Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02098

 

“НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02050 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “АС” ХХК-д холбогдох 257 269 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Удвал, түүний өмгөөлөгч Д.Отгонжаргал, Ц.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн төлөөлөгч Д.Удвал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НТ” ХХК нь “АС” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх 32/13 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “АС” ХХК нь өөрийн эзэмшилд байгаа Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар Оффис үйлчилгээний барилгаас захиалгын дагуу үйлчилгээний талбайг барьж гүйцэтгэн, 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, “НТ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “НТ” ХХК нь 210 м.кв талбайн үнэд 1 606 500 000 төгрөг төлөхөөр тохирсон. “НТ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дууссан. Гэтэл манай компани нь худалдаж авсан талбайгаа бусдад түрээслүүлэхээр хэмжиж, ашиглах гэтэл гэрээнд заасан 210 м.кв талбай талбайн хэмжээндээ хүрээгүй. Энэ үеэс эхлэн бид удаа дараа хэлж байсан. Улмаар хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар хэмжүүлэхэд “АС” ХХК-аас талбайн хэмжээ нь 176.37 м.кв байсан бөгөөд “АС” ХХК нь 33.63 м.кв талбайг дутуу шилжүүлсэн болохыг мэдсэн. Энэ тухай н.Хишигжаргал захиралд нь хэлэхэд машин өгнө гэсэн тэр машиныг нь оношилгоонд оруулаад хэдэд тооцож өгөх юм бэ гэхэд хариу өгөөгүй алга болсон. “АС” ХХК нь 210 м.кв талбайдаа үүдний вестьюл, жижүүрийн хэсэг, шат бүгдийг нь оруулаад тооцоод өгсөн байна. 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний хооронд удаа дараа албан бичгээр хандаж шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй өдийг хүрсэн тул гэрээний 6.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд гэрээнд заасан нийт үнийн дүн буюу 1 606 500 000 төгрөгөөс тооцож үзвэл 33.63 м.кв -ийн үнэ нь 257 269 500 төгрөг болж байх тул дээрх мөнгийг “АС” ХХК-аас гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АС” ХХК-ийн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд болон түүний өмгөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АС” ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оффис үйлчилгээний зориулалттай 11 давхар барилгыг 2013 онд барьж ашиглалтад оруулсан. “НТ” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулахаас өмнө ирж оффисыг үзээд “... бартерийн нөхцөлөөр худалдаж авъя” гэж тохирсон. Тус барилгын 1 дүгээр давхрын 210 м.кв талбайг “НТ” ХХК-тай үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх №32/13 тоот гэрээг байгуулж барилгын зураг төслийн дагуу 210 м.кв талбайг худалдаж гэрчилгээний хамт хүлээлгэн өгсөн. “НТ  ХХК нь шалгаж, хэмжиж хүлээн авах үүрэгтэй. Бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Төлбөрөө 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлсөн. Худалдан авагч тал хүлээн авах үедээ талбай дутуу байгаа тухай хэлээгүй тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. “НТ” ХХК манай компанитай гэрээ байгуулах үед барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байсан. Тул уг барилгад 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203027131 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон. Гэтэл “НТ” ХХК нь уг талбайг хүлээн авахдаа ямар нэгэн гомдол шаардлага гаргаагүй бөгөөд 2 жил өнгөрснөөс хойш удаа дараа үүдний угтах хэсгийн талбай, ажилчдын ариун цэврийн өрөөний талбай, үүдний цонхны хэсгийн талбай нийт 33,63 мкв талбайг өөрийн талбайгаас хасч тооцох санал тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь тус компанитай байгуулсан гэрээний 4.1.2 зааснаар цаг тухайд нь асуудлыг шийдээгүй байна. “НТ” ХХК нь 210 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрыг бүхэлд нь захиалж хүлээн авсан бөгөөд энэхүү талбайгаар бусад давхрын захиалагч, эзэмшигчид орох гарах, дамжин өнгөрөх, харуулын болон үйлчилгээний алба байрлах нь тодорхой байсан. Иймээс энэхүү асуудлыг тус барилгын ашиглалтын талбай болон бусад эзэмшигч байгууллага, хувь хүмүүстэй тохиролцон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. “НТ” ХХК 2018 оны 5 дугаар сарын 11-ний өпөр “Креитив монголиа” ХХК-иар хяналтын хэмжилтийг хийлгэж 33,63 м.кв талбай дутуу гэж байгаа нь үндэслэлгүй байна. Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээнд нэгж талбайн үнийг заагаагүй байхад нэхэмжлэгч нь хэрхэн тооцоолж гаргаж дээрх үнийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна . Иймд “НТ” ХХК-ийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар АС ХХК-иас 257 652 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НТ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 444 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 444 298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тунамал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 32/13 дугаар “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх” гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна гэж зөв дүгнэсэн боловч гэрээгээр нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхтэй эсэх, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхэд хууль зүйн хувьд буруу дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч гэрээнд заасан талбайг хүлээн авахдаа талбайн хэмжээ дутуу гэж эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдол, шаардлага гаргаж байгаагүй. Гэтэл гэрээ байгуулж гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш 2 жилийн дараа буюу 2015 оны 6 дугаар сард “АС” ХХК-д худалдан авсан талбай нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа тухай анх мэдэгдсэн байдаг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт ямар тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар зохицуулсан бөгөөд, мөн хуулийн 255.1.1-т “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдах юм. Талуудын хооронд байгуулагдсан “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх” гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай талбай нь тохижилт, байрлал, талбайн зохион байгуулалт зэрэг шинжээрээ эд хөрөнгийг хүлээн авах үедээ хэмжилт хийн тооцож м.кв дутуу эсэхийг мэдэх боломжтой юм. Гэвч нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авах үедээ үйлчилгээний зориулалттай талбайд хэмжилт хийлгүйгээр дутуу эсэхийг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан байх тул өдгөө гомдол гаргах эрхгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна. Мөн Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсэгт “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй”, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.2-т “цаг тухайд нь асуудлыг шийдэх” гэж гомдлын шаардлага гаргах хугацааг заасан. Гэтэл нэхэмжлэгч үйлчилгээний талбайг хүлээн авснаас хойш 2 жилийн дараа гомдол, 6 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу, тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3072 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг “Цэнхэр төхөм” ХХК Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэн, шүүхэд дүгнэлт ирүүлсэн байдаг. Ийнхүү шүүгчийн захирамжаар дүгнэлт гаргуулахаар томилоогүй “Цэнхэр төхөм” ХХК маргаан бүхий талбайн хэмжилтийг хийж, дүгнэлт ирүүлсэн нь шинжилгээ хийх эрхгүй этгээд дүгнэлт гаргасан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан 32/13 дугаар “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх” гэрээнд нэгж талбайн үнийг заагаагүй. Гэтэл шүүх /1 606 500 000:210 м.кв=7 650 000 төг, 31,91 м.кв х 7 650 000 төг=257 652 000 төг/ гэж нэгж талбайн үнийг тооцон, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч “НТ” ХХК хариуцагч “АС” ХХК-д холбогдуулан худалдаж авсан оффисын талбайн зөрүүд 257 652 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... нэхэмжлэгч талбайг хүлээж авснаас хойш хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, эд хөрөнгө хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №32/13 тоот “Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч “АС” ХХК Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар “Оффис үйлчилгээ”-ний барилгаас захиалагчийн захиалгын дагуу үйлчилгээний талбайг барьж гүйцэтгэн 2013 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах, нэхэмжлэгч  “НТ” ХХК нь 1 606 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх.9-11/

 Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Зохигчид “НТ” ХХК орон сууцын төлбөрийг бүрэн төлсөн, оффисын талбайг хүлээж авсан үйл баримтын талаар хэн аль  нь маргаагүй. 

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар “Криетив монголиа” ХХК-иар хэмжилт хийлгэсэн дүгнэлтийг ирүүлсэн, уг дүгнэлтэд тухайн орон сууцны талбай 176.37 м.кв, гэрээнд заасан 210 м.кв талбайн хэмжээнээс 33.63 м.кв зөрүүтэй болохыг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр 2020 оны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2020/03072 тоот шүүгчийн захирамжаар “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон, тус компани нь барилгын зураг, төсвийн “Цэнхэр төхөм” ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу “Цэнхэр төхөм” ХХК худалдах-худалдан авах гэрээний зүйл болж буй орон сууцны талбай нь 178.09 м.кв болохыг тус тус тогтоогдсон. /хх.133-139/

 Хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгуулагыг орон сууцны талбай зөрүүтэй болохыг мэдсээр байж хүлээж авсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй.

 Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох талбайг шилжүүлж авахдаа эрхэлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд талбайн хэмжээг дутуу байгааг шууд мэдэх, эсхүл талбайн хэмжилт эрхэлдэг тусгай төрлийн аж ахуйн нэгж болох талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт “Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө” гэж заасны дагуу хариуцагч “АС” ХХК-аас 257 652 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “НТ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг зөв баримтлаагүй байх тул уг заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.