| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0007/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг, Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ө.Д,
Шүүгдэгч И.Л,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Баасанбат, Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгор овогт Өлзийжаргалын Дөлгөөн, Тогооч хаван овогт Ишцогийн Лувсанхайдав нарт холбогдох эрүүгийн 1709012620077 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, интерьер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21 дүгээр байрны 75 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаарбайрны 64 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Д, И.Л нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Оросын холбооны улсын элчин сайдын яамны ойролцоо байрлах Түргэн үйлчилгээний цэгээс бэлэн мөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулсан. Бодлогогүй хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ үйлдлээс гарсан хор уршиг болон ар гэрийнхнийгээ зовоож, та бүхэнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Ээждээ хань болж чадаагүй, дүүдээ буруу үлгэр дууриалал үзүүлсэндээ харамсаж байна. Иргэний үүргээ биелүүлж чадаагүйдээ та бүхнээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Ар гэрийнхнээсээ уучлалт хүсэж байна гэв.
Хохирогч М.Жавзмаагийн: “... хүнсний 20-ын автобусны буудлын зүүн тийшээ явдаг буудал дээр байрлах Түргэн үйлчилгээний цэгийг би 2016 оны 11 дүгээр сараас эхлэн түрээсэлж дахин худалдагч цалинжуулж ажиллуулж байгаа юм. Түргэн үйлчилгээний жинхэнэ эзэн Пүрэвхүү гэдэг бөгөөд гадагшаа яваад удаж байгаа. Тухайн үед худалдагч Отгонсүрэн ТҮЦ дээрэмдлээ гэдгийг хэлсэн. Уг хэргийн улмаас лангуугаа 40000 төгрөгөөр дахин шиллүүлсэн. Одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч Л.Эрбишийн: “...би цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын хамт Тамир-112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. ...03-04 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хүнсний 20-ын автобусны буудлын ойролцоо байрлах түргэн үйлчилгээний цэг дээрэмдэж байсан хоёр хүнийг барьлаа гэсэн дуудлага ирсэн. ..ТҮЦ рүү орох гэж байхад хаалганы гадна үүдэнд барзгар нүүртэй залууг газар суулгаад барьчихсан харин дотор нэг залуу куртиктай залууг газар суулгаад дарчихсан байдалтай байсан. Тэр эмэгтэй хэлэхдээ дээрэм хийсэн хүмүүсийг энэ хоёр залуу барьж тус болсон, ашгүй цагдаа хүрээд ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/
Гэрч М.Хүрэлтогоогийн: “... би 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ... найз Мөнхсайхантай хамт Мөнхсайханы гэрлүү нь алхсан. Бид хоёр алхаж байтал Улсын их дэлгүүрийн харалдаа орчим явж байтал гэнэт тас няс хийгээд явчихаар нь юу болов гээд харсан чинь замын цаад талд буюу их дэлгүүр талдаа хүмүүс муудалцаж харагдахаар нь нэг их тоохгүйгээр 10 гаруй минут алхаад зам дагуу гэрэлтэй Түргэн үйлчилгээний цэг байхаар нь хартал дотор нь хоёр залуу ухаж байгаа юм шиг харагдахаар нь бид хоёр гүйж очоод хаалгыг нь хаах гэтэл урдаас нэг залуу гараад ирэхээр нь би шууд барьж аваад дарж унагаагаад доороо хийхэд шалаар нил мөнгө асгарсан байсан. Мөнхсайхан араас нөгөө залууг барьж аваад ТҮЦ-ний эгч миний утсаар цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Б.Отгонсүрэнгийн: ...2017 оны 09 дүгээр сарын 25-ны 04 цагийн орчим намайг ТҮЦ-дээ ганцаараа байж байхад гэнэт гаднаас хоёр залуу орж ирээд нэг нь гартаа барьчихсан ногоон өнгийн төмрөөрөө шилэн лангууг цохиж хагалаад мөнгөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө өгөхгүй манайх камертай шүү гэж хэлээд биеэ хамгаалах зорилгоор лангуун доор байсан хутгыг гартаа барьсан. Ногоон өнгийн төмөр барьчихсан байсан залуу миний хутгыг унагах гэж төмрөөрөө чичиж дайрахдаа миний гарлуу нэг удаа цохиод шилэн лангууны араас намайг түлхэж унагаасан. Тэгтэл нөгөө залуу нь араас нь ирээд лангуун доор байсан мөнгөнөөс атгаж аваал гарч зугтаах гэж байтал гаднаас хоёр залуу ирээд тэр хүнийг барьж цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 хуудас/,
Гэрч И.Лувсанхайдавын: “… би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-руу найз охин дээрээ очихдоо эмнэлэгт үзүүлж өөрийгөө ходоодны хорт хавдартай гэдгээ мэдсэн. Эмчилгээ хийлгэхэд 20000 юань болно гэдгээ мэдээд мөнгөний хэрэг болчихсон байсан. Тэгээд өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз Дөлгөөнтэй хамт Гэрэлт гудамж орчихоод харих гээд явж байтал Орос элчингийн баруун талын ТҮЦ онгорхой болохоор би Дөлгөөнд хандаж уг ТҮЦ-ийн худалдагчийг айлгаж байгаад мөнгийг нь авчихья гэж хэлээд гудамжнаас төмөр олоод нүүрээ халхалаад ТҮЦ рүү ороод Дөлгөөн гартаа барьсан байсан төмрөөрөө лангууг цохиж хагалаад мөнгөө өг гэсэн боловч худалдагч нь лангуун доороосоо хутга гаргаж ирээд өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн. ... би лангуун доороос мөнгийг нь аваад зугтах гэтэл хоёр залуу орж ирээд бид хоёрыг барьж авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
Сэжигтэн Ө.Дий: “...ТҮЦ дээрэмдэх санааг Хайдав гаргасан. Би ТҮЦ-рүү орохоосоо өмнө жаахан наахан талд нь байсан бутан дундаас урт нарийхан төмөр авсан. Хайдавын араас би ороод юу ч хэлэлгүйгээр шилэн лангууг цохиж хагалсан. ... ТҮЦ-нд сууж байсан эгч хутга гаргаж ирээд төмрөөрөө хутгыг цохиж унагаатал тэр эгч надтай зууралдаж байхад Хайдав лангуун доороос мөнгө атгаад авсан юм шиг байна лээ. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч И.Л, Ө.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох гэрч С.Ишцогийн мэдүүлэг, гэрч Л.Өлзийжаргалын мэдүүлэг, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд, болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой 11 хуудас баримт /хавтаст хэргийн 25-26, 48-76/ зэрэг болно.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Д, И.Л нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Оросын холбооны улсын элчин сайдын яамны ойролцоо байрлах Түргэн үйлчилгээний цэгээс бэлэн мөнгө дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Хохирогч М.Жавзмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, гэрч Л.Эрбишийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, гэрч М.Хүрэлтогоогийн: мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.Отгонсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 хуудас/, гэрч И.Лувсанхайдавын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.Д, И.Л нарын мөрдөн шалгах ажиллааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ө.Д, И.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ө.Д, И.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Д, И.Л нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ө.Д, И.Л нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил, 6 сар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнээс: “Бид гэм буруу дээр маргаагүй. Эдгээр хүүхдүүдийн хийсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй. Хувийн байдлыг харж байхад байнгын ийм үйлдэл хийдэггүй хүүхдүүд юм. Энэ хүүхдүүд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хоёулаа ганц бие, гэр бүл зохиож амжаагүй. Хуульд заасны дагуу ялын доод хэмжээний 2-ны 1-тэй тэнцэх хэмжээгээр ял оногдуулж өгнө үү”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Баасанбатаас: “…Шүүгдэгч Ө.Д нь нийгмийн идэвхи зүтгэлтэй хүүхэд юм. Мөн эрүүл мэндийн хувьд багадаа цахилгаан миненгит гэдэг өвчин тусч байсан зэргийг шүүх харгалзан үзнэ үү. Тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд хорих ялын хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Д, И.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэргийн хор уршиг, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг /CD/-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн 1709012620077 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Ө.Д, И.Л нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Д, И.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ө.Д, И.Л нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д, И.Л нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д, И.Л нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг /CD/-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ө.Д, И.Л нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ө.Д, И.Л нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Д, И.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР