Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 


                                                                                2023/ДШМ/14

          Л.Сд холбогдох эрүүгийн
         хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

        Прокурор                                   С.Батсүх
        Хохирогчийн өмгөөлөгч            Ц.Б
        Нарийн бичгийн дарга              Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

       Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Сд холбогдох 2212.................... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт А аймгийн Э сумын 1 дүгээр баг, .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Лн С /РД:АВ........./

        Шүүгдэгч Л.С нь А аймгийн Э сумын 2 дугаар багийн А хорооллын 13-08 тоотод 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Гар утасны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар Т.Мтэй маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас Л.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А овогт Л Сг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сд оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгаас 6.795.500 /зургаан сая долоон зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын 5 дугаар баг Б тоотод оршин суух Б овогт Т н М /РД:АЯ........./-д олгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 5.985.751 /таван сая есөн зуун наян таван мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож 3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

       Шүүгдэгч Л.Сгийн гаргасан давж заалдах гомдолд: “А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Хохирлын хэмжээ бодит биш, өндөр гарсан тул өрх толгойлсон эмэгтэй би одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, жирэмсэн 6 сартай, мөн 3 настай бага насны хүүхэдтэй, айлын хашаанд хүний гэр барьж түр хугацаанд амьдардаг. Хохирогч 2 жилийн хугацаанд хамтран амьдрагчтайгаа машинаа дундаа ашиглан хэрэглэж байсан бөгөөд хамтран амьдрагчийнхаа хувьдаа хэрэглэсэн бинзений талоныг хэрэгт өгснийг ялгаж салгахгүйгээр бинзений үнийг өсгөж гаргасан байна. Иймд гомдолтой байна. Хохирогч биш хүний хэрэглэсэн бинзений баримтыг хэрэгт нотлох баримтаар үнэлсэн байна.” гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хохирол, хор уршгийн талаарх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, мөн хэрэгсэхгүй болгосон үнийн дүнтэй холбоотой нотлох баримтуудыг дурдаж шийдвэрлэсэн. Энэ талаарх нотлох баримтуудыг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан. Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв. 

      Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний хувьд хохирогч Т.Мийн эмчилгээ хийлгэх зорилгоор банкнаас зээлсэн тэтгэврийн зээлийг шүүгдэгчээс гаргах боломж байвал түүнийг нь гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Түүнээс өөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйл харагдахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохиролтой холбоотой заалтад зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Л.Сгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

           Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа, эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна. 

               Шүүгдэгч Л.С нь А аймгийн Э сумын 2 дугаар багийн А хорооллын ..... тоотод 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Гар утасны төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар Т.Мтэй маргалдаж, улмаар зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зүүн нүдний хараа 0.1 болж буурсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Т.Мийн мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/, гэрч Т.Э мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/, гэрч Ц.Он мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/, гэрч Э.Бн мэдүүлэг /хх-ийн 78-79-р тал/, гэрч Б.Хн мэдүүлэг /хх-ийн 81-р тал/, А аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-90-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Сгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан,  хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

               Түүнчлэн шүүгдэгч Л.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирчээ.

           Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хохирогчийн нийт нэхэмжилсэн 16.141.251 төгрөгөөс 6.795.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 5.985.751 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 3.360.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна. 
              Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.С “...Хохирлын хэмжээ бодит биш, өндөр гарсан тул өрх толгойлсон эмэгтэй би одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, жирэмсэн 6 сартай, мөн 3 настай бага насны хүүхэдтэй, айлын хашаанд хүний гэр барьж түр хугацаанд амьдардаг. Хохирогч 2 жилийн хугацаанд хамтран амьдрагчтайгаа машинаа дундаа ашиглан хэрэглэж байсан бөгөөд хамтран амьдрагчийнхаа хувьдаа хэрэглэсэн бинзений талоныг хэрэгт өгснийг ялгаж салгахгүйгээр бинзений үнийг өсгөж гаргасан байна. Иймд гомдолтой байна. Хохирогч биш хүний хэрэглэсэн бинзений баримтыг хэрэгт нотлох баримтаар үнэлсэн байна...” гэж давж заалдах гомдол гаргасан.
              Анхан шатны шүүх хохирогчийн бүрдүүлж өгсөн хохиролтой холбоотой нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн 5.715.500 төгрөг дээр түрээсийн төлбөр 1.080.000 төгрөгийг нэмж, нийтдээ 6.795.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Мөд олгохоор, харин баримт нь давхацсан болон мобикомын төлбөр нийт 2.035.667 төгрөг, Хаан банкнаас авсан тэтгэврийн зээл 3.950.084 төгрөг,  нийт 5.985.751 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 төгрөгийг нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
    

         Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                      ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
 
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

                  ШҮҮГЧИД                           В.ЦЭЦЭНБИЛЭГ
 
                                                                Н.ЭНХМАА