Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05050

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

182/ШШ2024/05050

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч О.Цэнд-Аюуш, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С хаягт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоот хаягт бүртгэлтэй, Б  тоот хаягт түр оршин суух А  овогт *******ын ******* /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 11 848 691 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Хариуцагч О.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн авто тээврийн хэрэгслийн 24057516 тоот *******ын гэрээний даатгуулагч Г.Сарангэрэл нь 2024.05.07-ны өдрийн 09:05 цагийн орчим Хан-Уул дүүргийн Зайсан дахь Tokyo tower төвийн зүүн талын замд ******* ******* улсын дугаартай BMWХ6 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байх үед улсын дугаартай прадо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.14 гэсэн заалтуудыг зөрчиж, даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 11 848 691 төгрөгийн хохирол учруулсан.

Ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол болох 11 848 691 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7.-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэж тус тус заасны дагуу Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу гэм хорын хохиролд 11 848 691 төгрөгийг О.*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 11 848 691 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад 2 848 691 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 9 000 000 төгрөг авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүргийг ойлгосон бөгөөд ямар нэг санал хүсэлт байхгүй. Хариуцагч нь******* ******* ХК-ийн данс руу 2025.01.25-наас эхлэн сар бүр 1 000 000 төгрөгийг шилжүүлэн 2025.09.25-нд төлж дуусгахаар эвлэрлийн гэрээ байгуулав. гэв.

 

3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* миний бие ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн хохирол 11 848 691 төгрөгөөс 2 848 691 төгрөгөөс нэхэмжлэгч нь татгалзаж, үлдэх 9 000 000 төгрөг дээр харилцан тохиролцсон болно. Би 9 000 000 төгрөгийг 2025.01.25-наас 2025.9.25-ны өдөр хүртэл сар бүр 1 000 000 төгрөгөөр хуваан төлөх болно. Энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. гэв.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:

1.Нэг талаас хариуцагч О.*******, нөгөө талаас нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавзанпагма бид дараах байдлаар харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 11 848 691 төгрөгөөс 2 848 691 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 9 000 000 төгрөгийг 2025.01.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхөөр тохиролцож байна.

3.Тус эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах санал хүсэлт байхгүй болно. Эрх үүрэгтэй танилцсан. гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* ******* ХК, Т.Отгонцэцэг нарын хооронд 2024.02.16-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгслийн *******ын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024.05.09-ний өдрийн Авто машин техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралт, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн 2024.05.07-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ******* ******* ХК, Г.Сарангэрэл нарын хооронд байгуулагдсан 2024.06.04-ний өдрийн Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ, ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг гаргаж, хариуцагч талаас баримт гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч О.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 11 848 691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 848 691 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025.01.25-ны өдрөөс 2025.09.25-ны өдрийн хугацаанд буюу нийт 9 сарын хугацаанд сар бүрийн 25-нд 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 204 529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох, гэм хорын хохиролд 11 848 691 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 848 691 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 000 000 төгрөгийг 2025.01.25-ны өдрөөс 2025.09.25-ны өдрийн хугацаанд буюу нийт 9 сарын хугацаанд сар бүрийн 25-нд 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Шүүхийн тогтоолыг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод  мэдэгдсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 204 529 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ

Т.ЭНХТУЯА