Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,  

арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэбилэг,  

арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэндаваагийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанчимэг,

арван найман насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхболд,

хохирогч нарын өмгөөлөгч Б.Чинбат

иргэний хариуцагч Ш.Дашдорж, Жавхлант дистрибюшин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Р.Булган,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт М.С нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 17030000100122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

     1.Монгол Улсын иргэн 1998 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Жавхлант Дистрибюшн ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ХД/ 79-р байрны 40 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Баяр овогт М.С, /регистрийн дугаар /

            2.Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Жавхлант Дистрибюшн ХХК-нд аж ахуйн хангамжийн ажилтай, механик ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 95/4 дүгээр байрны 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Л.Б /регистрийн дугаар /

   Үйлдсэн хэргийн талаар:

М.С нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 21 цаг 10 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, ЭМ-АЙ-Ю сургуулийн зүүн хойд замд Жавхлант Дистрибюшн ХХК-ний эзэмшлийн “Хьюндай Маяти”  маркийн 17-28 УНН дугаартай "...урд тэнхлэгийн зүүн талын дугуйн тоормос, зогсоолын тоормос гэмтэлтэй, дуут дохио ажиллахгүй..." автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 "Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Ланзад, Г.Цэрэндаваа, М.Бөхбат нарыг мөргөж тус бүрийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Л.Б нь Жавхлант нь Дистрибюшн ХХК-нид Автын механик үүрэгт ажил эрхэлдэг ба тус компанитай байгуулсан хэлцлээр хүлээсэн үүрэг болох "...автомашины бүрэн бүтэн байдлыг хангуулах..." үүргээ биелүүлэлгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр "...урд тэнхлэгийн зүүн талын дугуйн тоормос, зогсоолын тоормос гэмтэлтэй, дуут дохио ажиллахгүй..." буюу техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй “Хьюндай Маяти” маркийн 17-28 УНН дугаартай автомашиныг ажилд гаргаснаас явган зорчигч Э.Ланзад, Г.Цэрэндаваа, М.Бөхбат нарын тус бүрийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                 

                                                                              /яллах дүгнэлтэл бичигдснээр/

 

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Л.Б нь олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг,

шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын мөрдөн байцаалтанд өгсөн:

“2017 оны 09 дүгээр сарын 07-ны 16 цагаас 17 цагийн үед сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөг тоглож дуусаад сургуульруугаа орж жагссан... 20 цаг өнгөрч байхад тараад сургуулиасаа Цэрэндаваа, Бөхбат 2-той Офицеруудын ордон алхасан. Тэгээд сүүлд Улаанхуарангийн эцэс дээр алхаж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой 20 цаг өнгөрч байхад сургуулиасаа Ланзад, Бөхбат 2-той Офицеруудын ордон руу алхсан. Тэгээд алхаж байгаа Эм-Ай Ю сургуулийн харалдаа зүүнээсээ баруун зүгт явган хүний гарцгүй хэсгээр эхний урсгалаар гарчихаад замын голын зүлэгжүүлсэн газар зогсож байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд түргэний автомашинд явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172/

 

Насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

“2017 оны 09 сарын 07-ны өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд хөлбөмбөгийн талбай дээр хөлбөмбөг тоглож байснаа л санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180/

 

Гэрч О.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 09 сарын 07-ны орой 20 цагийн үед БЗД-ийн нутаг дэвсгэр Офицеруудын ордноос Чулуун овоо явах замд Хьюндай Маяти маркийн 17-28 УНН дугаартай автомашинтай Сумъяабазар жолоодоод би хажууд нь суугаад дэлгүүрүүдээр бараагаа тарааж дуусчихаад машинаа ажил дээрээ аваачиж тавих гээд явж байтал 3 хүүхэд зүүн гар талаас цаашаа харчихсан гүйгээд гараад ирсэн. Тэр үед жолооч Сумъяабазар тормосоо гишгээд баруун гар талруугаа дарсан тэгээд зогсож амжилгүй машиныхаа урд талаар нөгөө 3 хүүхдийг мөргөчихсөн. Тэгээд бид 2 машинаасаа буугаад 103 руу залгаж дуудлага өгсөн.  Тэгсэн чинь хаанаас ч юм мэдэхгүй 2 ах гарч ирээд хохирогч нарын биеийн байдлыг үзээд залгаж дуудлага өгч байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189/

 

Гэрч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2017 оны 07 сарын 05-наас эхлэн “Жавхлант Дистрибюшн” ХХК-ийн хангамж хариуцсан засвар үйлчилгээ хариуцсан Баянмонгол гэдэг хүний тушаалаар автомашины өглөөний үзлэгийг хийж шаардлагатай автомашиныг авч үлдэж засвар үйлчилгээг хийх ажлыг хийх болсон. Өглөө автомашиныг нэг бүрчлэн зогсоож өнгө үзэмж, гэрэл дохио, мотор кропны дуу, дуут дохио болон жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, машинд байх шаардлагатай эмийн сан, галын хор, багаж хэрэгсэл зэргийг шалгаж гаргадаг. 2017 оны 09 сарын 07-ны өдөр автомашинуудыг шалгаагүй гаргасан. Хамгийн сүүлд 2017 оны 09 сарын 05-ны өдөр өөрийн биеэр шалгасан. Тэр өдөр машины бүх зүйл хэвийн байсан ба дуут дохио нь ажиллахгүй, хойд баруун гар талын тормосны гэрэл шатчихсан байсан ба лампыг нь сольж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192/

 

Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 09 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед түгээлтийн ажлаасаа буугаад машинаа ажил дээрээ аваачиж тавих гээд Hyundai Mighty маркийн 17-28 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа борлуулагч Сэргэлэнгийн хамт Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордны тойргоор буцаж эргээд Чулуун овооны зүгт буюу хойноосоо урагшаа ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай замын 2 дугаар эгнээгээр явж байтал явган хүний гарцгүй хэсгээр 3 явган зорчигч гэнэт зүүн гар талаас надруу гүйгээд гараад ирсэн. Тэгээд би шууд тормос гишгээд зогсож амжилгүй машиныхаа урд хэсгээр 3 явган зорчигчийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 16-17/

 

Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би Жавхлант Дистрибюшн  ХХК-нд автомашины сэлбэг, барилгын материал, хэрэгцээтэй бараа материалыг худалдаж авах, түгээлтэд явж байгаа автомашинуудын засвар үйлчилгээг  хариуцаж ажилладаг. Сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй... 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө автомашинуудын бүрэн бүтэн байдлыг би өөрөө шалгаагүй, ер нь бол Пүрэвсүрэнг шалгачих гэж хэлдэг юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас 25-26/

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч З.Анандсугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Хьюндай Маяти маркийн 17-28 УНН улсын дугаартай автомашин нь манай байгууллагын захирал Ш.Дашдоржийн эзэмшлийн машин байгаа юм. 2017 оны 09 сарын 07-ны өдөр манай байгууллагын жолооч Сумъяабазар унаад түгээлтийн ажилд албан үүргээ гүйцэтгэж явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 206-207/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11441 дугаартай:

1. Э.Ланзадийн биед баруун чамархай ясны хугарал, баруун талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, тархи доргилт, элэгний язрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн чамархай, тохой, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 209/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8646 дугаартай

“...Э.Ланзад 17 настай, эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 210/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11442 дугаартай:

“М.Бөхбатын биед их тархины дагзны дэлбэнгийн болон бага тархины атираа хооронд мөн дунд бүрдэл дагуу ар хэсэгт суурийн цистернд цус, баруун чамархай болон дагз ясны хугарал, зүүн бөөрний үүдэвчний цус хуралт, тархи доргилт, зүүн 2, 7-р хавирганы хугарал, баруун чамархай, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 216/

 

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 8644 дугаартай:

“...М.Бөхбат 17 настай, эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна.” гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 216/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11443 дугаартай:

“Г.Цэрэндаваагийн биед баруун чамархай ясны хугарал, хатуу хальс доорхи цусан хураа, тархи доргилт, чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамар, хацар, шанаа, баруун сарвуу 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 223/,

 

-Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний дүгнэлт /1-р хх-ийн 229-238/

-Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 239-241/,

-Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт, хариуцсан ахлах мэргэжилтэн, шинжээч, цагдаагийн хошууч В.Балжиннямын 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 489 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 243-244/

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04/

-зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 05-06/

-гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10/

-тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/

-явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14/

-хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-16/

-насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 19-38/

-насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэндаваагийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 39-53/

-насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 54-80/

-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 81/

-насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 83-100/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хохирогч Э.Ланзадын зам тээврийн осолд өртөж гэмтсэн эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 104-109/

-насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэндаваагийн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 111-126/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хохирогч Г.Цэрэндаваагийн зам тээврийн осолд өртөж гэмтсэн эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 127-135/

-насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын эмчилгээний зардлын бахримтууд /хх-ийн 137-150/

-Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн хохирогч М.Бөхбатын зам тээврийн осолд өртөж гэмтсэн эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 151-159/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-иргэний хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 203/

-ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /2-р хх-н 30-31/

-БЗД-ийн 22 дугаар хорооны засаг даргын М.Сын талаарх тодорхойлолт, М.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар, М.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, М.Сын ажлын газрын тодорхойлолт /2-р хх-н 33-41/

-“Жавхлант Дистрибюшн” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/56 дугаартай М.Сыг ажилд томилох тухай тушаал,  М.Стай байгуулсан ТС.148 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ХГ/ТС 148 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Жавхлант дистрибюшн ХХК-ийн ХАБ-ын давтан зааварчилгааны дэвтэрийн хуулбар /2-р хх-н 44-64/

            -“Жавхлант Дистрибюшн” ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2015 оны 03 сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай Л.Быг ажилд томилох тухай тушаал, 2015 оны 06 сарын 05-ны өдрийн Б/38 дугаартай ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Л.Бтой байгуулсан ТС.116 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /2-р хх-ийн 65-74

-Л.Бын ажлын байрны тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, Л.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 75-79/

-шүүгдэгч М.Саас хохирогч Э.Ланзадад учирсан хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 84-89/, хохирогч Г.Цэрэндаваад учирсан хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 91-95/, хохирогч М.Бөхбатад учирсан хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 97-107/

-хохиролын талаарх шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.С нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас арван найман насанд хүрээгүй 3 хохирогчийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Л.Б нь Жавхлант дистрибюшн ХХК-ийн автын механик засварчнаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн “авто машины өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин шаардлагатай засвар үйлчилгээг хийж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах”  үүргээ биелүүлээгүйн улмаас 3 буюу олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Сыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.С, Л.Б нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгч нарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой байна.

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.С, Л.Б нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч М.Сын 108823 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч М.С нь арван найман насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт тус бүрт нь 2.300.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтаар арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэбилэг 7.054.496 төгрөгийн хохиролыг, арван найман насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхболд 6.166.138 төгрөгийн хохиролыг нэхэмжилсэн, арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Цэрэндаваагийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанчимэгээс шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх боломжтойгоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх саналыг гаргасан.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэбилэгт 6.799.696 төгрөгийн хохирол, арван найман насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхболдод 6.482.998 төгрөгийн хохирол учирсан байх тул хохиролыг зөвтгөн тогтоож, уг хохиролыг шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас гаргуулан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Уг гэмт хэргийн улмаас нийт 20.182.694 төгрөгийн хохирол хохирогч нарт учирсан байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын гэмт хэрэгт хамаарагдах байдлыг харгалзан шүүгдэгч Л.Б, иргэний хариуцагч Ш.Дашдорж, иргэний хариуцагч Жавхлант дистрибюшн ХХК нараас тус бүр 3.427.565 /гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун жаран тав/ төгрөгийг, шүүгдэгч М.Саас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн нэхэмжилсэн 6.799.696 төгрөгийн хохиролыг, арван найман насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхболдын нэхэмжилсэн 6.482.998 төгрөгийн хохиролыг тус тус төлүүлэх нь хууль дээдлэх болон шудрага ёсны зарчимд нийцхээр байна.

           

            Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Л.Б нар нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохиролыг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч М.Саас гаргуулж шийдвэрлэсэн 3.000.000 төгрөгийн хохиролоос тэрээр 2.400.000 төгрөг төлж, үлдэгдэл 600.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Иргэний хариуцагч Жавхлант дистрибюшн ХХК болон Ш.Дашдорж нараас тус бүрээс 3.427.565 /гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун жаран тав/ төгрөг гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ланзадын хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэбилэг, арван найман насанд хүрээгүй хохирогч М.Бөхбатын хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхболд нарт олгож шийдвэрлэлээ.

            Шүүхээс цаашид гарах эмчилгээний төлбөрийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрлэх үндэслэлгүй юм. Ирээдүйд ямар үр дүн гарах эсэхийг тооцон хохирогчид хохирол гаргуулах үндэслэлгүй ба зөвхөн бодитоор учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Арван найман насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид уг гэмт хэргийн улмаас учран гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.С, Л.Б, иргэний хариуцагч Ш.Дашдорж, Жавхлант дистрибюшин ХХК нараас нэхэмжлэх эрхтэй.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс гаргасан “Л.Быг эхлээд уг хэрэгт гэрчээр асууж мэдүүлэг авчихаад дараагаар нь тухайн гэрчээр өгсөн мэдүүлэгээс нь улбаалж яллагдагчаар татан мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх … эрхтэй.  Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн байгаа тул гэрчээр асууж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, хүний эрхийг зөрчсөн байдлыг шүүхийн шийдвэрт тусгуулна гэх хүсэлт нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн байх ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Боос гэрчээр асууж авсан мэдүүлэгийг нотлох баримтад тооцож үнэлээгүй болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч М.С нь Жавхлант дистрибюшн ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс жолоочоор ажиллах албан тушаалд томилогдож, ТС.148 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ХГ/ТС 148 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулж автомашин хүлээлцсэн актаар 1728 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авч ажиллаж байжээ.

Мөрдөн байцаалтын явцад 1728 УНН улсын дугаартай тээрийн хэрэгслийн эзэмшигч болохын нь хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Ш.Дашдоржийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь Жавхлант дистрибюшн ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар  2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс Хангамжийн менежер, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Автын механикийн ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр томилогдож, ТС.116 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн механик засварчингаар ажиллаж байжээ.

Иргэний хуулинд зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан.

Шүүгдэгч М.С, Л.Б нар нь Жавхлант дистрибюшн ХХК-ийн ажилчид бөгөөд тухайн хэрэг болох үед ажил үүргээ гүйцэтгэж явсан байх учир уг компани нь тус эрүүгийн хэрэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар татагдан оролцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж шүүхээс иргэний хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн ойлголтод хамаарахгүй. Хохирогч хүүхдүүд нь өөрсдөө явган хүний гарцгүй газраар замын хөдөлгөөний дүрэмд зааснаас өөр байдлаар зам гарч хайхрамжгүй хандсан учир манай компанийг иргэний хариуцагчаар татах нь буруу байгаа тул харгалзаж үзнэ үү гэх саналыг шүүх хангаж Жавхлант дистрибюшин ХХК-ийг иргэний хариуцалгаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Арван найман насанд хүрээгүй хохирогч нар нь уг замын орчин нөхцлийг шалгасаны үндсэн дээр зам хөндлөн гарах үйлдэл хийсэн талаараа мэдүүлсэн ба тэднийг болгоомжгүй хандсан, мөргүүлэхгүй байх оролдлого хийгээгүй гэж үзэх ямар ч боломжгүй юм. Өөр өөр хэлбэл хүн болоод техникийн тухайн үед үүссэн харилцан хамаарлыг тогтоох ямар ч боломжгүй юм.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Л.Б олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Баяр овогт М.Сыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар М.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С, Л.Б нарт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэж болохыг тус тус  мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Саас 600.000 төгрөг, иргэний хариуцагч Жавхлант дистрибюшн ХХК, Ш.Дашдорж нараас түс бүрээс 3.427.565 /гурван сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуун жаран тав/ төгрөг гаргуулж арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ланзад, М.Бөхбөт нар болон тэдний хууль ёсны төлөөлөгч нарт тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын хохирол нөхөн төлөх хугацааг 2018 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.

7. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Сын 108823 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, М.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ