Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2025/00006

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2025/00006

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогт М.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б овгийн Т.О-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Д

Хариуцагч Т.О

Гэрч Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Д-ийн хариуцагч Т.От холбогдуулан гаргасан 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

 

- Т.О миний хадам дүү бөгөөд 2023 оны 12 дугаар сард адуу тэжээнэ гээд миний зарж байсан Алтантариа хивгээс 10 шуудайг нэг бүрийн үнэ 25,000 төгрөгөөр тооцож 250,000 төгрөгийн үнэ бүхий хивгийг, 2024 оны 01 дүгээр сард 12 прес ногоон өвсийг нэг бүрийн үнийг 25,000 төгрөгөөр тооцож 300,000 төгрөгийг үнэ бүхий өвс, 2024 оны 02 дугаар сард өөрийн өмчлөлийн машиныхаа хропны тосыг 140,000 төгрөгөөр солиулсан. Ингээд нийт 690,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг надаас худалдан авчхаад төлбөрөө төлөхгүй одоог хүрч байна. Би түүнээс төлбөрөө төлөх талаар шаардахад өгч чадахгүй, чаддаг юм бол шүүхдээд ав гэж хэл амаар доромжилсон. Би хүргэн болон охинтойгоо хамтраад гэр бүлийн бизнес хийдэг. Манай охин хүргэн 2 голчлон бизнесээ явуулдаг. Харин би хөдөө 5 жил мал маллаж байгаад суурин газарт орж ирсэн юм. Т.О манай эхнэрийн төрсөн дүү нь юм. Т.О манай борлуулж байсан бараанаас 10 шуудай хивэг,  12 пресс өвс, 10 шуудай хивэг, машины тос зээлээр мөнгөө өгөөгүй авсан. Мөнгөө малаа онд оруулж, тарга тэвээрэгтэй болохоор нь өгнө гэж манай хүргэнд хэлсэн байсан. Мөн тос гээд биччихсэн байгаа ч моторын тос уу, хропны тос уу гэдгийг нь мэдэхгүй байгаа. Ямар ч байсан өмнө жилийн цагаан сарын үеэр дэлгүүрээс юм цуглуулах гээд А аймгийн төвд орж ирсэн. Тэгэхэд ажлын цаг дуусаж байсан тул засварчин явах гээд яараад байхаар нь Т.О-т манай хүргэн машины тос өгсөн гэсэн. Энэ үйл явдал өвс авсных нь дараа болсон тул би хүүхдүүдээ өмнөх өрөө өгөөгүй хүнд зээлээр дахиад юм өгч болохгүй гэж загнаж байсан. Засварчин С ажил тарсны дараа Т.Оын машины тосыг сольж өгсөн байсан. Хэн хэнээс авсан нь хамаагүй. Авсан юм бол өгч сур. Т.Оын явсан зам дандаа хар бараан байдаг. Олон шүүх хуралдаанаар орох хэрэг нь араасаа хөвөрч байгаа. Би  690,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Би А ХХК-тай, анх байгуулахдаа 1 гишүүнтэй компани байгуулсан. Компанийн үйл ажиллагаа машины сэлбэг, тос зардаг, өвөлдөө малын тэжээл зардаг. Манай 2 айл хойд, урд гээд өөр өөр өвөлжөөнд өвөлждөг байсан. Эхнэр бид 2 жижигхэн машинаараа малаа хариулдаг. Явган явах үедээ явган явчихдаг байсан. Т.О манай малыг маллаж байсан гэхээсээ илүү 4,5 хоногоор илбэлцэж явдаг байсан гэдэг нь үнэн байх. Ер нь манай хаяанд ирж амь хорогдож байгаа айл гэв.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

- М.Дийн нэхэмжлэлтэй Т.О надад холбогдох 690,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Т.О миний бие М.Д-ээс 10 шуудай хивэг, 12 прес өвс аваагүй. Харин манай эхнэр М.Д-ийн хүргэнээс 9 прес өвс, охиноос нь 10 шуудай хивэг авсан. Би 2024 оны 02 дугаар сард машиныхаа хропны тосыг солиулж байгаагүй, манай эхнэр солиулсан байх, би мэдэхгүй байна. Би нутагтаа ирээд 2 жил болсон. М.Дийн хашаанаас нь эхлээд бүгдийг нь барьж, хийж өгч байсан. Төрсөн эгчийнхээ малыг маллаж хариулж байсан нь үнэн. М.Дийн малыг үхэж үрэгдүүлэхгүй өмнө жил бүгдийг нь онд оруулсан. Тухайн үед хүн хүч хүрэхгүй хэцүү байсан. М.Д хүнийг хэл амаар доромжилдог. Хүний амьдралд юу ч болохыг  үгүйсгэхгүй. М.Д юм болгон дээр доромжилж миний эрхэнд халддаг. Миний эрх ашигт халдаж байна. 12 пресс өвс, 10 шуудай хивэг, машины тосыг манай эхнэр Гүррагчаагаас авсан гэсэн. Би мэдэж байсан. Малын өвс тэжээлийг малдаа би адуундаа  өгсөн. Машины тос би авсан. Гэхдээ манай эхнэр машины тосны мөнгийг өгсөн гэж хэлсэн. Машины тосны мөнгийг өгсөн эсэх талаар би мэдэхгүй байна. Дэвтэр дээр тооцоог нь хийсэн гэж бичсэн байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Д.Г-гийн мэдүүлэг, Т.Х, н.Н, н.Ц нарын гараар бичсэн өргөдөл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Д “...Би хүргэн болон охинтойгоо хамтраад гэр бүлийн бизнес хийдэг. Манай охин хүргэн 2 голчлон бизнесээ явуулдаг. Би А ХХК-тай, анх байгуулахдаа 1 гишүүнтэй компани байгуулсан. Компанийн үйл ажиллагаа машины сэлбэг, тос зардаг, өвөлдөө малын тэжээл зардаг. ...” тайлбарлаж байх боловч компанийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Т.О-аас 10 шуудай хивэг, 12 прес ногоон өвс болон машины тосны үнэ, нийт 690,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.О “...12 пресс өвс, 10 шуудай хивэг, машины тосыг манай эхнэр Д.Г-гаас авсан гэсэн. Би мэдэж байсан. Малын өвс тэжээлийг малдаа би адуундаа  өгсөн. Машины тосыг би авсан. Гэхдээ манай эхнэр машины тосны мөнгийг өгсөн гэж хэлсэн. Машины тосны мөнгийг өгсөн эсэх талаар би мэдэхгүй байна. Дэвтэр дээр тооцоог нь хийсэн гэж бичсэн байна. Би төлөхгүй, гомдолтой байна. ...” гэж маргаж байна.

 

Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.Д, хариуцагч Т.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэрч Д.Г-гийн шүүх хуралдаанд өгсөн: “... Би өвс тэжээлийг нь өөрөө аваачиж өгч байсан. Мөнгөө хавар мал тэвээрэхээр, ногоо ургахаар өгнө гэж хэлж  байсан. Надтай Т.О ахын эхнэр Мөнхөө эгч утсаар яриад машин очно өвс, тэжээл ачаад явуулчхаарай гэж хэлж байсан. Т.О ах утсаар ярихад нь хамт байсан. Тухайн үед зах хаахын өмнө Т.О ах өөрөө ирээд машины тос надаас авсан. Мөнгө өгөөгүй.” гэх тайлбараар хариуцагч Т.О-ын хүлээн зөвшөөрөхгүй, мөнгийг төлөхгүй гэж маргаж буй үндэслэл үгүйсгэгддэг ба хариуцагч 10 шуудай хивэг, 12 прес ногоон өвсний болон машины тосны үнэ, нийт 690,000 төгрөгийн барааг аваагүй талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Т.Оаас 690,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дт олгох нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 21,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Т.Оаас 690,000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 21,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЭЛБЭГЗАЯА