Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/012

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Хохирогчийн өмгөөлөгч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,/цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 1 дүгээр  сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч , шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 2214002550301 тоот хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... ******* овогт *******ы ******* регистрийн дугаар/ *******/,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт байрлах ******* хашаанд байх *******ын гэрт *******тэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар  түүнд зэвсэг хэрэглэж буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ы *******г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч  *******г 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******гаас 2,824,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүдэгч *******гийн асрамжид байдаг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.Сондор, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин М.Мөнхнаран нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад даалгаж,

Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, рентген зураг 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч   тус шүүхэд гаргасан гомдолдоо:

... 1. Миний үйлчлүүлэгч хууль зүйн мэдлэг боловсролгүй, гэнэн итгэмтгий зангаасаа болж хэргийн бодит үнэнийг нууж, өмгөөлөгчөөсөө далдуур бусдын ятгалга, сүрдүүлэг дор хэргийг шалгуулж хэрэг гарах болсон шалтаг шалтгаан буюу субьектив,объектив талын бүрэлдэхүүнийг бүрэн тогтоолгоогүйгээр шийдвэрлүүлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа өөрийн нь өгүүлэмж, тайлбараар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл”, 41.1 дүгээр зүйлийн 1.3-т “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;” байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн гэж өмгөөлөгч зүгээс үзсэн болно.

2. Хэрэг үйлдэгдэх үед буюу 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ******* хүүхэд төрүүлээд нялх биетэй буюу  хүүхэд нь 1 нас 9 сартай байхад буюу  төрсний дараах  сэтгэл зүйн хямралын үед хамтран амьдрагч залуу болон хохирогчийн зүй бус харьцаа, сэтгэл зүйн дарамт, эдийн засгийн шахалт дарамт зэрэг учралуудаас болж *******гийн сэтгэл санааны хямрал, дарамт шахалт,  уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтаг шалтгаан болсон байх тул хэргийн нэмэлтээр дахин шалгах зайлшгүй шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлтээр шалгаснаар хэргийн субьектив, объектив байдал бүрэн хангагдаж, хэргийн бодит үнэн тогтоогдож, уг хэрэг нь санаатай эсэх нь нотлох баримтаар тогтоогдоно. Хуулийг зөв хэрэглэх үндэслэл гарч ирнэ гэж үзэж байна.

3.Хохиролтой холбогдуулан тайлбарлахад: Хавтаст хэргийн 44-д эмчилгээний зардлын баримт, 45-д хохирогчид эрүүл мэндийн даатгалаас үзүүлсэн эмчилгээний зардал байх ба мөн хавтаст хэргийн 134-д ний хохирлыг дурдсан байгаа бөгөөд 3.080.000 төгрөгөөр бодогдож тооцоо гарсан байх тул өр төлбөр болох 3.600.000 төгрөгийг дүйцүүлэн хохирол барагдуулж хохирогч  эрүүл мэндийн даатгалд учирсан /үйлчилгээний зардал/ хохирлыг төлөхөөр харилцан тохирч  гэрээ хийж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн боловч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлтэй 2.800.000 төгрөгийг *******гаар гаргуулахаар заасан нь буруу шийдвэр болсон  байна гэж үзэж гомдлоо тус тус гаргалаа. Иймд гомдлын хүлээн авч хэргийг бүрэн хянан хэлэлцэж магадлан шийдвэрлэж өгнө үү.  гэжээ.

Шүүгдэгч ******* тус  шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие ******* овогтой ******* би хэрэг үйлдсэн буруу явдал болсон нь үнэн. Энэ хэрэг болсон шалтгаан нь Түмэн-Өлзий гэх залуу нь надтай хамтран амьдарч байсан Мягмарсүрэнгийн найз гэж манайхаар ирдэг байсан. Энэ хоёр залуу нийлж трактор авна гэж надаас 6.000.000 төгрөг аваад унагалдай хэмээх жижиг оврын тракторыг аваад хамтдаа 14 хоног ажиллуулаад үүнээс хойш Түмэн-Өлзий ганцаараа 2 жил ажиллуулсан боловч манайд нэг ч төгрөг өгөөгүй нэг орой намайг гэрийн гадаа ирж дуудаад пиво уусан. Тэгээд намайг согтоогоод согтуугаар далимдуулж бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш над руу залгаж мессеж бичээд хариу өгөхгүй бол гэрт чинь яваад очлоо тэгээд мэдэгдчихнэ шүү гэсэн. Би гэр бүлийнхнээсээ айгаад санаа зовоод аргаггүй эрхэнд Түмэн-Өлзийн үгээр байсан. Удалгүй Мягмарсүрэн трактороо хамт ажиллуулъя  эсвэл нэг алдаа авъя гээд ярилцахаар очиход нь чиний юм гэж юу байдгийн өгөхгүй манайх ажиллуулж байна гээд янз бүрийн юм яриад хэрүүл хийгээд өгсөнгүй гэсээр ирсэн.

Хамт явсан найз нь “Түмэн-Өлзий би заяаг харцаараа хөдөлгөнө Мийгаад юу ч байхгүй гэсэн гадуур тэгээд яриад явж байна” гэж хэлсэн. Тэгээд тэр алт угааж байсан газар нь очтол гэр бүлээрээ бүгдээрээ ам ангайлгалгүй дайрсан намайг чам шиг янхан гичийд өгөхгүй гээд л хэлэхгүй нэгээр хэлээд дайрсан. Ингээд гэртээ ирээд бас хэрүүл, замдаа ч хэрүүл, би үхмээр санагдаад үхэх гэхээр 2 охин маань нүдэнд харагдаад үхэж чадаагүй. Ингээд Мягмарсүрэн өдөр бүр агсан тавьж янхан, банзал, алцгар хүүхэн гээд л хэлэхгүй нэгээр хэлж янхандаж өгснөөрөө  трактор авч ирж өг гээд надад үнэхээр хэцүү байсан. Би зөрүү мөнгийг нь өгөөд авчихъя  гээд Түмэн-Өлзий дээр очиход  аав өгөхгүй гэсэн гээд, яахаараа өгдөггүй юм тэгвэл мөнгийг нь авъя гэсэн чинь өгөхгүй гээд тал талаас дайрсан. Ингээд энэ 2 залуу төмөр булаацалдаж Түмэн-Өлзий хоног хожиж алтаа угаах гэж санаатайгаар манай гэр бүлийн дунд гал тавьж  хамтран амьдарч байсан Мягмарсүрэн нь тавьсан галаар нь намайг шарж шар махтай минь хатааж энэ бүх дарамт, зовлонд унаж, би амиа хорлох гэсэн боловч их хэмжээний зээл авсан байсан болохоор 2 охиноо бодоод дахиад чадаагүй. Зогсолтгүй энэ 2 залуугийн шуналын золиос болж би ийм хэрэгт орсон байна.

Сэтгэл санааны асар их дарамт цочроос болж золиосонд унаж хэрэгт ороод яахаа мэдэхгүй байж байтал Түмэн-Өлзийн аав нь намайг дуудаад 10.000.000 төгрөг өгчих эсвэл трактороо өгчих тэгвэл чамайг яах ч үгүй гомдлоо буцаагаад зүгээр болчихно гэсэн. Би трактор миний бие би ямар  ч байсан эмчилгээний нь бүр зардлыг өгнө гэсэн. Тэгээд өмгөөлөгч авах гэж байгаа мөнгө л байна гэсэн чинь тэгвэл наадхаа өгөөд гомдол саналгүй гэсэн бичиг хийлгээд авчих тэгээд л бүх юм зүгээр гэсэн. Ингээд өмгөөлөгч авхуулахгүй намайг зөндөө удаан төөрөгдүүлээд л байсан нь унагалдай л зүгээр л авах санаатай анхнаасаа өдөөн хатгаж эхэлсэн нь ил болсон. Энэ унагалдайг авах гэж миний амьдралыг сүйрүүлсэн. Нэр хүнд сэтгэл, санааны гүн хямралд оруулаад л ийм хэрэг болсон нь үнэн. Тэгээд шүүх хурал болохын өмнө хавтаст хэрэгт нэхэмжилж байгаа бүх мөнгөн дүн болох 3.080.000 болох мөнгийг дэлгүүрийн өр болох 3.600.000 хаачих гээд гэрээ хийж өгсөн.

Гэрээ хийхэд өмгөөлөгч нь хурал дээр Түмэн-Өлзийн эсрэг ямар нэгэн юм ярихгүй бол гэрээ хийж өгнө, хэрвээ Түмэн-Өлзийн эсрэг мэдүүлэг хийхгүй бол чамд сайн би ч сайн талаас нь хэлж, ярьж өгнө гээд гэрээ хийсэн. Энэ гэрээд эрүүл мэндийн, нийгмийн даатгалын хөнгөлөлт болох 2,800,000 бас төлөгдсөн байгаа. Түмэн-Өлзий унтсан асуудлаа битгий хэлээрэй манай өмгөөлөгч чамайг гайгүй талаас нь аваад гарчих байх би хэлсэн байгаа гэсэн. Тэгээд энэ асуудлыг анхнаас нь намайг битгий  хэлээрэй зүгээр гэсэн болохоор би зүгээр гэж бодоод хэнд ч хэлээгүй. Намайг ийм байдалд оруулж амьдралаар минь тоглосон болохоор өөрийнхөө хийсэн буруу үйлдлээ мэдэж байгаа болохоор өөрөө өмгөөлөгчөөрөө хэлүүлээд зүгээр гаргачих юм байна гэж бодсон. Мөн Түмэн-Өлзий нь блокны үйлдвэр нэртэй авсан газраа алтны судлаар ухаж алт олборлож байгаад гарц нь их гараад гараад ирэхээр Мягмарсүрэнг оруулахгүй ганцаараа ашгаа авах санаатайгаар миний амьдралаар бүрэн тоглоод золиосолчихлоо.

Тиймээс би энэ хэргийг дахин эхнээс нь шалгуулж үнэн зөвийг олуулах зорилгоор сэтгэл санааны дарамт, хүчирхийллийг бүрэн шалгуулж үнэн зөвийг олуулах, хохирол болох эрүүл мэндийн, нийгмийн даатгалын нэхэмжлэлийн мөнгийг үнэн зөвөөр би төлсөн учраас Түмэн-Өлзийгөөр төлүүлэх, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож эхнээс нь шалгуулахыг хүсэж байна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******гаас гаргасан гомдлыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр прокурорын албан тоотоор цагдаагийн байгууллагад хүргүүлэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Иймд хэргийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын саналтай адил байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч   тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч   тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлогдвол зохих нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд нэмэлт ажиллагаа хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудад   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдлуудад  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 14-15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт байрлах ******* хашаанд байх *******ын гэрт, *******тэй  маргалдаж улмаар  эргэнэг дээр байсан хутгаар *******г хутгалж,  эрүүл мэндэд нь зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл  бүхий хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дугаар талд авагдсан “... Галуут сумын 2 дугаар багийн нутаг Бугат гэх газрын блокийн үйлдвэр дээр ...14 цагийн үед , эхнэр *******гийн хамт ирсэн. ******* “трактораа авмаар байна” гэхээр нь би “мөнгөө өгөөд аваарай” гэж хэлэхэд ******* нь “бид нарын хоорондын өрийг дараад үлдэгдэл мөнгө болох 5.700.000 төгрөгийг өгчхөөд аваад явна” гэхээр нь мөнгөө өгчхөөд аваад яв гэж хэлээд ******* бид 2 хоорондоо бага зэрэг маргалдсан, сүртэй ч зүйл болоогүй.

...Тэгтэл эгч хутгалчихлаа гэж хэлэхээр нь эргээд харахад ******* баруун гартаа шар цоохор иштэй хутга барьсан зогсож байхаар нь босоход нуруу руу халуу дүүгээд цус урсаад яваад өгсөн.

...гэрт байсан хүмүүс согтууруулах ундаа хэрэглээгүй бүгд эрүүл байсан. Одоогоор биеийн байдал дунд зэрэг, зүүн далны доод хэсгээр хутга нэвтэрч орж уушгины хэсэгт 1 см зүсэж орсон гэсэн, одоогоор зүүн талын хавирганы урд хэсгээр хатгаж өвдөж байгаа, мөн хутга орсон шарх нээлттэй, байнгын цэвэрлэгээ хийлгэдэг ...” гэх хохирогч *******н мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар талд авагдсан “...*******н хувьд эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 2.842.200 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байна. Тухайн мөнгийг буруутай этгээдээр төлүүлмээр байна...” гэх иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “...14 цагийн үед....******* болон Заяа нар хоорондоо маргалдаж байгаад ******* зүүн талын орон дээр сууж байтал Заяа эргэнэгийн хажууд ирсэн зогсож байгаад гэнэт Түмэн-Өлзийн нуруу руу цохих шиг болоод түг хийгээд дуугарахаар нь харахад Заяагийн гарт хутга байсан. Заяа гэх хүүхнийг “хутгалсан байна” гэж хэлэхэд “яадаг юм, хохь чинь, гүйцээгээд шаачихна шүү” гээд орилоод байсан. ..эрүүл байсан...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан “... 14 цагийн орчимд Б.Түмэн- Өлзийтэй ...уулзаад эмэгтэй нь буюу ******* гэх хүүхэн “жижиг трактороо аваад явна” гэж хэлэхэд ******* мөнгөө өгчхөөд аваад яв ....авчраад өгчихгүй гээд хоорондоо маргалдаад байсан. ...******* гартаа хутга барьсан зогсож байсан.” гэх гэрч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн 31-35 дугаар талд авагдсан 1.*******н биед зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн хатгаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, цус хуралт /50мл/, зүүн уушгины уналт, цээжний шарх гэмтэл  нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 604 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан “... Манай хамтран амьдрагч нь найз *******тэй нийлээд унагалдай трактор авна гээд надаас 6000 000 төгрөг аваад  2 жил болоход ямар нэг мөнгө өгөөгүй, унагалдай трактор нь *******д байгаад байсан. Мөн г олон удаа явуулсан ч трактор өгч явуулаагүй ямар нэгэн шийдтэй хариу ирээгүй учир би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр очоод *******г нэг бол трактораа авъя эсвэл мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй, танайх зөрүү мөнгө 5.300.000 төгрөгөө бэлнээр өгөөд аваад яв гэхээр нь танайх 2 жил трактор ажиллуулсан боловч ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй, ашиг байхгүй гэж  худлаа хэлэхээр нь уур хүрээд эргэнэг дээр байсан шар иштэй хутгыг аваад нурууны хавьцаа 1 удаа дүрсэн. ...Тухайн хэрүүл, маргаан нь хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэн, ******* нар хамтарч трактор авснаас болж үүссэн ...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг  хүнд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  *******д  хэрэглэх боломжгүй..., харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т  заасан хорих  ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял  буюу  03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “...анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа өөрийн нь өгүүлэмж, тайлбараар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл үүссэн...хэрэг үйлдэгдэх үед ...*******  нь ...хүүхэд нь 1 нас 9 сартай байхдаа  төрсний дараах  сэтгэл зүйн хямралын үед хамтран амьдрагч залуу болон хохирогчийн зүй бус харьцаа, сэтгэл зүйн дарамт, эдийн засгийн шахалт дарамт зэрэг учралуудаас болж *******гийн сэтгэл санааны хямрал, дарамт шахалт,  уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтаг шалтгаан болсон байх тул хэргийг нэмэлтээр дахин шалгах зайлшгүй шаардлагатай ... эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэлтэй 2.800.000 төгрөгийг *******гаар гаргуулахаар шийтгэх тогтоолд заасан нь буруу ...” гэх агуулгаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч ын,

“...Энэ хэрэг болсон шалтгаан нь Түмэн-Өлзий  нь надтай хамтран амьдарч байсан Мягмарсүрэнгийн найз ... хоёр залуу нийлж надаас 6.000.000 төгрөг аваад унагалдай ... тракторыг аваад ...нэг ч төгрөг өгөөгүй ...нэг орой намайг ...согтоогоод согтуугаар далимдуулж бэлгийн харьцаанд орсон. ...Тэгээд тэр алт угааж байсан газар нь очтол гэр бүлээрээ бүгдээрээ ам ангайлгалгүй дайрсан намайг чам шиг янхан гичийд өгөхгүй гээд л хэлэхгүй нэгээр хэлээд дайрсан. ... Энэ унагалдайг авах гэж миний амьдралыг сүйрүүлсэн. ...Түмэн-Өлзий нь блокийн үйлдвэр нэртэй авсан газраа алтны судлаар ухаж алт олборлож байгаад гарц нь их гараад гараад ирэхээр Мягмарсүрэнг оруулахгүй ганцаараа ашгаа авах санаатайгаар миний амьдралаар бүрэн тоглоод золиосолчихлоо.... энэ хэргийг дахин эхнээс нь шалгуулж ...эрүүл мэндийн, нийгмийн даатгалын нэхэмжлэлийн мөнгийг ...Түмэн-Өлзийгөөр төлүүлэх, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож эхнээс нь шалгуулахыг хүсэж байна...” гэх агуулгаар бичсэн шүүгдэгч  *******гийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянахад гомдлуудад дурдсан  зарим асуудлын талаар хэрэгт авагдаагүйгээс гадна  хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн эд хөрөнгийн маргаан нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдахад хүргэж улмаар гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон  хэдий ч  Монгол Улсын Үндсэн хууль болоод  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд  халдахдаа  зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэсэн нь  энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж  нийгэмд аюултай хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн улмаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан   гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байх тул  дээрх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр  сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ