит нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын №11 тоот дүгнэлт /хх-н 5-19 ху, 64-67 ху, 73-118 ху, 126-132 ху/ зэргээр О.О нь үүргээ биелүүлэхгүй байгаа нь тогтоогдож байна.

 

            Охин  О.А нь 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл А аймгийн ХГБХХГ-ын түр хамгаалах байранд амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд эх О.О нь бага насны хүүхдээ эргэж очоогүй байдал нь  хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах зэрэг эхийн үүргээ биелүүлдэггүй нь тогтоогдож байна.

 

Мөн гуравдагч этгээд О.О нь А аймгийн Э сумын ... дүгээр баг, ...... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтооддог ба оршин суух хаяг тодорхойгүй, байнга архидан согтуурдаг зэргээс дүгнэхэд түүнийг хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хэвийн нөхцлөөр хангах боломжгүй буюу гэр орон, хувцас хунар, хоол хүнсээр гачигдуулж, үл хайхарч байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзнэ.

 

Тухайлбал эх О.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тэрээр  “... Цаашид архи уухгүй, охиноо өөрийн гараар өсгөж хүмүүжүүлнэ. Өмнө гаргаж байсан алдаагаа ухамсарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг болон эх байх эрхийг хасуулах тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч түүнийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр ханган шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй байгаа нь түүнийг хүүхэддээ анхаарал халамж тавихгүй байна гэж дүгнэв. 

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар Б овогт О.О-ийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б овогт О-ийн А-гийн эх байх эрхийг хасахаар шийдвэрлэв.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.” гэж заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б овогт О-гийн А-г хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.  

 

            Гуравдагч этгээд О.О нь муу зуршлаа засаж, хүүхдээ өөрөө өсгөх нөхцөл байдлаа бүрдүүлсэн тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж  эх байх эрхээ сэргээлгэх хүсэлтээ гаргах боломжтой.

 

            Хүсэлт гаргагч А аймгийн ХГБХХГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар Б овогт О.О-ийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б овогт О.А-гийн эх байх эрхийг хассугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б овогт О-гийн А-г хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар О.О нь хуульд зааснаар эх байх эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч А аймгийн ХГБХХГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б овогт О-гийн А-гийн асран хамгаалалтад хяналт тавьж байхыг А аймгийн ХГБХХГ-т үүрэг болгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /А.Бизъяа/-д даалгасугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА