Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 16

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

                                Хохирогч Н.Ж,

                                Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.А

                                Хохирогч Ж.М

                                Насанд хүрээгүй хохирогч М.Өгийн хууль ёсны төлөөлөгч Г.С                                                                                                                               

                                Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай  хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Г.Э

 

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Г.Энь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёота альпард маркийн .... улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Н.Ж, Ж.М, М.Ө нарын эрүүл мэндэд хүнд, П.Ц, Р.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Сийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Эшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Том машин өөдөөс ирж байсан. Зөрөөд гэрлээ шилжүүлэхэд том машин тулаад гараад ирсэн, тормоз гишгэхэд мөргөсөн. Хүмүүс орилохоор нь харахад доод бие хавчуулагдсан байсан. Хүмүүсийг харахад ёолсон хүмүүс байсан. Би ковшыг буруутай гэж үзэж байгаа. Ковш унтраалттай байсан. Би зогсоох арга хэмжээ аваагүй болоод энд байж байна. Гэхдээ ковш буруутай гэсэн мэдүүлэг,

 

 Хохирогч Ж.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би 8 сартай жирэмсэн байсан. Бүгд хохирсон. Би ковшийн жолоочид маш их гомдолтой байна. Замын голд зогсож байсан юм бол яагаад гурвалжин тэмдгээ тавиагүй юм бэ? Яагаад жолооч нь байгаагүй юм бэ? Тухайн үед араас машин ирж байсан. Хажуу тийшээ дарах гэхээр өндөр замтай байсан. Чигээрээ явахаас өөр зам байгаагүй. Би 2 настай охиноо тэврээд явж байсан. Нөхөр хавчигдсан байсан. Ар тал руугаа охиноо шидээд оруулсан байсан. Тэгэхэд ар талын машины  жолооч ирээд намайг гаргасан. Намайг авраач гээд манай нөхөр орилж байхад урд талын машинд хүн байхгүй, гэрэл ч байхгүй байсан. Гэтэл жолооч нь канистер бариад замын хажуугаас гараад ирсэн. Энэ машиныг татаад холдуулаач энэ хүнийг аврая гэхэд хүмүүс лоом барьж ирээд хойд талд сууж байсан хүмүүсийг гаргасан. Би ковшийн жолоочид маш их гомдолтой байна. Тэр хүнийг өнөөдрийг хүртэл хараагүй. Бие сэтгэлээрээ хохирчихоод байж байна. Хүүхдээ алдсан, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй гэж эмч хэлсэн. Нөхөр маань хүртэл тахир дутуу, ажил хөдөлмөр хийх чадваргүй болсон. Эгчийгээ түшиглээд амьдарч байгаа гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Н.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие хүнд гэмтэл авсан. Тэргэнд суугаад бараг 8 сар болж байна. Орондоо хөдөлж чадахгүй, бие засаж чадахгүй, өвдөг маань нугларахгүй, зүүн талын хөл гурваас дөрвөн удаа хугарсан. Тархиндаа судасны гэмтэлтэй болсон. Энэ зовлон хэлж биш хийсч ирсэн ч гэсэн би маш их гомдолтой байна. Надад хэцүү байна. Унаж, татдаг хүүхэдтэй учраас мөнгө маш их хэрэгтэй байна гэхэд ямар ч байсан би таныг хохиролгүй болгоно гэхээр нь хэдэн төгрөг явуулаач гэхэд дараа явуулъя гэж хэлээд одоог хүртэл юу ч өгөөгүй. Сүүлийн 2 сар залгасан. Эмнэлэгт хэвтэж байхад хоол ч авчирч өгөөгүй. Маш их гомдолтой байна. Эмчилгээ байнга хийлгэж байгаа. 2 хөл маань хоорондоо 2-4 сантиметр зөрүүтэй болсон. Анхандаа 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Бодит байдал дээр 6 сая гаруй төгрөг гарсан учраас энэ мөнгийг нэхэмжилнэ. Өмгөөллийн хөлсөнд 1 сая төгрөг өгсөн. Мөн энэ мөнгөнд манай 2 хүүхэд болон миний энэ хэргийн улмаас  явсан тээврийн хөлс багтсан. Мөн нэг хүү маань Samsumg G-1 гэсэн утас авсан байсан ч тухайн үед алга болсон байсан учраас энэ бүгдийг оруулсан байгаа гэсэн мэдүүлэг.

 

Насанд хүрээгүй хохирогч М.Өгийн хууль ёсны төлөөлөгч Г.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эоос нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв.

 

 Хохирогч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..охин бид 2 хот хооронд явдаг таксинд суух санаатай очтол хөх өнгийн Альпарт машинтай 25-30 орчим насны таягтай махлаг залуу Замын үүд явлаа гэхээр нь суусан. Би тэгээд замдаа унтаад явсан. Нэг сэрсэн эмнэлэгт сэрсэн.  Дусал хийлгээд хэвтэж байсан юу болсон талаар тэнд байсан эмчээс асуутал та гайгүй юу та зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн.  Ослын улмаас миний нурууны үе далбайж гэмтсэн гэсэн мэдүүлэг,

 

 

  Хохирогч Р.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2017 оны 06 сарын 16-ны орой 18 цагийн орчимд өөрийн хүү Өгийн хамт Замын үүд явахаар өөрийн эхнэр Сийн дүү Э, түүний эхнэр М охин Э, өөр бас үл таних 6 хүн тэр машинд суусан. Би жолоочийн арын суудалд суугаад унтаад явсан. Нэг сэрсэн танихгүй эрэгтэй хүн намайг замын хажуу шороон дээр гаргаж тавьсан. Энэ ослын улмаас миний хавирга хугарсан. Надад гомдол санал алга гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч О.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. 2017.06.16-ны орой Эрдэнэ сум орохоор Улаанбаатар хотын вокзал дээр очтол вагоны тасалбар дууссан байсан учир хот хооронд явдаг машин сууж явахаар болсон. Тухайн үед .... дугаартай авто машинтай Замын үүд явлаа гээд нэг таягтай залуу байсан. Тэр машинд суугаад хотоос 18 цаг 30 минутны орчимд гарч замд гарсан. Би хамгийн арын суудалд суугаад унтаад явж байсан. Тэгээд нэг сэртэл гадаа шороон дээр сууж байсан. Сууж явсан машин  ковш машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. ... Энэ ослоос  миний хамар гол хэсгээрээ хугарсан, урд талын шүд хугарсан,  баруун гар зөөлөн эдийн гэмтэлтэй,  тохойн хэсгээр яс цуурч бяцарсан. Эмчилгээнд 800000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч  Г.Ений мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Ковш машин засмал замын хажууд зогсож байсан хурдаа тохируулж явж байсан бол хажуугаар нь тойрч гарах боломж байсан хурдтай ирсэн тул шууд араас нь мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нарын сууж явсан машин Улаанбаатар хотоос гараад 120 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед ч гэсэн тэр хурдтай явж байсан. Ковш механизм нь засмал замын хажууд зогсож байсан хурдтай явж байсан болохоор хажуугаар нь тойрч гарч чадахгүй араас нь мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-22/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 85/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86/

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 108/

Дорноговь аймгийн авто тээврийн төвийн дүгнэлт /163-165/

Замын цагдаагийн алба шинжээчийн дүгнэлт /хх-ийн 183-184/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 22-33/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 207/ зэрэг болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамаарА, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Г.Энь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёота альпард маркийн .... улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Н.Ж, Ж.М, М.Ө нарын эрүүл мэндэд хүнд хохирол, П.Ц, Р.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Н.Ж, Г.С, Ж.М, П.Ц, Р.М нарын мэдүүлэг,  Шинжээчийн 264, 343, 252, 250  дугаартай дүгнэлтүүд, Замын Цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон  шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Энь “ ковш машины жолооч нь  миний явж байсан эгнээнд зогсож байсан атлаа ямар нэг гэрэл асаагаагүй, анхааруулах тэмдэг тавиагүй байсан нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна” , хохирогч Ж.М нь ”...Би ковшийн жолоочид маш их гомдол

 

той байна. Замын голд зогсож байсан юм бол яагаад гурвалжин тэмдгээ тавиагүй юм бэ? Яагаад жолооч нь байгаагүй юм бэ...” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  ба энэ нь гэрч  Г.Ений мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...”Ковш машин засмал замын хажууд зогсож байсан хурдаа тохируулж явж байсан бол хажуугаар нь тойрч гарах боломж байсан хурдтай ирсэн тул шууд араас нь мөргөсөн юм...”гэсэн мэдүүлэг, гэрч Г.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нарын сууж явсан машин Улаанбаатар хотоос гараад 120 км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед ч гэсэн тэр хурдтай явж байсан. Ковш механизм нь засмал замын хажууд зогсож байсан хурдтай явж байсан болохоор хажуугаар нь тойрч гарч чадахгүй араас нь мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг, Замын Цагдаагийн албаны 363 тоот шинжээчийн  “...ковш маркийн... улсын дугаартай автомашин жолоодож явсан П.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүмийн 2 дугаар бүлэг ”Жолоочийн үүрэг” 2.1 дэх заалт  механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн  хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ байна гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын  бүдүүвч зураг зэрэг нотлох баримтаар   үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

 

 Шүүгдэгч Г.Энь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан журмыг биелүүлж чадаагүй байна.  Замын нөхцөл байдлын онцлог буюу тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явж чадаагүй, мөн аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах,зогсоох арга хэмжээ авч зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй байна.  Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байдаг учир түүнд тохирсон арга хэмжээг жолооч  өөрөө зөв сонгон явах үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч Г.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт 6307073 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Энь нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн, хэрэгт хавсаргагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Н.Жы нэхэмжлэлийн шаардлагад  гэрч Г.Еркений нэхэмжилсэн унааны зардал 728700 төгрөг /Ен, Коркем, Кенжегүл нарын унааны зардал/, гэрч Г.Еийн  унааны зардал 162000 төгрөг, Samsumg G-1 гэсэн утас 250000 төгрөг орж тооцогдсон тул  шүүгдэгч Г.Энь  Г.Ен, Г.Е нарт төлөх төлбөргүй болно.

 

           Хохирогч П.Цгийн нэхэмжилсэн 985000 төгрөг, Д.Бын нэхэмжилсэн 270000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.                                                      

 

Иргэний нэхэмжлэгч О.Сийн нэхэмжилсэн 800000 төгрөг, хохирогч П.Цгийн нэхэмжилсэн 2822000 төгрөгийн баримтаа ирүүлээгүй тул баримтаа бүрдүүлэн , хохирогч Н.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхилоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.М, хохирогч М.Өгийн хууль ёсны төлөөлөгч Г.С нар нь нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн ба хохирогч Р.М нь нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн болохыг  дурьдах нь зүйтэй.  

        

     Шүүгдэгч Г.Энь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Г.Эыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүргийг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

4.Шүүгдэгч Г.Эын иргэний бичиг баримт ,тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эоос хохирогч Н.Жаргасанд 6307073 төгрөг, хохирогч П.Цд 985000 төгрөг, Д.Буянжаргалд 270000 төгрөг гаргуулан олгосугай.

6.Хохирогч П.Ц нь 2822000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.С нь 800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн , хохирогч Н.Ж нь цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Хохирогч Ж.М, Р.М, хууль ёсны төлөөлөгч Г.С нар нь шүүгдэгч Р.Эоос нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Р.Эод гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч нарт 4 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН